Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00246

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00246

 

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.О, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэртэй

А.Оийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Гд холбогдох

35 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогтбаатар, хариуцагч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 5 дугаар сард Баян дөхөмийн 23 дугаар гудамж, 13а тоотод байрлах газарт канад технологийн дагуу 6x10 харьцаатай, 2 давхар, дороо зоорийн давхартай, нийт 180 м.кв талбай бүхий хувийн сууцыг 30 000 000 төгрөгөөр бариулахаар Д.Гтэй харилцан тохиролцсон. Уг 30 000 000 төгрөгийн төлбөрт ажлын хөлс болон материалын зардал зэрэг бүгд багтсан. Ингээд урьдчилгаа 10 000 000 төгрөг болон цахилгаан татах мөнгө 500 000 төгрөг өгсөн. Үлдэх 20 000 000 төгрөгийг сард хоёр хувааж 2017 оны 6 дугаар сард Д.Ггийн эхнэр Н.Байгалмаагийн Хаан банкны 5037083183 тоот дансанд шилжүүлсэн. Д.Ггээс ажил ямар явцтай байгаа талаар асуухад материалын зардал төлөвлөснөөс илүү өндөр гарсан, сууцыг дуусгахад дахин мөнгө шаардлагатай гэсэн. 2017 оны намар 1 000 000 төгрөг, 2018 оны зун 3 500 000 төгрөг, 2018 оны намар 600 000 төгрөг, нийт 35 600 000 төгрөг өгсөн. Сүүлд шилжүүлсэн 5 100 000 төгрөгийг Д.Ггийн Хаан банкны 5037288193 тоот данс болон түүний эхнэр Н.Байгалмаагийн 5037083183 тоот дансаар тус тус шилжүүлсэн. Дээрх 5 100 000 төгрөгийг авахдаа Д.Г нь яг одоо барилгыг дуусгахад ийм хэмжээний мөнгө хэрэгтэй гэсэн бөгөөд энэ мөнгийг өгснөөр барилгын ажил дуусна гэж ойлгуулсан. Д.Гтэй анх тохиролцоход 30 000 000 төгрөгөөр хувийн сууц бариулах байсан боловч тэрээр материал авах мөнгөгүй гэж нэмж 5 100 000 төгрөг авсан атлаа одоо барилгын ажлын явц 80 хувьтай гэж дахин мөнгө нэхсэн. Иймээс барилгын явцыг очиж үзэхэд барилга чанарын шаардлага хангаагүй, стандарт зөрчсөн, нэг давхрын дээвэр буюу хоёр давхрын цементэн шалыг банз модоор тээглүүлж тогтоосон, уг банзыг авахад хоёр давхрын шал доошоо нурахад бэлэн, зоорийн давхарт мөөгөнцөр бий болсон, хана хаалга, цонх маш том завсартай, хоёр давхар руу гарах шат бэхэлгээгүй, байшинд зориулалтын материалаар хана босгож бариагүй, гадна талаасаа өнгөлгөөний материалаар бүрсэн /фасад/, үүний ард талд маш нимгэн хөөсөнцөр байрлуулсан, дулаан хадгалах боломжгүй, хүн амьдрах, ашиглах ямар ч боломжгүй байсан. Уг байшинг үргэлжлүүлэн бариулах ямар ч боломжгүй, бариулсан тохиолдолд шаардлага хангаагүйгээс барилга нурах магадлалтай, барилгыг нурааж, дахин шинээр бариулахаас өөр аргагүй гэж үзэж байна. Иймд Д.Гтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 35 600 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би А.Отэй 2017 оны 5 дугаар сард 2 давхар хувийн сууц барихаар аман гэрээ хийсэн. Тэгээд 6x10 хэмжээтэй мансард, зоорийн болон дан давхартай 180 м.кв байшин барихаар ярилцаж хамгийн багаар бодоход 1 м.кв-ыг 300 000 төгрөгөөр тооцоод 54 000 000 төгрөг болно гэсэн. Одоохондоо засал гүйцэтгэл хийж амжихгүй аль болох хямдаар байшингаа босгомоор байна гэхээр нь 1 м.кв-ыг 230 000 төгрөгөөр тооцоод 41 400 000 төгрөгт болно гэсэн. А.О ийм хэмжээний мөнгө байхгүй, та эхний ээлжинд дотор засал орохгүйгээр 2 давхар байшин 30 000 000 төгрөгт бариад битүүлээд өгөөч гэсэн. Би болгох гээд үзье гээд ажилдаа орсон. Эхний ээлжинд 2017 оны 5 дугаар сард 10 000 000 төгрөг бэлнээр авсан. Энэ мөнгөөр Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян Дөхөм 23 дугаар гудамж, 13а тоотод байрлах газарт бүх газар шорооны ажлаа хийсэн. Үүнд: 1.8м гүн 6x8 хэмжээтэй зоорийн давхрын ухалт, бохирын 3x3 хэмжээтэй 3,6 м.кв нүх экскавотараар ухуулсан, шороог зайлуулж бохирын кольцо суулган таглаж хүзүүвч өрсөн, зоорийн ханын цутгалт хийж, шат гаргаж, хучилтын хавтан тавьсан. Ингээд дараагийн мөнгөөр 1 ба 2 дугаар давхрын карказ босгож сайдингаар фасадаа хийсэн, хөөсөнцөр хавтангаар дулаалга хийж ОСП, гипсэн хавтангаар доторлосон, дээвэр хийгдэж төмөрлөсөн, вакум цонхууд, гадаа бүргэд хаалга суулгасан. Мөн цахилгаан тавиулж хашаа барьсан болно. Мөнгөний хүрэлцээ муугаас материалаа хүргэх санаатай олон ширхэгтэй нимгэн банз авснаас болж, 1 дүгээр давхрын тааз чанар муутай болсон. Би А.От нэмж хөрөнгө оруулалт хийвэл энэ таазыг сайжруулж болно гэж хэлсэн.А.Оээс нийт 35 600 000 авсан талаар маргах зүйлгүй, авсан бүх мөнгө байшиндаа шингэсэн болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ггээс 26 724 239 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 875 761 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ггээс 1 716 571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.От олгож, хариуцагч Д.Г шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Г, өмгөөлөгч Б.Галхүү нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх байшингийн материалын нийт үнэ 22 011 603 төгрөг гэж үзсэн боловч 1 болон 2 давхрын барилгын материал, байшингийн гадаа хашааны үнэлгээний талаар дүгнээгүй орхигдуулсан нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжүүлж байна. Барилгын 1 болон 2 давхрыг нураана гэдэг нь бүхэлд нь хэрэггүй хог болж байгаа ойлголт огт биш юм. Нураагаад ашиглагдаж болох хөрөнгө /Хаалга, цонх, дээвэр, гадна өнгөлгөөний материал буюу фасад, байшингийн гадна хашаа гэх мэт/ нь нэхэмжлэгч хариуцагчийн хэнийх нь өмчлөлийн зүйл болох талаар дүгнэлт хийж тогтоохгүй орхигдуулсан хэргийг бүрэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн байшингийн гадна хашаа болон 1, 2 давхрын барилгын материалын үнийг 13 135 842 төгрөг гэж үзэж үндсэн нэхэмжлэлээс хасаж шийдвэрлэх эсвэл барилгын 1, 2 давхраас гарах дахин ашиглагдах барилгын материал болон байшингийн гадна хашаа нь хариуцагч миний өмч гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаагүй орхигдуулсанд гомдолтой байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Д.Гд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 35 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хаиуцагчаар бариулсан байшин нь хүн амьдрах ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлажээ.

Зохигчид 2017 оны 05 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баян Дөхөм 23 дугаар гудамж, 13а тоотод байрлах газарт канад технологийн дагуу 6x10 харьцаатай, 2 давхар, дороо зоорийн давхартай, нийт 180 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьж гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Хариуцагч 35 600 000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд гэрээний аль нэг тал болох захиалагч буюу нэхэмжлэгч А.О гүйцэтгэгч буюу хариуцагч Д.Гг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзах эрхтэй.

Талууд хийж гүйцэтгэсэн ажлын чанар байдлын талаар маргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх.56-57/ Уг шинжээчийн дүгнэлтээр ...Уг барилгыг ачаалж эхэлмэгч нурах эрсдэлтэй тул ашиглалтын шаардлага хангахгүй, Дам нурууг зузаан модон палк, төмөр, бетоноор хийхийн оронд маш нимгэн 2.2х10 банзаар хийсэн нь нурах аюултай болсон байна. Бохирын худгийг хувийн сууцнаас 6-10 метр хийх ёстой боловч нөөц савтай хамт барилгын дэргэд тулгаж хийсэн нь ариун цэврийн болон гадна шугам сүлжээний ажлын нормыг зөрчсөн байна. Барилгад ашигласан материалууд барилгын бүтээцлэлийн зориулалтын шаардлага хангаагүй, тодруулбал барилгын ханын модон араг ясыг хамгийн багадаа 5х7 см-ийн огтлол бүхий брусээр 60 см-ийн зайтай зангидаж, шаардлагын дагуу металь эдээр уулзвар, зангилаануудыг нь даруулан боож, хучилтын ажлын дам нуруунд хамгийн багадаа 10х15 см огтлол бүхий дам нурууг 60 см-ээс дээшгүй зайд зангидаж, дам нуруу хооронд 4-5 см-ийн зузаан банзаар бамбай хадаж хийх техникийн шаардлага хангалгүй ханын араг ясанд 2.2х10 см-ийн банз ашиглан хучилтын бамбайн оронд 1.2 см зузаан сарампай /фанерь/ ашигласан нь барилгын даацын чадвар, тогтворшил, хөшүүн чанарыг бүхэлд нь алдагдуулсан, энэ нь уг барилгын даацыг үргэлжлүүлэхгүй зогсоож, В1 давхраас дээш барилгыг нурааж дахин барих үндэслэл болж байна гэж тодорхойлжээ. /хх.71-72/

Мөн шүүх хуралдаанд шинжээч Б.Даваадорж, Д.Жавзмаа нар оролцсон байх бөгөөд шинжээч ...Миний төсвөөр барилгын төсөв нийт дүн 29 000 000 гаруй төгрөг гарсан. Сая харж байсан чинь нэг ажил давхардчихсан байна. Тэр хасагдаад ажил давхардаад 29 005 761 төгрөг гарсан. Энэ нь 0-с дээш хэсгийн ажил нь 8 875 761 төгрөг гарж байгаа. 0-с дээшхи ажил нь 20 130 000 төгрөг гарж байгаа. Миний дүн 29 571 000 төгрөг гарч байгаа. Барилгын бетон хаяавч гэсэн жоохон ажил давхардаж орсон байгаа. Тэр ажил нь 283 941 төгрөгийн ажил байсан байна. Тэр нь хасагдаад 283 941 төгрөгийн ажил давхардаж орсон учраас хасагдаад 29 005 761 төгрөг гарсан гэсэн тайлбарыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...баригдсан барилга биет байдлын доголдолтой эсэхэд маргаж, нэхэмжлэгчийн захиалгын дагуу барилгыг 30 000 000 төгрөгт багтаан хямд материалаар барьсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбараа нотолсон, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хүлээдэг.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагчийн барьсан барилгыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл ажлын үр дүн биет байдлын доголдолтой болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд барилгын ажлын нийт төсөвт өртөг 29 289 702 төгрөг, үүнээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шинжээчийн тайлбараар зоорийн давхрын ажлын төсөвт өртөг 8 875 761 төгрөг байх тул хариуцагчаас 26 724 239 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх шинжээч Бэсгэ ХХК-ийн зардал 1 900 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн зардалд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр буюу 1 425 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосныг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн стандарт шаардлага хангаагүй материалаар барьсан байшингаа зоорийн давхраас дээшхи хэсгийг буулган авах, эрх нь нээлттэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Ггээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 629 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.О

Ц.ИЧИНХОРЛОО