Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2018/00011

 

   “Тахилт стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00121 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 2-32 тоотод байрлах ХХК /Хуулийн этгээдийн РД:207, утас:8/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах ХК /Хуулийн этгээдийн РД:209, утас:704/-д холбогдох

цахилгааны шугам ашигласны төлбөр 16 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг  2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 08 сарын 25-ны өдрийн хурлын - дугаар протокол, Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1998 оны 08 сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тэсрэх материалын агуулахыг цахилгааны шугам трансформаторын хамт худалдан авсан Т ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө юм. Т ХХК -ийн эзэмшлийн 6 кв-ын шугамыг Б ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр түрээсээр ашиглаж ирсэн. Ш ХК нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн уг шугамаас тэсрэх материалын үйлдвэрийн объектоо эрчим хүчээр тэжээсээр ирсэн бөгөөд удаа дараа албан бичиг өгч, гэрээ хийнэ гэж өмнөх захирал О зөвшөөрөн манай албан бичиг 17 хуудас хавсралт материалыг хангамжийн ажилтан Б-д өгсөн ч надаас шан харамж харж хүндрүүлсээр халагдаж явахдаа бүх материалыг үлдээлгүй явсан учир он дамжин бүр цааш нь захирал солигдон мэдэх хүнгүй болсон. Э шинэ захирлын үед цахилгаан шугам ашиглах гэрээний төсөл хийгдсэн ч уурхай мөнгөгүй байна гэрээнд гарын үсгээ зурчихвал та мөнгө нэхээд суулгачихгүй гэж хойшлуулсаар сүүлдээ 2, 3 он дамжаад хоёр захирлын нүүр үзчихсэн. Танай шугамыг ашиглаж байгаа юм чинь мөнгийг чинь өгөх л ёстой. Та шүүхэд хандвал яасан юм бэ? Би гомдохгүй ээ гэж аман яриагаар 2018 оны 02 сарын 10-ны орчим тохиролцсон болно. Иймээс би шүүхэд хандаж нийт 35 сарын 16 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Өнгөрсөн жил 2 шон дээр аянга буусан учраас Шивээ-Овоо ХК өөрийн зардлаар 2 шон шинээр босгосон байсан. Тиймээс 2 шонгийн мөнгө болон 2-3 шонгийн хооронд тавьсан хөнгөн цагааны мөнгө 120 000 төгрөгийг хасаж тооцож болно. Т ХХК-ийн 6 кв цахилгаан шугамыг 2015 онд 8 сар, 2016 онд 12 сар, 2017 онд 12 сар, 2018 онд 4 сар, бүгд 35 сар ашиглаж байна. Тэсэлгээний төлбөрийг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015, 2016 онуудад 398000 төгрөг байсан 2017, 2018 онуудад 480 000 төгрөг болсон. Иймд Б компанитай гэрээгээр ажилладаг жишгээр 480 000 төгрөгөөр тооцож Ш ХК-аас цахилгааны шугамын төлбөр 16 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ хэмээн заасан байна. Ш ХК болон Т ХХК-ийн хооронд эд хөрөнгө хөлслөх, эд хөрөнгө түрээслэх ямарваа нэг гэрээ байгуулж байгаагүй цахилгаан дамжуулах шугам ашиглах, түүнийг шилжүүлэн өгөх ажиллагаа хийгдэж байгаагүй болно. Нэгэнт гэрээ байгуулаагүй, шилжүүлэн өгсөн ашигласан нь тодорхойгүй эд хөрөнгө, хуулийн шаардлага хангаагүй хийсвэр шаардлагын төлбөрийг Ш ХК нь барагдуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн манайх тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч гэсэн үйлдвэрлэлийн ажиллагааг явуулж эхлээгүй. Зөвхөн гэрэл, тог цахилгаантай байлгах үүднээс ашиглаж байгаа. Тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан, түүнээс хойш үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон бол шугам ашигласны төлбөр авах ёстой. Гэтэл Ш ХК ашиг орлого олсон зүйл байхгүй. Харин Т ХХК-ийн олж байгаа орлогоос Ш ХК авах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл Т ХХК нь Ш ХК-аас нийлүүлж байгаа тогоор Б ХХК-ийг хангаж 35 000 000 төгрөгийг ашиг орлого олсон байна. Энэ орлогын тал хувь нь Ш ХК-ийн орлого байх ёстой. Ш ХК тэр шугамаар цахилгаан дамжуулаагүй байсан бол Т ХХК ашиг орлого олохгүй байсан. Мөн Ш ХК нь Т ХХК-ийн шугамыг хулгайд алдагдахаас сэргийлээд байнга тог цахилгаанаар хангадаг байсан. Тийм болохоор Ш ХК давхар хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Шивээ-Овоо” ХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 15 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тахилт стар” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Тахилт стар” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шивээ-Овоо” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 235 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тахилт стар” ХХК-д олгож, ... шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдаагүй үйл баримтанд үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 121-р шийдвэрийг 2018.07.06-ны өдөр гардаж авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” байхаар заасан байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт...уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015, 2016 онд 398.000 төгрөг, 2017, 2018 онд 480.000 төгрөг байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласнаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлон тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч “Тахилт стар” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480.000 төгрөг байдаг үүнийг 35 сараар үржүүлж, нэхэмжилж буй  үнийн дүнг гаргасан хэмээн дурдсан бөгөөд уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480 000 төгрөг байдаг гэсэн шаардлага, үнийн дүнгээ нотлох  баримт анхан шатны шүүхэд огт гаргаж өгөөгүй болно.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг уг тогтоолыг 2013 оны 09 сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,  мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1,428 төгрөг 60 мөнгөн буюу сард 240,000 төгрөг байхаар тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр мөрдөхөөр тус тус шийдвэрлэсэн байна. Үүнийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л иргэн, хуулийн этгээд мөрдөж ажиллаж байгаа бөгөөд нийтэд илэрхий үйл баримт болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхой бус байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт үндэслэл өгч иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдаагүй нотлох баримт буюу үйл баримтанд үнэлэлт өгсөн алдааг гаргасан хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна.

Мөн шүүх аянганд ниргүүлсэн хоёр шонг засварласны зардал 120000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй,...хариуцагч талаас 110/6 кв-ын дэд станцын фидер №7-с тэсрэх бодисын үйлдвэрийн тэжээл татах ажилд зарцуулагдсан сэлбэг материал болон ажлын тооцоо...16699580 төгрөгийн зардлын баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй хэмээн үзсэн боловч нэхэмжлэгч, хариуцагч талаас аянга бууж цахилгаан шугам гэмтсэн, уг гэмтсэн шугамыг хэн, хэрхэн засварласан, засварын ажилд ашигласан бүтээгдэхүүн, ажилчдын ажлын зардлын хөлсний талаархи ямар нэг баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн аянганд 2 шон ниргүүлсэн түүний засварласны зардалд 120000 төгрөгийг хасах нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Хэрэгт аянга бууж цахилгаан шугам гэмтсэн нотлох баримт байхгүй, аянга буусан гэж үзэх тохиолдолд аль шон хэрхэн гэмтсэн, гэмтсэн шонгийн үнэлгээ, засварын ажилд гарах зардал, ажилчдын хөлс зэргийг тооцох ёстой болно. Шийдвэрт зөвхөн хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “110/6 кв-ын дэд станцын фидер №7-с тэсрэх бодисын үйлдвэрийн тэжээл татах ажилд зарцуулагдсан сэлбэг материал болон ажлын тооцоо”-ны баримт буюу нэг шонг 60000 төгрөгөөр үнэлсэн баримтанд тулгуурлан  2 шонгийн үнэ 120000 төгрөг хэмээн дурьдсан хэрэгт авагдаагүй үйл баримт болон нотлох баримтанд үнэлэлт өглөө хэмжээн үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ”хэмээн заасан байна. “Тахилт стар” ХХК нь “Бласт” ХХК-нд шугам ашиглуулсаны хөлсөнд 35.000.000 төгрөгийн ашиг олсон хэмээн нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн болно. Шугамыг цахилгаан эрчим хүчээр хангаагүй тохиолдолд тэрхүү шугам хэнд ч хэрэггүй ашиггүй зүйл бөгөөд “Шивээ-Овоо” ХК нь тэрхүү ашиглагдахгүй байгаа шугамыг цахилгаан эрчим хүчээр хангасан нь “Тахилт стар” ХХК-ийг уг шугамаас ашиг олох үндсэн эх үүсвэрийг бий болгож буй тул олсон ашгийн зохих хувийг авах нь зүйтэй асуудал юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “Тахилт стар” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч нь “Тахилт стар” ХХК-нь хариуцагч “Шивээ-Овоо” ХК-д холбогдуулан  тус компанийн 6 кВ-н цахилгаан дамжуулах шугамаар “Шивээ-Овоо” ХК-н тэсрэх материал тэсэлгээний хэрэгслийн нэгж хэсэг цахилгаанаар хангагдаж байгаа бөгөөд шугам ашигласны төлбөр төлөхгүй, гэрээ хийхгүй 2015 оны 05 сараас хойш 35 сар ашигласны төлбөр гэж 16 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг /хх-1/ гаргасан байх ба нэхэмжлэлийн дүнг “Бласт” ХХК-тай байгуулсан гэрээнд заасан төлбөрийн хэмжээ нь уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 480 000 төгрөг байна гэснийг жишиг болгож, 35 сар х 480.000 төг =16 800 000 төг гэж тооцсон гэжээ. /хх-48/

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон “Шивээ-Овоо” ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот “Зэвсгийн агуулахын барилгыг худалдах тухай” тогтоол /хх-6/, Тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ, уг гэрээг дүгнэсэн акт /хх-7,10/, 1998 оны 9 дүгээр сарын 02/02 тоот гэрээний 1-р хавсралт /хх-9/, зарлагын падаан №01. 1998 оны 10 дугаар сарын 01 гэсэн огноотой /хх-11/, “Тахилт стар” ХХК-н 2017 оны 01 дүгээр сарын 07-ны №1/02 тоот “цахилгаан дамжуулах 6 кВ-н шугам ашиглах гэрээ хийх тухай” албан бичиг /хх-13/, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны №1/38 тоот “тэсрэх материалын агуулахын тэжээлийн цахилгаан шуамын тухай” албан бичиг /хх-14/, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны №1/39 тоот “тэсрэх материалын агуулахын тэжээлийн цахилгаан шугам ашигласны төлбөрийн тухай” албан бичиг /хх-15/, 2017 оны 06 дугаар сарын 27-ны “Цахилгааны шугам ашиглах гэрээний тухай” албан бичиг /хх-16/  зэрэг бичгийн баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж шүүхэд ирүүлсэн  байна.

Хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх болон эд хөрөнгө түрээслэх ямарваа нэг гэрээ байгуулж байгаагүй, гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, “Шивээ-Овоо” ХК нь тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч гэсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж эхлээгүй, зөвхөн гэрэл, тог цахилгаантай байлгах үүднээс ашиглаж байгаа, хуулийн шаардлага хангаагүй хийсвэр шаардлагын төлбөрийг барагдуулах хууль зүйн үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч “Шивээ-Овоо” ХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргасны дагуу ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлэлгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.

Учир нь: хэргийн 6-р талд  авагдсан “Шивээ-Овоо” ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн  1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот тогтоолд - “Зэвсгийн агуулахын барилгыг худалдах тухай” гэсэн, мөн “Шивээ-Овоо” ХК-н  тэсэлгээний хэрэгсэл агуулдаг барилгаас бусдыг нь худалдах гэж тусгасан байгааг анхаарч тодруулаагүй, 

         - Тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээг 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан байх ба уг гэрээ нь дугааргүй байна.

          Гэтэл хэргийн 8, 9-р талд  авагдсан 1998 оны 9 сарын 02/02 тоот гэрээний 1, 3-р хавсралтууд нь дээрх 1998 оны 09 дүгээр сарын 28-ны гэрээний хавсралтууд гэж үзэхэд эргэлзээтэй,  1998 оны 9 дүгээр сард 02/02 тоот гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх ба энэ гэрээ хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл 1998 оны 09 дүгээр сарын 28-нд “тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ”-г байгуулсан, үүнээс гадна мөн оны 9 дүгээр сард 02/02 тоот гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулаагүй, 

          - цахилгааны шугам ашигласны төлбөрийн нэхэмжлэлийн дүнг нэхэмжлэгчийн тайлбараар тогтоосон нь ойлгомжгүй.

Эрчим хүчний тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон хангах үйл ажиллагааний үнэ, тариф тогтоох зарчим, тариф, гэрээний үнийн талаар зохицуулсан байгааг анхаараагүй.

           Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 13-нд “бусдын хөрөнгийг хууль бусаар ашиглаж орлого олсон болохыг тодорхойлохын тулд мэргэжлийн байгууллагаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт гаргасан байтал шүүх энэхүү хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Энэ нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

          - энэхүү цахилгааны шугам нь  нэхэмжлэгч “Тахилт стар”  ХХК-н “өмч” гэдгийг нотолсон бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй атал дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэн “Тахилт стар” ХХК-н “өмч” гэж үзсэн  нь учир дутагдалтай.

          - хэдийгээр  хэргийн 9, 11-р талуудад авагдсан  1998 оны 09 дүгээр сарын 02/02 тоот гэрээний 1-р хавсралт, зарлагын падаан № 01 зэрэгт “цахилгааны шугам 4 км- ... гэж  тус тус  тусгагдсан байх боловч  энэ нь  уг цахилгааны 4 км шугам нь “Тахилт стар” ХХК-н “өмч” гэдгийг нотлохгүй юм.

           - гэрч Ё.Болдбаатар, Г.Гөлгөө, Ж.Хаянхярваа, С.Одбаяр, П.Цэндпүрэв /хх-56, 57, 58, 60, 61/ нарын мэдүүлгийг хооронд нь болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлээгүй,

Өөрөөр хэлбэл гэрч Г.Гөлгөө, Ж.Хаянхярваа нар Төрийн өмчийн хорооны тогтоол шийдвэр гарч цахилгааны шугам нь “Тахилт стар” ХХК-д шилжсэн гэж мэдүүлсэн, гэтэл хэрэгт “Шивээ-Овоо” ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол авагдсан байдаг. Тухайн үед Төрийн өмчийн хорооны шийдвэрээр шилжүүлсэн, эсвэл  “Шивээ-Овоо” ХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор шилжүүлсэн аль нь болохыг тодруулаагүй.

- нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сараас 2018 оны 04 сар хүртэл хугацаанд цахилгааны шугам ашигласны төлбөр гэж нэхэмжилсэн атлаа 2017 онд “Шивээ-Овоо” ХК-д хандаж байсан албан бичгүүдийг хэрэгт хавсаргасан, үүнээс өмнөх 2015-2016 онтой холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэгчийн тайлбар, гэрч С.Одбаяр,П.Цэндпүрэв нарын мэдүүлгийг үндэслэн 2015-2018 он хүртэл хугацаагаар тооцсон, 

          - уг цахилгааны шугамыг бусдад ашиглуулснаар нэхэмжлэгчид ямар зардал, хохирол учирсан, тэрээр хэрхэн яаж хохирсон зэрэг нь тодорхойгүй байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрч нарын  мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж  үнэлэлт хийлгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн нь ИХШХШТХуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийг, хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангадаг.

Харин хэрэгт авагдаагүй нотлох баримтад үндэслэгдсэн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй юм.

Дээрх байдлаас дүгнэхэд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, тухайн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдаагүй үйл баримтад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй тул хариуцагч Шивээ-Овоо ХК-иас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдах нь зүйтэй.  

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлд “цахилгааны шугам ашигласны төлбөр гэсэн, Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж /хх-17/, Ерөнхий шүүгчийн “хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай”  захирамж /хх-19/, зэрэг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн захирамж /хх-27,32, 40, 52/-уудад “...цахилгаан шугамын төлбөр” гэж, мөн  шүүх хуралдааны тэмдэглэл /хх-64/-д даргалагчаас “...цахилгааны шугамын төлбөр .... төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэнэ” гэж тус тус бичигдсэн байгааг анхаарах нь зүйтэй.

ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 134/ШШ2018/00121 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шивээ-Овоо” ХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны урам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                         Х.БАЙГАЛМАА