Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01195

 

 

                                  Н.Н-гийн нэхэмжлэлтэй

                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00201 дүгээр магадлалтай,

Н.Н-гийн нэхэмжлэлтэй,

“Б м” ХХК, Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т тус тус холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж 3,040,768 төгрөг, амралтын мөнгө 1,306,250 төгрөгийг “Б м” ХХК болон Хан-Уул дүүргийн Н д-ын хэлтсээс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж баталгаажуулах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4,500,519 төгрөгийг “Б м” XXК-аас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түмэнбаяр, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцогт, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч “Б м” ХХК болон Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т  холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3,040,768 төгрөг, амралтын мөнгө 1,306,250 төгрөгийг гаргуулах, “Б м” XXК-д холбогдуулан нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж баталгаажуулах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4,500,519 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын газарт төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Б м” ХХК-аас 4,008,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгон, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулуулахыг хариуцагч “Б м” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 338,928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т  холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Б м” ХХК-аас 79,079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00201 магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 229 дүгээр зүйлийн 229.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б м” ХХК-аас 4,008,090 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н-д олгож, Н.Н-гийн хөдөлмөрийн хөлсөнд оногдох хэмжээгээр суутгасан шимтгэлийг Нийгмийн даатгалын газарт төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч “Б м” ХХК-д даалган, хариуцагч Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Б м” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,700 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 181/ШШ2020/02774 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.20-ны өдрийн 00201 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд “ “Б м” ХХК-д 2019.08.21-ний өдөр ажилд орж ажиллаж байгаад 2020.08.02-ны өдөр гэнэт ажлаас халагдсан. Иймд ажилгүйдлийн тэтгэмж болох 3,040,768 төгрөг, ээлжийн амралтын олговорт 1,306,250 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүх нь “Б м” ХХК-аас нэхэмжлэгчид 4,008,090 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс өмнөх шүүхийн шийдвэрийн агуулгыг хэвээр үлдээсэн боловч үндэслэл болсон хуулийн заалтыг өөрчилсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6 дугаар зүйлд тус тус зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хянан үзсэний үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох зохицуулалттай тул 3,040,768 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг болон бусад баримталсан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Н.Н-гаас хариуцагч “Б м” ХХК болон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж 3,040,768 төгрөг, амралтын мөнгө 1,306,250 төгрөгийг гаргуулах, “Б м” XXК-д холбогдуулан нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж баталгаажуулахыг даалгах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4,500,519 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг,

анхан шатны шүүх “Б м” ХХК-аас 4,008,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулуулахыг даалгаж, үлдэх 338,928 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Н.Н-гийн хөдөлмөрийн хөлсөнд оногдох хэмжээгээр суутгасан шимтгэлийг Нийгмийн даатгалын газарт төлөхийг хариуцагч “Б м” ХХК-д даалгасан өөрчлөлтийг нэмж оруулсан.

7. Нэхэмжлэгчээс “... Би “Б м” ХХК-д 2019.08.21-ний өдөр ажилд орж ажиллаж байгаад 2020.08.02-ны өдөр ажлаасаа халагдсан. Ингээд Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл компани нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй өртэй гэсэн шалтгаанаар олгох боломжгүй гэсэн. “Б м” ХХК нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад татварыг суутган авдаг байсан боловч нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Б м” ХХК-аас ээлжийн амралтын олговорт 967,330 төгрөг олгоно гэснийг хүлээн зөвшөөрсөн.

хариуцагч “Б м” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Н.Н нь 2020.08.03-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 6-д заасан журмын дагуу холбогдох аргачлалын дагуу тэтгэмжийг тооцуулах үүрэгтэй. Нэхэмжилсэн 3,040,768 төгрөг бүхий үнийн дүн нь нийгмийн даатгалын улсын байцаагч албан ёсоор тооцоолж гаргасан бодит мөнгөн дүн эсэх нь эргэлзээтэй. “Б м” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан төлөлтийг хийж байгаа... Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна... Н.Н-гийн 13.75 хоногийн ээлжийн амралтын олговор 987,072 төгрөг бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь хасагдаж 967,330 төгрөг болж байгааг олгоно, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч Х-У дүүргийн Н-ийн д-ын х-т  “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан... Ажил олгогч нь даатгуулагчийн шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй. Манай хэлтэст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар өгсөн байна.

 8. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... хариуцагч “Б м” ХХК нь нэхэмжлэгчид амралтын мөнгө 967,330 төгрөгийг олгох талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд “Б м” ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдож байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй, ажил олгогч “Б м” ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь суутгасан боловч зохих байгууллагад нь шилжүүлээгүй байх бөгөөд уг буруутай үйлдэлд Хан-Уул дүүргийн Н-ийн д-ын хэлтсийг буруутгах үндэслэлгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 55 дугаар зүйлийн 55.2 Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч “Б м” ХХК-аас нэхэмжлэгчийн ээлжийн амралтын олговорт 967,330 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 3,040,760 төгрөг, нийт 4,005,090 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах үндэслэлтэй... Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэлийг “Б м” XXК-аас гаргуулж, нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1/1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн, хариуцагч “Б м” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйл баримт нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ, анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэгч Н.Н-гийн хөдөлмөрийн хөлснөөс оногдох хэмжээгээр суутгасан нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Б м” ХХК-д даалгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ...” гэж дүгнэн нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

10. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй шимтгэлийг “Б м” XXК-аас гаргуулж, нийгмийн даатгалын газарт төлүүлэхээр шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэсэн нь буруу, мөн ийнхүү дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгтээ холбогдох шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь алдаатай. Хариуцагч “Б м” ХХК-ийн хувьд хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь нэгэнт тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх тул хариуцагчид хуулиар үүссэн үүргийг хэрэгжүүлэхийг даалгаж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь гомдлоор хязгаарлах талуудын зарчимтай зөрчилдөхөөргүй байна.

12. Ийнхүү хариуцагч “Б м” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх” үүрэг үүсэж байхад “... Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн шаардлага хангасан материалыг хянан үзсэний үндсэн дээр ажилгүйдлийн тэтгэмжийг олгох зохицуулалттай тул 3,040,768 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг зөвшөөрөхгүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00201 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Б м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “Б м” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 64,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЦОЛМОН

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                         ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                            Н.БАЯРМАА

                                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ