Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/02774

 

 

 

 

 

 

 

2020 11 09

181/ШШ2020/02774

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б ХХК ,

Хариуцагч: ХЦДНД хэлтэст тус тус холбогдох,

ажилгүйдлийн тэтгэмж 3.040.768 төгрөг, амралтын мөнгө 1.306.250 төгрөгийг Б ХХК болон ХЦДНД хэлтэсээс гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийлгэж баталгаажуулах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч ХЦДНД хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Н би Б ХХК-д 2019 оны 8 дугаар сарын 21-нд ажилд орж ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 02-нд гэнэт ажлаасаа халагдсан.

Ингээд ажилгүйдлийн тэтгэмж хөөцөлдтөл тус компани нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн төлөөгүй өртэй гэсэн шалтгаанаар нийгмийн даатгалаас авах боломжгүй болсон.

Хуулиндаа ажил олгогчийн буруутайгаас болж ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалаас олгох боломжгүй бол ажил олгогч барагдуулна гэж заасны дагуу надад нийгмийн даатгалын сангаас авах 3.040.768 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү.

Б компани нь ажилчдынхаа эрх ашигийг маш их зөрчиж, хууль дүрмээ баримталдаггүй гэдгийг ажиллаж байх хугацаандаа мэдсэн. Миний бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хүүхдүүдээ харж хандах хүнгүй орхин байж, хөдөө орон нутагт ажилладаг байсан.

Гэтэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг суутган авдаг хэрнээ Нийгмийн даатгалд төлдөггүй ажилчдаа хохироож байсныг мэдээд нийгмийн даатгалын хэлтэстэй очиж уулзтал бид энэ компанийг дийлэхгүй, маш хэцүү газар, шүүхэд ханд гэж хариу хэлсэн. Миний хувьд маш гомдолтой, хохирч байна. Энэ байдлыг мэдэж байсан хэрнээ ХЦДНД хэлтэс гэрээнийхээ биелэлтийг шаардаж, хянаж ажиллаагүй буруутай учраас миний эрх ашиг, ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд ажилгүйдлийн тэтгэмж 3.040.768 төгрөг, амралтын мөнгө 1.306.250 төгрөгийг Б ХХК болон ХЦДНД хэлтэсээс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийлгэж баталгаажуулах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлж өгнө үү. Б ХХК амралтын мөнгө 967.330 төгрөгийг олгоно гэж тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч Б ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Б ХХК-ийн Хүнд машин механизмын засварын хэлтсийн CAT-777 албаны дампын оператороор ажиллаж байсан Н.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Дампын оператор Н.Н нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн Хүний нөөц, сургалт хөгжлийн хэлтэст гаргасан хүсэлтдээ цаашид өөр компанид шилжин ажиллах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байдаг. Улмаар ажил олгогч Б ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.1 Ажилтан санаачилсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б-2923/20 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журмын 6 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авч шалгаж, тэтгэмжийн хувийн хэрэг нээж, олгох тэтгэмжийн хэмжээг холбогдох аргачлалын дагуу тооцох, тэтгэмжийн олголтыг хийх үүргийг хүлээхээр тусгасан. Иймд нэхэмжлэгч Н.Нгийн ажилгүйдлийн тэтгэмжид авахаар нэхэмжилсэн 3.040.768 төгрөг бүхий үнийн дүн нь Нийгмийн даатгалын улсын байцаагч албан ёсоор тооцоолж гаргасан бодит мөнгөн дүн эсэхэд эргэлзээтэй.

Б ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр хагас жил гэхэд 4,200,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлсөн.

Нийгмийн даатгалын байгууллага болон аж ахуйн нэгж байгууллага хоорондын төлбөр тооцооны асуудлаас шалтгаалан даатгуулагч ажилтны эрх ашиг хохирох нөхцөл байдал бүрдсэн тул уг асуудлыг ажилтны эрх ашигт нийцүүлэн боломжит байдлаар шийдвэрлэхээр Б ХХК нь Нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд нийгмийн даатгалын сангаас олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжийг компани өөрийн дотоод санхүүжилтээр шийдвэрлэн олгох ба тухайн олгосон санхүүжилтийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ажил олгогч нь илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй гэж заасныг үндэслэн 2020 онд үүсэх нийгмийн даатгалын шимтгэлээс суутгуулан тооцуулах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүссэн боловч Нийгмийн даатгалын байгууллага хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Б ХХК нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд 1700 гаруй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаагийн зэрэгцээ Нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаарх хуульд заасан ажил олгогчийн үүргээ ухамсарлан нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуваарийн дагуу төлөлтийг хийж ирсэн.

Гэтэл нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзсан эс үйлдэхүйн улмаас үүсэх эрх зүйн үр дагавар, хариуцлагыг ажил олгогч дангаар үүрэх нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна.

Иймд Н.Нгийн нэхэмжлэлтэй ажилгүйдлийн тэтгэмжийг гаргуулан авах, нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй амралтын мөнгө 1,306,250 төгрөгний тухайд бол Б ХХК-ийн захирлын Б-2923/20 дугаар тушаалын 2 дахь хэсэгт Ажилтны ажилласан хугацааны ээлжийн амралтыг 13.75 хоногоор тооцон олгож, ажилтантай холбогдох эд хөрөнгийн болон санхүүгийн тооцоог хийж дуусгахыг Ерөнхий нягтлан бодогчид үүрэг болгосугай гэж заасан.

Н.Нгийн 13.75 хоногийн ээлжийн амралтын олговор 987,072 төгрөг бөгөөд үүнээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь хасагдаж 967,330 төгрөг болж байна. Энэ 967.330 төгрөгийг бол олгоно, 1,306,250 төгрөгийг бол зөвшөөрөхгүй.

Б ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг байгуулан нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хийж ирсэн бөгөөд 2020 оны 1 дүгээр хагас жил гэхэд 4,200,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх үүрэг хүлээсэн.

Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар cap хүртэлх хугацааны нийт 6 сарын шимтгэлийн ХЦДНД байгууллагад төлөх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн шаардсанчлан 11 сарын хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөх үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Харицагч ХЦДНД хэлтэс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийгмийн даатгалын тухай хуульд заасан үндсэн чиг үүргийн хүрээнд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэх, санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийн хангах, нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажпыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд тус сангаас тэтгзвэр, тэтгэмж авах эрхийн талаар тодорхой заасан.

Мөн хуулийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу тус хэлтэст бүртгэлтэй Б ХХК-ний Нийгмийн даатгалын санд үүсгэсэн өр, төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлж даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна,

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг манай байгууллага гаргах боломжгүй тул ХЦДНД хэлтэст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Б ХХК болон ХЦДНД хэлтэст холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3.040.768 төгрөг, амралтын мөнгө 1.306.250 төгрөгийг Б ХХК болон ХЦДНД хэлтэсээс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийлгэж баталгаажуулах, Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Б ХХК /ажил олгогч/ нь нэхэмжлэгч Н.Н нар нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилтан Н.Н нь Уул ашиглалтын хэлтэст Дамп оператор /772/ албан тушаалд сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр Б ХХК-ийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б-2923/20 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 22-24-р хуудас/

1. Дээрх тушаалын 2.-т ажилтан Н.Нгийн ажилласан хугацааны ээлжийн амралтыг 13,75 хоногоор тооцож олгохыг ерөнхий нягтланд үүрэг болгосны дагуу ажил олгогч Б ХХК нь ажилтан Н.Нд амралтын мөнгө 967.330 төгрөгийг олгох талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 4, 60-р хуудас/

2. Ажилгүйдлийн тэтгэмж 3.040.768 төгрөгийн тухайд:

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.-д Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ гэжээ.

Нэхэмжлэгч Н.Н нь 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сарын хүртэлх хугацаанд Б ХХК-д Дампын оператор албан тушаалд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. /хх-ийн 5, 66-р хуудас/

Ажилтан Н.Нгийн ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох тухай журмын 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан аргачлалаар тооцоолоход:

Н.Нгийн 2020 оны 5 дугаар сарын цалин 1.900.000 төгрөг, 6 дугаар сарын цалин 1.854.762 төгрөг, 7 дугаар сарын цалин 1.900.000 төгрөг байх бөгөөд эндээс ажилгүйдлийн тэтгэмж нь 3.040.760 төгрөг болж байна.

/1.900.000 төгрөг + 1.854.762 төгрөг + 1.900.000 төгрөг = 5.654.762 төгрөг, 5.654.762 төгрөг : 3 = 1.884.921 төгрөг, 1.884.921 төгрөг: 21,2= 88.911 төгрөг, 88.911 төгрөгний 45 % нь 40.010 төгрөг, 40.010 төгрөг х 76 хоног = 3.040.760 төгрөг/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.-д заасны дагуу ажилтан Н.Н 5 хүртэл жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх тул сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 45%-иар тооцсон болно./хх-ийн 5, 74-р хуудас/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж,

2.-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж тус тус заажээ.

Ажил олгогч Б ХХК нь ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг цалингаас нь суутгасан боловч зохих байгуулагад нь шилжүүлээгүй болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогч Б ХХК -ийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэлд ХЦДНД хэлтэс буруугүй байна. /хх-ийн 26-29, 61-65-р хуудас/

Иймд ажил олгогч Б ХХК-иас ажилтан Н.Нгийн ээлжийн амралтын мөнгө буюу олговорт 967.330 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 3.040.760 төгрөг, нийт 4.005.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгон, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтыг хийж, баталгаажуулахыг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 338.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон ХЦДНД хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй.

3. Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухайд:

Б ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг cap бүр тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах тухай гэрээг ХЦДНД хэлтэстэй байгуулан 2020 оны 1 дүгээр хагас жил гэхэд 4,200,000,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөх үүрэг хүлээжээ. /хх-ийн 46, 46-р хуудас/

Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхгүй.

Иймд Нийгмийн даатгалын санд төлөгдөөгүй 11 сарын шимтгэл болох 4.500.519 төгрөгийг Б XXКомпаниас гаргуулж нийгмийн даатгалын газарт төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ. Иймд ажил олгогч Б ХХК нь ажилтан Н.Нг тус компанид ажиллаж байсан хугацаанд Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж, баталгаажуулуулах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2., 55 дугаар зүйлийн 55.1.,Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 4.008.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Нд олгон, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийж баталгаажуулуулахыг хариуцагч Б ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 338.928 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч ХЦДНД хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас 79.079 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 



 

                       

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО