Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0029/З |
Дугаар | 128/ШШ2022/0369 |
Огноо | 2022-05-13 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0369
2022 05 13 128/ШШ2022/0369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А*****,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлд холбогдох төрийн албаны маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж**********, Э.Д*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А***** нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийг анх 2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалд жинхлэн томилж, улмаар албан ажлын зайлшгүй шаардлага болон өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын референтээс Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилжээ.
3. Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, ажлын тайланг Зөвлөлийн 44 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгч М.А*****-г Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актыг гаргажээ.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гарсан талаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/2073 дугаар албан бичгээр Хөвсгөл аймгийн Засаг даргад ирүүлснийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцан, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч М.А***** нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... 2021 оны 03 дугаар сард нэр бүхий иргэнээс тус аймгын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/24 дүгээр тушаалаар томилогдсон томилгоог шалгуулах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргасан байдаг бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс миний томилгоотой холбоотой бүхий л материалыг татан авч үзэн, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд албан хаагчийг шилжүүлэн томилоход Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй болохыг тогтоов” гэсэн агуулга бүхий мэдээллийг 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох сайтдаа байршуулсан байдаг.
5.1.Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан үндэслэлийн хүрээнд миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/24 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэн заалтын дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас тавьсан ажлын саналыг хүлээн авч удирдлагын хооронд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/170 дугаар албан бичиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 03/84 дугаар албан бичгээр харилцан тохиролцсоны дагуу Авлигатай тэмцэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1032 дугаар албан бичгийг тус тус үндэслэл болгон шилжин томилогдсон болно.
Иймд Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгч М.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг зөрчсөн байна гэж тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах зарчмаар томилогдсон томилгоотой албан хаагч биш юм. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдсон. Өөрөөр хэлбэл шилжин томилогдсон харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.3-д заасан үндэслэлтэй хамааралгүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан бөгөөд тус хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу томилогдсон тохиолдолд тусгай шалгалт авна гэсэн ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг зөрчсөн тухай дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан шаардлагыг хэрхэн яаж зөрчсөн нь тодорхойгүй байна. Тусгай шалгалт өгөх ёстой гэж дурддаг ч Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан тусгай шалгалт өгнө гэдэг зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт байдаггүй.
6.1.Төрийн албаны зөвлөлийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын хууль зөрчсөн нь тогтоогдсон үндэслэлд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах” журмыг огт үндэслээгүй. Төрийн албаны зөвлөл тайлбарлахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шилжин томилох томилгоо хууль бус байна гэж үзсэн атлаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан нөөцөөс нөхөх тусгай шалгалтаар томилогддог томилгооны зохицуулалтыг баримталсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх, үндэслэл бүхий байх, хамгийн гол нь бусдын эрх хууль ёсны сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмууд энэ хяналт шалгалттай холбогдуулаад ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу сонсох ажиллагаа хийхийг хүсэж тогтоол гарсны дараа тухайлан гомдол гаргаж байсан. Мөн “чи хууль бус томилгоотой юм байна” гэж субьектив дүгнэлтийг хийсэн.
6.2.Би Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Төрийн байгууллагад долоо дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана” гэж заасан. Миний баталгаа хэрхэн яаж хангагдах нь маш ойлгомжгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан томилгоотой холбоотой асуудлыг тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3-д заасантай адилтгаж үзэхийг хүсэж байна. Миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа, мөн ойлгомжгүй тодорхойгүй байлгаж байгаа үндэслэлийг хууль бус гэж үзэж байна. Тодорхой хэмжээнд хүмүүсийн итгэлийг дааж, хоёргүй сэтгэлээр ажиллахаар ирсний хувьд урам хугарч байна.
6.3.Мөн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргааныг тухайлан зааж өгсөн бөгөөд Төрийн албаны зөвлөлд хуулиар эрх олгоогүй. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан томилгоо болгоныг шалгаж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлд агуулгаар нь тусгай шалгалтад орж байгаа хүнийг сонгон шалгаруулж, тусгай шаардлага хангаж байгаа сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь Төрийн албаны зөвлөлийн онцгой эрх болохыг заасан. Харин төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдож байгаа процессыг Төрийн албаны зөвлөл харьяаллын дагуу хянах эрхгүй. Өөрөөр хэлбэл энэ нь харьяаллын маргаан биш. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.
6.4.Түүнчлэн “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах журам”-ын талаар үндэслэлдээ дурдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу томилогдсон тохиолдолд тусгай шалгалт өгнө гэсэн заалт журам байхгүй. Төрийн байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдсонтой адил юм. Гэтэл хуулиас давсан журам байж болохгүй. “Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх болон сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5 дахь хэсгийг баримталж гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал руу шилжсэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, тайланг Зөвлөлийн 44 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоож, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгсөн. Зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоол, хяналт, шалгалт хийсэн, зөвлөн туслах ажлын тайланг аймгийн Засаг дарга болон Салбар зөвлөлд хүргүүлсэн.
7.1.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт зааснаар Зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлж, тогтоолын хавсралтад дурдсан төрийн захиргааны байгууллагын хууль тогтоомж зөрчиж томилсон шийдвэрийг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад өгч, хууль дээдэлж ажиллахыг зөвлөж, хууль бус шийдвэрээ хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх эрхтэй болохыг анхааруулж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Зөвлөлд ирүүлэхийг мэдэгдсэн.
7.2.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.1 дэх заалтад "Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 1.4 дэх заалтад "энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно", 1.5 дахь заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг адил терлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны референтийн албан тушаал нь гүйцэтгэх төрлийн албан тушаал бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь удирдах төрлийн албан тушаалд хамаарна. Гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан 34/31 дүгээр тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 1.5 дахь заалтад “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна гэж заасныг зөрчсөн байна.
М.А*****-н ажиллаж байсан албан тушаалын ангилал өөрчлөгдөөгүй боловч албан тушаалын төрөл өөрчлөгдөхөд төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй шилжүүлэн ажиллуулсан байх тул Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.А*****-н хувьд төрийн албанд анх ороход мэргэшлийн шалгалт өгөөгүй гэж Төрийн албаны зөвлөл дүгнээгүй. Үүнтэй маргаагүй. Хөвсгөл аймаг руу шилжихдээ удирдах албан тушаалын бүтцийн нэгжийн даргын тусгай шалгалтад орох ёстой байсан. Гэтэл энэ тусгай шалгалтын үндсэн дээр томилогдоогүй шууд шилжүүлэх харилцаагаар томилогдсон нь хууль бус байна гэж Төрийн албаны зөвлөлийн тогтоолын үндсэн зарчим, агуулга ингэж тогтоосон. Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулж томилоод хяналт шалгалт хийгээд заримыг нь ялгамжтай байдлаар шалгаад, заримыг шалгахгүй тэгш бус байдал бий болгоод байна гэсэн тайлбар хэлж байна. Тэгш бус байдал бий болгоогүй. Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа хийсэн. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтанд төрийн захиргааны албан тушаал, төрийн тусгай албан тушаал хамаарна. Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөл өөрөө Монгол Улсын төрийн жинхэнэ албатай холбоотой бодлого үйл ажиллагааг хянаж шийдвэрлэдэг бөгөөд Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.
8.1. Төрийн албаны зөвлөл нь Төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой бодлого үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаад хяналт шалгалт хийж зөвлөн тусалж, арга зүйн зөвлөгөө өгч бодлогыг баримталж ажилладаг. Маргаан бүхий актын гол зүйл нь удирдах албан тушаалаас удирдах албан тушаал руу шилжсэн бол томилгооны зөрчил гэж үзэхгүй байсан. Гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал руу шилжсэн байна. Энэ бол томилгооны зөрчил учраас тусгай шалгалтад орох ёстой байсан боловч шалгалтад ороогүй томилогдсон гэдгийг тогтоосон тогтоол юм.
8.2. М.А***** Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтаар томилогдсон бол бид нар хууль бус гэж үзэхгүй. Хуульд заасны дагуу ерөнхий шалгалт өгч, тусгай шалгалтын үндсэн дээр томилогдсон уу? гэдгийг Төрийн албаны зөвлөл хянаж шалгасан. Төрийн албаны зөвлөл өнгөрсөн онд 11 аймгийн төрийн захиргааны албан тушаалд томилогдсон албан хаагчдын сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд шалгалт өгөөгүй хууль ёсны дагуу томилогдоогүй албан хаагчид байсан. Төрийн албанд ажиллахдаа төрийн жинхэнэ албан хаагчийн статус эрх үүргийг зохицуулсан хуулийнх нь дагуу яагаад ажиллаж болдоггүй юм бэ? Хууль зөрчөөгүй бол Төрийн албаны зөвлөл шалгалт хийсэн ч хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргана.
8.3. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасны дагуу томилогдсон учраас төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжүүлэн томилох харилцаа явагдаж байна. Ийм учраас сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийсэн юм. Хяналт шалгалт хийгээд тогтоол гаргасан бөгөөд тус тогтоолтой М.А***** маргасан. Түүнээс биш М.А***** Төрийн албаны зөвлөлд өөрийг нь шилжүүлэн томилсон Засаг даргын Тамгын газрын даргын тушаал ч юм уу, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалтай маргасан бол Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан харьяалалд орно.
8.4. Төрийн албаны зөвлөлийн 278 дугаар тогтоолыг илт хууль бус гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэдэг 2 нэхэмжлэлийн шаардлага өөр хоорондоо ялгаатай. Ялгаатай учраас илт хууль бус гэдэгт юу юуг хамааруулан үзэх, ямар тохиолдолд хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах гэдэг өөрөө ялгамжтай харилцаа. Үүнийг хооронд нь хольж хутгаж тайлбарлаад байна. М.А*****-г адил төрлийн албан тушаалд томилоогүй нь хууль бус, мөн төрийн албаны тусгай шалгалт өгөх ёстой гэж үзсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатнаас албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. М.А*****-н хувьд ажиллаж байгаа бүртгэлийн нөөц гэдэг журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй байна. Нөөцөд байгаа хүн тусгай шалгалт өгөх эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 278 дугаар тогтоолын М.А*****-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч М.А***** нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
2.1.Миний бие нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн
жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулах зарчмаар томилогдсон томилгоотой
албан хаагч биш юм. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин томилогдсон. Шилжин томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.3-т заасан үндэслэлтэй хамааралгүй.
2.3.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д адил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэж заагаагүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг огт үндэслээгүй. Хэрвээ журам зөрчсөн бол журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй байна.
2.4.Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Төрийн албаны зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргааныг заасан. Төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдож байгаа процессыг Төрийн албаны зөвлөл харьяаллын дагуу хянах эрхгүй. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан томилгоо Төрийн албан зөвлөлийн харьяаллын маргаан биш ...” гэж тус тус тодорхойлон маргажээ.
3. Маргаан бүхий акт болох Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 278 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65., 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1, 3.1.2-ын “в”, 4.5 дахь заалт, “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3.9 дэх заалтыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Хөвсгөл аймгийн төрийн захиргааны байгууллагын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон энэ тогтоолын 1-14 дүгээр хавсралтад дурдсан шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14,15,16,17 дугаар тогтоолоор тус тус баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албанд шатлан дэвшүүлэх журам”, “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан” 2019 оны 34/31 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоож, 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 1 дүгээр
хавсралтаар баталж, 3 дахь заалтаар энэхүү тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож, 4 дахь заалтаар Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг урьдчилан мэдэгдэж, 6 дахь заалтаар энэ тогтоолын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлж, уг тогтоолын хэрэгжилтийг танилцуулж, тайлагнахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга болон томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдана.
5. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалтыг гол үндэслэлээ болгосон байх бөгөөд нэхэмжлэгчийг захиргааны албан тушаалд томилохдоо сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шилжүүлэн томилсон нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ.
7. Хэргийн үйл баримтаас үзэхэд анх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар М.А*****-г Шүүхийн захиргааны удирдлагын газарт Шүүхийн захиргаа хариуцсан референтээр гурван сарын туршилтын хугацаагаар томилсон, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар түүнийг Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жинхлэн томилсон, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар М.А*****-г Шүүхийн захиргааны удирдлагын газрын Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалаас чөлөөлж, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны Бүртгэл, мэдээлэл хариуцсан референтийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилсон, 2018 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн Б/53 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлж, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Иргэний хөдөлгөөн хариуцсан референтийн албан тушаалд мөн өдрөөс эхлэн томилсон, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/146 дугаар тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан М.А*****-г Шүүхийн захиргаа хариуцсан референтийн албан тушаалд томилсон, 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан М.А*****-г мөн өдрөөс эхлэн Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референтийн албан тушаалд томилсон, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.А*****-г албан ажлын зайлшгүй шаардлага, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шилжүүлсэн, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай болон Шүүхийн ерөнхий зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын тохиролцсоны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референт М.А*****г Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын албан тушаалд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн шилжүүлэн ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн байх ба хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна.
8. Харин нэхэмжлэгч нь “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу томилогдсон тохиолдолд тусгай шалгалт авахгүй. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны Б/24 дүгээр тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн агуулгаар маргаж байна.
9. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх асуудлын хүрээний агентлагуудад төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онуудад сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг явуулсан, уг шалгалтаар нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх, зүйн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргасан, улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын Б/159 дүгээр тушаалаар маргаан бүхий Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн 278 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
10. Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна” гэж тус тус заажээ. Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд ийнхүү шилжүүлэн ажиллуулахдаа төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар тусгайлан заажээ.
11. Мөн Төрийн албан тушаалын ангилал, төрлийг Төрийн албаны тухай
хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 10.2-т “Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна”, 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 18 дугаар зүйлийн 18.7-д “ ... Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гээд, Монгол Улсын Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” 18 дугаар тогтоолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн референтийн албан тушаалыг “Ахлах түшмэл” ангилал, АА-6 зэрэглэлд, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн даргын албан тушаалыг “Ахлах түшмэл” ангилал, ТЗ-10 зэрэглэлд хамаарахаар тус тус заажээ.
12. Дээрх хууль тогтоомжоор нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан болон шилжүүлэн ажиллуулсан албан тушаал нь 2-уулаа ахлах түшмэлийн ангилалд хамаарч байх хэдий ч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаал нь удирдах албан тушаал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн зохион байгуулалт хариуцсан референтийн албан тушаал нь гүйцэтгэх албан тушаал байна.
13. Түүнчлэн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 133 дугаар тогтоолуудаар баталсан “Албан тушаалын тодорхойлолт”-ын албан тушаалд тавигдах тусгай шаардлагын туршлага хэсэгт төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байхаар заажээ.
14. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тусгайлан журамлан заажээ.
15. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан “... шилжүүлэх” гэдгийг албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр тухайн ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тохиолдолд албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулахыг ойлгох тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэхдээ тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад сонгон шалгаруулалт явуулахгүйгээр ахлах түшмэлийн гүйцэтгэх албан тушаалаас ахлах түшмэлийн удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д заасныг тус тус зөрчжээ.
16. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, нэхэмжлэгчийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, томилсон нь тогтоогдсон гэж үзэн, маргаан бүхий актыг гаргаж, зөрчлийг арилгах үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 30.1, 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6-д заасантай нийцсэн байна.
17. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.
18. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалт болон холбогдох журмыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
19. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас авахаар заасан, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэхэд тусгай шалгалт авахаар тусгайлан заагаагүй байгаа хэдий ч энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангаагүй байх тул түүнийг тухайн албан тушаалд тусгай шалгалт авалгүйгээр шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус болжээ.
20. Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал болж албан тушаалын төрөл өөрчлөгдсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар тухайн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах байжээ.
Иймд нэхэмжлэгчийн “ ... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин томилогдсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.3-т заасан үндэслэлтэй хамааралгүй, ... гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаалд шилжин томилогдож байгаа бол тусгай шалгалт авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, ... Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д адил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулна гэж заагаагүй. ...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
21. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний актыг /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж заажээ.
22. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг үндэслээгүй байх боловч энэхүү журмын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд зарчмын хувьд зөвшөөрч, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад эрх олгох замаар төслийг батлахаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар Засгийг газрын тогтоол, холбогдох журмыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2019 оны тусгай дугаарт нийтэлж, хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа, түүнчлэн Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газраас баталсан шийдвэрийг хянадаггүй болох нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХЭГ/1013 дугаар албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2281 дүгээр албан бичгээр тус тус тогтоогдож байх тул энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нь танхимын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж, шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар гаргадаг байгууллагууд юм.
23. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тодорхойлон заасан, энэхүү маргааны тохиолдолд нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж, төрийн албан хаагчийг шилжүүлэн томилсон нь тогтоогдсон, илэрсэн зөрчлийг арилгуулахаар маргаан бүхий актыг гаргасан байх тул энэ маргааны тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг хамааралгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалт нь төрийн албаны төв байгууллагын харьяалан шийдвэрлэх маргаан буюу томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд үүссэн маргаан, түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт юм.
Иймд нэхэмжлэгчийн "Төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллага руу шилжин томилогдож байгаа процессыг Төрийн албаны зөвлөл харьяаллын дагуу хянах эрхгүй буюу Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан томилгоо Төрийн албан зөвлөлийн харьяаллын маргаан биш ...” гэсэн агуулгаар маргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.
24. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар хуралдаанаар иргэн Б.Ган-Очироос ирүүлсэн мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд шийдвэр гаргасан байх бөгөөд харин Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцээгүй байх тул нэхэмжлэгчийн “ ... Төрийн албан зөвлөлөөс миний томилгоотой холбоотой бүхий л материалыг татан авч үзэн, ... хуралдаанаар хэлэлцэн, ... шилжүүлэн томилоход Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй болохыг тогтоосон “ гэсэн тайлбар үндэслэлгүй.
25. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлдээ энэ үндэслэлээ заагаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль үндэслэлээр маргаж байгаагаа тодорхойлоогүй байх тул шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
26. Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, дээрх актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
27. Нэхэмжлэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг хүчингүй болгуулахаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А*****н Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 7 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН