Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00036

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00036

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02022 дугаар шийдвэртэй

Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б ХХК-д холбогдох

гэрээний үүрэгт 138 731 984 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн төлөөлөгч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Жэи Икс Ти ХХК-ийн захирал Б.Отгонжаргал компанийг төлөөлж 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б ХХК-ийн ерөнхий захирал О.Оюун-Эрдэнэтэй тоног төхөөрөмж хөлсүүлэх гэрээг байгуулсан болно. Гэрээний нөхцөлд заасны дагуу Ж ХХК нь өөрийн өмчлөлийн Сино Трак үйлдвэрийн 6 ширхэг Хово маркийн өөрөө буулгагч мөн 2 ширхэг Беин Бен үйлдвэрийн Фотон маркийн өөрөө буулгагч машинуудыг хөлслүүлэх гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар байгуулсан юм. Мөн түрээсийн төлбөрийг 13 200 000 төгрөгөөр тохиролцож хийсэн ажлын тооцоог 30 хоногоор нийлж 40 хоногт шилжүүлэх, төлөлт хойшилсон тохиолдолд 0.2 хувийн алданги тооцохоор тохиролцон байгуулсан болно. Гэтэл Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй бидний эрх ашгийг хохироож байна. Иймд Б ХХК-иас түрээсийн төлбөр болох 118 372 000 төгрөг гэрээнд заасан 0.2 хувийн алданги буюу 20 359 984 төгрөг нийт 138 731 984 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ байгуулсан талаар бол маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тоног төхөөрөмж, талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний түрээсийн төлбөр 118 372 000 төгрөг, мөн алданги 20 359 984 төгрөг, нийт 138 731 984 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б ХХК-аас 118 372 000 төгрөгийг гаргуулж Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20 359 984 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 851 609.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 749 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс харахад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ байгуулсантай аль аль тал нь маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг тул талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн. Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэлд огт дурдагдаагүй, огт үүсээгүй харилцааг үндэслэж Б ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэхэмжлэгч талыг шаардах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байгаа болно. Учир нь талуудын хооронд үүссэн маргаан нь Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн актыг үндэслэж түрээсийн гэрээний төлбөрийг шаардах эрхтэй эсэхийг тогтоох зорилготой болно. Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн акт нь хуулийн шаардлага хангасан эсэх, өөрөөр хэлбэл хариуцагч Б ХХК-ийг анхан шатны шүүхийн шийдвэрт дурьдсан шиг Иргэний хуулийн хооронд 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Үндэслэх хэсэгт Хариуцагч талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээнд заагдсан 8 ширхэг өөрөө буулгагчийг авч ашигласанд маргаагүй, мөн эцсийн байдлаар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн актад 118 372 000 төгрөгийг үлдэгдэлтэй гэсэнд маргаагүй тул хариуцагч Б ХХК-иас түрээсийн төлбөрт 118 372 000 төгрөгийг гаргуулж Ж ХХК-нд олгох нь зүйтэй гэжээ. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч 02022 дугаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг 2019 оны 3 дугаар сарын 21-ний байдлаар нэхэмжлэгч талд 118 372 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно гэж хүлээн зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр хэлээгүй болно. Харин дор дурдсан гурван үндэслэлээр маргаж, мэтгэлцэж оролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ болон тооцоо нийлсэн гэх 2 удаагийн актад нэг нь дугаартай, нөгөө нь дугааргүй хоорондоо зөрүүтэй байгаа болно. Харин анхан шатны шүүх хоорондоо зөрүүтэй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, 2 удаагийн тооцоо нийлсэн актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус гэж гэж маргасан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоног төхөөрөмж, талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээний түрээсийн төлбөр 118 372 000 төгрөг, алданги 20 359 984 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулах анхан шатны шүүхээс харин талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Харин гэрээ /хэлцэл/-г хүчин төгөлдөр бусад тооцсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасныг шүүх баримталж хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс 02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 138 731 984 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчид 2018 оны дугаар сарын 29-ний өдөр №11/3 тоот Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар Сино Трак үйлдвэрийн 6 ширхэг Хово маркийн өөрөө буулгагч мөн 2 ширхэг Беин Бен үйлдвэрийн Фотон маркийн өөрөө буулгагч машинуудыг хөлслөхөөр тохиролцжээ. /хх.14-15/

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын тайлбар, гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.

Харин хөлслөгч буюу хариуцагч Б ХХК нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч Ж ХХК Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж дүгнэж талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь, зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй, уг гэрээ бодитоор хэрэгжиж хариуцагч байгууллага 6 ширхэг Хово маркийн өөрөө буулгагч, Беин Бен үйлдвэрийн Фотон маркийн өөрөө буулгагч машинуудыг хүлээн авч үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч байгууллага өөрийнхөө төлөөллийн асуудлыг үгүйсгэж маргаагүй, түүнчлэн талууд гэрээний үүргийн талаар тооцоо нийлж баталгаажуулсан акт үйлдсэн байна. /хх.19-20/

Тухайлбал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Тооцоо нийлсэн акт үйлдэж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11/3 тоот Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ-ний дагуу Ж ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгон тооцоо нийлж Б ХХК нь 53 444 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Тооцоо нийлсэн акт үйлдэж 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11/3 тоот Тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ-ний дагуу Ж ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болгон тооцоо нийлж Б ХХК нь 118 372 000 төгрөгийг үлдэгдэлтэй болохыг тус тус баталгаажуулсан байна. Дээрх актуудад нэг талаас Б ХХК-ийн уурхайн дарга М.Баасандорж, нөгөө талаас Ж ХХК-ийн захирал Б.Отгонжаргал нар гарын үсэг зурсан үйл баримт тогтоогджээ. /хх.10, 20/

Мөн Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Б.Амарболд бүртгэгдсэн байгаа боловч тухайн байгууллага өөрийнхөө нэрийн өмнөөс гэрээ байгуулсан төлөөллийн талаар маргаагүй байна. /хх.56-57/

Иймд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллага гэрээний үүрэг болох 118 372 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Талууд гэрээний 2.1-т алдангийн талаар тохиролцсон, нэхэмжлэгч хариуцагчид алдангид 20 359 984 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй боловч нэхэмжлэгч талаас алдангийг хэрэгсэхгүй болгосон талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн уг асуудлыг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2020/02022 дугаар шийдвэрийн

тогтоох хэгсгийн 1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг ...287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 749 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ц.ИЧИНХОРЛОО