Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/03112

 

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/03112

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Б.Д

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.Ч

Гуравдагч этгээд: С.Б.

Нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох бие даасан шаардлагатай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, өмгөөлөгч Р.П, хариуцагч Б.Д, өмгөөлөгч Л.Т, гуравдагч этгээд Б.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Ж.М бид хоёр ах Б.Чийн гуйлтаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж И ББСБ-аас 17.000.000 төгрөгийн зээлийг авч өгсөн. Зээлийн барьцаанд бидний өмчлөлийн 0000 тоот байрыг тавьж зээл авах итгэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №71 тоот нотариатаар гэрчлүүлсэн. Б.Ч уг итгэмжлэлээр зээл авах хүсэлт тавьж зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх болоход Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Д нь итгэмжлэлээр зээлийн болон барьцааны гэрээг гэрчлэхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт олгох зээлийн болон барьцааны гэрээг гэрчилнэ гэсэн байсан. Ах Б.Ч нэн яаралтай зээл авах хэрэг болсон тул Ж.М бид нотариатч Б.Дгийн албан тасалгаанд очиж 17.000.000 төгрөгний зээл болон барьцааны гэрээг гэрчлүүлэн ах Б.Чт зээлийн мөнгийг авч өгсөн юм. Б.Ч нь И ББСБ-аас авсан зээлийнхээ хугацааг хэтрүүлэн төлөх хугацаагаа хойшлуулж тус ББСБ-аас Ж.М биднийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, байнга холбогдох болсон. Харин бид ах Б.Чоос зээлийг нэн даруй төлж бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллаж өгөхийг шаардсан. Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нотариатч Б.Д нь илт хууль бусаар өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй, Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 0000 тоот хаягт байрлалтай Ү-00000000 эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаалбарыг чөлөөлөөгүй байхад хууль ёсны өмчлөгч Б.Б, Ж.М бидэнд мэдэгдэлгүйгээр 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ж.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 33.000.000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээг гэрчилсэн нь бидний өмчлөх эрхийг зөрчсөн илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. И ББСБ нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан гэрээний үүрэг дуусгавар болсон учир зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай албан тоотыг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн тул нотариатч Б.Дгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өмнөх зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авах зээл болон зээлийн барьцааг гэрчлэх хууль зүйн үндэслэлгүй байсан байна. Ах Б.Ч бидний байрыг С.Бид барьцаалж 33.000.000 төгрөгийн зээл авч И ББСБ-аас авсан 17.000.000 төгрөгийн зээлд 10.000.000 төгрөг, 8.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Бид 17.000.000 төгрөгийн зээл авахаас өмнө ах Б.Чт байрыг барьцаалж зээл авах итгэмжлэл хийлгэсэн байсан. Би 17.000.000 төгрөг хэзээ төлөгдөж, байр барьцаанаас хэзээ чөлөөлөгдөж, 33.000.000 төгрөгийн зээлийг хэзээ авсанг мэдэхгүй. Байрныхаа ордерийг гар дээрээ ч аваагүй. 33.000.000 төгрөгний зээлийн гэрээг нотариат дээр батлуулахаар болж нотариатч над руу ярьсанг би 17.000.000 төгрөгний зээлийн гэрээтэй холбоотой гэж ойлгосон болохоос 33.000.000 төгрөгний зээлийн барьцаанд барьцаалж байгааг ойлгоогүй. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байрыг барьцаанд тавих итгэмжлэлийг Ч.Дд өгч зээл авч байсанг мэднэ. Иймд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн Баянгол дүүргийн тойргийн 339 дугаартай нотариатч Б.Дгийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Б.Ч, С.Б нарын хооронд хийгдсэн 33.000.000 төгрөгийн зээл, барьцааны гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болгож баталгаажуулсан. Б.Б, Ж.М нар И ББСБ-аас 17.000.000 төгрөгийн зээл авч зээлийн төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгосноор дараагийн гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байна. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг гэрээг гэрчилхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлдэгч хоёр Д.Д нотариатчийн гэрчилсэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан гэж орж ирсэн. Би үүргийнхээ хүрээнд итгэмжлэл хууль ёсны дагуу юу гэдгийг нотариатч Д.Дтой холбогдож спикер дээрээ тавьж байгаад Б.Ч, О.Э нарыг байлцуулж байгаад асуусан. Дараа нь Б.Бийн 95-тай дугаарлуу залгаж мөн спикер дээрээ тавьж байгаад асуухад тиймээ мэдэж байгаа манай ах хийгээд өгчихөөрэй, би зөвшөөрч байгаа, итгэмжлэл олгосон гэдгээ хэлсэн. Гэрээний учир холбогдолыг Б.Бд утсаар тайлбарлаж өгсөн. Мөн Б.Ч, О.Э нарт ч тайлбарлаж, зөвлөгөө өгсөн. Б.Ч, О.Э нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар, дээр нь итгэмжлэл, И ББСБ-д үүрэг дуусгавар болсон баримт барьж ирсэн. Би И ББСБ руу утасдаж зээлийн талаар асуухад зээлээ төлөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ сая аваад явлаа гэсэн хариу өгсөн. ББСБ нь зээлээ төлөөгүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөөд явуулдаг газар биш. Үл хөдлөх орон сууцны гэрчилгээг энэ хүмүүс эх хувиар нь барьж ирсэнг би өөрөө барьж шалгаж үзсэн. Тиймээс би өөрийн болон Д.Д нотариатчийн бүртгэлийн дэвтрийг хавтаст хэрэгт баримтаар хуулбарлаж өгсөн. Зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 39, 42 дугаар зүйлд зааснаар бичгийн хэлбэрээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар агуулга болон хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан гэрээ. Би ажлаа Нотариатын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Иргэний хуульд заасан хүрээнд бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн. Б.Ч нотариат дээр ирхээсээ өмнө 33.000.000 төгрөгийн зээлийг авч 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад 8.578.708 төгрөгийг Б.Б зээлдээ төлж зээлээ хаасан байсан. Энэ талаар Хаан банкны баримт хэрэгт байна. Над дээр ирж гэрээгээ батлуулахаас өмнө энэ улсууд мөнгө төгрөгөө өгөөд авалцсан хүмүүс шүү. Нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй тул зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан. Учир нь И ББСБ-ын зээлийн болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдлийг гэрчилдэг нотариатч Б.Д нь 00000000000000 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг өмнөх зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад буюу өөрөөр хэлбэл И ББСБ-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан гуравдагч этгээд Б.Чт 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 17.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болон мөн 2017 оны 03 дугаар сард Ч.Дд олгосон 10.000.000 төгрөгийн зээлийн төлбөрүүдийг төлүүлэх зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өмнөх зээлийн гэрээний барьцааны үүрэг дуусгавар болоогүй байхад дахин иргэн С.Бтой байгуулсан 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн байна. Өмнөх зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа чөлөөлөгдөөгүй байхад дахин зээлийн гэрээ байгуулах үйлдлийг гэрчилсэн нь хууль бус учир хуульд заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлага гаргасан. Шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Үүрэг хэзээ дуусгавар болох талаар Иргэний хуульд заасан. Мөнгөн төлбөрийн үүргээ эрх бүхий байгууллагад тухайн банкны дансаар шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 207 дугаар зүйл, 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр, мөн хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заажээ. Тэгэхээр үүрэг дуусгавар болсон тухай хангалттай баримт хавтаст хэрэгт байна. Үүрэг хангалттай дуусгавар болсон нь баримтаар тогтоогдож байгаа учраас би батлаад явуулсан. Бүртгэлийн байгууллага 30 хоног дотор бүртгэдэг. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохиролыг нотариатч хариуцахгүй гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Дд холбогдох 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн нотариатын үйлдлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцох нэхэмжлэл гаргасан байна.

Зээлдэгч Б.Б, Ж.М нар И ББСБ ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж 17.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдэж, зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн 0000 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах хүсэлтийг бичгээр гаргасан, зээлдүүлэгчээс зээлдэгч Б.Бд 17.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь зээл, барьцааны гэрээ, Б.Б, Ж.М нарын хүсэлт, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх-5, 6,31, 32/ гэсэн баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт баримтаар ирүүлсэн И ББСБ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, хаагдсан зээлийн материал 2017 оны 06, 07, 08-ны өдрийг дуусталх гэсэн материалд Б.Б, хамтран зээлдэгч нарын зээлийн хүсэлт, зээлдэгчийн анкет, зээлдэгчийн мэдээлэл, зээл болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн график, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ, зээл төлөх тухай мэдэгдэл 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17.000.000 төгрөгийн зээл бүрэн төлөгдөж дууссан болохыг тодорхойлсон И ББСБ-ын албан бичгийг тус тус ирүүлсэн байна. /хх-38-52, 90/

Нэхэмжлэгч Б.Б, хамтран өмчлөгч Ж.М нар 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.Ч, Ч.Д нарт Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо 12 дугаар байр 235 тоот 30 мкв 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг банк, ББСБ, хувь хүн, хуулийн этгээдэд зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлөх, гэрээнд гарын үсэг зураг, лавлагаа авах, гэрээ бүртгүүлэх, зээл барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах түүнтэй холбоотой бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус итгэмжлэлээр олгосон.

Б.Б, Ж.М нарын өмчлөлийн орон сууцны барьцааны гэрээ Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар 2016 оны 09 дүгээр сарын 02-нд бүртгэгдэж гэрээнд 2017 оны 03 дугаар сарын 17, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулж 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болсон болох үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож зохигч маргаагүй байна.

Зээлдэгч Б.Ч итгэмжлэлийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.Бтой зээл болон барьцааны гэрээ байгуулж 33.000.000 төгрөгийг зээлдэж, зээлийн барьцаанд 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б өмнөх зээлийн гэрээний барьцаалбар чөлөөлөгдөөгүй байхад нотариатч Б.Д 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 33.000.000 төгрөгийн зээл, барьцааны гэрээг бидэнд мэдэгдэлгүй гэрчилсэн нь илт хууль бус үйлдэл болсон хэмээн шаардлагаа тодорхойлж тайлбарласан боловч тэрээр И ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлж гэрээг дуусгавар болгож И ББСБ нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт орон сууцыг барьцаанаас чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлж, гэрээний талууд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нотариатч Б.Д зээлдэгч Б.Ч, зээлдүүлэгч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нарын хооронд байгуулагдсан зээл, барьцааны гэрээг гэрчлэхдээ Б.Биас 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн гэрээг гэрчилсэн болох нь түүний тайлбар, гэрч О.Эгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 17:59 цагт И ББСБ-ын 5015302432 дугаарын дансанд мөнгө шилжин орсноор Б.Бийн 17.000.000 төгрөгний гэрээ дуусгавар болж, Б.Чт орон сууцын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь итгэмжлэлийн дагуу хүлээлгэж өгсөн. Бид зээл чөлөөлөх бичгийг үл хөдлөх гэрчилгээний эх хувьтай барьж очсон. Б.Д нотариатч Д.Д нотариатч руу утсаар залгаж итгэмжлэл хууль ёсны эсэхийг лавлаж, дараа нь И ББСБ-ын захирал н.Хандсүрэн рүү залгаж зээл болон барьцааны гэрээ дуусгавар болсон талаар лавлаж эцэст нь Б.Б луу залгаж 33.000.000 төгрөгийн зээл барьцааны гэрээ итгэмжлэлийн үндсэн дээр хийгдэх гэж байгааг хэлж үүрэг, хариуцлагыг нь тайлбарлаж ярьсан. Утсаар чанга яригч дээрээ тавьж Б.Ч бид хоёрын дэргэд ярьж байсан гэсэн мэдүүлгээр Б.Бийн тайлбар үгүйсгэгдэж байна.

2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээл барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй, хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т зааснаар гэрээ хэлцэлийг гэрчилж, бүртгэлийн дэвтэр хөтөлж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталсан байх тул нотариатчийн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Б.Дд холбогдох нэхэмжлэгч Б.Бийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ч хариуцагч Б.Дд холбогдуулж 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан боловч гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээг бичгээр байгуулж хэн аль нь зөвшөөрч нотариатчаар гэрчлүүлсэн, нотариатчаас гэрээ хэлцэлийг гэрчлэхдээ талуудыг байлцуулж хувийн байдлыг тогтоож, эрх үүргийг тайлбарлан, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталж, өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон баримтыг үндэслэн гэрээг гэрчилсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр өмнөх зээлийн гэрээний барьцааны үүрэг дуусгавар болоогүй байхад дахин иргэн С.Бтой байгуулсан 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн хэмээн тайбарласан боловч гэрч О.Эгийн мэдүүлгээр өмнөх зээлийн үүрэг дуусгавар болсны дараа ББСБ-аас Б.Ч зээл дуусгавар болсон албан бичиг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авч, зээл чөлөөлөх бичгийн хамт нотариатч дээр очиж зээлийн гэрээг гэрчлүүлсэн талаар мэдүүлсэн тул зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хэрэгт баримтаар авагдсан Ч.Дгийн зээлтэй холбоотой материал, түүний автомашины эзэмшлийн талаарх лавлагаа, гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.7-д зааснаар хариуцагч Б.Дд холбогдох нэхэмжлэгч Б.Бийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ж.Б, Б.Ч нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн нотариатын үйлдлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Чийн нэхэмжлэлтэй 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 33.000.000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Чийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА