Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00006

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00006

 

 

 

 

 

 

                                   “Х Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн хариуцагч С.Эд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 4 609 380 төгрөг, 1 080 800 төгрөгийн үнэ бүхий 56 ширхэг барилгын материал гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “Х Х” ХХК нь С.Этай 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 18791 тоот барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахдаа 15 хоногийн түрээсийн төлбөр төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Гэрээгээр 1.5 метрийн хар трубаг 20 ширхэг өдрийн 2 000 төгрөг буюу нэг ширхэг 100 төгрөгөөр, 6 метрийн хар трубаг 20 ширхэг өдрийн 1 640 төгрөг буюу нэг ширхэг 165 төгрөгөөр, трубаны залгааг 16 ширхэг өдрийн 1 280 төгрөгөөр буюу 1 ширхэг өдрийн 80 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон. С.Этай удаа дараа холбогдож, төлбөр төлөх талаар мэдэгдэж байсан боловч олон шалтгаан хэлж байсан учраас компани уян хатан хандаж төлбөр төлөх хугацааг хойшлуулж ирсэн. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг баримтлан түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэн тооцож гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 539 180 төгрөг нэхэмжилж байна. Мөн түрээсийн зүйл буюу буцаан хүлээлгэн өгөх ёстой 56 ширхэг буюу нийт 1 800 00 төгрөгийн үнэ бүхий бараа материал түрээсэнд гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцааж хүлээлгэн өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. Үүнийг компанид учирсан бодит хохирол гэж үзэж байгаа учраас гаргуулна. Иймд хариуцагч С.Эаас түрээсийн гэрээний үүрэгт 4 539 180 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан залдалд 70 200 төгрөг, түрээсийн зүйл 56 ширхэг буюу 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 16 ширхэгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн хариу тайлбарт: Хариуцагч С.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Х Х” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед С.Э гарын үсэг зурж, баталгаажуулсан баримт үйлдээгүй. Зөвхөн гэрээ байгуулсан нөхцөл байдал үүссэн. Тухайн үед нэг сарын хугацаатай гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа тохирсон нөхцлөөс харахад ямар нэгэн байдлаар хугацаа тодорхойлж бичээгүй буюу гэрээний 10 дугаар зүйлд гэрээний хугацааг нөхөөгүй байдалтай харагддаг. Барилгын ажил бол улирлын чанартай ажил бөгөөд тухайн үед улирлын чанартай ажил дуусах гэж байсан учраас 9 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулж, цагаан өнгөтэй 20 ширхэг турба төмөр, хар өнгөтэй турба төмөр, залгаа төмөр зэрэг 56 ширхэг төмрийг 1 сарын хугацаатай 139 200 төгрөгөөр түрээсэлсэн. Мөнгийг тухайн байгууллагын ажилтан Я.Цэвэлмаа гэж хүний данс руу барьцаа 300 000 төгрөг, нийт 439 200 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас тухайн эд материалыг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрээ нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ биш. Мөн талууд гэрээний хугацааг сунгахдаа бичгээр мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй бол гэрээ цуцлагдсанд тооцохоор тохиролцсон. Хэрвээ бичгээр мэдэгдээгүй бол гэрээг цуцалж, тухайн эд зүйлийг буцаан авах зохицуулалт байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн гэх боловч энэ талаар мэдэгдэл ирж байгаагүй. С.Эын хувьд тухайн үед барилгын ажил дуусаад, ажилчид нь явсан. Барилгын ажил зогссон тул мөнгө төлөх бололцоогүй, материалаа буулгаж буцаан өгөх боломжгүй байсан тул өнөөдрийг хүрсэн. Мөн коронавирус гарч, хөдөө байдаг аав, ээжийнх нь биеийн байдал муудсаны улмаас хөдөө явсан. Эдгээр нөхцөл байдлаас болж материалаа буцааж өгөх боломжгүй байсан. Түрээсийн төлбөр гэж тодорхойлсон 4 609 380 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.  Шүүх хурал дээр гаргуулсан баримт дээрх гарын үсэг С.Эын гарын үсэг биш. С.Э “г, ж үсгийг бичмэлээр бичдэг. Миний гарын үсэг биш, тухайн үед ийм баримт дээр гарын үсэг зураагүй. Зөвхөн гэрээнд гарын үсэг зураад, нэг сарын түрээсийн төлбөр 139 200 төгрөг байсан учраас данс руу хийчих гээд 300 000 төгрөгийн барьцаатай нь шилжүүлсэн” гэж хэлсэн. Түрээслүүлэгчийн өөрийнх нь хариуцлагагүй байдал байгаа. Тухайн эд зүйлээ шаардаад очиж авч, түүнээс хамааралтай зардлаа гаргуулах бололцоотой байтал 2 жилийн дараа гэрээгээр тогтоосон хугацаанаас гадуур, гэрээний хугацааг хуульд зааснаар сунгагдсанд тооцсон гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 4 609 380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Эаас түрээсийн гэрээний үүрэгт 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 15 ширхэг, түрээсийн төлбөрт 4 099 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 509 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 210 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 111 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч “Х Х” ХХК, хариуцагч С.Э нар нь 2018 оны 9 дугээр сарын 01-ний өдөр “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г байгуулан 1.5 метрийн хар трубаг 20 ширхэг хоногийн 2 000 төгрөг буюу нэг ширхэг 100 төгрөгөөр, 6 метрийн хар трубаг 20 ширхэг хоногийн 1 640 төгрөг буюу нэг ширхэг 165 төгрөгөөр, трубаны залгааг 16 ширхэг хоногийн 1 280 төгрөгөөр буюу 1 ширхэг хоногийн 80 төгрөгөөр тооцож түрээслүүлэхээр тохиролцсон” гэж хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг зөв үнэлээгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч компани нь хариуцагч С.Этай анх гэрээ байгуулах үедээ түрээсийн төлбөрийг амаар тохиролцож, 1 сарын төлбөрт 139 200 төгрөг, барьцаа 300 000 төгрөгийн хамт дансаар шилжүүлэн авсан. Гэтэл шүүх талуудын бичгээр байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрийн талаар тохиролцоо байхгүй байхад нэхэмжлэгчийн дурдсан үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг тооцсоныгоо талууд тохиролцсон мэтээр буруу дүгнэлт хийсэн төдийгүй нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэл болсон ямар нотлох баримтыг, хэрхэн үнэлснээ тодорхой тусгалгүй шийдвэрээ гаргасан. Харин нэхэмжлэгч нь “Бараа материалыг түрээслэх болон зарах үнийн санал” гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтан дээр түрээсийн зүйлсийг түрээслэх үнэ гэх жагсаалтыг хариуцагч С.Этай байгуулсан гэрээнд хамааралтай эсэхэд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хэрэв уг баримтыг шүүх үнэлж түрээсийн төлбөрийг тогтоосон бол уг баримтанд зарим зүйлсийн үнэ буюу 1.5 метрийн хар трубаны үнэ тусгагдаагүй байдаг бөгөөд нэхэмжлэгч уг баримтанд тусгагдсан үнээр хариуцагч С.Этай тохиролцсон гэдгээ нотолж чаддаггүй. Мөн үндэслэх хэсэгт “Зохигчид түрээсийн гэрээнд хугацааг тодорхой тохиролцоогүй боловч зохигчдын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээг 15 хоногийн хугацаатай буюу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөн сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байгаа” гэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хэдий хугацаанд түрээслэхээр тохиролцсон гэдэг талаар хангалттай үндэслэл болон нотлох баримт гаргаж өгдөггүй ч хариуцагч С.Эын хувьд 1 сарын түрээсийн төлбөр 139 200 төгрөгийг нэхэмжлэгч компанийн ажилтны дансанд барьцаа 300 000 төгрөгийн хамт шилжүүлсэн баримтыг шүүх үнэлээгүйд гомдолтой байна. Труба төмрүүдийг барилгын ажилд ашиглах гэж түрээсэлсэн байхад уг барилгын ажил 15 хоногт дуусах боломжтой эсэх, 2 сар орчмын түрээсийн төлбөрийг төлж болохуйц барьцаа 300 000 төгрөг шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ч шүүх уг баримтыг хэрхэн үнэлснээ тодорхой дурьдаагүй байна. С.Эын ажиллаж байсан барилга дээр түрээсийн зүйлсийг түрээсэлж ашиглаж эхлээд 1 сарын хугацаа болоогүй байхад цаг агаарын саатал болон хөрөнгө мөнгөний боломжгүйгээс бүрэн хэмжээгээр зогссон бөгөөд үүнийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. “Хөлслүүлэгч татгалзаагүй" гэж буруу дүгнэсэн бөгөөд талуудын гэрээний 1.3-д зааснаар С.Э нь гэрээг сунгах талаар бичгээр мэдэгдээгүй байхад гэрээг түрээслүүлэгч талын санаачилгаар цуцлагдсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн түрээслүүлэгч компани нь 2019 оны 5 сард С.Этай уулзаж түрээсийн эд зүйлсийг ашиглаагүй байгааг биечлэн үзсэн ба 2020 оны 3 дугаар сард Баянхонгор аймгийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаж байсан гэх зэргээс хөлслүүлэгч аль эрт тухайн гэрээнээс татгалзсан гэдгийг нотолж байна. Гэтэл хөлслүүлэгч тал татгалзсан мэтээр хуулийн заалтыг хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч “Х Х” ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4 539 180 төгрөг, 1 800 000 төгрөгийн үнийн дүнтэй 56 ширхэг барилгын материал буюу 1.5 метрийн хар труба 20 ширхэг, 6 метрийн цагаан труба 20 ширхэг, трубаны залгаа 16 ширхэг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 56 ширхэг барилгын материалыг буцаан өгөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр харилцан тохиролцож барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь 1.5 метр хар труба 20 ширхэг, 6 метр цагаан труба 20 ширхэг, 16 ширхэг трубаны залгаа 80 ширхэг, нийт 56 ширхэг барааг хариуцагчийн эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгчээ. Улмаар хариуцагч нь барьцаа 300 000 төгрөг, түрээсийн төлбөрт 139 200 төгрөг төлсөн, гэрээний зүйлийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд буцаан өгөөгүй зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. Харин талууд гэрээний үргэлжлэх хугацаа, уг хугацаанд тооцох түрээсийн төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч “20 ширхэг 1.5 метрийн хар труба, 1 ширхэг нь 100 төгрөг*өдрийн 2 000 төгрөгөөр, 20 ширхэг 6 метрийн цагаан трубаг 1 ширхэг нь 165 төгрөг* өдрийн 1 640 төгрөгөөр, 16 ширхэг трубаны залгааг 1 ширхэг нь 80 төгрөг* өдрийн 1 280 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, гэрээний хугацаа дуусахад түрээслэгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байсан тул гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч “гэрээ байгуулах үед гэрээний хавсралтад хариуцагч гарын үсэг зурж, баталгаажуулаагүй. Гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, сунгах талаар бичгээр мэдэгдээгүй учраас гэрээ сунгагдсан гэж үзэхгүй. Мөн бараа материалын үнийн талаар харилцан тохиролцоогүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан. /хх1, 32/

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв болжээ.

 

Хэргийн 12, 14 дүгээр тал дах хавсралт №1, №3 гэх баримтад хариуцагч С.Э гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх ба гэрээний хавсралт нь тус гэрээний салшгүй хэсэг бөгөөд хууль зүйн хүчин чадлын хувьд адил байдаг тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Харин хэргийн 39 дүгээр тал дахь зарлагын падаан гэх баримтад зурагдсан гарын үсгийг хариуцагч өөрийн гарын үсэг биш, хуурамч гэдэг боловч нотлох баримтаар үгүйсгээгүй. Түүнчлэн уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан эх хувиар хэрэгт авагдсан байх ба 2 тал буюу хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдаж нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг дарагдсан, бараа материалын нэр төрөл, тоо, нэгжийн болон нийт үнэ тусгагдсан тул нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

 

Уг баримтад “20 ширхэг 1.5 м хэмжээтэй хар трубаг өдөрт 200 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 60 000 төгрөг, 20 ширхэг 6 м хэмжээтэй цагаан трубаг өдөрт 200 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 60 000 төгрөг, 16 ширхэг трубаны залгааг өдөр 80 төгрөгөөр тооцон, 15 хоногийн түрээсийн төлбөр нь 19 200 төгрөг, нийт 139 200 төгрөг” гэснээс үзэхэд талууд гэрээний зүйлийн 1 хоногт төлөгдөх түрээсийн төлбөрийн хэмжээг тогтоож, гэрээний хугацааг 15 хоногоор гэж тохиролцсон гэж үзэв. /хх39/

Дээрх баримтыг үндэслэн хариуцагчийн төлбөл зохих төлбөрийн хэмжээг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 711 хоногоор тооцоолоход /1.5 хар труба 20 ширхэг, 1 ширхэг 200 төгрөг, 6 метр цагаан турба 20 ширхэг, 1 ширхэг 200 төгрөг, трубаны залгаа 16 ширхэг, 1 ширхэг 80 төгрөг/ 6 598 080 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авсан өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцоолон төлбөл зохих дүнг 4 539 180 төгрөг гэж тодорхойлж, үүнээс хариуцагчийн өмнө төлсөн 439 200 төгрөгийг хасч нийт 4 099 980 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Гэрээний хугацаа дууссан боловч түрээсийн зүйлийг хариуцагч эзэмшиж, ашигласаар байсан болох нь нэхэмжлэгчийн “газар дээр нь очиход барилгын материалууд барилгад угсраалттай байсан” гэсэн, хариуцагчийн “нэхэмжлэгч эд зүйлээ шаардаад авах боломжтой байсан, барилгын ажил дуусаад ажилчид тараад явсан учраас трубаг буулгаж чадаагүй, буцааж хүргэж өгөх боломжгүй байсан тул өнөөдрийг хүрсэн” гэсэн тайлбаруудаар тогтоогдсон тул шүүх Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй болно.

 

Хариуцагч гэрээний зүйлийг ашиглаж эхлээд 1 сарын хугацаа болоогүй байхад цаг агаарын саатал болон санхүүгийн боломжгүйгээс барилгын ажил бүрэн зогссон гэж тайлбарлах боловч хэрэгт энэ талаар нотолсон баримтгүйгээс гадна түрээсийн төлбөрөөс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн “гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан, хариуцагч гэрээ байгуулахад хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй, гэрээг сунгах талаар бичгээр мэдэгдээгүй учраас гэрээ сунгагдаагүй, гэрээний зүйлийн үнийн талаар тохиролцоогүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй. Давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                

                                                                                           А.МӨНХЗУЛ