Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

 

 

Ж.Мягмардорж, Б.Гантогоо нарын

 хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00389 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, Бургууд овогт Жамсрангийн Мягмардорж, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, Жамба овогт Батцэнгэлийн Гантогоо нарын хүсэлттэй газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Гантогоо түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Б.Гантогоо, Ж.Мягмардорж нар нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “Манай өрхийн тэргүүн Дарьсүрэнгийн Батцэнгэл нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3 дугаар 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын өмчлөгч байсан бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өвчний учир зуурдаар нас барсан.

            Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны өвлөгчид олгогдох ёстой байсан боловч Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Хишигжаргал нь нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Ж.Мягмардоржийн нэр дээр хууль бусаар олгосон. Мөн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.Мягмардорж, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль бусаар гэрчилсэн болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр нотлогдож байгаа. Мөн тухайн үед Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албанд ажиллаж байсан Ш.Түвшинбат нь Ж.Мягмардоржийг залилан мэхэлж Г-1617001044 дугаарт бүртгэлтэй газрын гэрчилгээг авч Р.Эрдэнэбаатарын нэр дээр хууль бусаар худалдах, худалдан авах гэрээ хийн өмчлөх эрхийг нь шилжүүлж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Р.Эрдэнэбаатарт олгосон болох нь Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдож байгаа. Улмаар уг газар өмчлөх эрх нь Р.Эрдэнэбаатараас Б.Шүрэнцэцэгийн нэр дээр, Б.Шүрэнцэцэгээс Ц.Төмөрчулууны нэр дээр, Ц.Төмөрчулуунаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Олзоор дамжин Х.Шүрэнцэцэгийн нэр дээр шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг ба одоогийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Х.Шүрэнцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болно.

            Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагчийн эхнэр, хүүхдүүдийн хувьд Бургууд овогт Жамсрангийн Мягмардорж, Жамба овгийн Батцэнгэлийн Гантогоо, Жамба овгийн Батцэнгэлийн Бүжинлхам бид нар хууль ёсны өвлөгч мөн бөгөөд тус хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг Ховд аймгийн тойргийн нотариатад гаргасан боловч Улсын бүртгэлийн газарт Х.Шүрэнцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.  Иймд бид тухайн газрыг өвлөх эрхтэй болохоо шүүхээр тогтоолгохоос өөр журмаар батлах баримт бичиг олж авах боломжгүй болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00389 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Гантогоо, Ж.Мягмардорж нарын хүсэлттэй Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: “Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албанд ажиллаж байсан Ш.Түвшинбат нь Ж.Мягмардоржийг залилан мэхэлж Г-1617001044 дугаарт бүртгэлтэй газрын гэрчилгээг авч Р.Эрдэнэбаатарын нэр дээр хууль бусаар худалдах, худалдан авах гэрээ хийн өмчлөх эрхийг нь шилжүүлж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Р.Эрдэнэбаатарт олгосон болох нь Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдож байгаа. Нотариатч П.Хишигжаргал нь нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Ж.Мягмардоржийн нэр дээр хууль бусаар олгосон, мөн 2009 оны 06 дугаар сарын 11-ний худалдах, худалдан авах гэрээг хууль бусаар гэрчилсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх Ж.Мягмардорж, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэвээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг хэлдэг. Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэсэн атлаа хүсэлт гаргагчийн хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хүсэлт биш байна гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь хууль бус үндэслэлгүй шийдвэр гарчээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            Б.Гантогоо, Ж.Мягмардорж нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500м2 газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Шүүх нас барагч Д.Батцэнгэлийн хууль ёсны өвлөгч нь хүсэлт гаргасан Б.Гантогоо, Ж,Мягмардорж нар мөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтыг шүүхээс тогтоох шаардлагагүй, мөн газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт авагдсан прокурорын тогтоол, шүүгчийн захирамж зэрэг баримтаар Д.Батцэнгэлийг нас барсны дараа Ш.Түвшинбат нь Ж.Мягмардоржийг хуурч мэхлэн түүний итгэлийг эвдэх аргаар, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Г-1617001044 дугаарт бүртгэлтэй Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500м2 газрын гэрчилгээг залилан мэхэлж авсан, улмаар уг газрыг бусдад шилжүүлэн худалдсан гэх үйл баримт тогтоогджээ.

            Мөн Ховд аймгийн  тойргийн 172 дугаартай нотариатч П.Хишигжаргалын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон, Ж.Мягмардорж, Р.Эрдэнэбаатар нарын хооронд байгуулсан 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            Ш.Түвшинбат нь Ж.Мягмардоржийн газрыг Сүмийн газар болгож Солонгос улсын иргэн У ДУН СОН гэдэг хүнд 10,000,000 /арван сая/ төгрөгөөр худалдсан, уг газрын өмчлөх эрхийг гадаад хүний нэр дээр шилжүүлж болохгүй тул Р.Эрдэнэбаатар гэдэг хүн худалдан авсан талаар гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

             Ингээд Сүмийн пастер солигдох бүрт уг газрын өмчлөх эрх нь солигдож  Р.Эрдэнэбаатараас  Б.Шүрэнцэцэгийн нэр дээр, Б.Шүрэнцэцэгээс Ц.Төмөрчулууны нэр дээр, Ц.Төмөрчулуунаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Олзоор дамжин Х.Шүрэнцэцэгийн нэр дээр шилжсэн байна.

            Дээр дурдсан баримтуудаар уг газар нь эрхийн маргаантай гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд газрыг анх Р.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа тул хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хүсэлт гаргагч нарын давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 153/ШШ2018/00389 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргачийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР