Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00389

 

2018 оны 06 сарын 22 өдөр             Дугаар 153/ШШ2018/00389              Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, Бургууд овогт Ж М,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2-р 80 айлын орон сууцны 09 тоотод оршин суух, … регистрийн дугаартай, Ж овогт Бийн Г нарын хүсэлттэй Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Г, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Г, Ж.М нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай өрхийн тэргүүн Дийн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3 дугаар 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын өмчлөгч байсан бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өвчний учир зуурдаар нас барсан.

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны өвлөгчид олгогдох ёстой байсан боловч Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Х нь нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Ж.Мийн нэр дээр хууль бусаар олгосон. Мөн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.М, Р.Э нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль бусаар гэрчилсэн болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр нотлогдож байгаа.

Мөн тухайн үед Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албанд ажиллаж байсан Ш.Т нь Ж.Мийг залилан мэхэлж Г-1617001044 дугаарт бүртгэлтэй газрын гэрчилгээг авч Р.Эын нэр дээр хууль бусаар худалдах, худалдан авах гэрээ хийн өмчлөх эрхийг нь шилжүүлж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Р.Эт олгосон болох нь Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдож байгаа.

Улмаар уг газар өмчлөх эрх нь Р.Эаас Б.Шийн нэр дээр, Б.Шээс Ц.Ты нэр дээр, Ц.Таас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гр дамжин Х.Шүрэнцэцэгийн нэр дээр шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг ба одоогийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Х.Шийн өмчлөлд бүртгэлтэй байгаа болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагчийн эхнэр, хүүхдүүдийн хувьд Бургууд овогт Жамсрангийн М, Жамба овгийн Бийн Г, Ж овгийн Бийн Б бид нар хууль ёсны өвлөгч мөн бөгөөд тус хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг Ховд аймгийн тойргийн нотариатад гаргасан боловч Улсын бүртгэлийн газарт Х.Шийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд бид тухайн газрыг өвлөх эрхтэй болохоо шүүхээр тогтоолгохоос өөр журмаар батлах баримт бичиг олж авах боломжгүй болсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав  Дийн Б нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3 дугаар 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын өмчлөгч байсан. Тэрээр 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зуурдаар нас барсан. Ингээд өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ хууль ёсны өвлөгчид олгогдох ёстой байсан боловч Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Хишигжаргал нь нэг жил өнгөрөөгүй байхад буюу 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 08 дугаартай Өв залгамжлах эрхийн гэрчилгээг миний ээж Ж.Мийн нэр дээр хууль бусаар олгосон. Мөн нотариатч 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.М, Р.Э нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууль бусаар гэрчилсэн болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр нотлогдож байна.

Мөн тухайн үед Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албанд ажиллаж байсан Ш.Түвшинбат нь Ж.Мийг залилан мэхэлж Г-1617001044 дугаарт бүртгэлтэй газрын гэрчилгээг авч Р.Эын нэр дээр хууль бусаар худалдах, худалдан авах гэрээ хийж өмчлөх эрхийг нь шилжүүлж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Р.Эт олгосон болох нь Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 250 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор нотлогдож байна.

Дараа нь уг газар өмчлөх эрх нь Р.Эаас Б.Шүрэнцэцэгийн нэр дээр, Б.Шүрэнцэцэгээс Ц.Төмөрчулууны нэр дээр, Ц.Төмөрчулуунаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Олзоор дамжин Х.Шүрэнцэцэгийн нэр дээр шилжиж өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг ба одоогийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд Х.Шүрэнцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй байдаг.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагчийн эхнэр, хүүхдүүдийн хувьд Бургууд овогт Жамсрангийн М, Жамба овгийн Батцэнгэлийн Г, Жамба овгийн Батцэнгэлийн Бүжинлхам бид нар хууль ёсны өвлөгч мөн бөгөөд тус хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг Ховд аймгийн тойргийн нотариатад гаргасан боловч Улсын бүртгэлийн хэлтэст Х.Шүрэнцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Иймд бид тухайн газрыг өвлөх эрхтэй болохоо шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй болсон тул Жамба овгийн Батцэнгэлийн Г, Жамба овгийн Батцэнгэлийн Бүжинлхам бид нарыг Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Г, Ж.М нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ж.М нь Д.Батцэнгэлийн эхнэр, Б.Г Б.Бүжинлхам нар нь  Ж.М, Д.Батцэнгэл нарын хүүхдүүд болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Ггийн төрсний гэрчилгээ, Б.Бүжинлхамын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Ж.М нь насанд хүрээгүй Б.Бүжинлхамын нэрийн өмнөөс түүнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хүсэлт гаргагч Ж.М нь хүсэлт гаргагч Б.Гд итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцуулж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасан заалтуудад нийцэж байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын өмчлөгч иргэн Д.Батцэнгэл нь 2008 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барж, Б.Батцэнгэлийн эхнэр Ж.М нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өв залгамжлалын эрхийн гэрчилгээ авч улмаар 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ж.М Р.Э нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан Д.Батцэнгэлийн нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэр, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар Ховд аймгийн тойргийн 172 дугаартай нотариатч П.Хишигжаргалын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон, Ж.М Р.Э нарын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлүүдийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2017/02572 дугаартай шийдвэрээр хүчингүйд тооцжээ. Мөн Ж.Мийн нөхөр Д.Батцэнгэлийн өмчлөлийн 2500 мкв талбай бүхий Г-1617001044 дугаартай газрын гэрчилгээг Ш.Түвшинбат нь хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, хохирогч Ж.Мид 13,756,000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нотлогдож байх ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ш.Түвшинбатад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хүсэлт гаргагч Ж.М нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын эд хөрөнгийн өмчлөх эрхийн 1617001044 дугаарт бүртгэгдсэн газрыг Р.Эын нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэл, Р.Эаас Б.Шт шилжүүлсэн улсын бүртгэл, Б.Шээс Ц.Тд шилжүүлсэн улсын бүртгэл, Ц.Таас итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гр уламжлан Х.Шийн нэр дээр шилжүүлсэн улсын бүртгэл болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарууд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна. Харин энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлүүлээгүй байна.

Дээрх үйл явдлуудаас дүгнэж үзэхэд Ж.М, Р.Э нарын хооронд байгуулагдсан 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Хүсэлт гаргагч нь маргаан бүхий газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргажээ. Гэтэл онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй бөгөөд эрх зүйн үйл явдал болон үйлдлийг шүүхээс тогтоох ажиллагаа байдаг. Мөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг хэлдэг. Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хүсэлт биш байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсоор өв залгамжлах эрхтэй этгээдүүдийн өвлөх хөрөнгийн хэмжээ, ээлж дарааллыг тогтоож хуульчилсан байдаг. Хууль ёсоор өв залгамжлагчид нь нас барагчтай ясан ба цусан төрлийн язгуур үүсвэр, уг улбаатай хүмүүс байхын сацуу хуульд зааснаар дээрх хүмүүстэй адил түвшинд тооцож өв авах эрхтэй төрөл, садангийн биш хүмүүс байж болно. Өөрөөр хэлбэл хууль ёсны өв залгамжлалаар өвлөгчидийг ямар нэг гэрээ, хэлцэл, нөхцөл болзолгүйгээр хуулиар тогтоосон эрэмбэ дарааллын дагуу өвлөгдөх эд хөрөнгийг авахаар хуульд шууд нэрлэн зааж хуульчилсан байдаг.

Ингэхдээ хууль ёсны өвлөгч мөн болохыг түүний нотлох баримт бичгээр нотлох бөгөөд хүсэлт гаргагч Б.Б, Б.Г нар нь нас барагч Д. Бийн төрсөн хүүхэд мөн болох нь хүсэлт гаргагч нарын төрсний гэрчилгээгээр, хүсэлт гаргагч Ж.М нь Д.Бийн эхнэр мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өвлөгчийн талаар “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна” гэж шууд нэрлэн заасан байх тул хуульд заасан хууль ёсны өвлөгчийг дахин шүүхээс тогтоох шаардлагагүй учир хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Г, Ж.М нарын хүсэлттэй Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэр 3-р 12 жилийн сургуулийн урд, Хөрс шатахуун түгээх станцын хойно байрлах 2500 мкв газрын хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.МАРИНА