Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2018/00024

 

 2018            07              24                                           202/МА2018/00024

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 136/ШШ2018/00221 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, Шинэ зууны гудамжны .....тоотод оршин суух, 53 настай, Чогсом овогт Ц-ын Э /РД:ХЛ64071523/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 мкв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, Ашид билгүүн ХХК-иас тус барилга, газрыг 18900523 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э миний ах Ц.Энхээ нь дүү Ц.Эрхэмбатын хамт 2004 онд Оросын цэргийн ангийн Орбит станцын барилгыг дуудлага худалдаагаар авсан билээ. Энэ хугацаанд миний бие нь 2015 онд уг барилгын хамтран өмчлөгчөөр орсон бөгөөд бидний хувьд уг барилгаа тодорхой хэмжээгээр ашиглах зорилготой боловч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн харилцааны хямралтай холбогдуулан нөгөө талаас уг барилга маань хэт тоногдож суурин хана, дээврээс өөр зүйлгүй болохоор ямар нэгэн байдлаар ашиглагдах боломжгүй байгаа болно. ...Тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний энэхүү өмчлөлийн эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчиж уг барилга нь зөвхөн Ц.Энхээ, Ц.Эрхэмбат нарын өмчлөл мэтээр хандаад байгаа нь ойлгомжгүй юм. Миний энэхүү зөрчигдсөн эрхийг сэргээж улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Сайншанд сум 1 дүгээр баг  Орбит станцын барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Мөн тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг барилгын үнэлгээг өмчлөгч бидний үнэлүүлэх саналгүй байгаа гэсэн эрхийг ноцтойгоор зөрчиж хүчээр дахин үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар гаргуулжээ. Гэтэл уг компани нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 9-р “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн Орбит станцын барилгад үнэлгээ хийх боломжгүй гэсэн атлаа дахин өөрийхөө энэхүү эрх зүйн баримтыг үгүйсгэж үнэлгээ гаргаад байгаа нь үнэнд нийцэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн энэхүү асуудал нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2017/00388 тоот шийдвэрээр шийдэгдэж хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт гарчихаад байхад давхардуулж илтэд хууль зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд энэхүү үндэслэлээр “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг болон Ц.Эрэвгийлхам нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас төлбөр гаргуулж Хаан банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ц.Эрхэмбат, Ц.Энхээбаяр нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгсөн, эд хураах тогтоолоор төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 01 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаартай 750 м.кв талбайтай орбит станцын барилга, Дорноговь аймгийн Сайншанд сумын 01 дүгээр багт байрлах 0019743 дугаартай 1000 м.кв талбайтай эзэмшлийн газрыг тус тус хураан авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, хамтран төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад, үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтггэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт үнэлгээг танилцуулж, мэдэгдэл хүргүүлсэн тухай тэмдэглэл хөтөлсөн, уг үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, өмнөх Вэндо ХХК-ийн үнэлгээг шүүх 2017 оны 10 дугаар сард 388 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон тул орон нутагт дан ганц “Ашид билгүүн” ХХК үйл ажиллагаа явуулдаг учраас үнэлгээчнээр томилсон бөгөөд үнэлгээг бүрэлдэхүүнтэй хийсэн байдаг. Үүнээс өмнө Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилох гэтэл орон нутгийн байгууллагадаа ханд, зардал төсөв ихтэй тул бид үнэлгээ хийхгүй гэсэн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ашид билгүүн ХХК-ийн төлөөлөгч Ч.Жамъяан, үнэлгээчин Б.Уянга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид орон нутагтаа дан ганц барилгын зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан, мөн шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх боломжгүй, түүнчлэн урьд нь дангаар шинжээчээр оролцох, үнэлгээ хийх боломжгүй гэж үзсэн тул барилгад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан, үнэлгээг гаргахад Хөрөнгин үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд зааснаар Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох ёстой боловч барилга өөрөө орлогын болон жишиг үнийн аргуудыг хослуулах боломжгүй тул өртгийн аргыг сонгож үнэлгээг гаргасан бөгөөд үндэслэл бүхий болно гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаарт шүүхийн шийдвэрээр Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас 73,714,471 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 526,522 төгрөгийг гаруулж Хаан банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт байрлах улсын бүртгэлийн Y-0713002673 дугаартай 750 м.кв талбайтай орбит станцын барилга дээр үнэлгээний байгууллага болох Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ тогтоолгосон ба уг үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 108 дугаар зүйлийн 108.4-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Эын хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Орбит станцын 750 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Ашид билгүүн” ХХК-иас тус барилга, газрыг 18,900,523 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,453 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112,053 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эд буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э миний бие нь тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-11-ний өдрийн 136/ШШ2018/001221 тоот шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 120-р зуйлийн 120.2 дахь хэсгийг үндэслэн гомдол гаргах учир нь анхан шатны шүүхээс иргэн миний зөрчигдсөн эрхийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтанд бодитой дүн шинжилгээг хийж чадалгүйгээр хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлтийг гаргаж ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэхь хэсгийг ноцтойгоор зөочсөн хэмээн үзэж байна. Үүнд: нэхэмжлэгч Э миний ах Ц.Энхээбаяр шүүх хуралдаан эхлэхийн өмнө уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ХААН банктай холбогдуулан гаргаж улмаар миний бие нь итгэмжлэлээр оролцсон боловч уг хэрэгт энэхүү нэхэмжлэл нь хамааралгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтуудыг зөрчлөө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн энэхүү хуүлинд заасан эрхийг илтэд хязгаарласан явдал юм. Тус шүүхийн 2018.06.11-ний өдрийн 136/ШШ2018/00221 тоот шүүхийн шийдвэрт шүүгч Амартүвшин нь өөрөө гарын үсгээ зүрж баталгаажуулаагүй нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох боломжийг алдагдүүлж ИХШХШТХуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгийг зөрчлөө хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч Э миний хувьд нэг бус иргэний хэргийн асуудлаар энэ шүүгчид хандаж байсныхаа хувьд түүний гарын үсгийг маш сайн мэдэж байгаа бөгөөд тиймээс түрүү түрүүчийн хэрэгт шийдэж байс ан гарын үсэг, одоогийн энэхүү шийдвэрт бичигдсэн гарын үсэг 2-ыг харьцүулан үзэж дүн шинжилгээ хийлгэхээр гарын үсгийн хуулбаруудыг хавсаргав. Миний нэхэмжлэлийн гол шаардлага нь хуулинд заасан зөрчигдсөн эрхийг сэргээж үнэлгээг хүчингүй болгох асуудал бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөвхөн үнэлгээний ганцхан компанид хандаж миний өмчлөлд буй Орбитын станцыг удаа дараа үндэслэлгүйгээр илтэд хууль зөрчиж үнэлүүлээд байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл энэхүү үнэлгээний талаар тус шүүхийн 2017.10.25-ны өдрийн 136/ШШ2017/00388 тоот шийдвэрээр уг хэрэгт цугларсан нотлох баримтууд болох ....2017.03.14-ний өдрийн 09 дүгээр "Шинжээч томилох тухай "тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар тогтоолгохоор шийдвэрлэж Ашид билгүүн ХХК нь улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 мкв талбайтай барилгад үнэлгээ хийх боломжгүй гэж шийдвэрлэжээ хэмээн дурьдаад Вендо ХХК-ний үнэлгээг хүчингүй болгосон атал дахин энэ компанийг томилж үнэлгээг гаргуулаад байгаа нь илтэд хувийн сонирхолтой хэмээн үзэж байгаа болохыг бодитойгоор анхааран үзэхийг хүсч байна. Гэтэл анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт хууль зүйн ямар нэгэн дүгнэлтийг хийлгүйгээр орхигдууллаа. Өөрөөр хэлбэл энэ нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэхь хэсэгт заасан Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтаар дүгнэгдэх боломжтой хэмээн үзэж байна.

Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Орбитын станц нь үнэлэгдэх боломжгүй болохыг үгүйсгэх аргагүй үндэслэл нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч нарын тайлбар болох...Шинжээчийн тогтоол дээр заасан үнэ цэнийг үндэслэн тогтоосон...Зах зээлийн аргыг хэрэглэх боломжгүй,:. Жил ашиглагдсан, 96%-ийн элэгдэлтэй, жишиг үнийн арга хэрэглээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ханш хүсэлтийг үндэслэсэн гэсэн байр суурийн илэрхийллээр дүгнэгдэж улмаар шинжээч нараас нээхэмжлэгч миний өмгөөлөгчөөс "танайх шинжээч томилсон тогтоолоос татгалзаж болдоггүй юм уу гэсэн асуултанд бид татгалзах эрхгүй гэсэн хариүлтыг өгч байсан болох байдлуүд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нөлөөнд автсан байхыг үгүйсгэх аргагүй хардалтыг төрүүлж байгааг зүй ёсоор анхааран үзнэ үү. Нөгөө талаас шинжээч нар нь ШШТХуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар шинжилгээний объект нь шаардлага хангахгүй тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзах бүрэн эрхтэй атал энэхүү эрхээ хэрэгжүүлэхгүйгээр ийм байр суурийг илэрхийлээд байгаа нь үнэхээр ойлгомжгүй юм. Үнэлгээний талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөо төлөгч бидэнд хандаж үнийн санал огт аваагүй нь хууль зөрчсөн нэг үндэслэл хэмээн үзэж байна. Бидний ХААН банкинд төлөгдөх зээлийн нийт үлдэгдлийн үнийн дүн нь 74 сая төгрөг бөгөөд энэхүү орбитын станцыг оруүлахгүйгээр бүсад барьцаат хөрнгийн дүн нь 76 сая төгрөг болж байгаа учраас тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийнхөө хуулинд заасан эрх мэдэл буюу 2017.07.01-нээс эхэлж хэрэгжсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар энэхүү барьцаат хөрөнгийн үнийн дүнгээр төлбөр авагч ХААН банкинд шилжүүлэх бүрэн боломжтой болох хуулийн заалтаар энэ бүгдийг зохицуулах нөхцөл байдлыг анхаарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэрэгжүүлэхгүй байгаад маш их эргэлзэж байна. Иймд энэхүү үндэслэлүүдээр уг хэргийг дахин хянаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Хаан банкинд барьцаалагдсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулаад одоогоор барьцаалагдсан хөрөнгийн нийт дүн нь 74 сая төгрөг байдаг. Барьцаалагдсан нийт дүн нь 76 сая төгрөг байдаг. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017.07.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт барьцаа төлбөр авагчийн барьцаанд байгаа эсхүл дундын өмчид байгаа худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Нэгэнт барьцаанд байгаа орбит станцаас бусад хөрөнгө нь хангалттай төлбөр төлөх үнийн дүнд хүрсэн. Тийм учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар энэ бүгдийг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл орбит станцийг үнэлэхгүйгээр хэдийгээр барьцаа хөрөнгөд байгаа ч гэсэн бусад барьцаалагдсан хөрөнгө нь үнийн дүндээ хүрсэн учраас орбит станцийг оруулахгүйгээр энэ бүгдийг шийдвэрлэх бүрэн эрх нь байгаа гэж үзэж байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Хаан банктай санал солилцох урьдчилсан хуралдаан дээр Хаан банкинд санал болгоод Хаан банк бид нарт барьцаалагдсан хөрөнгө байгаа, заавал орбит станцийг оруулах ёстой гээд зөвшөөрөөгүй. Эд нар Хаан банкны саналыг авахгүйгээр хуульд зааснаар өөрсдийнхөө эрх хэмжээний дагуу шилжүүлэх бүрэн эрх нь байгаа учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын буруутай үйл ажиллагаа байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016.05.24-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж байдаг. Үүн дээр орбит станц барьцаа хөрөнгөд орчихсон, үүнийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захирамжийн биелэлтийг хангах ёстой гэсэн тайлбарыг тавьдаг. Миний зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэгэнт барьцаалагдсан үнийн дүнд хүрсэн. Нөгөө талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуулиа биелүүлэхгүй, шүүгчийн захирамжийг урьтал болгож байгаа нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Иймээс орбит станцийг хамруулахгүйгээр энэ бүгдийг гүйцэтгэн биелүүлэх нь боломжтой. Үүнд Хаан банкны төлбөр авагч байгууллагын эрхийн асуудал хөндөгдөх эрхгүй. Харин ч төлбөр төлөгчийн эрхийн асуудал хуульд зааснаар эрхийн асуудал зөрчигдөж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасан заалтыг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэтэл энэ хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт баримт бичгийн шаардлагыг үнийн дүнд хүрэхгүй гэж байгаа. Гэтэл үнийн дүнд хангалттай хүрч байгаа учраас энэ хуулиар энэ бүгдийг үгүйсгэх үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүний өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзэх үндэслэл маань бүрэн нотлогдон тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Өөрөөр хэлбэл Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах заалттай холбогдуулан нэмэлт тайлбар хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч биечлэн оролцсон байгаа. Шинжээч биечлэн оролцоод танайх Ашид билгүү ХХК-ийн бүрэлдэхүүн томилогдоод дүгнэлт нь хүчингүй болсон байдаг. Тэгэхээр нь би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас танайхыг шинжээчээр томилоод байдаг, танайх хүлээн зөвшөөрөөд л байдаг. Үүн дээр ашиг сонирхлын зөрчилдөөд үүсээд байгаа юм биш үү гэсэн асуудлыг тавьж байсан. Тэгэхэд Ашид билгүүн ХХК-иас манайх шинжээч томилсон тохиолдолд татгалзах эрхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16.1-т байдаг байхаа шинжилгээний обьект шаардлага хангахгүй тохиолдолд дүгнэлт гаргахаас татгалзах бүрэн эрх нь байгаа. Гэтэл шинжээч нар хуульд заасан өөрсдийнхөө бүрэн эрхийг мэдэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заавал үнэлгээ тогтоож өг гэсэн гээд үүний дагуу бид нар үнэлгээ гаргасан гэж хариулдаг. Монголын үнэлэгчдийн холбоо гэж байдаг юм билээ. Түүнд нийтдээ 33 үнэлэгчдийн компани байдаг. Гэтэл Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ашид билгүүн ХХК-ийг өмнө нь орбит станцийг үнэлэх боломжгүй гээд шүүхийн шийдвэрт үндэслэл болгоод хүчингүй болгосон байдаг. Гэтэл дахиад Ашид билгүүн ХХК-иа шинжээчээр томилоод, эд нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчээр томилсон учраас бид нар заавал дүгнэлт гаргах ёстой. Заавал үнэлгээг гаргах ёстой гээд өөрсдийнхөө хуульд заасан эрх хэмжээг мэдэхгүй ийм нөхцөл байдлаар хандаж байгаа нь энэ хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой юм болов уу гэсэн хардалтыг өөрийнх эрхгүй төрүүлдэг юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээчид хангаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдаж байсан. Үнэлгээг ямар журмаар яаж гаргасан бэ гэсэн миний асуултанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн хүсэлтийг өгсөн. Үүний дагуу үнэлгээг гаргасан. Зах зээлийн аргыг хэрэглэх боломжгүй. Жишиг үнийн аргыг хэрэглээгүй гэж хэлдэг. Улмаар уг орбит станцийг 5-6 жил ашиглагдах боломжтой тул 96%-ийн элэгдлээр гаргасан гэдэг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2-т иргэд хоорондын худалдах худалдан авах үнэ ханш гэсэн заалт байдаг. Энэ бүгдийг харьцуулж үзээгүй. Улмаар уг орбит станцийг 5-6 жил ашиглагдах боломжтой тул 96%-ийн элэгдлээр гаргасан гээд байгаа. Гэтэл түрүүчийн 00388 дугаар шүүхийн шийдвэрээр Вендо ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосон байдаг. Үүнтэй харьцуулж үзсэн. Вендо ХХК-ийн үнэлгээн дээр 2 жил ашиглагдах боломжтой гэсэн байхад Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээн дээр 5-6 жил ашиглагдах боломжтой гээд харьцангуй нөхцөл байдал үүсгэгддэг. Мөн өмчлөгчийн үнийн саналыг огт аваагүй. Энэ мэтчилэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 8.2 дахь заалтуудыг зөрчиж өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль бус үнэлгээ гаргасан байдаг учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж оролцож байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа тайлбар дээр нь нэмээд тайлбар хэлье. Өмгөөлөгч талаас өмнөх 2 барьцаа хөрөнгөөр төлөх боломжтой гэж үзээд байгаа. Барьцаа хөрөнгө дээр санал болгох хурлыг 2018.04.09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар Хаан банкинд санал болгоход Хаан банк хүлээж аваагүй учраас орбит станц дээр үнэлгээ тогтоогдоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах шаардлага бий болсон гэж үзэж байна. Дараа нь үнэлгээг хүчингүй болгуулах талаар яригдаж байна. Ганцхан Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлээгүй. Өмнө нь Ашид билгүүн ХХК үнэлэх боломжгүй гэхэд Вендо ХХК-иар үнэлүүлээд хүчингүй болсон тул Ашид билгүүн ХХК-ийг бүрэлдэхүүнтэйгээр томилж үнэлүүлсэн. Гаргасан үнэлгээг манай талаас хүчин төгөлдөр гэж үзэж байна. Үнийн саналыг огт аваагүй гэсэн асуудал яригдаж байна. Үнийн саналыг авсан. Энхээбаяраас 2017.01.31-нд 300 сая төгрөг, Эрхэмбатаас 2017.01.31-нд 200 сая төгрөг, Эаас 2017.02.23-нд 300 сая төгрөгөөр үнэлж байна гэж манай байгууллагад үнийн саналаа ирүүлсэн байгаа. Харин төлбөр авагч Хаан банк хэтэрхий өндөр үнэтэй байна гээд үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шинжээч томилуулан явагдсан болно. Нэхэмжлэгч талаас өмчлөгчөөр тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэл гаргаад байна. Э гэдэг хүн орбит станц дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа учраас бид нар эрхийг нь хангаж үнэлгээг мэдэгдэж хуульд заасан журмын дагуу явуулсан болно гэв. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.Э нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг хуучнаар Орбит станцын барилгад байршилтай, Орбит станц зориулалттай, 750 мкв талбайтай /ашиглагдахгүй хуучин барилга/, улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл /гомдол/ гаргаж,

хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох хуулийг зөрчөөгүй, үнэлгээний талаар талууд тохиролцоогүй, урд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнэлгээг шүүх хүчингүй болгосон тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилж үнэлгээг тогтоосон гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “ ... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан..., ... шүүхийн шийдвэрт шүүгч өөрөө гарын үсэг зураагүй..., ...дахин Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсоныг анхаараагүй..., ...шинжилгээний объект шаардлага хангаагүй байхад шинжээч татгалзаагүй эд хөрөнгийг үнэлсэн ..., ... үнийн санал аваагүй..., ... Орбит станцыг оруулахгүйгээр өөр барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлээгүй... гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”  шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

Энэ нь нэхэмжлэгч нь 1. Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг хуучнаар Орбит станцын барилгад байршилтай, Орбит станц зориулалттай, 750 мкв талбайтай /ашиглагдахгүй хуучин барилга/, улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 2. Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл /гомдол/ гаргасан ба анхан шатны шүүх дээрх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, түүний өмчлөх эрхийн талаар маргаан гараагүй тул түүний өмчлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1-д нийцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл /гомдол/-ийн хувьд холбогдох хуулиуд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаартай шийдвэрээр Ц.Эрхэмбат, Ц.Энхээбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 73714471 төгрөг гаргуулж, ХААН банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу маргааны зүйл болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг хуучнаар Орбит станцын барилгад байршилтай, Орбит станц зориулалттай, 750 мкв талбайтай /ашиглагдахгүй хуучин барилга/-р хангуулахаар шийдвэрлэж /хх-63/,

мөн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 136/ШЗ2016/01150 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр зааж /хх-65/, шүүхийн гүйцэтгэх хуудсыг олгосон /хх-66, 68/,

 

дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн /хх-101, 102/,

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт  байршилтай, Орбит станц барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж /хх-71/, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хураасан /хх-73/,

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өмчлөгч Ц.Эаас уг үл хөдлөх эд хөрөнгийг 300000000 /гурван зуун сая/ төгрөгөөр /хх-76/, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Ц.Энхээбаяр  мөн 300000000 /гурван зуун сая/ төгрөгөөр /хх-79/, Ц.Эрхэмбат 200000000 төгрөгөөр /хх-80/ үнэлж саналаа тус тус ирүүлсэн,

Төлбөр авагч ХААН банкны Дорноговь салбар дээрх үнэлгээг зөвшөөрөөгүй /хх-100/ буюу үнийн санал дээр талууд тохиролцож чадаагүй тул шинжээч томилох тухай 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-аар тогтоолгохоор шинжээчээр томилсон ба шинжээч Ашид билгүүн ХХК нь хөрөнгийг үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан /хх-6 Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2017/00388 дугаартай шийдвэрт тэмдэглэгдсэн/,

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин “Вендо” ХХК-аар тогтоолгосон боловч өмчлөгч Ц.Э гомдол гаргаснаар Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2017/00388 дугаартай шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон /хх5-7/,

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхам 15 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж /хх-24/, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ашид Билгүүн ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 18900523 төгрөгөөр үнэлж дүгнэлт /хх-26-38/ гаргасныг өмчлөгч Ц.Э эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан тухай үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ. 

Нэхэмжлэгч Ц.Эын гаргасан нэхэмжлэл гомдлынхоо үндэслэлийг урьд шинжээчээр оролцсон Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь урд гаргасан дүгнэлтдээ эд хөрөнгийг үнэлэхгүй гэсэн атлаа дахин үнэлгээ тогтоосон хууль зөрчсөн гэсэн агуулгатай гэж үзэхээр ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гаргасан гомдол байх бөгөөд нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй, энэ талаар буюу гомдол гаргах хугацааны талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Ийнхүү дээр дурдсанаас үзэхэд хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд болон өмчлөгч нар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх нөхцөл байдал үүссэн байна.

Улмаар өмчлөгч Ц.Э маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт  байршилтай, Орбит станц барилгын үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар шүүх үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх нөхцөл шаардлага үүссэн буюу Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийг үнэлэхээр дахин шинжилгээ хийх шаардлагатай болсон байна.

Энэ талаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно.” “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заажээ.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч дахин шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно.” гэснийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд урьд нь шинжээчээр оролцсон этгээд болох Ашид билгүүн ХХК-ийг томилсон нь дээрх хуулиудад нийцээгүй ба нэгэнт Ашид билгүүн ХХК-ийг хуульд заасан журмын дагуу томилогдсон шинжээч гэж үзэх боломжгүй тул тэдний гаргасан дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ нь хэдийгээр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамын  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тухай тогтоол нь хуульд заасан журмыг зөрчсөнөөс Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан дүгнэлт хүчингүй болох үндэслэлтэй боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гомдолд дурдсанчлан эд хөрөнгийг огт үнэлэхгүй, тухайн эд хөрөнгө үнэлэгдэхгүй гэсэн агуулга биш бөгөөд гагцхүү ийнхүү үнэлгээ тогтоохдоо хуульд заасан журмыг баримтлаагүйгээс дүгнэлт нь хууль ёсны болж чадаагүй гэж ойлгох нь зүйтэй.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч бүрэлдэхүүнтэй шинжилгээг бүрэлдэхүүнээр хийхээр тогтоолдоо заасан атлаа зөвхөн Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан “шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно.” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасан хуулийн агуулгаас үзэхэд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй эд хөрөнгийн хувьд тухайн хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахаар санал болгосныг төлбөр төлөгч зөвшөөрсөн тохиолдолд хөрөнгийг төлбөрт тооцож төлбөр авагчид шилжүүлэхээр ойлгогдох ба хэрэгт цугларсан нотлох баримтаар төлбөр авагч барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авахыг зөвшөөрөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй гэсэн байх ба анхан шатны шүүх уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, тусдаа бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэхээр заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.5-д заасныг зөрчөөгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Ц.Э шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа төлбөрт хураагдсан эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх зөрчигдсөн гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан ба тэрээр төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарыг төлөөлөөгүй, тэд нэхэмжлэгч Ц.Эт итгэмжлэл олгоогүй, тэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргаагүй болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Орбит станцын барилгыг хуучны ашиглагдаагүй барилга гэж улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэнээс өөрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь шинжилгээний объект болохын хувьд шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй гэх нөхцөл байдал буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй.

Улмаар нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурдсанчлан шүүхийн шийдвэрт шүүгч өөрөө гарын үсэг зураагүй гэх нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар болон өөр бусад байдлаар тогтоогдоогүй хэдий боловч шүүхээс гаргасан эрхийн актуудад шүүгч гарын үсгийг өөр өөр хэлбэрээр зурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баталгаажуулна” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах хэл, бичигт тавигдах шаардлагад нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохихыг магадлалд тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр  нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоос “... дахин Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон тул үнэлгээг хүчингүй болгох” тухай агуулга бүхий хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 136/ШШ2018/00221 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээний тайлан дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг хуучнаар Орбит станцын барилгад байршилтай, Орбит станц зориулалттай, 750 мкв талбайтай /ашиглагдахгүй хуучин барилга/, улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252453 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112053 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч Ц.Эт буцаан олгосугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                      Н.БАТЧИМЭГ