Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1210

 

 

 

 

 

 

 

 

 

Замын хөдөлгөөнд оролцогчдын

 “Х” нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын “Х” нийгэмлэг ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч УТЗд холбогдох,

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг “Х” ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Б, Т.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Снар оролцов.

Нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын “Х” нийгэмлэг ТББ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын хөдөлгөөнд оролцогчдын “Х” нийгэмлэг ТББ нь Баянгол дүүргийн 2 дугаар хороонд орших 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайд 1996 оны 07 дугаар сард УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу нүүн орсноос хойш өнөөдрийг хүртэл 22 жил болж байгаа билээ. Энэхүү хугацаанд “Х” ТББ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсоор эзэмшиж, уг барилгыг засан сайжруулах, арчлан хадгалахтай холбогдсон бүх зардлыг төлж байгаа бөгөөд улмаар хуучин барилга тул урсгал болон их засвар хөрөнгө оруулалтыг тухай бүр хийж ирсэн. Ийнхүү нэхэмжлэгчийг хууль ёсоор эзэмшин үйл ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын "Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаар тогтоолоор ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх хувьчлах орон сууцны барилгад Баянгол дүүрэг, 2 хороо, 26 дугаар байр хамаардаг юм. Гэвч тухайн үед Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг холбогдох байгууллагууд зохих ёсоор хэрэгжүүлээгүйн улмаас өмч хувьчлал бүрэн дуусгавар болж чадаагүй байна. Тухайлбал,  УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын тухайн үеийн орлогч дарга Г.Вандангомбо 2003 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт “...26 дугаар байрны подваль буюу доод хонгил" гэх ангилалд хамаарах талбай нь бүхэлдээ уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах тул Сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгөх үүргийг УБТЗ хүлээж байна" гээд ...цаашид түрээсийн гэрээ байгуулж ашиглах асуудлыг төмөр замын байгууллагатай бус СӨХ-той хэлэлцэн шийдвэрлэж болох юм" гэсэн нь УБТЗ орон сууцны 26 дугаар байрны доод давхрын эзэмшлээсээ аль 2003 онд татгалзаж, улмаар хувьчлагдах ёстой гэсэн байр суурь, шийдвэрийг гаргасан байдаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газраас 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаар албан бичгээр “...26 дугаар байрны доод хонгилын хэсгийг Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар сууц, орон сууцны байшингиин дундын өмчлөлийн эд хөрөнгө биш болохыг тогтоолгож, СӨХ-д шилжүүлэх үндэслэлгүй" гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг юм. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар олон жил хууль ёсоор эзэмшиж байсны хувьд “Х” ТББ нь давуу эрхээр өмчлөх эрхтэй ба энэхүү эрх нь бусдад худалдах, бэлэглэх, эсхүл хувьчлах зэргээр бусдын өмчлөлд шилжих аль ч нөхцөлд тэгш хэрэгжих ёстой байна. Нэгтгэн дүгнэвэл, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбай нь хувьчлагдах нөхцөлийг бүрэн хангасан өрөө, тасалгаа бөгөөд Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол хүчин төгөлдөр тул тогтоол хэрэгжих нь зүй ёсны асуудал юм. Иймд ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байсан Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах 26 байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг хууль ёсны эзэмшигч “Х” ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг Улаанбаатар Төмөр зам ХНН-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х нийгэмлэг Төрийн бус байгууллагын нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн баланст байдаг 26 дугаар байрны хагас хонгилын байрыг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй байгуулсан түрээсийн гэрээгээр ашиглаж байсан. Үүнийгээ нэхэмжлэлдээ дурдаж байна. Энэ орон сууцны 26 дугаар байрны хагас 1 давхрын 90 м.кв талбай бүхий 3 өрөөг 22 жил түрээсэлж байна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. 26 дугаар байрны орон сууцнууд нь Орон сууц хувьчлах тухай Монгол улсын хууль, 2003 онд батлагдсан Засгийн газрын 82 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн эзэмшигчид нь хувьчлагдсан. Орон сууцны 26 дугаар байрны хагас подваль нь анх ашиглалтад орсон цагаасаа тухайн үеийн нэрээр Улаанбаатар төмөр замын Техникумийн үйлдвэр сургалтын газар гэж анх ашиглалтад орсон. Дараа нь Улаанбаатар төмөр замын хэвлэх үйлдвэр, архив, конторын зориулалтаар ашиглагдаж байгаад, 1990-ээд оноос зах зээлд орсноос эхлээд аж, ахуй үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн ашиглуулж ирсэн. 2000 оноос 2009 оны хооронд энэ хагас давхрын хонгилыг төмөр замын тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг дэмжих зорилгоор төмөр зам үнэ төлбөргүй ашиглуулж байсан. Манай өндөр настнууд дунд Х нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэмбилэг байдаг. Н.Эрдэмбилэг нь 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот албан бичгээр тухайн үеийн Улсын Их Хурлын гишүүн асан О.Сүрэн, Улаанбаатар төмөр замын орон сууц хувьчлалын төв комисст бичгээр хандаж бичиж байсан. Энэ баримтыг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. Засгийн газрын 82 дугаар тогтоолоор Улаанбаатар төмөр замын орон сууцнуудыг үе шаттайгаар хувьчилсан. Үүний нэгдүгээр үе шатанд 1948 оноос 1960 онуудад ашиглалтад орсон байрнуудыг хувьчилсан. Сүүлд ирсэн нотлох баримтуудаас үзэхэд нийт 704 байшингийн 2492 орон сууц байгаа. Орон сууц гэдэг нь айл айлаараа тус, тусдаа 1, 2 тоот гэж байгаа. 2492 орон сууцнаас 2466 орон сууцыг 2466 айл өрхөд нь хувьчилж өгсөн. Энэ хагас хонгил нь 26 дугаар байрны хагас хонгил. 26 дугаар байрны 33 айлын орон сууцыг 40 өрхөд хувьчилсан мэдээлэл байна. Энэ хувьчлалын дүнд 26 дугаар байрнаас 34 дүгээр байрны орон сууц өмчлөгчид нь 9 шар гээд Сууц өмчлөгчдийн холбоо байгуулаад, одоо 9 шар гээд Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудаас харахад 26 дугаар байрны хонгилын хэсгийг хувьчлах талаар мэдээлэл огт байхгүй. Энэ орон сууцнуудыг нь тухайн эзэмшигчдэд нь хувьчилсан тухай баримтууд л байгаа. Нэгдүгээрт энэ хонгилын хэсэг хувьчлагдаагүй. Энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмчлөлд хэвээр үлдсэн гэдэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайлбал энэ хонгилын хэсэг нь Улаанбаатар төмөр замын өмч, хувьчлах болон Сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэх үндэслэлгүй гэдгийг тухайн үеийн хувьчлалын асуудлыг хариуцаж байсан Барилга хот байгуулалт, Нийтийн аж ахуйн газрын дарга Б.Бямбажав гэдэг хүн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаартай албан тоотоор Улсын Их Хурлын гишүүн О.Сүрэн болон Х нийгэмлэг Төрийн бус байгууллагын тэргүүн Н.Эрдэмбилэг, мөн иргэн Г.Пүрэв нарт бичиж, хариу өгч байсан байна. Энэ бичиг хэрэгт байгаа. Төрийн өмчийг хувьчлах асуудал Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдана. Энэ хуулийн 61 дүгээр зүйлд өмч хувьчлан авсан этгээдэд өмчийг хэрхэн шилжүүлж өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөл журмыг гэрээгээр тохиролцон хүлээлгэж өгнө гэх журмыг хуулиар зохицуулсан. Н.Эийг ахмад төмөр замчны хувьд 2009 оны эхний улирлын түрээсийн төлбөрөөс чөлөөлье гэсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн А заалтыг үндэслэн замын дарга Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 26 дугаар байрны подвалийг шилжүүлж өгсөн байдаг. 2009 оноос эхлээд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн боловч энэ хүн өөрөө ашиглахгүй, цааш нь давхар өөр хүмүүст дамжуулан түрээслэх замаар ашиг олж эхэлсэн. 2015 оноос Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн захирал өөрчлөгдсөн. Дамжуулан түрээсэлж байна гэдэг үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалсан. 2017 онд түрээсийн гэрээг цуцалснаас хойш энэ хүмүүс ашиглахгүй байгаа. Орон сууцны 26 дугаар байрны хонгилын давхар Улаанбаатар төмөр замын өмч бөгөөд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн харьяанд байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Тэгэхээр эд нар 22 жил түрээсээр эзэмшсэнээ зөвшөөрч ярьж байгаа боловч өнөөдөр Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу бид давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж яриад байна. 105.1 дэх хэсэгт бол тухайн эд хөрөнгийг арав буюу түүнээс биш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасан. Тэгэхээр түрээсээр 20 гаруй жил ашиглачихаад, өөрийн өмч болгоно гэсэн ойлголт. Хэрэгт авагдсан баримтыг харахад хууль бусаар эзэмшиж, өөрийнхөө эзэмшилд байлгаж байгаа гэсэн нотлох баримт байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

          .Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг шилжүүлэх тухай нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х нийгэмлэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х нийгэмлэг төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 40 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилсан ч байрны хагас  нэг давхрын талбайг хувьлаагүй гэж дүгнэхдээ хэргийн 206 дугаар талд авагдсан нотлох баримтыг заасан байна. Уг баримтыг авч үзвэл УБТЗ-ын 1-р шатанд хувьчлагдсан байрнуудын жагсаалт бөгөөд 231 дүгээрт 26-р байрны талбай бүхэлдээ оруулсныг харуулна. Тодруулбал, ашиггүй буюу сууцны бус зориулалттай талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “орон сууцны байшингийн... доод хонгил, ... сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө,... тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд  хамаарна.

Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө иргэн, хуулийн этгээд дангаар өмчлөх эрхтэй болохыг дээрх хуулйин 14 дүгээр зүйлийн 14.2.3-д “тухайн орон сууцны байшин дах сууцны бус зориулалттай хэсгийг өмчлөлийн овог, эцэг/эх / -ийн нэр, регистрийн дугаар, өмчлөгч нь хуулийн этгээд бол түүний нэр, улсын бүртгэлийн дугаар, түүний өмчилж байгаа хэсгийн талбайн хэмжээ” гэж заасан. Ийнхүү дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах талбай нь мөн хувьчлагдахад БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 15.2, Иргэний хуулийн 105 дугаар зйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар олон жил хууль ёсоор эзэмшиж байсны хувьд “Х” ТББ нь давуу эрхээр өмчлөх эрхтэй ба энэхүү эрх нь хувьчлах замаар бусдын өмчлөлд шилжихэд ч хэрэгжих ёстой.

 Харин анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талас нь бүрэн бодитой, хууль зүйн үндэслэлтэйгээр үнэлж дүгнэж чадаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж ирсэн талбай хувьчлагдахад тэргүүн ээлжинд өмчлөх давуу эрхийн талаарх нэхэмжлэлийн үндэслэлд огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Монгол-Ооросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга, харьяа байгууллага болох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал гэх этгээдүүд нь зөрчиж, байгууллагын балансад бүртгэлгүй хөрөнгийг сургалтын зориулалтаар ашиглах нэрийн дор ашиг олж буй нь буруу бөгөөд тухайн байгууллагын дээд удирдлагын шийдвэр, Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Замын хөдөлгөөнд оролцогчдын Х нийгэмлэг төрийн бус байгууллага нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг “Х нийгэмлэг” ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг 1996 оны 07 дугаар сараас УБТЗ-ын даргын шийдвэрийн дагуу 22 жил эзэмшиж байгаа бөгөөд 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын "Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 180 дугаар тогтоол гарч, ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байсан 920 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч Засгийн газрын тогтоолыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, уг талбайг хувьчлаагүй, өмчлөлд шилжүүлээгүй” гэж,

хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...УБТЗ-ын Барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн ангийн харьяа орон сууцны 26 байрны орон сууцнууд нь Орон сууц хувьчлах тухай хууль, 2003 онд батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоолыг үндэслэн тухайн үеийн эзэмшигчиддээ хувьчлагдсан. Орон сууцны 26 байрны энэхүү подвал нь анх ашиглалтад орсон цагаасаа тухайн үеийн нэрээр УБТЗ-ын техникумийн үйлдвэр сургалтын газар, УБТЗ-ын хэвлэх үйлдвэр, архив, конторын зориулалтаар ашиглагдаж байсан. 1990 оноос үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэн ашиглуулж байгаа. Тухайн үед 26 байрны орон сууцнуудыг хувьчлахдаа уг подвалын хэсгийг хувьчлаагүй. Манай өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ. /1-хх 100-101, 115-116/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын талбай нь УТЗын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, 90 м.кв талбайг Замын хөдөлгөөнд оролцогчдын Х нийгэмлэг төрийн бус байгууллагад түрээсээр эзэмшүүлж байсан болох нь УТЗын даргын 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай тушаал, ажилтан албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлж байсан талаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэлгэрэнгүй баланс, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1-хх 15, 53-58, 106/

            Монгол Улсын Засгийн газраас 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр "Орон сууц хувьчлах тухай" 82 дугаар тогтоол гарснаар ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, УТЗын эзэмшил, ашиглагтад байсан 920 орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлахаар шийдвэрлэж, улмаар орон сууцнуудыг хувьчлах ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд, Төрийн өмчийн хорооноос хариуцагч УТЗд үүрэг болгосон.  

Хариуцагч байгууллага нь дээрх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг биелүүлж хувьчлагдсан орон сууцны байрны жагсаалтыг баталсан байх уг жагсаалтад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 40 орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчилснаас байрны хагас нэг давхрын талбайг хувьчлах жагсаалтад оруулаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна. /1-хх 206/

Түүнчлэн, нэхэмжлэгч маргаан бүхий талбайг өмчлөх талаар гаргасан хүсэлтэд Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1а/1418 дугаартай албан бичгээр уг талбайг Иргэний хуулийн дагуу түрээслэгчийн давуу эрхээр хувьчлах боломжтой талаар /1-хх 23/, мөн Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын даргын 2003 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн а/840 дугаар албан бичгээр хувьчлах болон СӨХ-нд шилжүүлэх боломжгүй, хувьчлах эсэх, ямар үнэтэй байх асуудлыг Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг шийдвэрлэх эрхтэй болох талаар тус тус хариу хүргүүлж байсан байна. /1-хх 13/

Замын хөдөлгөөнд оролцогчдын “Х” нийгэмлэг ТББ-ын зүгээс хариуцагч байгууллагад хандаж өөрийн эзэмшиж буй талбайг худалдах, СӨХ-нд шилжүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хувьчлах, нийтийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй хариу өгсөн байх тул анхан шатны шүүх маргаан бүхий талбайг нэхэмжлэгчид хувьчилсан, өмчлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэн, хариуцагчид холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны хагас нэг давхрын 90 м.кв талбайг “Х нийгэмлэг” ТББ-ын өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасантай нийцжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/01178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                               

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                           Б.НАРМАНДАХ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН