Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/00142

 

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч Э.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7 792 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М би 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Э.Г ын хүсэлтээр түүнтэй зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25 дугаар байрны 104 тоот орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээг бичгээр 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бичгээр нөхөж хийсэн. Хариуцагч нь үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, хугацаа хэтрүүлсэн 96 хоногийн алдангид 1 742 400 төгрөг, үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүүнд 1 050 000 төгрөг, нийт 7 792 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.М ос 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Энэхүү мөнгийг тодорхой хугацааны дараа 6 000 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. Гэвч Д.М нь зээлийн гэрээ хийх зайлшгүй шаардлага байна, чиний зүгээс орон сууц эсхүл өөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах шаардлагатай гэсний дагуу би өөрийн байраа барьцаа болгон зээлийн гэрээ байгуулсан. Гэвч алданги тооцож 7 792 400 төгрөг нэхэмжилсэн байна, ийм хатуу нөхцөлтэйгээр гэрээ байгуулах байсан бол миний бие зөвшөөрөхгүй байх байсан. Би энэ хүү, алдангийг Монгол улсын хууль, журамд үл нийцсэн гэж үзэж байна. Цар тахлын үед миний хувийн бизнес хэвийн явах боломжгүй болсон тул зээлийн хүүг төлж барагдуулах боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г-с үндсэн зээлд 5 000 000 төгрөг, хүүнд 291 660 төгрөгийг, алдангид 1 440 000 төгрөгийг, нийт 6 731 660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 060 740 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 160 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 160 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э.Г миний бие Д.М ос 5 000 000 төгрөг зээлж авсан болно. Энэхүү мөнгийг тодорхой хугацааны дараа 6 000 000 төгрөг болгож өгнө гэсэн нөхцөлтэйгээр анх аман байдлаар зээлж авсан. Гэвч Д.М нь зээлийн гэрээ хийх зайлшгүй шаардлагатай байна чиний зүгээс тодорхой хэмжээнд барьцаанд байр болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээлийн гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн. Ингээд тавьсан хүсэлтийн дагуу миний бие өөрийн байраа барьцаа болгон гэрээ байгуулж зээлийн гэрээг байгуулсан. Гэвч зээлийн гэрээгээр далайлган сарын алданги тооцож 7 792 400 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Хэрэв ийм хатуу нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулж мөнгө хүүлсэн байдлаар шүүхэд нэхэмжлэх гаргах байсан бол миний бие гэрээ байгуулж өөрийн өмч байраа барьцаалж зээл авахгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт нийт 6 731 600 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Миний бие энэхүү зээлийн гэрээг болон сарын хүү, алданги тооцсон явдалыг хууль, дүрэм, журамд үл нийцсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шүүхэд хүсэлтийг гаргаж байна. Мөн цар тахлын үед хувийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн явах боломжгүй болсон тул зээлийн үндсэн хүү, алдангийг төлж барагдуулах боломжгүй байна. Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Э.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 792 400 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.М нь Э.Г нар нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож амаар зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар болон хэргийн 5 дугаар тал дахь Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

 

Талууд амаар байгуулсан зээлийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бичгийн хэлбэрээр нөхөж байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 5 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон болох нь хэргийн 4 дүгээр тал дахь зээлийн гэрээгээр тогтоогджээ.

 

Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, алданги шаардах эрхгүй.

 

Харин талууд хожмоо хүлээн зөвшөөрч нөхөн байгуулсан бичгийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Э.Г нь нэхэмжлэгч Д.М ос зээлсэн 5 000 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа 6 000 000 төгрөг болгож өгөх нөхцөлтэйгөөр амаар тохиролцсон гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Г-с зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5 000 000 төгрөг, хүү 291 660 төгрөг, алданги 1 440 000 төгрөг нийт 6 731 660 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагчийн зээлийн гэрээ болон сарын хүү, алданги тооцож шүүх 6 731 600 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь талууд бичгийн зээлийн гэрээгээр зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Мөн хариуцагч ...цар тахал гарсантай холбоотойгоор хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээлээ төлж чадаагүй гэх давж заалдах гомдол гаргасан үндэслэлгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөн хөрөнгөөр бизнесийн ямар үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой бус, цар тахал өвчин гарсантай холбоотой түүний бизнесийн үйл ажиллагаа доголдсон гэх баримт хэрэгт авагдаагүй тул хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/03257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 122 657 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ