Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00241

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03112 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Б.Д-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй, гуравдагч  Б.Ч-ийн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-ь, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагч Б.Д-, түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдБ.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нар өөрсдийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо ,1 дүгээр хороолол 12-235 тоот орон сууцыг барьцаалах итгэмжлэлийгБ.Ч-т олгож, 2016 оны 08 сарын 13-ны өдөр №71 тоот нотариатчаар гэрчлүүлсэн. Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Д- нь итгэмжлэлээр зээл болон барьцааны гэрээг гэрчлэхгүй гэсэн тул Ж.Мөнхсайхан, Б.Б-ь нар албан тасалгаанд нь очиж 2016 оны 09 сарын 02-ны өдөр Ивээл инвест ББСБ ХХК-тай зээл болон барьцааны гэрээг гэрчлүүлэн 17 000 000 төгрөг зээлжБ.Ч-т өгсөн.Б.Ч- нь Ивээл инвест ББСБ ХХК-аас авсан зээлийн хугацааг хэтрүүлж байсан тул тус ББСБ-аас биднийг зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, байнга холбогдох болсон. Харин бидБ.Ч-оос зээлийг нэн даруй төлж бидний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллахыг шаардсан.

Гэтэл нотариатч Б.Д- нь илт хууль бусаар өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй, Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас барьцаалбар чөлөөлөөгүй байхад хууль ёсны өмчлөгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарт мэдэгдэлгүйгээр 2017 оны 07 сарын 31-ний өдөр Ж.Бямбадорж,Б.Ч- нарын хооронд байгуулсан 33 000 000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээг гэрчилсэн нь өмчлөгч нарын өмчлөх эрхийг зөрчсөн илт хууль бус үйлдэл болсон гэж үзэж байна. Ивээл инвест ББСБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан гэрээний үүрэг дуусгавар болсон учир зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх тухай албан тоотыг 2017 оны 08 сарын 01-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн тул нотариатч Б.Д-гийн 2017 оны 07 сарын 31-ний өдөр өмнөх зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан авах зээл болон зээлийн барьцааг гэрчлэх хууль зүйн үндэслэлгүй байсан байна.

Б.Чинзориг нь С.Бямбадоржид дээрх орон сууцыг барьцаалж 33 000 000 төгрөгийн зээл авч Ивээл инвест ББСБ ХХК-аас авсан зээлд 10 000 000 төгрөг, 8 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Хэзээ уг зээл төлөгдөж, байр барьцаанаас чөлөөлөгдөж, 33 000 000 төгрөгийн зээл хэзээ авсныг мэдэхгүй. 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нотариат дээр батлуулахаар болж нотариатч Б.Б-ь руу холбогдсоныг 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй холбоотой гэж ойлгосон болохоос 33 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалж байгааг ойлгоогүй. 2016 оны 08 сарын 13-ны өдөр байрыг барьцаанд тавих итгэмжлэлийг Ч.Даваацэрэнд өгч зээл авч байсныг мэднэ.

Иймд 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Ж.Бямбадорж,Б.Ч- нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн Баянгол дүүргийн тойргийн 339 дугаартай нотариатч Б.Д-гийн гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д- хариу тайлбартаа: 2017 оны 07 сарын 31-ний өдөрБ.Ч-, С.Бямбадорж нарын хооронд хийгдсэн 33 000 000 төгрөгийн зээл, барьцааны гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болгож баталгаажуулсан. Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нар Ивээл инвест ББСБ ХХК-аас авсан 17 000 000 төгрөгийн төлбөр 2017 оны 07 сарын 31-ний өдөр дуусгавар болгосноор дараагийн гэрээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байна. 2017 оны 07 сарын 31-ний өдрийн гэрээг гэрчлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлдэгч хоёр Д.Дуламцоо нотариатчийн гэрчилсэн 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр барьцааны гэрээ байгуулсан гэж орж ирсэн. Нотариатчийн үүргийн хүрээнд итгэмжлэл хууль ёсны дагуу эсэхийг нотариатч Д.Дуламцоотой холбогдож чанга яригч дээр нь тавиадБ.Ч-, О.Энхзаяа нарыг байлцуулж байгаад асуусан. Дараа нь Б.Б-ийн 95-тай дугаар луу залгаж мөн чанга яригч дээр нь тавиад асуухад мэдэж байгаа, манай ахад хийгээд өгөөрэй, би зөвшөөрч байгаа, итгэмжлэл олгосон гэдгээ хэлсэн. Гэрээний учир холбогдлыг Б.Б-ьд утсаар,Б.Ч-, О.Энхзаяа нарт биечлэн тайлбарлаж, зөвлөгөө өгсөн.Б.Ч-, О.Энхзаяа нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар, дээр нь итгэмжлэл, Ивээл инвест ББСБ ХХК-д үүрэг дуусгавар болсон баримттай ирсэн. Ивээл инвест ББСБ ХХК руу утасдаж зээлийн талаар асуухад зээлээ төлөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ сая аваад явлаа гэсэн. ББСБ нь зээлээ төлөөгүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өгөөд явуулдаг газар биш. Үл хөдлөх орон сууцны гэрчилгээг энэ хүмүүс эх хувиар нь авч ирснийг шалгаж үзсэн.

Тиймээс өөрийн болон Д.Дуламцоо нотариатчийн бүртгэлийн дэвтрийг хавтаст хэрэгт баримтаар хуулбарлаж өгсөн. Зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 39, 42 дугаар зүйлд зааснаар бичгийн хэлбэрээр байгуулагдаж, талууд гарын үсэг зурж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар агуулга болон хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан гэрээ.

Б.Д-гийн хувьд Нотариатын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, Иргэний хуульд заасан хүрээнд бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн.Б.Ч- нотариат дээр ирэхээс өмнө 33 000 000 төгрөгийн зээлийг авч 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 17 цаг 59 минутад 8 578 708 төгрөгийг Б.Б-ь төлж зээлээ хаасан байсан. Энэ талаар Хаан банк ХХК-ийн баримт хэрэгт байна. Гэрээг батлуулахаас өмнө мөнгөө өгч, авалцсан байна. Нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тал хариу тайлбартаа: Ивээл инвест ББСБ ХХК-ийн зээлийн болон зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйлдлийг гэрчилдэг нотариатч Б.Д- нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 1 дүгээр хороолол 12 дугаар байр 235 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг өмнөх зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад буюу өөрөөр хэлбэл Ивээл инвест ББСБ ХХК-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан гуравдагч этгээдБ.Ч-т 2016 оны 09 сарын 01-ний өдөр олгосон 17 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болон мөн 2017 оны 03 дугаар сард Ч.Даваацэрэнд олгосон 10 000 000 төгрөгийн зээлийн төлбөрүүдийг төлүүлэх зорилгоор 2017 оны 07 сарын 31-ний өдөр өмнөх зээлийн гэрээний барьцааны үүрэг дуусгавар болоогүй байхад С.Бямбадоржтой байгуулсан 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн байна.

Өмнөх зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа чөлөөлөгдөөгүй байхад дахин зээлийн гэрээ байгуулах үйлдлийг гэрчилсэн нь хууль бус учир хуульд заасны дагуу 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох гаргасан шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Мөнгөн төлбөрийн үүргээ эрх бүхий байгууллагад тухайн банкны дансаар шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 207, 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр, мөн хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж заажээ. Үүрэг дуусгавар болсон тухай баримт хэрэгт авагдсан байна. Бүртгэлийн байгууллага 30 хоног дотор бүртгэдэг. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нотариатч хариуцахгүй гэж заасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.7-д зааснаар хариуцагч Б.Д-д холбогдох нэхэмжлэгч Б.Б-ийн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Ж.Бямбадорж,Б.Ч- нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн нотариатын үйлдлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдБ.Ч-ийн нэхэмжлэлтэй 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 33 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдБ.Ч-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох тухайд хуульчлагдсан мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1 дэх хэсэгт шүүгчид өөрийн дотоод итгэлээрээ нотлох баримтыг үнэлэх эрхийг хуулиар олгосон боловч хариуцагчаас гаргаж буй илтэд үндэслэлгүй тайлбарыг бусад баримтуудтай харьцуулахгүйгээр шууд үнэн зөв тайлбар гэж үзэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй. Анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хугацааг тодорхойлох, тоолох журмыг хэрхэн тооцох тухайд хуульчилсан зүйл, заалтуудын тухайд үнэлэлт дүгнэлтийг зөв өгч нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүд болон иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Ивээл инвест ББСБ ХХК-ийн гаргасан бичгийн нотлох баримтуудыг шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай талаас нь үнэлэх үүрэгтэй. Нөгөө талаар анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг зөвтгөсөн нь ойлгомжгүй илт хууль бус болно.

Гуравдагч этгээд С.Бямбадоржийн зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа нотариатчийн албан тасалгаанд хүргэгдээгүй, зээл, барьцааны гэрээг гэрчлүүлэхээр ирсэн зээлдүүлэгчийн төлөөлөгч О.Энхзаяа, зээлдэгчБ.Ч- нарын хэнд нь ч уг гэрчилгээ байгаагүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч О.Энхзаяа маш тодорхой гэрчилдэг. Мөн Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар хийлгэж буй нотариатын үйлдлийнх нь үр дагаврыг нь нотариатч заавал тайлбарлаж хууль зүйн зөвлөгөөг өгөх үүрэгтэй. Энэхүү үүргээ нотариатч удаа дараа хэрэгжүүлээгүй нь гэрч О.Энхзаяа, Ч.Даваацэрэн нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад шүүх анхаараагүй нь хууль зөрчсөн шийдвэр гаргах үндэслэл болсон.

О.Энхзаяа нь шүүхэд ...Б.Чинзориг нь С.Бямбадоржоос 2017 оны 07 сарын 31-ний өдөр зээл авахдаа өмнөх зээлдэгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд зээл авсан. С.Бямбадоржоос мөнгийг шилжүүлэн авч, шилжүүлэн авсан мөнгөөр Ивээл инвест ББСБ ХХК-аас өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын зээлээс гадна давхар маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан зээлдэгч Ч.Даваацэрэн нарын зээлийн төлбөрийг төлсөн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөгчид болох Б.Б-ь, Ж.Мөнхсайхан, нарт биечлэн хүлээлгэж гардуулан өгөөгүй мөн зээл авах хүсэлттэй ирсэнБ.Ч- болон зээлдэгч Ч.Даваацэрэн нарт ч хүлээлгэн өгөөгүй... гэж мэдүүлснээс гадна анхнаасаа л Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарыг зээл авснаас хойш бүхий л хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь Ивээл инвест ББСБ ХХК-д зээлийн барьцаанд хадгалагдаж байсан, О.Энхзаяа нь Ивээл инвест ББСБ ХХК-д бүх маргаантай зээлийн хугацаанд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, одоог хүртэл энэ ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн.

Б.Чинзориг нь зээл авах хүсэл зорилготой байгаагүй бөгөөд С.Бямбадорж гэх хүнийг огт таньдаггүй байснаар харагдаж байна. Зүй нь зээлийн төлбөр төлөгдөхгүй байгаа тохиолдолд ББСБ нь өмчлөгч нартай уулзах эс бөгөөс шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан атал О.Энхзаяа ньБ.Ч-ийн Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын нэр дээр авхуулсан зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа аргагүй байдлыг нь ашиглаж бусдаас өндөр үнийн дүнтэй зээлийг санал болгож байгаа мэтээр төөрөгдүүлэн зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж өөрийн байгууллагын төлбөрийг төлүүлсэн байна. Санаа нь өөрийн байгууллагын төлбөрийг ямар ч хамаагүй аргаар төлүүлэх л зорилготой байсан нь Хаан банк ХХК-ийн дансны хуулгаар нотлогдоно. Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж зээлийн төлбөрөө хаасныг нь ашиглаж өндөр үнийн дүнтэй зээл олгосон нь өөрсдийн төлбөрийг шууд төлүүлснээр нотлогдож байна. Энэ нь нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасанБ.Ч-, Б.Б-ь нарын төрсөн эх болох н.Цэцэгдарийн дансны хуулгаар түрүүлээд С.Бямбадоржоос 33 000 000 төгрөгийн зээлийг авч энэ зээлээрээ Ивээл инвест ББСБ ХХК-ийн Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын зээлийн үлдэгдэл болон мөн Ч.Даваацэрэнгийн авсан гэх зээлийн үлдэгдлийг төлсөн болох нь дансны хуулганы баримтаар нотлогддог.

Иймд хариуцагч Б.Д- нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.2.2, 46.2.3, 46.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал илэрхий тогтоогдож байхад нотариатын үйлдэл хийх нь хууль бус болно гэдгийг мэдэж байсан, мэдэх үүрэгтэй учир мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаарБ.Ч-, С.Бямбадорж нарын хооронд байгуулагдах гэж буй зээл болон барьцааны гэрээг гэрчлэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй байсан болохыг нь шүүх зөв зүйтэй үнэлээгүй нь хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэг нэг бус удаа болж зохигчдоос шүүгч хуралдаанд тайлбар авсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан.

Удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Д- нь өөрийнхөө нотариатын үйлдлийг хийснээ зөвтгөж тайлбарлахдаа ....нэг ч удаа хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж үзэхгүй байна. Олон жил өмгөөлөгч хийсэн, хуулийг би маш сайн мэддэг, түүгээр ч зогсохгүй Ивээл инвест ББСБ ХХК-ийн хуулийн зөвлөхөөр олон жил ажиллаж ирсэн учраас тус ББСБ-ын бүхий л үйл ажиллагааг сайн мэддэг. ИймдБ.Ч-, С.Бямбадорж нарын зээл барьцааны гэрээг гэрчлэх үйлдэл хуулийн дагуу хийгдсэн, бичгийн нотлох баримтаар авагдсан иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаагаар үл хөдлөх хөрөнгийн барьцаа нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр ББСБ-ын барьцаанаас чөлөөлөгдөж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас суллах тухай ББСБ-ын албан бичиг 2017 оны 08 сарын 02-ны өдөр Улсын Бүртгэлийн Газарт хүргүүлсэн нь зээлийн барьцаа чөлөөлөгдөөгүй байсан гэж үзэх үндэслэл болохгүй, Улсын Бүртгэлийн Газар барьцаа хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг нэг сарын дотор л бол хэзээ ч бүртгэж болно, заавал зээлийг олгосон, зээлийн барьцааны гэрээ хийсэн өдрөөр бүртгүүлэх ямар ч албагүй, итгэмжлэлийн тухайд би өмнө нь итгэмжлэл хийж өгсөн нотариатч руу утсаар яриад л асуухад болно, утсаар харилцаж байгаа энэ харилцаа бол манай дотоод сүлжээний асуудал, зөвшөөрөгдөнө... гэсэн нотариатчийн үйлдэл нь баримт бичиг эх хувиараа шаардагдахгүй шууд л итгэлцлээр явагддаг үйлдэл мэтээр шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт гаргаж байсан тайлбарууд нь хуульд нийцэхгүй болохыг шүүх анхаараагүй, анхаарахыг ч хүсээгүй.

Өөрөөр хэлбэл Ивээл инвест ББСБ ХХК нь зээлдэгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг илэрхийлэх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг чөлөөлөх албан бичиг 2017 оны 07 сарын 31-ний өдөр үйлдэгдээгүй, энэ албан тоот нь 2017 оны 08 сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх учир 2017 оны 08 сарын 02-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдсэн огноогоор зээл барьцааны үүрэг дуусгавар болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байсан, үүнийг л шүүх анхаарч дүгнэх үүрэгтэй байсан.

Мөн хариуцагч Б.Д-гийн хийсэн нотариатчийн үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 5.5 дахь хэсэгт заасан гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй байх гэсэн зааврыг зөрчсөн болох нь тогтоогдож шүүх илтэд буруу дүгнэлт хийж шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлээгүй. Мөн маргаан бүхий үйл баримтын тухайд талуудаас гаргасан нотлох баримтуудыг болон гэрчийн мэдүүлгүүдийг хуульд заасны дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй атлаа бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үүргээ нотариатч удаа дараа хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн О.Энхзаяа, Ч.Даваацэрэн нарын мэдүүлгээр тогтоогддог.

Гэрч О.Энхзаяа нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ...бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдБ.Ч- нь гуравдагч этгээд С.Бямбадоржоос 2017 оны 07 сарын 01-ний өдөр зээл авахдаа өмнөх нэхэмжлэгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарын авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд зээл авсан, эхлэн С.Бямбадоржоос мөнгийг шилжүүлэн авч шилжүүлэн авсан мөнгөөр Ивээл инвест ББСБ ХХК-ийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авсан Б.Б-ь, Ж.Мөнхсайхан, Ч.Даваацэрэн нарын зээлийн төлбөрийг хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан, гуравдагч этгээдБ.Ч-, зээлдэгч Ч.Даваацэрэн нарын хэнд нъ ч хүлээлгэн өгөөгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Ивээл инвест ББСБ-д хадгалагдаж байсан, анхнаасаа С.БямбадоржоосБ.Ч- зээл авах зорилготой биш харин өмнөх зээлийн төлбөрийг төлөх зорилготой байсан, гэрч өөрөө Ивээл инвест ББСБ ХХК-д зээлийн мэргэжилтэн хийж байсан... гэх утга бүхий мэдүүлгүүдийг өгдөг.

ИймдБ.Ч-ийн тухайд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.2.2, 46.2.3, 46.3, 46.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал илэрхий байсаар байхад гэрчлэхээс татгалзах үүргээ нотариатч биелүүлээгүйг шүүх зөв зүйтэй үнэлсэнгүй. Нотариатч Б.Д-гийн тайлбарласан ...Ивээл инвест ББСБ ХХК-ийн хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайн мэддэг учир гэрээг гэрчлэх үйлдэл хуулийн дагуу хийгдсэн, 2017 оны 07 сарын 31-ний өдөр ажлын цаг дуусгавар болох гэж байсан учир зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд эд хөрөнгийг барьцаанаас суллах албан бичиг 2017 оны 08 сарын 02-ны өдөр Улсын Бүртгэлийн Газарт хүргүүлсэн, Улсын Бүртгэлийн Газар хуульд заасны дагуу хоёр сарын дотор ч бүртгэж болно, заавал өдөртөө бүртгэх албагүй.... гэх мэтээр шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт гаргаж байсан тайлбарууд нь хуульд нийцэхгүй болохыг шүүх анхаараагүй, анхаарахыг ч хүсээгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нотариатч Б.Д-гийн гаргасан ...Б.Чинзориг нотариат дээр ирэхээс өмнө 33 000 000 төгрөгийн зээлийг авч 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 17 цаг 5 минутад 8 578 708 төгрөгийг Б.Б-ь зээлдээ төлж зээлийг хаасан байсан, энэ талаар Хаан банк ХХК-ийн баримт хэрэгт байна. Над дээр ирж гэрээгээ батлуулахаас өмнө энэ улсууд мөнгө төгрөгөө өгөөд авалцсан хүмүүс шүү. Нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй тул зөвшөөрөхгүй гэх тайлбарын хувьд гэрээг гэрчлүүлэхээс өмнө мөнгө төгрөгөө өгч авалцсан байгаа боловч өмнө барьцаалагчийн гэрээний үүрэг дуусгавар болж үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа чөлөөлөх албан бичиг 2017 оны 07 сарын 31-ний өдөр үйлдэгдэн ёсчлогдоогүй байхад гэрээс гэрчлэх эрх зүйн үндэслэл үүсэхгүй байсан болно. Энэ үйл баримтаар нотариатчийн үйлдэл нь Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан гэрээ хэлцлийг нотариатч гэрчлэхгүй байхаар заагдсан зааврыг зөрчсөн болох нь тогтоогдож талууд энэ тухайд шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай тайлбарлан мэтгэлцсэн байх төдийгүй энэ үйл баримт нь бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсоор байхад шүүх илтэд буруу дүгнэлт хийж шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн төлбөр нь нотариатчийн гэрчилсэн зээлийн төлбөрийн мөнгөөр төлөгдсөн нь хавтаст хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон гэрч О.Энхзаяагийн мэдүүлгээр нотлогддог. Мөн өмнөх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тухай Ивээл Инвест ББСБ ХХК-ийн албан тоот нь зээлийн гэрээг гэрчилсэн 2017 оны 07 сарын 31-ний өдрөөс хойш бүтэн 1 хоногийн дараа буюу 2017 оны 08 сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байгаа баримт мөн уг бичгийн нотлох баримт болон гэрч О.Энхзаяагийн мэдүүлгээр нотлогддог.

Хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар нотариатч Б.Д- нь талуудын хоорондын гэрээг гэрчлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан байхад хууль зөрчин нотариатын үйлдэл хийсэн болох нь дээрх бүх баримтуудаар тогтоогдох боломжтой, тогтоогдож ч байхад шүүх гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан боловч энэ үүргээ биелүүлсэнгүй.

Өөрөөр хэлбэл шүүх нэг талд илэрхий үйлчилж дан ганц хариуцагч Б.Д-гийн тайлбарыг үндэстэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдБ.Ч-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин талуудын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хэргийн баримтад тулгуурлан хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б-ь нь хариуцагч Б.Д-д холбогдуулан 2017 оны 07 сарын 31-ний өдрийн Ж.Бямбадорж /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзаяа/ болонБ.Ч- нарын хооронд байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12-235 тоот хаягт байрлалтай, Ү-2201011680 дугаар эрхийн бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зээл болон барьцааны гэрээг баталгаажуулан бүртгэсэн Баянгол дүүргийн тойргийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. /1хх 1/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гуравдагч этгээдБ.Ч- нь нэхэмжлэлд дурдсан нотариатын үйлдлээс 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 33 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг гэрчилснийг хүчингүйд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан байна. /1хх 152/

 

Хариуцагч Б.Д- нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нотариатын үйлдлийг хуульд заасны дагуу хийсэн гэх үндэслэлээр маргажээ. /1 хх18, 170/

 

Маргааны зүйл болох 2017 оны 07 сарын 31-ний өдрийн нотариатын үйлдэлтэй холбоотой хэрэгт цугларсан 2016 оны 09 сарын 01-ний өдрийн зээлдүүлэгч Ивээл инвест ББСБ ХХК, зээлдэгч Ж.Мөнхсайхан, Б.Б-ь нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлдэгч нарын өмчлөлийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан мөн өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 09 сарын 01-ний өдрийн зээл 2017 оны 07 сарын 31-ний өдөр үлдэгдэл төлбөр төлөгдсөнөөр дуусгавар болж, зээл хаагдсан талаарх материал /1хх 40-52, 59, 91-93/, 2017 оны 08 сарын 01-ний өдөр Ивээл инвест ББСБ ХХК-аас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хаягласан Барьцаа чөлөөлөх тухай 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 01/81 тоот албан бичиг, 2017 оны 07 сарын 31-ний өдөр зээлдүүлэгч С.Бямбадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзаяа, зээлдэгчБ.Ч- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 2016 оны 08 сарын 13-ны өдөр Ж.Мөнхсайхан, Б.Б-ь нараасБ.Ч-т 3 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, уг итгэмжлэлд үндэслэн байгуулсан барьцааны гэрээ /1хх 69-79, 89/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын гаргасан шаардлагын үндэслэл болох илт хууль бусаар өмнөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалбараас чөлөөлөөгүй байхад өмчлөгч Б.Б-ь, Ж.Мөнхсайхан нарт мэдэгдэлгүйгээр 2017 оны 07 сарын 31-ний өдөр С.Бямбадорж,Б.Ч- нарын хооронд байгуулсан 33 000 000 төгрөгийн зээл болон барьцааны гэрээг гэрчилсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, нотариатч Б.Д- нь Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу 2017 оны 07 сарын 31-ний өдөр төлөөлөгчөөр дамжуулан хийгдэж байгаа хэлцэлд оролцох төлөөлөгчийн бүрэн эрх болон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэх, уг хэлцэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягталснаар хэлцлийг гэрчлэх үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл гэрчлэгдсэн гэрээ хэлцэл, түүнд хавсаргагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч О.Энхзаяагийн мэдүүлэг, зэргээр тус тус тогтоогдож байна. /1хх 187-188/ Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Мөнхсайхан, Б.Б-ь нараас олгосон эрхийн хүрээнд зохих этгээд буюуБ.Ч- нь бусадтай хийсэн хэлцлийг гэрчлүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул нотариатч Б.Д- Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.1, 46.2.2, 46.2.3, 46.3, 46.6 дахь хэсэгт зааснаар уг үйлдлээ хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдБ.Ч- нарын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хүчингүйд тооцуулах гэж маргаж буй нотариатын үйлдлээр гэрчлэгдсэн зээл болон барьцааны гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэл, уг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал нь нотариатын үйлдэлтэй шууд хамааралтай зүйл биш болно. Иймд уг гэрээнүүдийн үр дагаврын талаар тайлбарлаагүй нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.7-д заасан нотариатын үйлдлийг хүчингүй болгох эрхийн хүрээнд хамааралгүй заалтыг баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Зүй нь, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нотариатч үйлдэл хийхээс татгалзах тохиолдлуудыг зөрчсөн тохиолдолд шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр тухайн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцдог бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотариатч Б.Д-д хуульд зааснаар үйлдэл хийхээс татгалзах нөхцөл байдалтай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/03112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.7-д... гэснийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдБ.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд талаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР