Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2018/00013

 

  Б.М, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Баа овогт Б. М /РД:УХ, утас: 90/,

Нэхэмжлэгч: Боржигон овогт Б.Б /РД:АЭ, утас: 90/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 2 дугаар баг, 46-56 тоотод оршин суух, Буурал овогт Н.А /РД:СФ, утас: 99/-д холбогдох

11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.А давж заалдах журмаар гаргасан  гомдлыг үндэслэн, хэргийг  2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга М.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэгч Б.М Б.Б болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Иргэн Б.М Б.Б бид хоёр эхнэр, нөхөр бөгөөд 2011 оны 03 дугаар сард Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 81А дугаар байранд орон сууц худалдаж аваад өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2014 оноос бид хоёр машинаа тавих авто зогсоол хайж эхэлсэн бөгөөд энэ талаараа хажуу байрныхаа орцны жижүүр Ч.Цагаансарнайд хэлж байсан юм. Гэтэл 2014 оны 05 дугаар сард Ч.Цагаансарнай нь манай хажуу талын 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Манлайжав нь 18 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар хэлсэн. Бид гаражийг нь худалдан авахаар болж, тохиролцсоны дагуу Б.Манлайжавд бэлнээр 2 000 000, ХААН банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-нд 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-нд 5 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн. 13 000 000 сая төгрөг авсан талаараа Б.Манлайжав нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө хүртэл хэлсэн байдаг. Мөн Ч.Цагаансарнайд 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Ч.Цагаансарнайн дүү Ч.Цэрэндорж нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.М миний ажил дээр ирээд 2 000 000 төгрөг аваад явсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл бид гараж болон Б.Манлайжавд өгсөн 13 000 000 төгрөг, Ч.Цагаансарнайд өгсөн 2 000 000 төгрөгөө аль алийг нь аваагүй хохирч байна. Энэ талаар Цагдаагийн газарт хандаж шалгуулсан боловч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн газраас тус хэргийг шалгаад зөвхөн Ч.Цагаансарнайгийн үйлдсэн гэмт хэрэг гэж үзсэн төдийгүй Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн дагуу Ч.Цагаансарнайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Манлайжав нь гаражаа зарахаа больсон тухайгаа бидэнд хэлээгүй Ч.Цагаансарнайн дүү Н.А гэх үл таних хүний данс руу бидний гараж авахаар шилжүүлсэн мөнгийг хийсэн байсан.      Иймд бид Ч.Цагаансарнай, Б.Манлайжав нарт холбогдуулсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөнгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 001/ХТ2017/00808 дугаар тогтоол тус тус гарч хариуцагч Ч.Цагаансарнайгаас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Б.Манлайжавд холбогдох 13 000 000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байдаг. Улсын дээд шүүхээс Б.Манлайжавыг гаражийн үнэ 11 000 000 төгрөгийг Н.А дансанд буцаан шилжүүлсэн нь тогтоогдсон тул үүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж үнэлж дүгнэсэн. Мөн Ч.Цагаансарнай нь гараж авахаар шилжүүлсэн мөнгийг 3 хувааж Н.А дансаар Б.Манлайжав буцаан өгснийг дүү хэрэглээд буцааж өгнө гээд аваад одоо хүртэл төлөөгүй байгаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Б.М буцаан өгөх ёстой мөнгийг Б.А өөрийн дансанд ормогц өөртөө хувьдаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдаг.

Тиймээс Н.А11 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.        

     Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

     Иргэн Н.А миний бие нь Б.М, Б.Б нарын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзсан учир нь:

     Иргэн Н.А миний бие 2014-2015 онд оюутан  байсан бөгөөд иргэн Ч.Цагаансарнай нь миний ээж Ч.Туяагийн төрсөн дүү учир тэднийхээр орж, гарч зарим тохиолдолд хонож байсан нь үнэн болно. Ч.Цагаансарнай нь 2014 оны 11 дүгээр сарын үед эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм аа, надад данс байхгүй болохоор чиний дансыг ашиглая гээд миний ХААН банкны 5058156171 тоот дансыг авсан. Данс авснаас хойш 7-14 хоногийн дараа Б.Манлайжав гэх хүнээс хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө орж ирсэн бөгөөд би тухайн үед ямар учиртай мөнгө болохыг огт мэдээгүй болно. Сүүлд нь хүний гараж худалдаж авах гэж байсан мөнгө гэдгийг мэдсэн. Тэрхүү мөнгийг миний дансанд орж ирэх болгонд би Норжин худалдааны төвийн ХААН банкны АТМ болон Жуковын ХААН банкны салбараас Ч.Цагаансарнайд авч өгдөг байсан нь үнэн. 2015 оны 09 дүгээр сард энэхүү хэргийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаалт өгөх явцад иргэн Ч.Цагаансарнай нь миний дансаар дамжуулан тэрхүү мөнгийг авч байснаа хүлээн зөвшөөрсөн болно. Ч.Цагаансарнай нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө миний нэрийг барьж худал мэдүүлсэн байна. Би Б.М Б.Б гэх хүмүүсийг танихгүй бөгөөд огт харьцаж ярьж үзээгүй юм. Уг мөнгүүдийг Ч.Цагаансарнай авсан. Би нэг ч төгрөг хэрэглээгүй. Ч.Цагаансарнай төлөх ёстой. Иймээс Ч.Цагаансарнайг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйлээс харахад тодорхой байгаа. Б.Манлайжав гэдэг хүний данснаас 5 удаагийн үйлдлээр нийт Н.А дансанд 11 000 000 төгрөг данснаас данс руу шилжин орсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Мөн хариуцагчийн өмгөөлөгч өөрөө энэ зүйлийг хэлсэн байдаг. Энэ 11 000 000 төгрөгийг Ч.Цагаансарнай авсан нь үнэн юм бол хариуцагч үүнийгээ нотлох үүрэгтэй. Хуульд бол ингээд заагаад өгсөн байдаг. Н.А тухайн 11 000 000 төгрөгийг яасан бэ? гэдэг талаараа хэлэх ёстой. Н.А бичгээр гаргаж өгсөн тайлбар дээр энэ мөнгийг бэлнээр болон банкнаас, АТМ-ээс Ч.Цагаансарнай эгчийг дагуулж очиж бүх мөнгийг өгсөн гэдэг мэдүүлэг байдаг. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоогүй. Үүнээс харахад Н.А үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хууль зүйн бодит үндэслэл байгаа. Үндэслгүйгэээр хөрөнгөжинө нь гэдэг бол 2-3 үндсэн шинж байдаг. Хамгийн гол нь шинж нь талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч хоёр иргэн, Н.А хооронд ямар ч зээлийн, гараж худалдан авах харилцаа үүсээгүй. Тиймээс энэ хоёрын хооронд бие биедээ хүлээх үүрэг үүсээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч хоёр иргэний мөнгийг Б.Манлайжав нь Н.А ХААН банкны данс руу шилжүүлсэн. Үүнийг бол шат шатны шүүх тогтоосон. Хариуцагчийн өмгөөлөгчийн холбоотой прокурорын тогтоол дээр үүнийг иргэний журмаар шийдвэрлэхэд саад болохгүй байх гэж үзэж байна. Хавтаст хэргийн 97-101 хуудсанд Н.А ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Н.А гэдэг хүн энэ мөнгийг захиран зарцуулсан болох нь харагдана. Гэрч Ч.Цагаансарнай мэдүүлэг өгөхдөө энэ мөнгийг би Н.А аваагүй гэдэг зүйлээ хэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эхний мөнгө 2014 оны 08 дугаар сарын 27-нд 2 000 000 төгрөг орж ирсэн. Хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ 5 000 000, 6 000 000 төгрөгөөр 2 удаа орж ирсэн юм шиг ярьж байна. Энэ мөнгийг шууд бэлнээр авсан. Мөн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500 000, 500 000 төгрөгөөр хоёр удаа Н.А дансанд мөнгө орж ирсэн. Тухайн өдөр мөнгийн Н.А 500 000, 500 000 төгрөгөөр авчихсан. 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөг Н.А дансанд орж ирсэн. Тухайн өдөр АТМ-ээс 500 000 төгрөг аваад дахин АТМ-ээс 900 000 төгрөг аваад, мөн АТМ-ээс 100 000 төгрөг аваад, дараа нь 450 00, 45 000 төгрөг авсан байгаа. Түүний дараа Залуу элит гэдэг газраас 2 200 төгрөгийн картаар үйлчилгээ үзүүлсэн. Мөн Хэрлэн хүү гэдэг газраас 1 800 төгрөгийн гүйлгээ хийсэн. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6 000 000 төгрөг орж ирээд мөнгө орсон өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр аваад, мөн өдөр Пиптий шоп гэдэг газраас 28 120 төгрөгийн гүйлгээ, Мушпана ко гэдэг газраар 32 000 төгрөгийн гүйлгээ, АТМ-ээс 150 000, 400 000, 400 000, төгрөг авсан. Мөн Бридж паб гэдэг газраар 12 000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Тэгээд 5022639309 гэдэг данс руу 200 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Мушпана ко гэдэг газраар 33 300 төгрөгийн гүйлгээ, Дэлгэр хас гэдэг газраар 30 500 төгрөгийн гүйлгээ, Голомт банкны зах салбараас 270 500 төгрөг, АТМ-ээс 100 000, 350 000, 100 000 төгрөг, Голомт банкнаас 200 500, 500 000, 50 000 төгрөг, Сандэй гэдэг АМТ-ээс 500 000 төгрөг, хамгийн сүүлийн салбар нь Хэнтий аймгийн АТМ-ээс 2000 төгрөг авсан асуудал харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, зарцуулсан байдлыг харахад шууд бэлнээр юм уу, АТМ-ээс Ч.Цагаансарнайд өгөх гэж байсан гэдэг зүйл харагдахгүй. Энэ мөнгийг тодорхой хэмжээгээр зарцуулчихсан. Н.А карт бол хэзээ ч Ч.Цагаансарнайд байгаагүй гэдгээ мэдүүлгээр хэлсэн. Энэ мөнгийг бүгдийг яагаад зарцуулсан бэ? гэхээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлахад гарах байх. Өөрөөр хэлбэл, Н.А дансанд мөнгө байгаагүй. Энэ мөнгө орж ирэхэд нь шууд шууд зарцуулчихсан, мөнгө дуусан дуустал Н.А дансанд ямар ч газраас мөнгө орж ирээгүй. Тэгээд Б.Манлайжав гэдэг хүний 11 000 000 төгрөгийг үрээд дууссаны дараа Бор-Өндөр сумаас Наранбаатар гэдэг Н.А аав нь Н.А дансанд мөнгө шилжүүлээд зохих журмын дагуу аваад хэрэглэсэн зүйл харагдаж байгаа. Нэг газар байсан хүн бол нэг газраас бөөнд нь мөнгийг бэлэн аваад Ч.Цагаансарнайд өгнө. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн зүйл үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

    Хариуцагчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Б.М нь Б.М ХААН банкны 5027652484 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Б.Манлайжав нь хариуцагч Н.А ХААН банкны 5058156171 дугаартай дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөг шилжүүлсэн нь хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа хэдий ч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Цагаансарнай нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Манлайжавын эзэмшлийн 03 тоот авто машины зогсоолыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.б 15 000 000 төгрөгөөр зарч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байдаг. Энэ нь хавтаст хэргийн 53-54 хуудсанд авагдсан байгаа. Тиймээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2708 дугаартай прокурорын тогтоолоор Ч.Цагаансарнайд холбогдох хэргийн анхны Ардчилсан сонгууль болон байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор Н.Ат холбогдох хуулийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буцааж хэрэгсэхгүй болгосон. Харин хариуцагч Н.А Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд дараах нөхцөл байдалд хүрсэн байх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч хооронд эсвэл үүргийн гүйцэтгэл хүчин төгөлдөр бус үүрэг гүйцэтгэл нь дуусгавар болсон нь тогтоогдож байх бол гэж байгаа. Тэгтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. 11 000 000 төгрөг Ч.Цагаансарнай авсан нь тогтоогдож байх тул хариуцагч Н.Аыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Хөрөнгө олж авсан этгээд буюу Ч.Цагаансарнайгаас 11 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Зөвхөн Н.Аын дансаар мөнгө авсан нь Н.Аг хөрөнгө авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Ч.Цагаансарнай нь Б.Манлайжавын шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг 2014 оны 08, 09 дүгээр сард Н.А ХААН банкны дансаар дамжуулсан авсан гэдэг нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2014 оны 12 дугаар сарын 24-ний тогтоол , Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.Б, Б.М хариуцагч Н.А хооронд гэрээний үүрэг үүсээгүй. Үүргийн гүйцэтгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байсан нь тогтоогдсон. Б.Манлайжавын шилжүүлсэн 11 000 000 төгрөгийг Ч.Цагаансарнай нь Н.А дансаар шилжүүлэн авсан болохыг тогтоогдсон тул Н.А үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

    Тиймээс Б.Б, Б.М нарын нэхэмжлэлтэй Н.А холбогдох 11 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.А 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А улсын тэмдэгтийн хураамжид 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Б нарт олгож  шийдвэрлэжээ.

 Хариуцагч Н.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2018.06.21-ний өдрийн 117 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь:

1-рт Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015.12.24-ний өдрийн №2708 тоот прокурорын тогтоолоор “Ч.Сарнай нь 2014.05.15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 81А байрны зоорийн давхарт байрлах иргэн Б.Манлайжавын эзэмшлийн 3 тоот авто машины зогсоолыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар иргэн Б.Бүжинлхамд 15.000.000 төгрөгөөр зарж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 53-54 дүгээр талд авагдсан, мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015.12.24-ний өдрийн №2708 тоот прокурорын тогтоолоор Ч.Сарнайд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байдаг.

2-рт  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015.12.21-ний өдрийн №273 тоот прокурорын тогтоолоор “...Н.Анарт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан байдаг.

3-рт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Анараас гаражийн үнэ болох 11.000.000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нарт олгохоор шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж нэхэмжлэгч нарт үйлчилж хэргийг шийдвэрлэж байгаа нь харагдаж байна.

Учир нь: Хариуцагч Н.Анарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан нөхцлүүд бүрдсэн байх шаардлагатай. Тухайлбал хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүргийг үүсгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байснаас үүрэг дуусгавар болсон нь тогтоогдсон байх учиртай. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, гражийн үнэ 11.000.000 төгрөгийг Ч.Цагаансарнай авсан нь тогтоогдсон прокурорын тогтоолууд хэрэгт авагдсан байх тул хариуцагч Н.Анарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөрөнгө олж авсан этгээд гэдэг нь бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шаардах эрхтэй. Тухайлбал хөрөнгө олж авсан этгээд болох Ч.Цагаансарнайгаас уг 11 сая төгрөгийг нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар нь нэхэмжлэх эрхтэй бөгөөд зөвхөн Н.Анарын дансаар дамжуулан авсан гэх мэдүүлгээр Н.Анарыг хөрөнгө олж авсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

4-рт гэрч Ч.Цагаансарнайгийн “Б.Манлайжавын шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг 2014 оны намар хариуцагч Н.Анарын ХААН банкны дансаар дамжуулж авсан. Н.Анар уг мөнгийг авч хэрэглээгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрч Ч.Цагаансарнай нь...би Н.Анараас мөнгийг аваагүй, Н.Анарын виза карт нь надад байдаггүй, өөрт нь байдаг байсан...гэх мэдүүлгүүд тус тус зөрүүтэй мэдүүлсэн байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байхад гэрч Ч.Цагаансарнайгийн мэдүүлгийг үндэслэх хэсэгт оруулж байгаа нь ойлгомжгүй байна.

5-рт Би 2018 онд 18 настай 2-р курсын оюутан байсан. Ч.Цагаансарнай нь миний ээжийн төрсөн дүү бөгөөд би тэднийхээр орж гарч, хонодог байсан нь үнэн. Гэхдээ Ч.Цагаансарнай эгч 2014 оны 8 дугаар сард надаас “дансаа өгчих эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм аа, эгчид нь данс байхгүй болохоор авч чаддаггүй ээ” гээд миний дансыг гуйсаар байгаад авсан. Данс авсанаас хойш 5-7 хоногийн дараа миний дансанд Манлайжав гэх хүнээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг шилжиж орж ирсэн байсан. Тухайн үед би тэр мөнгийг орж ирмэгц “Ч.Цагаансарнай эгч надад чиний дансанд  мөнгө орсон, эгчдээ аваад өг гээд авахуулсан юм.” Тухайн үед би Ч.Цагаансарнай эгчээс ямар учиртай мөнгө болохыг асуугаагүй. Түүнээс хойш хэд хэдэн удаа мөнгө орж ирсэн. Ч.Цагаансарнай эгч дансанд мөнгө орж ирэх бүрт надаар ойр ойрхон мөнгө авахуулж байгаад миний виза картыг авсан. Тухайн үед миний дансанд ойр ойрхон мөнгө орж ирж байсан болохоор нь би Ч.Цагаансарнай эгчээс ямар учиртай мөнгө болохыг асуутал “эгч нь хүний байрыг зарж өгсөн юм шанд нь 10 хувийг авч байгаа юм хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Ч.Цагаансарнай эгч тухайн үед аялал зугаалга, хоол хүнс, эд материал, хувцас, нөхрийнхөө машины мөнгө /нөхөр нь такси баазад жолооч хийдэг байсан/, бензин тос, үзвэр үйлчилгээ, нөхөртөө цалин буусан гэж худал хэлж бэлэн мөнгө өгөх гэх мэтээр тэрхүү мөнгийг хамаагүй хэрэглэж байсан болохоор би хүний байрыг зарж өгсөн нь үнэн юм байна гэж бодож байсан.

Мөн Ч.Цагаансарнай нь гэр бүлийнхээ хамт Хэнтий аймаг, Тэрэлж гэх мэт газруудаар аялж зугаалах болгонд би гэрийг нь сахиж үлддэг байсан. Би энэхүү мөнгийг хүний граж худалдаж авах гэж байсан мөнгө гэдгийг анх Баянзүрх дүүргийн цагдаагийн газар байцаалт өгөх үедээ мэдсэн. Ч.Цагаансарнай эгчид эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгах явцад хэд хэдэн удаа худал мэдүүлэг өгч байсан хэдий ч өөрийн гэм буруугаа хүлээсэн. Ч.Цагаансарнай эгч миний дансаар Манлайжав гэгч хүнээс 11.000.000 төгрөг авахаас гадна Б.Мөнгөншагай гэгч хүнээс бэлнээр 2 удаа хүн явуулж 2.000.000 , 2.000.000  төгрөг нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг авсан байдаг. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байхдаа надаас хэргийн талаар бүх үнэнийг нөхөртөө битгий хэлээрэй гэж гуйсан. Нөхөр нь архи ууж Ч.Цагаансарнай эгчид гар хүрдэг байсан болохоор би нөхөрт нь үнэнийг хэлж чадаагүй. Харин Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Ч.Цагаансарнай эгч худал мэдүүлэг өгсөн байгаа юм. 2018 оны 1 дүгээр сард Ч.Цагаансарнай эгч надруу залгаж нөхөртөө болон Б.Мөнгөншагай гэгч хүний дарамт шахалтанд байгаа тухайгаа хэлж байсан. Б.Мөнгөншагай гэгч хүн нь согтуу таарах үедээ миний мөнгийг өгөхгүй бол 10 давхар дээрээс шиднэ гэж дарамталж сүрдүүлдэг тухай бас хэлж байсан. Иймээс Ч.Цагаансарнай эгчийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн мэдүүлэг нь үнэн бодитой эсэхэд эргэлзээтэй байгаа тул миний хувьд гомдолтой байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.21-ний өдрийн 117 дугаарт шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн  маргаантай харилцааг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Учир нь нэхэмжлэгч Б, Б. нар нь хариуцагч Н.Анараас 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч Н.Анар эс зөвшөөрч  маргасан.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “...Б.Манлайжав гэгч нь авто зогсоол буюу гражийн үнэ 11 000 000 төгрөгийг  буцааж Н.Анар гэгчийн данс руу шилжүүлсэн байх ба  Н.Анар нь бидэнд буцаан өгөх ёстой уг мөнгийг өөрийнх нь дансанд ормогц өөртөө ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”  гэж тодорхойлжээ. 

Хариуцагч Н.Анар татгалзлаа “Ч.Цагаансарнай нь 2014 оны 11-р сарын үед хүнээс мөнгө авах ёстой гээд миний хаан банкны 5058156171 тоот дансыг авсан, үүнээс хойш 7-14 хоногийн дараа Манлайжав гэх хүнээс хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө орж ирсэн ба тухайн үед ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, сүүлд хүний граж худалдаж авах гэж байсан мөнгө гэдгийг мэдсэн. Уг мөнгийг дансанд орж ирэх болгонд Ч.Цагаансарнайд авч өгдөг байсан. Би Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам гэх хүмүүсийг танихгүй, огт харьцаж байгаагүй. Уг мөнгөнүүдийг Ч.Цагаансарнай авсан тул тэр төлөх ёстой” хэмээн тайлбарлажээ.

Хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч Б.Мөнгөншагай, Б.Бүжинлхам нар нь 2014 оноос машин тавих авто зогсоол хайж, энэ талаар орцны жижүүр Ч.Цагаансарнай гэгчид хэлж захисан байх ба тэрээр 81 дүгээр байрны зоорийн давхар 3 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Манлайжав гэгч нь 18 000 000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар нэхэмжлэгч нарт хэлж, тэд  уг авто зогсоол буюу гражийг хуралдан авахаар болж, авто зогсоол буюу гражийн эзэн Б.Манлайжав гэгчид бэлнээр 2 000 000 төгрөг, Хаан банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-нд 6 000 000 төгрөг, 2014 оны 06 сарын 18-нд 5 000 000 төгрөг нийт 13 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн .

Мөн Ч.Цагаансарнай гэгчид 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн байх боловч авто зогсоол буюу граж болон Б.Манлайжав, Ч.Цагаансарнай нарт өгсөн мөнгөө аль алийг нь аваагүй хохирсны улмаас цагдаагийн газар болон шүүхэд тус тус хандаж асуудлыг  шийдвэрлүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан Б.Мөнгөншагайгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-7/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06876 дугаар шийдвэр /1-р хх-10/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 595 дугаар магадлал /1-р хх-19/, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 808 дугаар тогтоол /1-р хх-23/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 2708 тоот, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 273 тоот Прокурорын тогтоолууд /1-р хх-53, 55/, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулах тухай тогтоол /1-р хх-56/, Н.Анарын депозит дансны хуулга /1-р хх-97/ зэргээр тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан хариуцагч Н.Анарын  5058156171 дугаар бүхий Хаан банкны депозит дансны хуулгаас /хх-97/ үзэхэд:  Б.Манлайжав гэгчээс 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд  “грашын буцаалт” гэсэн  утгатай 5 удаагийн гүйлгээгээр нийт 11 000 000 төгрөгийн “орлого”  Н.Анарын дансанд шилжүүлэгдэн орсон,  2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүртэлх хугацаанд СФ 96021115 регистрээр болон АТМ-с бэлнээр, бусад нэр бүхий газруудад виза карт уншуулж гүйлгээ хийх байдлаар нийт 31 удаагийн “зарлага”-н гүйлгээ хийж 11 000 000 төгрөг зарцуулагдсан байна.

Аливаа этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тохиолдолд ийнхүү буруутгагдаж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдэж, тухайн нэмэгдсэн дүн түүнд ашигтай хэлбэрээр захиран зарцуулагдсан байхыг шаардана.

 Иймээс хариуцагч Н.Анар нь  өөрийн дансанд Б.Манлайжав гэгчээс мөнгө шилжин орж ирсэн тухай бүрт нь Ч.Цагаансарнайд авч өгч байсан, сүүлдээ өөрийн виза картыг өгсөн гэх тайлбар, үйл баримтыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй,  энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч Н.Анарын 11 000 000 төгрөгөөр үнэдслэлгүй хөрөнгөжсөн зүйл үгүй хэмээх тайлбар нь үндэслэлгүй байна.

Дээрх үйл баримтуудад тулгуурлан хариуцагч Н.Анарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хөрөнгө олж авсан этгээд болон хөрөнгөө алдсан этгээдийн  хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд  хөрөнгөө алдсан этгээд нь хөрөнгөө  буцаан шаардах эрхтэй тул  хариуцагч Н.Анараас 11 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий  байна.

Иймд хариуцагч Н.Анарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

  2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   190950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА