Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2020/02747

 

 

 

 

 

2020        09            24

    102/ШШ2020/02747

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Б.Мий нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Г.Эт холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны хүлээн авч хянаад

       

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б.М, хариуцагч Г.Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       

        Нэхэмжлэгч О.Б.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Миний бие Г.Г.Э гэдэг хүнтэй өмнө нь “Хаан” банк ХХК-д хамт ажиллаж байсан

        Г.Эийн гуйлтаар 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг дахин 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1.950.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэхээр нь өөрийн “Хаан” банкны 5114-3811-73 дугаартай данснаас Г.Эийн 5001-4975-50 дугаартай данс руу шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцаан авч чадахгүй байна.

       Иймд О.Б.М надад өгөх ёстой зээлийн төлбөр 2.000.000 төгрөгийг Г.Эиас гаргуулж өгнө үү.

       Анх энэ мөнгийг авахгүй гэж бодож байсан. Гэтэл бид хоёр муудалцсан тул нэхэхээр шийдсэн. Хариуцагч мөнгийг аваагүй гэдгээ нотлох хэрэгтэй.

       Мөн Г.Г.Э шүүхэд өгсөн тайлбартаа 50.000 төгрөгийг түлш хийх гэж авсан нь үнэн гэсэн байсан. Банкнаас түлш хийж өгдөг учраас харилцагчаас мөнгө авах ёсгүй. Хэрвээ тэгсэн тохиолдолд ажлаасаа халагдана.

       Энэ 50.000 төгрөг шилжсэн өдөр нь зээл гарснаас хойш 5-6 хоногийн дараах үйл явдал. Тэгэхээр тайлбар худлаа нь харагдаж байна.

      1.950.000 төгрөгийг би шилжүүлсэн, шилжүүлсэн нотлох баримт байна. Энэ хүний хувьд “АТМ”-с мөнгө авснаа надад өгсөн гэж харагдуулах гэж байгаа учраас баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.    

Хариуцагч Г.Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие О.Б.М гэх хүнээс 2.000.000 төгрөг зээлж аваагүй нь үнэн.

 Анх О.Б.М гэх залуутай анх Сэлэнгэ аймгийн “Мандал” сумын “Хаан” банкны “Зүүнхараа” салбарт 2011-2015 он хүртэл ажиллаж байх хугацаандаа ажлын шугамаар таньдаг болсон. Би эдийн засагчаар, О.Б.М теллерээр ажиллаж байсан. Миний хувьд 2015 оноос “Худалдаа хөгжлийн” банкны Зүүнхараа салбарт эдийн засагчаар шилжин ажилласан.

       Ингээд 2018 оны 4 дүгээр сард О.Б.М 50.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан.

       Тухайн үед харилцагчийн хүсэлт “Худалдаа хөгжлийн” банкны зээлийн заавар журмыг хангаж байсан тул зээлийг судлан түүнд олгосон.Зээлийн судалгааны ажлыг би өөрийн эзэмшлийн хувийн автомашинаар явж хийсэн. Зээлийн судалгаа хийх явцад О.Б.М дансаа өгчих түлш хийгээд өгье гэж хэлээд 50.000 төгрөг шилжүүлж, би авсан нь үнэн маргахгүй. Түлш хийж хэрэглэсэн нь ч үнэн.

       Гэтэл 7 хоногийн дараа миний дээрх мөнгө шилжүүлсэн дансанд надад мэдэгдэлгүйгээр 1.950.000 төгрөг шилжин орж ирсэн байдаг.

         Энэ талаар О.Б.М над руу яриад чиний данс руу мөнгө шилжүүлсэн гаргаад өгөөч гэж хэлэх үед би мэдээд,чи яагаад надад хэлэхгүй мөнгө шилжүүлж байгаа юм бэ? гэж асуухад: -О.Б.М чамд төвөг болж, асуудал үүсэхгүй гаргаад өгөөч гэхээр нь мөнгө орж ирсэн тэр даруй ажлаасаа гараад, “Хаан” банкны АТМ-ээс 1.950.000 төгрөгийг 3 хувааж, 800.000 төгрөгөөр 2 удаа, 350.000 төгрөгөөр нэг удаа авч О.Б.Мд өгсөн.

        Би “Худалдаа хөгжлийн” банкны карттай. Харин “Хаан” банкны дээрх дансанд хүүхдийн мөнгө, ганц нэг гүйлгээ хийхээс тогтмол хэрэглэдэггүй, орлого, зарлагын гүйлгээний талаар захидал ирдэггүй учраас мэдээгүй.

      Энэ талаарх нотлох баримт болох дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн бөгөөд ямар гүйлгээ хийсэн нь тодорхой харагдана. 50.000 төгрөгийг банкнаас зээл судалж явахдаа зээл хүссэн иргэнээс түлш бусад хэрэглээнд авахыг зөвшөөрдөг тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр өөрийн машиндаа түлш хийсэн. Түлш хийсэн нь дансны хуулгаас харагдана.

    Хэрвээ “50.000 төгрөгийг авна” гээд байгаа бол төлөхийг зөвшөөрч байна.

    Харин 1.950.000 төгрөгийг аваагүй, О.Б.М өөрөө бэлнээр өгснийг мэдэж байгаа тул зөвшөөрөхгүй. Энэ үйлдэл анхнаасаа зохиомол, төлөвлөсөн гэмт хэрэг гэж би үзэж байна. Учир нь:

        Тухайн зээлээ залилан хийж авч байгаагаа О.Б.М өөрөө мэдэж байсан. Цаашлаад зээлээ төлөх чадваргүй гэдгээ ч мэдэж байсан тул зориудаар миний дансанд мөнгө шилжүүлэн алсдаа тухайн хуулгаар намайг сүрдүүлэн, зээлийнхээ төлөлтөд ашиглах зорилго агуулснаас гадна намайг дарамтлан мөнгө авах санаатай байсан. О.Б.Мий зээл хугацаа хэтэрч эхлэх үед зээл хариуцсан эдийн засагч зээлээ төлөхийг О.Б.Мөөс шаардахын зэрэгцээ, зээлийн барьцаа хөрөнгөнд давхар хяналт тавьж үзсэний улмаас барьцаалсан орон сууц өөрийнх биш залилан хийж авсныг олж мэдсэн. “Худалдаа хөгжлийн” банкны Зүүнхараагийн салбараас 2019 оны 11 дүгээр сард надад энэ тухай мэдэгдсэн.

        Залилан хийж зээл авсныг нь мэдээд миний зүгээс О.Б.Мий талаарх мэдээлэл, зээлээ төлж чадах эсэхийг судалсан. Судлах явцад О.Б.М Зүүнхараагийн “Хаан” банкны салбарт теллерээр ажиллаж байх хугацаандаа харилцагчийн данснаас дур мэдэн мөнгө авсан нь “Хаан” банкны дотоод шалгалтаар тогтоогдож ажлаас халагдсан байсан.

       Мөн “Худалдаа хөгжлийн” банкинд барьцаалсан зээлийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотод байрлалтай орон сууцыг “Нармон” ХХК-иас залилан хийж өөрийн нэр дээр болгож авсныг мэдэгдсэн.

      Хэрвээ зээлсэн мөнгө юм бол яагаад 2017 оноос хойш нэхэхгүй байж байгаад одоо нэхэж байгаа юм. Би ерөөсөө ойлгохгүй байгаа бөгөөд 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй тул үнэнийг олж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч О.Б.М, хариуцагч Г.Г.Эт холбогдуулан 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      

       Хариуцагч “түлш хийгээрэй” гэж өгсөн 50.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 1.950.000 төгрөгийг аваагүй. О.Б.Мийг хэлэхэд нь мэдээд авч өгсөн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

          

       Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

       Нэхэмжлэгч О.Б.М өөрийн “Хаан” банкны 5114-3811-73 дугаартай данснаас, хариуцагч Г.Эийн “Хаан” банкны 5001-4975-50 дугаартай данс руу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1.950.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

      Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хэлцэл байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

       Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч “2.000.000 төгрөгийг зээлсэн. Анх мөнгийг авах санаагүй байсан. Бид хоорондоо муудалцсан тул нэхэмжилж байна. Энэ бол зээлсэн мөнгө”,

 

       Хариуцагч “ Би чамаас мөнгө зээлээч гэж гуйж байгаагүй. Чи яагаад эзэнд нь хэлэхгүй дансыг нь мэдэж аваад, мөнгө шилжүүлж, өөрийг нь мэдээгүй байхад утасдан, данс руу чинь мөнгө хийсэн гаргаад өгөөч гэж хэлсэн бэ? надад чамаас мөнгө авах шаардлага байгаагүй. Би буцаагаад чамайг хэлсэн дор нь АТМ ороод бэлнээр авч өгсөн” гэх тайлбарыг гарган мэтгэлзэж байна.

 

      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;” гэж зааснаар хариуцагч 1.950.000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 14 минутанд 800.000 төгрөг мөн цаг, минутанд 800.000 төгрөг, 16 цаг 18 минутанд 350.000 төгрөгийг АТМ-ээс авсан нь “Хаан” банкны талуудын дансны хуулгаар тогтоогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийвдэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасанчлан хариуцагчийн тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтуудыг нэхэмжлэгч үгүйсгэж, няцааж чадахгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд, 1.950.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

       Хариуцагчийн зөвшөөрлийн хэмжээнд буюу байгууллагаас зээл судлах явцад түлш болон бусад зардалд зээл хүсэгчээс 50.000 төгрөг авахыг зөвшөөрдөг гэх тайлбарыг хариуцагч гаргаж байгаа боловч шүүхээс зохигчид эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосныг хэрэгжүүлж, татгалзлаа өөрөө нотлож, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул 50.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.


                                                                                                                                                                                                             

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

     115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эиас 50.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.АРИУНАА