Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 134/ШШ2018/00121

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн гаргасан,

Хариуцагч: Ш ХК -д холбогдох,

Цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 16 800 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн төлөөлөгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 08 сарын 25-ны өдрийн хурлын - дугаар протокол, Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1998 оны 08 сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тэсрэх материалын агуулахыг цахилгааны шугам трансформаторын хамт худалдан авсан Т ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө юм. Т ХХК -ийн эзэмшлийн 6 кв-ын шугамыг Б ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр түрээсээр ашиглаж ирсэн. Ш ХК нь 2015 оны 05 дугаар сараас эхлэн уг шугамаас тэсрэх материалын үйлдвэрийн объектоо эрчим хүчээр тэжээсээр ирсэн бөгөөд удаа дараа албан бичиг өгч, гэрээ хийнэ гэж өмнөх захирал О зөвшөөрөн манай албан бичиг 17 хуудас хавсралт материалыг хангамжийн ажилтан Б-д өгсөн ч надаас шан харамж харж хүндрүүлсээр халагдаж явахдаа бүх материалыг үлдээлгүй явсан учир он дамжин бүр цааш нь захирал солигдон мэдэх хүнгүй болсон. Э шинэ захирлын үед цахилгаан шугам ашиглах гэрээний төсөл хийгдсэн ч уурхай мөнгөгүй байна гэрээнд гарын үсгээ зурчихвал та мөнгө нэхээд суулгачихгүй гэж хойшлуулсаар сүүлдээ 2, 3 он дамжаад хоёр захирлын нүүр үзчихсэн. Танай шугамыг ашиглаж байгаа юм чинь мөнгийг чинь өгөх л ёстой. Та шүүхэд хандвал яасан юм бэ? Би гомдохгүй ээ гэж аман яриагаар 2018 оны 02 сарын 10-ны орчим тохиролцсон болно. Иймээс би шүүхэд хандаж нийт 35 сарын 16 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Өнгөрсөн жил 2 шон дээр аянга буусан учраас Шивээ-Овоо ХК өөрийн зардлаар 2 шон шинээр босгосон байсан. Тиймээс 2 шонгийн мөнгө болон 2-3 шонгийн хооронд тавьсан хөнгөн цагааны мөнгө 120 000 төгрөгийг хасаж тооцож болно. Т ХХК-ийн 6 кв цахилгаан шугамыг 2015 онд 8 сар, 2016 онд 12 сар, 2017 онд 12 сар, 2018 онд 4 сар, бүгд 35 сар ашиглаж байна. Тэсэлгээний төлбөрийг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2015, 2016 онуудад 398000 төгрөг байсан 2017, 2018 онуудад 480 000 төгрөг болсон. Иймд Б компанитай гэрээгээр ажилладаг жишгээр 480 000 төгрөгөөр тооцож Ш ХК-аас цахилгааны шугамын төлбөр 16 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Ш ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ хэмээн заасан байна. Ш ХК болон Т ХХК-ийн хооронд эд хөрөнгө хөлслөх, эд хөрөнгө түрээслэх ямарваа нэг гэрээ байгуулж байгаагүй цахилгаан дамжуулах шугам ашиглах, түүнийг шилжүүлэн өгөх ажиллагаа хийгдэж байгаагүй болно. Нэгэнт гэрээ байгуулаагүй, шилжүүлэн өгсөн ашигласан нь тодорхойгүй эд хөрөнгө, хуулийн шаардлага хангаагүй хийсвэр шаардлагын төлбөрийг Ш ХК нь барагдуулах хууль зүйн үндэслэлгүй. Мөн манайх тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч гэсэн үйлдвэрлэлийн ажиллагааг явуулж эхлээгүй. Зөвхөн гэрэл, тог цахилгаантай байлгах үүднээс ашиглаж байгаа. Тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан, түүнээс хойш үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон бол шугам ашигласны төлбөр авах ёстой. Гэтэл Ш ХК ашиг орлого олсон зүйл байхгүй. Харин Т ХХК-ийн олж байгаа орлогоос Ш ХК авах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл Т ХХК нь Ш ХК-аас нийлүүлж байгаа тогоор Б ХХК-ийг хангаж 35 000 000 төгрөгийг ашиг орлого олсон байна. Энэ орлогын тал хувь нь Ш ХК-ийн орлого байх ёстой. Ш ХК тэр шугамаар цахилгаан дамжуулаагүй байсан бол Т ХХК ашиг орлого олохгүй байсан. Мөн Ш ХК нь Т ХХК-ийн шугамыг хулгайд алдагдахаас сэргийлээд байнга тог цахилгаанаар хангадаг байсан. Тийм болохоор Ш ХК давхар хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ш ХК-д холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 16 800 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ш ХК нь гэрээ байгуулаагүй, тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч гэсэн үйлдвэрлэлийн ажиллагааг явуулж эхлээгүй, зөвхөн гэрэл, тог цахилгаантай байлгах үүднээс ашиглаж байгаа, ашиг орлого олоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1- дүгээр тогтоолоор Зэвсгийн агуулахын барилга буюу тус компанийн тэсрэх материалын агуулахаас тэсэлгээний хэрэгсэл агуулдаг барилгаас бусдыг нь Т ХХК-д худалдах шийдвэр гарч, улмаар талуудын хооронд 1998 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Тэсрэх материалын агуулахын барилга худалдан авах, өгөх, төлбөр хийх тухай аж ахуйн гэрээ нэртэй гэрээ байгуулагджээ.

Хариуцагч талаас Ш ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол хуульд нийцээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй тул талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээний 1 дүгээр хавсралтын 6-д зааснаар маргаан бүхий цахилгаан дамжуулах агаарын шугам буюу ТП-25 ква-6/04 цахилгааны шугамыг 1.2 сая төгрөгөөр Тахилтстар ХХК-д шилжүүлснээр Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар хууль ёсоор эзэмших эрх үүсч, улмаар мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн шугамыг эзэмших эрхтэй, шударга эзэмшигч болсон нь хэрэгт авагдсан дээрх тогтоол, гэрээ, хавсралтууд /6-9/ гэрээ дүгнэсэн акт, 01 тоот зарлагын падаан, гэрч Г ийн ...Энэ бол яах аргагүй Т ХХК-ийн өмч гэсэн, гэрч Х-ийн ...минийхээр бол шийдвэр гарсан гэж сонссон учраас Т-н өмч мөн л гэж бодож байна гэсэн, гэрч Ц-ийн ...анхнаасаа л эдний шугам, эдний үйлдвэрийг тэжээдэг байсан шугам гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Хариуцагч Ш ХК нь 2015 оны хавраас эхлэн тэсрэх материалын үйлдвэр байгуулж, үйлдвэрээ эрчим хүчээр хангахын тулд Т ХХК-ийн захирал Т-ийн зөвшөөрлөөр уг цахилгаан шугамыг ашиглаж эрчим хүч хэрэглэж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Т-ийн шүүх хуралдаанд гаргасан ...Ш-н ерөнхий инженер М надтай уулзаад танай шугамыг ашиглаж, тог татна гэхээр нь би зөвшөөрсөн гэсэн тайлбар, гэрч О-ын ...2015-2016 оны үед манайх тэсрэх материалын агуулах бариад тийшээ явж байсан шугамнаас салаалж татсан гэсэн, гэрч Ц-ийн ...Тэсэлгээний үйлдвэр ашиглалтанд орж цахилгаан дамжуулах агаарын шугамд холбосон хугацааг би 2015 оны 4 сараас болов уу гэж санаж байна гэсэн мэдүүлэг, Т ХХК-аас Ш ХК-д 2017 онд хүргүүлсэн Цахилгааны шугам ашиглах гэрээний тухай гэсэн албан бичгүүд зэргээр тогтоогдож байна.

Талуудын хооронд уг цахилгаан дамжуулах агаарын шугамыг түрээсэлж ашиглах талаар хэлцэл хийгдэж улмаар шугамыг хариуцагч тал ашиглаж эхэлсэн боловч бичгээр гэрээ хийгдээгүй тул хуульд заасан гэрээний харилцаа үүсээгүй.

Харин бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг болох гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Тухайлбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй, хуулийн 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгч Т ХХК-д шаардах эрх үүссэн байна.

Өөрөөр хэлбэл Т ХХК нь өөрийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглах эрхийг хариуцагч Ш ХК-д хэлцлийн үндсэн дээр олгосон боловч тэдний хооронд гэрээний үүрэг үүсээгүй, түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар шугам ашиглах эрхийг олгосноор нэхэмжлэгчийн үүрэг дуусгавар болсон байх тул тэрээр тухайн шугамыг ашиглаж олсон орлогыг уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Б ХХК-тай байгуулсан шугам ашиглуулсан гэрээгээ үндэслэн хариуцагчаас шаардсан нь 493 дугаар зүйлийн 493.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Ингэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгч Т нь 2015 оны 08 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл сарын 480 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна.

Учир нь тэрээр шүүх хуралдаанд ...2015, 2016 онд уурхайчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 398 000 төгрөг байсан бөгөөд манайх энэ онуудад Б ХХК-тэй энэ жишгээр гэрээ байгуулж байсан гэж тайлбарласан тул түүний тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж /2015, 2016 онд нийт 20 сар х 398000, 2017, 2018 он нийт 16 сар х 480 000/ 15 640 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнгээс цахилгааны шугамыг ашиглахын тулд шон засварласны зардлыг хасч тооцох ёстой гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч талаас аянганд нэргүүлсэн 2 шон засварласны зардал 120 000 төгрөгийг хасч тооцож болно гэж тайлбарласан тул хариуцагч Ш ХК-аас 15 520 000 /15640000-120000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тахилтстар ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Хэдийгээр хариуцагч талаас 110/6 кв-ын дэд станцын фидер №7-с тэсрэх бодисийн үйлдвэрийн тэжээл татах ажилд зарцуулагдсан сэлбэг материал болон ажлын тооцоо гэсэн баримтыг шүүхэд ирүүлж, цахилгаан шугамыг ашиглахын тулд 16 699 580 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарлаж байх боловч уг баримтыг шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Яагаад гэвэл хариуцагч Ш ХК нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ХК болохын хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар уг тооцоог үндэслэн зарлага гаргасан бол зарлагын баримтыг албан ёсны тамга тэмдэгтэй, эрх бүхий ажилтны гарын үсэгтэйгээр үйлдсэн байх ёстой. Гэтэл шүүхээс зөвхөн ажлын тооцоог үндэслэн ийм зардал гаргасан гэж, улмаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох боломжгүй юм.

Тиймээс хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулах хариу тайлбарыг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр хассан бөгөөд хариуцагч нь дээрх тооцоотой холбоотой шаардлагыг иргэний журмаар нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

Түүнчлэн хариуцагч нь Т ХХК нь Ш ХК-аас нийлүүлж байгаа тогоор Б ХХК-ийг хангаж 35 000 000 төгрөгийг ашиг орлого олсон байна. Энэ орлогын тал хувь нь Ш ХК-ийн орлого байх ёстой гэсэн тайлбар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашигласан төлбөр болохоос эрчим хүчний хэрэглээний төлбөр биш юм.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2, 495.3-д заасан зохицуулалтад үндэслэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Т нь ...цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглах зөвшөөрлийг өөрөө олгосон, зөвшөөрсөн гэж тайлбарласан тул хариуцагч Ш ХК-ийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашигласан гэж үзэхгүй.

Иймд хариуцагч Ш ХК-аас 15 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 235 550 төгрөгийг хариуцагч Ш ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ш ХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугам ашигласны төлбөр 15 520 000 /арван таван сая таван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 280 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 241 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 235 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ