Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2018/0343

 

2018 оны 06 сарын 04 өдөр  Дугаар 128/ШШ2018/0343  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж, шүүгч Н.Д, шүүгч О.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э Э Д ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э Э Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэхэмжлэгч Э Э Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь Булган аймгийн Хишиг өндөр сумын Баянхар уул нэртэй газар орших 12645Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 1384 гектар талбайг эзэмшдэг ба хайгуулын ажил гүйцэтгэсэн талаарх хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, төлөвлөгөө, жил жилийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх төлбөрүүдийг хуулийн хугацаанд нь төлж ирсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж, хуульд заасан үүргээ биелүүлж байсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХV-012645 тоот дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Э Э Д ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр албан бичиг явуулахад гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн байдаг.

Э Э Д ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж байсан тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээс холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Мөн төлбөр төлөх хугацаа нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байсан. Э Э Д ХХК-ийн гүйцэтгэх захирал 100 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С эрүүл мэндийн асуудалтай байсан учраас төлбөрийг төлөх боломжгүй болж, хугацаа хойшилж байсан. Улмаар ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байдаг.

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлсөн байгаа. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг. Хүчингүй болгосон үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг баримтлан цуцалсан байдаг.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгч Э Э Д ХХК-д тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар мэдэгдэл хүргүүлээгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, мөн хуулийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх гэж заасан байдаг. Манай хувьд нэг этгээдтэй тул тухайн этгээдийн хаягаар шууд хүргүүлэх ёстой байсан. Ашигт малтмал, газрын тосны газар 09 дүгээр сарын 09-ны өдөр шуудангаар хүргүүлсэн гэдэг боловч, тухайн хаяг нь зөрчилтэй байгаа юм. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн нотлох баримттай зөрчилдөж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт сонсох ажиллагааны хэлбэрийг заасан байдаг боловч, ямар хэлбэрээр сонсох ажиллагааг явуулсан нь байхгүй байгаа. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байхгүй учраас сонсох ажиллагааг хийх ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба нэг гишүүнтэй хуулийн этгээд юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нурууны таталттай учраас байнгын хэвтрийн эмчилгээтэй хүн байсан нь эрүүл мэндийн актаар нотлогдож байгаа. Төлбөр төлөх үед уг өвчин нь бий болсон. Улмаар эрүүл мэндээ бодох уу, эсхүл тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үү гэдэг асуудал бий болсон учраас эхний ээлжид өөрийн эрүүл мэндийг дээрдүүлээд, дараа нт тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлье гэдэг утгаараа ажиллаад, 10 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газраас цуцалсан зүйл ирээгүй байсан тул 10 дугаар сарын 05-ны өдөр нэг компанитай хамтран ажиллах болоод, 11 700 000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг буюу үндсэн төлбөр болон алдангийг нь хамтад нь тооцоод шилжүүлсэн байдаг. Энэ талаар Ашигт малтмалын газарт хүсэлтээ өгсөн боловч 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэр шууд гараад, үүний дараа цуцалсан тухай мэдэгдэл нь хууль ёсны хаягийн дагуу ирсэн. Мэдэгдлийг аваад тухай болсон зүйлийн талаар тайлбарласан боловч, өмнө нь ийм мэдэгдлийг авч байсан. Одоо боломж байхгүй гэж хандаж байгаа нь ач холбогдолгүй бөгөөд эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-дзахиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу Э Э Д ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч Э Э Д ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсгүүдэд заасны дагуу төлбөрөө төлөөгүй гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа. Төлөөгүй шалтгаанаа өвчтэй байсан гэж тайлбарладаг. Э Э Д ХХК нь ашигт малтмалын 12645Х тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор уг хуулийн дагуу төлбөрөө төлөх ёстой байсан ч төлөлгүйгээр 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл алдангийн хугацаанд мөн адил төлөөгүй. Харин 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байдаг. Иймд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ганц гишүүнтэй компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасан байдаг. Хэдийгээр ганц гишүүнтэй компани байсан ч тухайн төлбөрийг заавал компанийн захирал хийх шаардлагагүй, өөр хүнээр болон цахимаар төлөх боломжтой байсан.

Сонсох ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тодорхой зааж, зохицуулсан байдаг. Иймд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдсан байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийн сонсох үйл ажиллагаа хамааралгүй юм.

Мөн хуульд заасан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч хаяг дээрээ байгаагүй бөгөөд заавал хариуцагч мэдэгдэл хүргүүлсний дараа төлбөр төлөх ёсгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бол хугацаанд нь төлбөрөө төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Э Э Д ХХК нь тус шүүхэд хандан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э Э Д ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт орших Баян хар уул нэртэй газарт 1384 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх 12645Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх Кодем ХХК-д 3 жилийн хугацаатай олгож, улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр Кодем ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн 12645Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Э Э Д ХХК-нд шилжүүлснийг бүртгэж, энэ талаарх мэдэгдлийг Ашигт малтмалын газрын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5-2920 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Э Э Д ХХК нь ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших болсноос хойш тусгай зөвшөөрлийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан журмын дагуу /Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө./ төлж байсан. Гэвч 10 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 оны 9 дугаар сарын 08-ны өдрийн 7/286 дугаар албан бичгээр Танай компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой гэсэн агуулга бүхий тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Э Э Д ХХК-ийн 12645Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 7/2019 дүгээр албан бичгээр энэ тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Нэхэмжлэгч Э Э Д ХХК нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчаас явуулсан 2016 оны 9 дугаар сарын 08-ны өдрийн 7/286 дугаар албан бичгийг хүлээж аваагүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С өвчтэй байсан, ээлжит жилийн төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр Би Жи Эм Би ХХК-наас төлсөн гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2016 оны 09 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч  Э Э Д ХХК-д ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдсэн 7/286 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч бодит байдал дээр энэхүү мэдэгдэл нь хаяг буруу бичигдсэн шалтгаанаар нэхэмжлэгчид хүрээгүй, Ашигт малтмал, газрын тосны газарт буцаагдсан болох нь хариуцагчаас ирүүлсэн баримт бичиг хүлээлцэх дэвтэр, заасан хаягт байхгүй, буцалт гэсэн RD122843071MN тэмдэглэгээтэй баримтаар болон Монгол шуудан ХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08/422 албан бичгээр  тус тус нотлогдож байна.

Гэвч энэхүү нөхцөл байдал нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болохын хувьд Э Э Д ХХК-ыг хуулиар хүлээсэн үүрэг болох /Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан/ ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг /үндсэн төлбөр нь 10 025 953 төгрөг, 30 хоногийн алдангийн дүн болох 902 336 төгрөг/ жил бүрийн 8 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал:

1. Нэхэмжлэгч Э Э Д ХХК нь Геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр Кодем ХХК-иас ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 2016 оныг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтмол төлж байсан, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгуулсан зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ээлжит жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа бол байгааг мэдсэн буюу мэдэх боломжтой байжээ.

2. Мөн Э Э Д ХХК нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.С өвчтэй байсан учир тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан Эрүүл оршихуй эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, эмчлүүлэгчийн карт, өдөр тутам хийгдсэн эмчилгээний дэвтрүүд болон гэрч Эрүүл оршихуй эмнэлгийн Ерөнхий эмч А.Б-ийн мэдүүлгээр Эрүүл оршихуй эмнэлэг нь 1 дүгээр шатлалын эмнэлэг болохын хувьд өдрийн эмчилгээ хийдэг бөгөөд Э Э Д ХХК-ийн захирал Ц.С нь тус эмнэлэгт 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өдрийн эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдож байна.

3. Түүнчлэн, нэхэмжлэгчээс ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг харилцан тохиролцсоны үндсэн дээр Би Жи Эм Би ХХК-наас төлсөн хэмээн маргаж байх боловч ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрт төлөгдсөн гэх 11.700.000 төгрөг нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т заасан 30 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төрийн сангийн 900000712 дугаар дансанд шилжсэн болох нь Би Жи Эм Би ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар албан бичиг, Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт болон Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн лавлагаагаар тус тус тогтоогдож байх тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр Э Э Д ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 12645Х дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, буруутгах боломжгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна , 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус заасан.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, маргаан бүхий үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э Э Д ХХК-нд холбогдох хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэв нэхэмжлэгч Э Э Д ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 9 дугаар сарын 08-ны өдрийн 7/286 дугаар албан бичгийг хүлээж аваагүйн улмаас хохирсон хэмээн үзвэл энэ асуудлаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн Э Э Д ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаарлага бүхий Э Э Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.М

ШҮҮГЧИД, Н.Д, О.О