Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

Л.Лхамсүрэнгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00385 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багт оршин суух, МБ67011803 тоот регистрийн дугаартай, Борт овогт Лувсангийн Лхамсүрэнгийн хүсэлттэй, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

 

   Хүсэлтийн агуулга: “Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хонь, ямаа малладаг байсан.

Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажилд орсон, гарсан тушаал болон цалингийн карт, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсны улмаас хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалаас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсний дагуу шүүхэд хүсэлт гаргаж байна.

Иймд Л.Лхамсүрэн намайг 1980 оноос 1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00385 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борт овогт Лувсангийн Лхамсүрэнгийн 1980-1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт  нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хүсэлт гаргагч Л.Лхамсүрэн нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугайгэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: “ Миний бие 1980 онд ар гэрийн гачигдал амьдралын байдлаас болж хичээл завсардаж хөдөө мал дээр гарснаас хойш өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна.Миний ажилд орсон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсан, хөдөлмөрийн дэвтэр засвартай тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан. Би ажиллаж байх хугацаандаа сайшаагдаж, шагнагдаж байсан баримтуудаа шүүхэд эх хувиар нь өгсөн боловч 1981-1982 онд шагнагдсан талархалын хуудас гэрчилгээ, хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамга нь Давшилт нэгдлийн тамгатай зөрүүтэй эргэлзээтэй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж миний хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг  хангаагүй байна.

             Л.Лхамсүрэн нь 1980-1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд малчнаар /хонь ямаа маллаж/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх Л.Лхамсүрэнгийн 1980-1991 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд малчнаар /хонь ямаа маллаж/ ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. 

            Хүсэлт гаргагч Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа нотлохоор тухайн үед нээлгэж, бичилт хийгдсэн   хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, талархалын хуудас, хүндэт жуух, гэрчилгээ, малчин мэргэжлийн үнэмлэх, Мянгад сумын засаг даргын тамгын газрын тус сумын архив шатсан тухай тодорхойлолт,архивын албан бичиг зэргийг шүүхэд гаргаж өгч, улмаар хүсэлт гаргаж, гэрчүүдийг шүүхээр асуулгажээ. 

            Хүсэлт гаргагч нь шүүхэд  гаргасан хүсэлтдээ  Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс  1991 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал хонь, ямаа малладаг байсан. Иймд 1980-1991 оныг дуустал Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар /хонь,ямаа/ ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсчээ.

            Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн дээрх шаардлагын үндэслэлийг тодруулаагүй байна. Тодруулбал, хүсэлт гаргагч нь Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд 1980-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан  эсэх, эсхүл 1981-1991 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан эсэхийг тодруулаагүй байна. Шүүх хүсэлт гаргагчаас дээрх шаардлагын үндэслэлийг тодруулах байжээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт   хэрэгт цугларсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудаас үзэхэд гэрч Б.Наранцэцэг, Ж.Цэрэнбадам нар хүсэлт гаргагч Л.Лхамсүрэн нь Ховд аймгийн  Мянгад  сумын  “Давшилт” нэгдэлд 1980-1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг гэрчлэх боловч энэ нь бичгийн бичгийн бусад баримтаар нотлогдохгүй байна.” гэжээ.

            Шүүх дээрх гэрч нарт хууль сануулан асууж Л.Лхамсүрэнтэй хамт малчнаар ажиллаж байсан байдлын талаар гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ тохиолдолд шаардлагатай бол шүүх санаачилгаараа дээрх хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрүүд болон бусад нотлох баримтуудыг харьцуулан судлах замаар бичгийн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжтойг анхаараагүй байна.

            Анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хүсэлт гаргагчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг түүнд буцааж олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2018/00385 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Лхамсүрэнгийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, түүнд буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДАМБА

 

                                                                                    Н.ТУЯА