Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/03113

 

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/03113

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Г

Хариуцагч: Н.Ц

19.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Г 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Япон улсаас оруулж ирсэн тоёота приус маркийн 1790 сс хөдөлгүүртэй 00000 арлын дугаартай авто машиныг 15.000.000 төгрөгөөр Н.Цд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд төлбөрөө бүрэн барагдуулахаар тохиролцож худалдсан. Машин худалдахад мөнгө төлөгдөөгүй байсан тул ямар гэрээ хийж эзэмшлийг шилжүүлэхээ мэдэхгүй байсан учир 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ хийж гэрээндээ төлбөр тооцоо дууссан гэж бичээд тэр өдрөө Н.Цийн зэмшилд шилжүүлж, дараа нь мөнгөө авахын тулд зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Н.Ц нь гэрээ байгуулснаас хойш тохирсон хугацаандаа нэг ч төгрөг өгөөгүй. Оршин суух хаягтаа байхгүй, хөдөө явсан гэсээр олдоогүй бөгөөд энэ хугацаанд Э.Г Япон улс руу 1 жил гарангийн хугацаатай яваад ирсэн. Ирээд Н.Цийн араас хөөцөлдөж хаягийг нь тогтоож шүүхэд хандсан. Н.Ц машины мөнгийг Б.Ж, Т.Э нарт бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч гэрч нар Н.Цээс авлагаа авсан гэж мэдүүлдэг. Э.Г, Б.Ж нарын дунд өөр машин зарсан болон зээлийн асуудлууд байдаг бөгөөд үүнтэй холбоотой бие биенийхээ дансанд мөнгө шилжүүлсэн явдал байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Жаас Э.Г рүү шилжүүлсэн мөнгө нь энэ хоёрын хоорондын өөр тооцооны асуудалтай холбоотой мөнгө болохоос Н.Цийн худалдаж авсан гэх машины төлбөр биш. Тэр өдөр Б.Жы эхнэр Т.Э нөхрийнхөө дансанд орлого 39.000.000 төгрөг шилжүүлсэн, Б.Ж нь Э.Ггийн данс руу 5.000.000 төгрөг шижлүүлсэн харагдаж байна. Н.Ц нь Б.Жтай холбоотой асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй. Н.Ц машины үнэ 15.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хүү нэхэмжилсэн. Хүүг банкны хугацаатай хадгаламжийн хамгийн бага хүү болох 1 хувиар тооцож 4.500.000 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Н.Цээс машины үнэ 15.000.000 төгрөг хүү 4.500.000 төгрөг нийт 19.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед автомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаа буюу 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 15.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Анх Э.Г гэдэг хүнтэй өөрийн найз Б.Ж түүний эхнэр Т.Э нараар дамжуулан танилцаж байсан. Би тухайн приүс 30 маркийн машиныг худалдаж аваад удалгүй Тайгын булаг ломбардад 7.000.000 төгрөгөөр барьцаанд тавьж үүнээс 5.000.000 төгрөгийг, мөн дүүгийн эзэмшлийн приүс-20 маркийн машиныг зарж 4.000.000 төгрөгийг тус тус Т.Э, Б.Ж нараар дамжуулж Э.Гд өгсөн. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг найз Б.Ж, эхнэр Т.Э нараас зээлж мөн тэд нараар дамжуулан өгч Э.Гтэй хийх төлбөр тооцоог бүрэн дуусгавар болгосон. Тухайн үед Э.Гд Т.Э, Б.Ж хоёр өөрсдийн дансаараа эсвэл бэлнээр өгсөн байж магадгүй. Т.Э тухайн үед надад зээлсэн 6.000.000 төгрөгөө байнга нэхдэг байсан бөгөөд үүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. Учир нь Т.Эгийн нөхөр Б.Ж бид хоёр найзынхаа хамт гурвуулаа 6.000.000 төгрөгөөр мөрийтэй тоглоод алдсан бөгөөд Б.Ж нь Т.Эгаас дахин 3.000.000 төгрөг авахдаа намайг нэмж зээлсэн мэтээр ойлгуулж надаас нийт 9.000.000 төгрөг болон нэмж хүү нэхсэнээс болж энэхүү маргаан үүссэн. Би Т.Эгаас зээлсэн 6.000.000 төгрөгийг дүүгийнхээ дансаар дамжуулан эргүүлж төлсөн. Би автомашины мөнгийг Э.Гд Т.Э, Б.Ж нараар дамжуулж өгч байсан бөгөөд ямар нэг гарын үсэг зуруулан баримт үйлдээгүйг ашиглаж бараг 3 жилийн дараа гэнэт мөнгөө нэхэж байгаад харамсаж байна. Гэрээний үүргээ цаг тухайд нь гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Н.Цд холбогдох автомашины үнэ 15.000.000 төгрөг, хүү 4.500.000 төгрөг нийт 19.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж худалдагч Э.Г СС хөдөлгүүртэй 00000 арлын дугаартай тоёота приүс-30 автомашиныг худалдан авагч Н.Цийн эзэмшилд шилжүүлэх, худалдагч авагч нь автомашины үнэ 15.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний 7-д нэмэлт нөхцөл гэдэгт талууд төлбөр тооцоо дууссан гэсэн тэмдэглэл хийж гэрээг үндэслэн автомашины эзэмшлийг Н.Цийн өмчлөлд шилжүүлж, энэ өдрөө автомашины үнэ 15.000.000 төгрөгийг хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Э.Гд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд төлөхөөр тохиролцож, энэ тохиролцоогоо баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, автомашин худалдах, худалдан авах гэрээ, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд хариуцагч автомашины үнэ 15.000.000 төгрөгийг төлөөгүй тул банкны хугацаатай хадгаламжийн хамгийн бага хүү сарын 1 хувийн хүүгээр тооцон хүүнд 4.500.000 төгрөг нийт 19.500.000 төгрөг гаргуулна, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа Э.Ггээс машин худалдан авч гэрээнд заасан хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн дотор мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Автомашиныг ломбардад тавьж 5.000.000 төгрөг, дүүгийн машиныг ломбардад тавьж 4.000.000 төгрөгийг тус тус Э.Гд өгөөрэй гэж Т.Э түүний нөхөр Б.Ж нараар дамжуулан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан байна.

Зохигч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр приүс-30 маркийн автомашиныг худалдаж, эзэмшлийг шилжүүлж, машины төлбөр 15.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцоогоо зээлийн гэрээгээр баталгаажуулсан, нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар мөнгө шилжүүлээгүй тул хүүнд 4.500.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Хариуцагчийн гаргасан машины төлбөрт нийт 9.000.000 төгрөгийг Э.Гд өгөөрэй гэж Т.Э, Б.Ж нараар дамжуулж бэлнээр өгүүлсэн гэсэн тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, гэрч Т.Э Н.Ц нь машины мөнгө Э.Гд өгөөрэй гэж өгөөгүй харин 2017 оны 09 дүгээр сард надаас 6.000.000 төгрөг зээлсэн, гэрч Б.Ж Н.Ц над руу мөнгө шилжүүлээгүй, харин 2017 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сарын 04-ний хооронд ойролцоогоор 10.000.000 төгрөгийг надаас зээлж шилжүүлж авсан. Надад мөнгө өгсөн гэж байгаа бол зээлсэн мөнгөнөөсөө өгсөн үйл явдал байгаа. Н.Ц худалдаж авсан машины мөнгө Э.Гд өгөөрэй гэж надад өгсөн асуудал байхгүй. Бидний найз нөхдийн дунд хэрэг болохоороо бие биенээсээ мөнгө зээлж шилжүүлж байгаа явдал зөндөө гарч байсан гэсэн мэдүүлгээр хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч Б.Мөнхбаатар ломбардад Н.Ц машинаа барьцаалж 7.000.000 төгрөг авч Б.Жд 6.000.000 төгрөгийг машины урьдчилгаа мөнгө шүү гэж бэлнээр өгсөн хэмээн мэдүүлсэн боловч Б.Жы Хас банк дахь дансны хуулгаас харахад 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түүний эхнэр Т.Э орлого 39.000.000 төгрөг шилжүүлж үүнээс 5.000.000 төгрөгийг цувуулж Э.Гд шилжүүлж, 34.307.616 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба нэхэмжлэгч, гэрч нарын хэн аль нь машины мөнгө гэж өгөөгүй, аваагүй гэж тайлбарлаж мэдүүлсэн тул машины үнэд 5.000.000 төгрөг төлөгдсөн гэж үзэж нэхэмжлэлийн үнээс хасаж тооцох үндэслэлгүй, хариуцагчийн тайлбар нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Н.Ц нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасан худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх, үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул түүнээс автомашиныг худалдсан үнэ 15.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож, үлдэх 4.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч Н.Цээс 15.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгож, үлдэх 4.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319.900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Цээс 232.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Гд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА