Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1897

 

МАГАДЛАЛ

 

2019.11.08                                                Дугаар 1897                              Улаанбаатар хот

Б.И-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.И-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БХЗХТБАА-нд холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов

Нэхэмжлэгч Б.И-ийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэрлэсэн дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг 12 дугаар хороо 4 дүгээр хороолол 35 дугаар байрны 90 тоот орон сууцыг төлбөр төлөгчид төлбөртөө тооцон авахыг санал болгох тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Учир нь Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь барьцааны хөрөнгийг шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг зөрчиж Б.Иээс үнийн санал аваагүй тул Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол 35 дугаар байрны 90 тоот орон сууцыг 73 366 159 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3010/Б шийдвэрээр Б.Б-аас 62 229 380 төгрөг гаргуулж түүний өмчлөлийн барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Б.Б нь орон сууцыг 2008 онд барьцаалж зээл авч барьцааны гэрээ байгуулах үед төлбөр төлөгч Б.Б-ийн нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд одоо Б.Б-ийн гэх нэг хүний өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Нэхэмжлэгч Б.И-ийн асран хамгаалагч М.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.1 мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримталсан. Нэхэмжлэгч М.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35 дугаар байр 90 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Харин маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1323 дугаар албан бичгээр дээрх орон сууц нь зөвхөн Б.Б-ийн өмчлөлийн буюу нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан тул М.Ц, Б.И  нар нь нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. Тус алба албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч Б.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013112 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоот, 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан. Уг ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Мөн албадан дуудлага худалдааны үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Б.Б-т мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 ду гаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар БХЗХТБАА-нд  холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.И, хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шаардлагад нийцэх “талууд” гэдэгт “Төлбөр төлөгч” төлбөр авагчийг талууд гэнэ” хэмээн тодорхойлсон ба бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийг “талууд” гэх ойлголтод хамааруулаагүй байна. Хуулийн энэ шаардлагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах” тухай хөөн хэлэлцэх хугацаа нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдэд хамаарахгүй байна. Иймд хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч БХЗХТБАА-нд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.Б  нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан “АБ” ХХК-тай 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээний дагуу 180 000 000 төгрөгийг зээлж, гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Б.Б-аас 62 229 380 төгрөг гаргуулж, дээрх орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Б.Б нь шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч “АБ” ХХК-д 62 229 380 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Тодруулбал, хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Б-тмэдэгдэж, албадан дуудлага худалдаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах болсон, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг талуудад тус тус хүргүүлсэн байна.

/хх80,83,86,90,93/

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний төлбөр төлөгч Б.Б-ийнхүү байх боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас Б.Б-ийнөмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 73 366 159 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, мөн маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууц нь шинжээчийн тогтоосон үнээс илүү үнэтэй болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

                                             М.НАРАНЦЭЦЭГ