Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2019/00113

 

Б.М, Б.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00013 дугаар магадлалтай,

Б.М, Б.Бнарын нэхэмжлэлтэй,

Н.Анарт холбогдох,

11.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М, Б.Бнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр эхнэр, нөхөр бөгөөд 2014 оноос машинаа тавих авто зогсоол хайж энэ талаараа хажуу байрны орцны жижүүр Ч.Цагаансарнайд хэлсэн. 2014 оны 05 дугаар сард Ч.Цагаансарнай нь хажуу талын 81 дүгээр байрны зоорийн давхрын 3 тоотод байршилтай авто зогсоолыг Б.Манлайжав 18.000.000 төгрөгөөр худалдах гэж байгаа талаар хэлсэн. Бид гаражийг худалдан авахаар болж, тохиролцсоны дагуу Б.Манлайжавд бэлнээр 2.000.000, ХААН банкин дахь 5027652484 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 30-нд 6.000.000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 18-нд 5.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Ч.Цагаансарнайд 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Ч.Цагаансарнайн дүү Ч.Цэрэндорж  2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.М миний ажил дээр ирээд 2.000.000 төгрөг аваад явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид гараж болон Б.Манлайжавд өгсөн 13.000.000 төгрөг, Ч.Цагаансарнайд өгсөн 2.000.000 төгрөгөө авалгүй хохирч байна. Б.Манлайжав гаражаа зарахаа больсон тухайгаа бидэнд хэлээгүй Ч.Цагаансарнайн дүү Н.Анар гэх үл таних хүний данс руу бидний гараж авахаар шилжүүлсэн мөнгийг хийсэн байсан. Бид Ч.Цагаансарнай, Б.Манлайжав нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6876 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 595 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 808 дугаар тогтоолоор хариуцагч Ч.Цагаансарнайгаас 2.000.000 төгрөг гаргуулж, Б.Манлайжавд холбогдох 13.000.000 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Б.Мд өгөх мөнгийг Б.Анар өөрийн дансанд ормогц өөртөө хувьдаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул түүнээс 11.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                  

Хариуцагч Н.Анар шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014-2015 онд оюутан байсан бөгөөд иргэн Ч.Цагаансарнай нь миний ээж Ч.Туяагийн төрсөн дүү учир тэднийхээр орж, гарч зарим тохиолдолд хонож байсан. Ч.Цагаансарнай 2014 оны 11 дүгээр сарын үед хүнээс мөнгө авах ёстой юм аа, надад данс байхгүй болохоор чиний дансыг ашиглая гээд миний ХААН банкны 5058156171 тоот дансыг авсан. Данс авснаас хойш 7-14 хоногийн дараа Б.Манлайжав гэх хүнээс хэд хэдэн удаа их хэмжээний мөнгө орж ирсэн бөгөөд би тухайн үед ямар учиртай мөнгө болохыг огт мэдээгүй. Тэрхүү мөнгийг миний дансанд орж ирэх болгонд би Норжин худалдааны төвийн ХААН банкны АТМ болон Жуковын ХААН банкны салбараас Ч.Цагаансарнайд авч өгдөг байсан нь үнэн. Ч.Цагаансарнай  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгөхдөө миний нэрийг барьж худал мэдүүлсэн байна. Би Б.М, Б.Бгэх хүмүүсийг танихгүй бөгөөд огт харьцаж ярьж үзээгүй. Уг мөнгүүдийг Ч.Цагаансарнай авсан тул түүнийг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Анараас 11 000 000 /арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М, Б.Бнарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Анараас улсын тэмдэгтийн хураамжид 190 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М, Б.Бнарт олгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00013 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Анар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.21-ний өдрийн 117 дугаартай шийдвэр, Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.21-ний өдрийн 0013 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2015 оны12 сарын 21-ний өдрийн 273 дугаартай тогтоолоор “ Анарт холбогдох үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан. Гэрч Ч.Цагаансарнайгийн “Б.Манлайжавын шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг 2014 оны намар хариуцагч Н.Анарын ХААН банкны дансаар дамжуулан авсан. Н.Анар уг мөнгийг авч хэрэглээгүй" гэх мэдүүлэг хавтаст хэргийн 50-51 талд мэдүүлсэн ч нотлох баримтаас хассан. Харин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлэн Ч.Цагаансарнайн “би Анарааас мөнгийг аваагүй, Н.Анарын виза карт нь надад байдаггүй, өөрт нь байдаг байсан” гэх мэдүүлгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Цагаансарнай дансаа өгчих, эгч нь хүнээс мөнгө авах ёстой юм аа гэж хэлээд миний дансыг авсан. Данс авснаас хойш 5-7 хоногийн дараа миний данс руу Манлайжав гэх хүнээс 2 сая төгрөг орж ирсэн байсан. Тэр мөнгийг оронгуут чиний дансанд мөнгө орсон эгчдээ хурдан аваад өг гэж хэлээд надаар авахуулсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа мөнгө орж ирж байсан. Орж ирэх бүрд надаар авахуулж байгаад сүүлд нь миний виза картыг авсан. Цагаансарнай эгчид эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг шалгах явцад хэд хэдэн удаа худал мэдүүлэг өгсөн байсан хэдий ч өөрийн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн байдаг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь нэхэмжлэлийн хувь гардуулж өгөөд баахан баримтан дээр гарын үсэг зуруулаад надад хэргийн оролцогчийн Эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй. Миний хувьд энэ мөнгийг аваагүй тэгээд ч Цагаансарнай залилангийн гэмт хэрэг үйлдээд хэрэг үүсгэсэн тухай тогтоол хэрэгт авагдсан болохоор би хангалттай нотлогдож байгаа гэж ойлгосон. Мөн 2018 оны 6 сарын 21-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны товыг Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Бат-Оргил утсаар мэдэгдэхэд “миний бие дүйцүүлэх цэргийн албанд маргааш явна шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргая” гэж хэлэхэд шүүгчийн туслах “хэрэг хянан шийдвэрлэх 90 хоногийн хугацаа дуусч байгаа учраас хурлыг хойшлуулах боломж байхгүй” гэж хэлсэн. Миний ээж Цагаансарнайтай Улаанбаатар орж уулзаад яагаад ингэж худал мэдүүлэг өгч дүүгээ хэрэгт унагаад байгаа юм бэ гэхэд “нэхэмжлэгч талаас намайг байнга дарамталдаг, согтуу таарах үедээ миний мөнгийг өгөхгүй бол 10 давхар дээрээс чамайг шиднэ, гэж дарамталж сүрдүүлдэг, миний хоолойг хүртэл боох гэж сүрдүүлж байсан, үүнийг миний хүү ч гэсэн харж байсан” гэж ярьсан.

Иймээс Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн  116.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.М, Б.Бнарын “...11.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Н.Анар эс зөвшөөрөхдөө “...мөнгийг Ч.Цагаансарнай авсан...” гэжээ.

Нэхэмжлэгч нар нь гараж худалдан авах зорилгоор Б.Манлайжавын  ХААН банкны 5027652484 тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 6 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 11.000.000 төгрөг шилжүүлсэн байх  ба  Б.Манлайжав нь 2014 оны 8, 9 дүгээр сард Н.Анарын ХААН банк дах 5058156171 тоот дансанд гаражийн мөнгөний буцаалт гэсэн утгаар 11.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь тогтоогджээ / хэргийн 7-9, 98-101 дүгээр тал/.  

Талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд Б.Манлайжаваас шилжүүлсэн мөнгийг Ч.Цагаансарнайд өгсөн гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 Зохигчийн хооронд үүрэг үүсээгүй бөгөөд Б.Манлайжаваас нэхэмжлэгчид буцааж өгөхөөр шилжүүлсэн мөнгийг хэрхсэнээ хариуцагч нотолж чадаагүй, энэ тохиолдолд түүнийг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2018/00117 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2018/00013 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Анарын гомдлыг хангахгүй  орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ