Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03257

 

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03257

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 дугаар баг, Уртбулаг, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Д-ийн М /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Б овогт Э-ын Г /РД: 00000000/-т холбогдох,

 

Гэрээний үүрэгт 7,792,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.М би 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Э.Г-ын хүсэлтээр түүнтэй зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээг бичгээр 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бичгээр нөхөж хийсэн. Хариуцагч нь үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, хугацаа хэтрүүлсэн 96 хоногийн алдангид 1,742,400 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүнд 1,050,000 төгрөг, нийт 7,792,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Г-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.М-ос 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэхүү мөнгийг тодорхой хугацааны дараа 6,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Гэвч Д.М нь зээлийн гэрээ хийх зайлшгүй шаардлага байна, чиний зүгээс орон сууц эсхүл өөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлагатай гэсний дагуу би өөрийн байраа барьцаа болгон зээлийн гэрээ байгуулсан. Гэвч алданги тооцож 7,792,400 төгрөг нэхэмжилсэн байна, ийм хатуу нөхцөлтэйгээр гэрээ байгуулах байсан бол миний бие зөвшөөрөхгүй байх байсан. Би энэ хүү, алдангийг Монгол улсын хууль, журамд үл нийцсэн гэж үзэж байна. Цар тахлын үед миний хувийн бизнес хэвийн явах боломжгүй болсон тул зээлийн хүүг төлж барагдуулах боломжгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Э.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүнд 1,050,000 төгрөг, алдангид 1,742,400 төгрөг, нийт 7,792,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э.Г нь ... зээлийн гэрээг сүүлд нь нөхөж хийхдээ хатуу нөхцлийг тусгасан, 5,000,000 төгрөгийг анх зээлэхдээ хэсэг хугацааны дараа 6,000,000 төгрөг болгож өгөхөөр бид тохиролцож байсан, цар тахлын үед бизнесийн үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон тул хүүг төлөх боломжгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Э.Г-тай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Э.Г-т шилжүүлж зээлдүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амаар байгуулсан боловч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээг бичгээр нөхөж байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж зааснаас үзвэл зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх хугацааны буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, харин 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл хугацааны хүүг, мөн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй байна. Дээрх хугацааны зээлийн хүүнд /5,000,000 төгрөг : 3.5 хувь, 1 сарын хүү 175,000 төгрөг, 20 хоногийн хүү 116,660 төгрөг/ 291,660 төгрөг, алдангид /5,000,000 төгрөг, 1 хоног, 0.3 хувь, 15,000 төгрөг, нийт 96 хоног/ 1,440,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд хариуцагч Э.Г-аас үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүнд 291,660 төгрөгийг, алдангид 1,440,000 төгрөгийг, нийт 6,731,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,060,740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч Э.Г нь ... хэсэг хугацааны дараа зээлийн 5,000,000 төгрөгийг 6,000,000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон, цар тахлын улмаас миний бизнес хэвийн явагдах боломжгүй болсон тул хүү төлөх боломжгүй гэж маргасан боловч дээрх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хүү, алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Г-аас үндсэн зээлд 5,000,000 төгрөг, хүүнд 291,660 төгрөгийг, алдангид 1,440,000 төгрөгийг, нийт 6,731,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,060,740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 160,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МӨНХТӨР