Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01193 

 

 

                              А.О-ийн нэхэмжлэлтэй

                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0246 дугаар магадлалтай,

А.О-ийн нэхэмжлэлтэй,

Д.Г-д холбогдох,                                                   

35,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Г-гийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, түүний өмгөөлөгч М.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Д.Г-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 35,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-гээс 26,724,239 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,875,761 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-гээс 1,716,571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-т олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0246 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,629 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 0246 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж үзсэн атлаа миний барьсан байшингийн зоорийн давхрыг 8,875,761 төгрөг хэмээн надад илт хохиролтойгоор үнэлсэнд гомдолтой. Мөн үнэлгээний “Бэсгэ” ХХК нь гэрээний харилцааны зүйлийг дутуу үнэлсэн буюу тухайн байшингийн гаднах хашаа, цахилгааны шон, бохирын худаг зэргийг үнэлгээнд огт оруулаагүй байсан, энэ талаар анхан шатны шүүх хурлын дараагаар олж мэдсэн. Түүнчлэн зоорийн давхрыг бохирын худгийн хамт 12,000,000 төгрөгөөр барьж бүтээсэн, гэтэл 8,875,761 төгрөг гэж үнэлснээс надад 3,124,239 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд гэрээ цуцалсантай холбогдуулан миний эрхийг зөрчсөн, үнэлгээг дутуу хийсэн нөхцөл байдлыг шударгаар дүгнэж, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч А.О-ээс хариуцагч Д.Г-д холбогдуулан 35,600,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас анхан шатны шүүх хариуцагчаас 26,724,239 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгчээс “... Би 2017 оны 5 дугаар сард канад технологийн дагуу 6x10 харьцаатай, 2 давхар, дороо зоорийн давхартай, нийт 180 м.кв талбай бүхий хувийн сууцыг 30,000,000 төгрөгөөр бариулахаар Д.Г-тэй харилцан тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Уг 30,000,000 төгрөгийн төлбөрт ажлын хөлс болон материалын зардал зэрэг бүгд багтсан... Д.Г-гээс материалын зардал төлөвлөснөөс илүү өндөр гарсан, сууцыг дуусгахад дахин мөнгө шаардлагатай гэсэн тул нэмж 5,600,000 төгрөг өгсөн... барилгын явцыг очиж үзэхэд барилга чанарын шаардлага хангаагүй, стандарт зөрчсөн, нэг давхрын дээвэр буюу хоёр давхрын цементэн шалыг банз модоор тээглүүлж тогтоосон, уг банзыг авахад хоёр давхрын шал доошоо нурахад бэлэн, зоорийн давхарт мөөгөнцөр бий болсон, хана, хаалга, цонх маш том завсартай, хоёр давхар руу гарах шат бэхэлгээгүй, байшинд зориулалтын материалаар хана босгож бариагүй, гадна талаасаа өнгөлгөөний материалаар бүрсэн (фасад), үүний ар талд маш нимгэн хөөсөнцөр байрлуулсан, дулаан хадгалах болон хүн амьдрах, ашиглах ямар ч боломжгүй байсан. Уг байшинг үргэлжлүүлэн бариулах ямар ч боломжгүй, бариулсан тохиолдолд нурах магадлалтай тул барилгыг нурааж, дахин шинээр бариулахаас өөр аргагүй байна. Иймд Д.Г-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 35,600,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Би А.О-тэй ярилцаж хамгийн багаар 1 м.кв-ыг 300,000 төгрөгөөр тооцоод 54,000,000 төгрөг болно гэсэн. Одоохондоо засал гүйцэтгэл хийж амжихгүй, аль болох хямдаар байшингаа босгомоор байна гэхээр нь 1 м.кв-ыг 230,000 төгрөгөөр тооцоод 41,400,000 төгрөгт болно гэсэн. А.О ийм хэмжээний мөнгө байхгүй, та эхний ээлжинд дотор засал орохгүйгээр 2 давхар байшин 30,000,000 төгрөгт бариад битүүлээд өгөөч гэсэн. Би болгох гээд үзье гээд ажилдаа орсон...  эхний мөнгөөр бүх газар шорооны ажлаа хийсэн. Үүнд: 1.8м гүн 6x8 хэмжээтэй зоорийн давхрын ухалт, бохирын 3x3 хэмжээтэй 3,6 м.кв нүх экскаватороор ухуулсан, шороог зайлуулж бохирын кольцо суулган таглаж хүзүүвч өрсөн, зоорийн ханын цутгалт хийж, шат гаргаж, хучилтын хавтан тавьсан. Ингээд дараагийн мөнгөөр 1 ба 2 дугаар давхрын карказ босгож сайдингаар фасадаа хийсэн, хөөсөнцөр хавтангаар дулаалга хийж ОСП, гипсэн хавтангаар доторлосон, дээвэр хийгдэж төмөрлөсөн, вакум цонхнууд, гадаа бүргэд хаалга суулгасан. Мөн цахилгаан тавиулж, хашаа барьсан. Мөнгөний хүрэлцээ муугаас материалаа хүргэх санаатай олон ширхэгтэй нимгэн банз авснаас болж, 1 дүгээр давхрын тааз чанар муутай болсон. Би А.О-т нэмж хөрөнгө оруулалт хийвэл энэ таазыг сайжруулж болно гэж хэлсэн. Нийт 35,600,000 төгрөг авсан талаар маргах зүйлгүй, авсан бүх мөнгө байшинд шингэсэн болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгчээс 35,600,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн барьсан барилгын ажил биет байдлын доголдолтой, цааш үргэлжлүүлэн барих боломжгүй, ашиглалтын шаардлага хангахгүй, нурах аюултай, барилгын норм дүрэм зөрчсөн, ашигласан материал нь барилгын бүтээцлэлийн зориулалтын шаардлага хангаагүй, В1 давхраас дээш барилгыг нурааж дахин барих шаардлагатай гэснээс үзэхэд хариуцагчийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзах эрхтэй. Харин шинжээчийн дүгнэлтэд “В1 давхар буюу зоорийн давхраас дээш барилгыг нурааж дахин барих” шаардлагатай гэсэн тул нэхэмжлэгч зоорийн давхрын ажилтай холбоотой хэсгээс татгалзах үндэслэлгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэлийн нийт дүнгээс шинжээчийн дүгнэлтийн дагуу зоорийн давхрын ажлын төсөвт өртөг 8,875,761 төгрөгийг хасаж, хариуцагчаас 26,724,239 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй.

10. Иймд хариуцагчийн “... миний барьсан байшингийн зоорийн давхрыг 8,875,761 төгрөг хэмээн надад илт хохиролтойгоор үнэлсэнд гомдолтой. Үнэлгээний “Бэсгэ” ХХК нь гэрээний харилцааны зүйлийг дутуу үнэлсэн буюу тухайн байшингийн гаднах хашаа, цахилгааны шон, бохирын худаг зэргийг үнэлгээнд огт оруулаагүй байсан, энэ талаар анхан шатны шүүх хурлын дараагаар олж мэдсэн. Түүнчлэн зоорийн давхрыг бохирын худгийн хамт 12,000,000 төгрөгөөр барьж бүтээсэн, гэтэл үнэлгээнд 8,875,761 төгрөг гэж үнэлснээс надад 3,124,239 төгрөгийн бодит хохирол учраад байна...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Учир нь хариуцагч анхан шатны шүүхэд татгалзлаа баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлттэй маргаагүй байна.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0246 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 64,938 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                        Н.БАЯРМАА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ