Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2018/00221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 6 дугаар баг, Шинэ зууны гудамж, 35 дугаар байрны 35 тоотод оршин суух, эмэгтэй, 53 настай, Чогсом овогт Цэвэгжавын Энхжинжавын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 мкв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, “Ашид билгүүн” ХХК-иас тус барилга, газрыг 18,900,523 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Энхжинжав, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг, Ц.Эрэвгийлхам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ашид билгүүн” ХХК-ийн төлөөлөгч Ч.Жамъян, шинжээч Б.Уянга, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Энхжинжав миний ах Ц.Энхээ нь дүү Ц.Эрхэмбатын хамт 2004 онд Оросын цэргийн ангийн Орбит станцын барилгыг дуудлага худалдаагаар авсан билээ. Энэ хугацаанд миний бие нь 2015 онд уг барилгын хамтран өмчлөгчөөр орсон бөгөөд бидний хувьд уг барилгаа тодорхой хэмжээгээр ашиглах зорилготой боловч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн харилцааны хямралтай холбогдуулан нөгөө талаас уг барилга маань хэт тоногдож суурин хана, дээврээс өөр зүйлгүй болохоор ямар нэгэн байдлаар ашиглагдах боломжгүй байгаа болно.

...тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний энэхүү өмчлөлийн эрхийн асуудлыг ноцтойгоор зөрчиж уг барилга нь зөвхөн Ц.Энхээ, Ц.Эрхэмбат нарын өмчлөл мэтээр хандаж байх тул Орбит станцын барилгын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Мөн тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг барилгын үнэлгээг өмчлөгч бидний үнэлүүлэх саналгүй байгаа гэсэн эрхийг ноцтойгоор зөрчиж хүчээр дахин үнэлгээг “Ашид билгүүн” ХХК-иар гаргуулжээ. Гэтэл уг компани нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 9-р “Шинжээч томилох тухай” тогтоолыг үндэслэн Орбит станцын барилгад үнэлгээ хийх боломжгүй гэсэн атлаа дахин өөрийхөө энэхүү эрх зүйн баримтыг үгүйсгэж үнэлгээ гаргаад байгаа нь үнэнд нийцэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн энэхүү асуудал нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 136/ШШ2017/00388 тоот шийдвэрээр шийдэгдэж хуулийн хүчин төгөлдөр эрхийн акт гарчихаад байхад давхардуулж илтэд хууль зөрчөөд байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд энэхүү үндэслэлээр “Ашид билгүүн” ХХК-иас гаргасан үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг болон Ц.Эрэвгийлхам нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас төлбөр гаргуулж Хаан банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ц.Эрхэмбат, Ц.Энхээбаяр нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгсөн, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөр төлөх хугацаа өгсөн, эд хураах тогтоолоор төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 01 дүгээр багт байрлах улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаартай 750 м.кв талбайтай орбит станцын барилга, Дорноговь аймгийн Сайншанд сумын 01 дүгээр багт байрлах 0019743 дугаартай 1000 м.кв талбайтай эзэмшлийн газрыг тус тус хураан авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, хамтран төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад, үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтггэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт үнэлгээг танилцуулж, мэдэгдэл хүргүүлсэн тухай тэмдэглэл хөтөлсөн, уг үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, өмнөх Вэндо ХХК-ийн үнэлгээг шүүх 2017 оны 10 дугаар сард 388 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон тул орон нутагт дан ганц “Ашид билгүүн” ХХК үйл ажиллагаа явуулдаг учраас үнэлгээчнээр томилсон бөгөөд үнэлгээг бүрэлдэхүүнтэй хийсэн байдаг. Үүнээс өмнө Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилох гэтэл орон нутгийн байгууллагадаа ханд, зардал төсөв ихтэй тул бид үнэлгээ хийхгүй гэсэн юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ашид билгүүн ХХК-ийн төлөөлөгч Ч.Жамъяан, үнэлгээчин Б.Уянга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид орон нутагтаа дан ганц барилгын зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан, мөн шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх боломжгүй, түүнчлэн урьд нь дангаар шинжээчээр оролцох, үнэлгээ хийх боломжгүй гэж үзсэн тул барилгад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан, үнэлгээг гаргахад Хөрөнгин үнэлгээний тухай хуулийн 8-р зүйлд зааснаар Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлох ёстой боловч барилга өөрөө орлогын болон жишиг үнийн аргуудыг хослуулах боломжгүй тул өртгийн аргыг сонгож үнэлгээг гаргасан бөгөөд үндэслэл бүхий болно гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаарт шүүхийн шийдвэрээр Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас 73,714,471 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 526,522 төгрөгийг гаруулж Хаан банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарын нэр дээрх үл хөдлөх хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт байрлах улсын бүртгэлийн Y-0713002673 дугаартай 750 м.кв талбайтай орбит станцын барилга дээр үнэлгээний байгууллага болох Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ тогтоолгосон ба уг үнэлгээг үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нь хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, “Ашид билгүүн” ХХК-иас тус барилга, газрыг 18,900,523 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-2 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгч нь өмчлөгчийн үнэлүүлэхгүй гэсэн эрхийг зөрчиж шинжээчээр Ашид билгүүн ХХК-ийг томилсон, тус байгууллага урьд нь үнэлэх боломжгүй гэсэн атлаа үнэлгээ тогтоосон гэж,

хариуцагч нь шинжээч томилохдоо нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, эд хөрөнгийг үнэлэхгүй байх боломжгүй, хөндлөнгийн-мэргэжлийн үнэлгээний байгууллагыг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан бөгөөд үнэлгээ нь үндэслэлтэй, хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. /хх-19-20 дугаар тал/

Зохигчид нэхэмжлэгч /Ц.Энхжинжав/-ийг хамтран өмчлөгч гэдэгт маргаагүй.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2016/00172 дугаартай шүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилгыг зээлдэгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас Хаан банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 73,714,471 гаргуулж олгохоор шийдвэрлэсэн ба Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилга ...-ыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжав нэхэмжлэлийн үндэслэлдээ миний ах Ц.Энхээ гэж бичсэн байх боловч тэрээр 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ...172 дугаартай шүүхийн шийдвэрт хариуцагчаар оролцсон, одоо төлбөр төлөгч Ц.Энхээбаяр болохыг шүүх тодруулав.

 

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр авагч “Хаан банк” ХХК-ийн Дорноговь салбар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ...1150 тоот шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 328 болон 329 тоот гүйцэтгэх хуудас олгожээ.

 

Хариуцагч дээрхи шийдвэр, албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01, 02 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мөн өдрөөс эхлэн явуулахыг шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхамд даалгажээ. /хх-101-102/

 

            Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 26/38 тоот мэдэгдэлээр төлбөрийг Хаан банк дахь төлбөрийн 5360331195 тоот дансанд тушаахыг мэдэгдэж /хх-69/, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 26/01 тоот тогтоолоор улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилгыг битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 26/01 дугаартай тогтоолоор хураасан байна. /хх-71-73/,

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “...үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч, хамтран өмчлөгч Ц.Энхжинжав, Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нараас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч харилцан тохиролцож тогтоогоогүй буюу тохиролцоогүй, зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Ц.Эрэвгийлхам нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15 тоот тогтоолоор тус аймаг дахь “Ашид Билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгөд бүрэлдэхүүнтэй мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгожээ. /хх-24, 76-80, 100/

 

 Шинжээчээр томилогдсон “Ашид Билгүүн” ХХК нь улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 мкв талбайтай барилга, газрын хамт 18,900,523 төгрөгөөр үнэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хх-26-60/

 

            Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь уг үнэлгээг төлбөр төлөгч Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат, хамтран өмчлөгч Ц.Энхжинжав, “Хаан банк” ХХК-ийн Дорноговь салбарт 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус мэдэгдэл хүргүүлж, танилцуулсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /хх-82-85,162/

 

Шүүхэд нэхэмжлэгч Ц.Энхжинжав нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалтай танилцаж мэдэгдсэн байгаагаас үзэхэд хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхжинжавын нэхэмжлэлийн “...зөвхөн Ц.Энхээбаяр, Ц.Эрхэмбат нарын өмчлөл мэтээр хандаад байгаа” гэх үндэслэл нь Ц.Энхжинжавыг өмчлөгч бус гэдгээр бус 2016 оны ...172 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчаар дээрх нэр бүхий 2 этгээд байсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр нэр дурдсан 2 хүнд холбогдуулж ажиллагаа хийгдсэн байх тул үндэслэлгүй байна.

            Учир нь хариуцагч тал Ц.Энхжинжавыг уг дундын өмчийн, дундаа хамтран өмчлөгч гэдэгт маргаагүй ба эд хөрөнгийг үнэлүүлэхгүй байх эрхийг нь зөрчсөн гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч /Ц.Энхжинжав/-ийг дундаа хамтран өмчлөгч гэдгийг Улсын бүртгэлийн гэрчилгээ нотложээ.

            Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь барьцаа хөрөнгө Орбит станц дээр ажиллагаа явуулахдаа өмчлөгчийн эрхийг зөрчсөн, өмчлөгчөөс хассан үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн энэ үндэслэл хариуцагчийн тайлбар, Хаан банкнаас ирүүлсэн нотлох баримт, тайлбар, 2016 оны ..172 дугаартай шүүхийн шийдвэр зэргээр няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэхээр өөрийгөө Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар дундаа хамтран өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад барьцаалж болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс” төлбөрийг гаргуулна.

Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1., 86.2. 86.4-т ...Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс, ...гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс., Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс буюу өмчлөгчийн хөрнгөөс төлбөрийг гаргуулахаар заажээ.

Өмчлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, албадан дуудлага худалдаа, үнэлгээ хийлгэх болон шаардлагатай бусад тохиолдолд хүлцэх үүрэгтэй байна. Энэ үйлдэл нь өмчлөгчийн эрхэд халдаж буй үйлдэл мөн боловч нэгэнт төлбөр төлөгч нар нь гуравдагч этгээд Хаан банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн тул дээрх шийдвэр гүйцэгчийг үйл ажиллагаа, үйлдлийг хүлцэх үүрэгтэй байх тул өмчлөгч нь тодорхой тохиолдолд, түүний өмчлөх эрхэнд халдсан явдал нь хууль зөрчсөн болохгүй.

Иймд нэхэмжлэгч Ц.Энхжинжавын барилгыг үнэлүүлэхгүй байх эрхийг зөрчсөн,  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн, үнэлгээний улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба дундаа хамтран өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-137/, нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх тул  Иргэний хуулийн 9-р зүйлийн 9.4.7., 108 дугаар зүйлийн 108.4-д зааснаар дундаа хамтран өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.” гэж заажээ. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар хөрөнгийн үнэлгээний талаар санал зөрөлдсөн тул шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзах, үнэлэх боломжгүй гэж үзжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д зааснаар шийдвэр гүйцэтгэгч талуудын саналыг харгалзан бие даан үнэлэх, зах зээлийн үнийг тогтооход хүндрэл учирсан эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ.

 Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 21.2-т зааснаар “Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна.

Хариуцагчаас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон нь хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа ... эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэг, 44 дүгээр зүйлийн 44.2.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, журмын дагуу явуулсан байна. Тодруулбал: уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д заасан шинжээчээр хөрөнгө үнэлүүлэх, шинжээч томилсон ажиллагаа нь хууль зөрчөөгүй, барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эдхөрөнгө, газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг, мөн өртгийн аргаар хийсэн үнэлгээг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Энхжинжавийн хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн Ү-0713002679 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилгын өмчлөгчөөр тогтоолгох, “Ашид билгүүн” ХХК-ийн Дорноговь аймаг Сайншанд сумын 1 дүгээр баг Орбит станцын 750 м.кв талбайтай барилгыг 18,900,523 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхжинжаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,453 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 112,053 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Энхжинжавд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон