Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01184

 

                                          

“Ж И Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02022 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036 дугаар магадлалтай,

“Ж И Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б х т” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 138,731,984 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын  гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж И Т” ХХК нь хариуцагч “Б х т” ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 138,731,984 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02022 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Б х т” ХХК-аас 118,372,000 төгрөгийг гаргуулж “Ж И Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,359,984 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж И Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 851,609.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б х т” ХХК-аас 749,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “...287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 0036 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. “Ж И Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б х т” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Тус магадлалын хянавал хэсэгт “2019.01.29-ний өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, 2018.11.29-ний өдрийн 11/3 тоот “Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ”-ний дагуу “Ж И Т” ХХК-тай 2018.12.31-ний өдрөөс дуусгавар болгон тооцоо нийлж “Б х т” ХХК 53,444,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг, 2019.03.21-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт” үйлдэж 2018.11.29-ний өдрийн 11/3 тоот “Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ”-ний дагуу “Ж И Т” ХХК нь 2018.12.31-ний өдрөөр дуусгавар болгон тооцоо нийлж “Б х т” ХХК нь 118,372,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тус тус баталгаажуулсан. Дээрх актуудад нэг талаас “Б х т” ХХК-ийн уурхайн дарга М.Баасандорж, нөгөө талаас “Ж И Т” ХХК-ийн захирал Б.О нар гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ” гэжээ.

4.2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад 2018.11.29-ний өдрийн “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ” болон тооцоо нийлсэн гэх 2 удаагийн актын нэг нь дугаартай, нөгөө нь дугааргүй, хоорондоо зөрүүтэй болох нь тогтоогддог. Хоорондоо зөрүүтэй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, 2 удаагийн тооцоо нийлсэн актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус, мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүйгээр, харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж дүгнээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчсөн талаар давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаан дээр дурдсан боловч огт авч хэлэлцээгүйд гомдолтой. Өөрөөр хэлбэл, 2 шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ болон тооцоо нийлсэн гэх өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлалгүйгээр нэхэмжлэгч талыг шаардах эрхтэй гэж үзэж, шийдвэр, магадлалын үндэслэлээ болгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “Ж И Т” ХХК-аас хариуцагч “Б х т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 138,731,984 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 118,372,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 20,359,984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

7. Нэхэмжлэгчээс “... Нэхэмжлэгч “Ж И Т” ХХК-ийн захирал Б.О компанийг төлөөлж 2018.11.29-ний өдөр “Б х т” ХХК-ийн ерөнхий захирал О.О-Э-тэй тоног төхөөрөмж хөлсүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний нөхцөлд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн “Сино Трак” үйлдвэрийн 6 ширхэг “Хово” маркийн өөрөө буулгагч, 2 ширхэг “Беин Бен” үйлдвэрийн фотон маркийн өөрөө буулгагч машинуудыг хөлслүүлэх гэрээг 2019.02.29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, түрээсийн төлбөрийг 13,200,000 төгрөгөөр тохиролцож, ажлын тооцоог 30 хоногоор нийлж, 40 хоногт шилжүүлэх, төлөлт хойшилсон тохиолдолд 0.2 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож байгуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэлгүй зөрчиж, бидний эрх ашгийг хохироож байх тул түрээсийн төлбөр 118,372,000 төгрөг, 0.2 хувийн алданги 20,359,984 төгрөг, нийт 138,731,984 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Талуудын хооронд тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан талаар маргахгүй. Харин гэрээний төлбөр 118,372,000 төгрөг, алданги 20,359,984 төгрөг, нийт 138,731,984 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ нь хэрэгт цугларсан баримтаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, учир нь гэрээнд “Б х т” ХХК-ийн ерөнхий захирал албан тушаалтай О.О-Э гэж гарын үсэг зурж, баталсан. Гэтэл тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд 2018.05.03-ны өдөр Б.А бүртгэгдсэн, энэ мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна. Иймд 2018.11.29-ний өдрийн тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгийг ашиглаж байгаа тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч гэрээнд заагдсан тоног төхөөрөмжийг ашигласанд, мөн эцсийн байдлаар 2019.03.21-ний өдрийн тооцоо нийлсэн актад 118,372,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэнд маргаагүй тул түрээсийн төлбөрт 118,372,000 төгрөгийг гаргуулж “Ж И Т” ХХК-д олгох нь зүйтэй, харин гэрээ хүчин төгөлдөр бус тул алданги тооцсон зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийнэ.

9. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, уг гэрээг  анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Улсын бүртгэлийн лавлагаанд нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд 2018.05.03-ны өдөр Б.А бүртгэгдсэн байгаа боловч тухайн байгууллага өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан төлөөллийн талаар маргаагүй. Иймд хариуцагч гэрээний үүрэг болох 118,372,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Талууд гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон боловч алдангийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн уг асуудлыг өөрчлөх шаардлагагүй...” гэж дүгнэн шийдлийг хэвээр үлдээсэн байна. 

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” (Тодорхойлох хэсгийн 4.1-д) гэх боловч ямар хуулийг хэрэглэх ёстой байсан талаараа тодорхой заагаагүй, мөн  “...хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2018.11.29-ний өдрийн “Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ” болон тооцоо нийлсэн гэх 2 удаагийн актын нэг нь дугаартай, нөгөө нь дугааргүй, хоорондоо зөрүүтэй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус...” гэж маргаж буй нь (Тодорхойлох хэсгийн 4.2-т) үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эдгээр баримт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 749,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                             Д.ЦОЛМОН