Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

    2020           5             19                                         2020/ДШМ/624

 

 

                              Б.Од холбогдох эрүүгийн

                                               хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

Хохирогч Б.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Б.О,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох эрүүгийн 1906069230281 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр

Б.О,

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 9-11 тоотод иргэн Б.Пүрэвжаргалтай маргалдан, зүүн гарын ядам хурууг нь мушгисны улмаас хугалж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хөөврийн буурлынхан овгийн Бизъяагийн Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Оийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан, хохирогч Б.Пүрэвжаргалд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй орхиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.О нь “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр ажилладаг, дээд боловролтой, сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд өөрийн төрсөн эгч болох хохирогч Б.Пүрэвжаргалын гарыг нь мушгиад, дээрээс нь дэвсэх үйлдэл хийх, тийм ухамсрын түвшин доогуур, ёс суртахуунгүй хүн биш гэдгээ шүүхэд тайлбарладаг, мөн хохирогч өөрөө хойш унахдаа тухайн гэмтлийг авсан байх боломжтой, үйл явдлыг нүдээрээ харсан гэрчүүд хурууг мушгиагүй болохыг мэдүүлдэг, гэрч Ж.Алимаа хохирогчийн хуруунаас бөгжийг салгахдаа мушгиж гэмтэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч шүүх уг үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулж, шүүгдэгч Б.Оийг гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.

Гэвч шүүх шүүгдэгч Б.Оийг хохирогч Б.Пүрэвжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож, нотлогдоогүй байхад түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж, гэм буруутайд тооцож, шударга бусаар ял оногдуулж байгаад гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцох эрх бүхий субъектүүдийн гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судлалгүй, шүүх хуралдаанаар тогтоогдсон зарим үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй байна.

Мөн тухайн үйл явдал болоход яг хажууд нь байсан, болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэрч А.Түвшинжаргал, Б.Ганбилэг нарын мэдүүлгээр хохирогч Б.Пүрэвжаргалын баруун гар нь шүүгдэгч Б.Оийн цамцны энгэрт орооцолдож, Б.Пүрэвжаргал нь жижиг сандлаас хойшоо холбирч унасан байдаг бөгөөд, унахдаа зүүн гарын ядам хуруундаа гэмтэл авсан байх боломжтой нь харагддаг, мөн Б.О, Б.Пүрэвжаргалын зүүн гарын хурууг мушгиж, гарнаас татаагүй гэдэг нь тогтоогддог.

Тухайн үед хажууд нь байсан гэрч Б.Алтайгийн мэдүүлэг, хохирогч Б.Пүрэвжаргал, гэрч А.Түвшинжаргал нарыг нүүрэлдүүлж байцаасан мэдүүлгүүдээр хохирогч Б.Пүрэвжаргал нь бүр сүүлд цагдаа дуудаад орж ирэхдээ зуун гарын хуруу тулгачихлаа гээд хохирогч Пүрэвжаргал, гэрч Алтайд харуулсан. Мөн хохирогч Б.Пүрэвжаргал нь гарчихаад буцаж орж ирэхдээ хуруу хугалчихлаа гэж гэрч А.Түвшинжаргалд хэлсэн болох нь харагддаг.

Эдгээр баримтуудад дүгнэлт хийвэл хохирогч Б.Пүрэвжаргалын мэдүүлээд байгаа шиг шүүгдэгч Б.О нь хохирогчийн зүүн гарын гурван хурууг мушгиад татсан бол тухайн үед хохирогч хуруу хугарчихлаа эсхүл гэмтчихлээ гэж хэлэх байсан, гэвч хэзээ хойно нь буюу тухайн үйл явдал болоод өнгөрсний дараа гарч яваад цагдаа дуудаад эргэж орж ирэхдээ хуруу хугарчихлаа, хуруу тулгачихлаа гэж хэлсэн болох нь тогтоогддог.

Үүнээс дүгнэхэд тухайн үйл явдал болж өнгөрөөд хохирогч гарч яваад цагдаа дуудаад буцаж орж ирэх хугацаанд тэрээр хэнтэй, хаана байсан бэ гэдэг асуулт гарч ирдэг.

Энэ хугацаанд хохирогч Б.Пүрэвжаргал нь өөрийн төрсөн охин Т.Мөнгөнцэцэгийн найз Ж.Алимаатай хамт байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

Гэрч Ж.Алимаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгээр хохирогч Б.Пүрэвжаргал ээжийнхээ гэрээс буюу тухайн үйл явдал болсон газраас гарч ирээд Ж.Алимаагийн сууж явсан автомашинд суусан байдаг ба тухайн үед Б.Пүрэвжаргалын гар нь их хавдсан, унжсан байсан, бөгж нь зүүн гарын ядам хуруунд нь шигдээд орсон байхаар нь бөгжийг нь хуруунаас нь салгасан үйл баримт тогтоогддог.

Ингээд тухайн үед гэрч Ж.Алимаа нь хохирогч Б.Пүрэвжаргалын бөгжийг хуруунаас нь салган авах үедээ мушгиж, гэмтэл учруулсан байх боломжтой юм. Учир нь хавдаад шигдэж орсон байсан бөгжийг зүгээр нэг татаад, мушгиж эргүүлэхгүйгээр хуруунаас нь салгах боломжгүй бөгөөд ямар нэгэн байдлаар мушгиж эргүүлэх байдлаар л гаргах боломжтой.

Хохирогч Б.Пүрэвжаргал нь сахарын өвчтэй бөгөөд тухайн хүний архаг хууч өвчин, насны байдал зэрэг олон шалтгаан, нөхцлөөс хамаарч бөгжийг гарнаас салган мушгих үед шинжээчийн дүгнэлтэд заасан мушгиралтаас үүссэн гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогддог, хоёрдугаарт гэрч Ж.Алимаа нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “зүүн гарын хуруу нь мушгирсан, уйлсан байдалтай байж байсан” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “гар нь их хавдсан, унжсан байсан” гэж маш зөрүүтэй мэдүүлж байгаа зэргээс дүгнэхэд яг дээрх гэмтлийг хэн учруулсан болох нь тодорхойгүй энэ үйл баримтад шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан хирнээ, Б.Оийг гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэж байгааг шүүх онцгой анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэсэхгүй болгож Б.Оийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэсэн зүйл анги нь надад эвгүй санагдаад байгаа. Тухайн үед жижиг сандлаас унахдаа зурагтын тавиур дээр зүүн гараараа тулж унасан. Баруун гараараа миний цамцнаас зүүгдсэн байсан. Тэр үед намайг дээрээс нь дараад уначих байх гээд манай хүргэн биднийг салгасан. Миний гарын тулгасан учир цагдаад дуудна гэж манай эгч хэлсэн. Гадаа гараа манай эгч өөрийнхөө охиныг дуудсан байсан. Охин нь ирээд ядам хуруунд нь байсан бөгжийг арай гэж мушгиж авсан гэдгээ мэдүүлсэн. Тэр үед гар нь мушгирсан гэж бодож байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч өөрөөс нь олон насаар ах хүнийг хэл амаар доромжлоод эрх чөлөөнд нь халдаж зодсон. Хохирогч нь ээждээ авч ирсэн эмнээс болоод хоороноо маргалдсан. Шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн хохирогчийн зүүн гарыг зодож гэмтээсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Хохирогч гэрч нарын мэдүүлгээр гар мушгичихлаа гэж орилсон нь тогтоогдсон. Тэр өдрөө гэмтэл согог судлалын үндэсний төв болон шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ядам хуруу нь мушгирч хугарсан нь байна гэж шүүх эмнэлэг тогтоосон. Иймээс Б.Оийн үйлдлээс ийм хэрэг гарсан нь хангалттай тогтоогдсон. Алимаа гэх хүн ирээд бөгжийг нь тайлж өгсөн гэж хэлж байна, тэр бөгж нь амтай бөгж байсан. Б.Оийн үйлдлээс болж мушгирч хугарсан нь тогтоогдсон гэж үзэж байна. Одоо болтол уучлалт гуйгаагүй хохирол төлбөр төлөгдөөгүй” гэв.

Хохирогч Б.Пүрэвжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би тухайн үед эгч дүүс учир гомдолгүй гээд яахав дээ. Миний хурууг янзлаад өгчих гэж хэлсэн. Миний зүүж явсан бөгж амтай бөгж байсан. Миний гар ийм болчихлоо гээд үзүүлэхэд “хохино” гэж хэлсэн. Цагдаагаа дууд гээд миний амруу салаавч чихээд байсан. Тэгээд зууралдахад миний зүрх рүү хоёроос гурван удаа цохисон. Намайг арагшаа унахад “ална” гэж хоёроос гурван удаа өшиглөсөн. Дахин надруу дайрахаар нь миний гар ийм болчихлоо гэж хэлээд гараа үзүүлсэн. Би тэтгэврийн 350.000 төгрөг авдаг. Гараа эмчлүүлэхэд надад 1.000.000 төгрөг хэрэг болж байна. Миний гарыг эмчлүүлээд өгөөч гэхэд тоохгүй байна. Би маш их гомдолтой байна” гэв.

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Анхан шатны шүүх нотолбол зохих зүйлийг тогтоосон, хуулийг ноцтой зөрчсөн зүйл тогтоогдсонгүй гэж үзэж шийтгэх тогтоол гаргасныг дэмжиж шүүх хуралд оролцож байна. Гэрч Ганбилэг нь анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцохдоо “тухайн гарны байрлал зэргийг хараагүй” мэдүүлсэн. Өмгөөлөгч Алимаа гэх хүн ирээд бөгжийг гараас нь авахдаа гэмтээсэн гэх таамгаар хандаж  байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь мушгих үед үүсэх боломжтой гэсэн. Гэрч нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авахад мэдүүлгийн зөрүү гараагүй хэдий ч гэрч нар өөр өөрийн харсан өнцгөөс харсан зүйлээ мэдүүлсэн. Иймд энэ гэмтлийн учруулсан байна гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 9-11 тоотод иргэн Б.Пүрэвжаргалтай маргалдан, зүүн гарын ядам хурууг нь мушгисны улмаас хугалж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

хохирогч Б.Пүрэвжаргалын “...Б.О “Битгий хуц, май чи” гээд салаавч гаргаад ам руу чихээд байхаар нь “Чи одоо яагаад байгаа юм бэ?” гээд пудволкноос нь татсан чинь миний цээж рүү цохиход би жижиг сандалнаас хойшоо унасан. Гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь “зайлаач” гээд хоёр хөлөөрөө тийчилсэн чинь Б.О зүүн гарын гурван хурууг мушгиад татаад байсан. Энэ үед хүргэн Түвшинжаргал салгаж холдуулахаар нь би босож ирээд ядам хуруугаа мурийж, унжсан байсан тул “Хуруу хугалчихлаа шүү дээ” гэж тэд нарт харуулсан чинь Б.О, Ганбилэг хоёр “хохино” гэсэн. ...” /хх 11, 17-18/,

гэрч А.Түвшинжаргалын “...Тэгээд би махаа гаргаж байгаад эргээд харсан чинь нөгөө хоёр жижиг сандлаас хойшоо ханарч унасан. Тэгэхээр нь би очиж Б.Оийг босгоход түүний цамцны захад Пүрэвжаргал эгчийн баруун гар нь орооцолдсон байсныг салгаж босгосон. Тэгээд Пүрэвжаргал эгч та нар нийлж зодлоо, хуруу мушгиж гэмтээлээ гэж хашгичаад байсан. ...Пүрэвжаргал, холбогдогч Б.О хоёр хэрэлдэж байгаад түлхэлцсэний улмаас жижиг сандал дээрээс унасан. Тэгэхээр нь би очиж салгасан. ...” /хх 15/,

гэрч Б.Ганбилэгийн “...Б.О эгч рүү далайсан чинь гарыг нь буцааж түлхсэн чинь баруун гар нь цамцных нь энгэрт тээгэлсэн. Тэгээд Пүрэвжаргал эгч суухдаа жижиг сандлаас холбироод хойшоо зөөлөн унасан. Тэгэхээр нь эгчийг дараад уначихлаа гэж бодоод нөхөр Түвшинжаргал Б.О эгчийг татаж босгосон. ...тэгээд Пүрэвжаргал эгч босож ирээд нийлж зодлоо гэж хашхичаж байгаад цагдаа дуудахаар гарч яваад цагдаа дагуулж орж ирээд ээжийг загнаад байхаар нь 2 цагдаа настай хүн рүү дайрч болохгүй гэж хэлсэн....” /хх 25/,

гэрч Б.Алтайн “...Би Б.Пүрэвжаргал эгчийн хуруу нь юунаас болж гэмтсэнийг хараагүй учраас мэдэхгүй байна. ...Тэгээд нэг хэсэг чимээгүй болсон хойд ширээн дээр ээж эгч нар даалуу тоглоод суусан. Би эсрэг талын орон дээр доошоо хараад тоглож байсан. Тэгээд нэг харсан чинь Б.О эгчийг Түвшинжаргал ах салгаж байсан. Тэгээд янз бүрээр маргалдаж байгаад цагдаа дуудсан. ...” /хх 27/,

 

гэрч Т.Мөнгөнцэцэгийн “...Тэгээд найз охин Алимаагийн гэрт байсан учраас “хамт ээж дээр очъё, муудалцаад байх шиг байна” гэсэн. Тэгээд бид хоёр машиндаа суусан чинь ээж дахиж залгаад “Б.О гар хугалчихлаа” гэсэн. Ингээд бид хоёр эмээгийнд очсон чинь ээж үүдэнд нь уйлсан, зүүн гарын ядам хуруу нь мушгирсан байдалтай, Б.О эгчийг хуруу хугалсан гэсэн байдалтай байж байсан. ...Тэгээд ээж бид хоёр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч хурууг нь мушгисан байна гэсэн, мөн шүүх эмнэлэг хурууг нь мушгисан байна гэсэн. Тухайн үед манай ээж надад хэлэхдээ Б.О эгч гарыг мушгиж гэмтээсэн гэж хэлсэн бөгөөд эмээгийнд очиход хуруу нь мушгирсан байсан. ...ээж хэлэхдээ Б.О эгч хурууг нь мушгиад байхаар нь “гар тавиач” гэсэн чинь хохино гээд мушгиад байсан гэж хэлсэн. ...” /хх 29-30/,

 

гэрч Ж.Алимаагийн “...“Б.О гар хугалчихлаа, зодоод байна” гэсэн чинь утасны цаанаас эмэгтэй хүн “май, май, тэгээд яадаг юм, охиноо дуудаад ир, харъя, ална шүү, цагдаа дуудаад яадаг юм, би эрүүл юм чинь” гэж байгаад утас нь тасарсан. ...бид хоёр очсон чинь ээжийнх нь зүүн гарын хуруу мушгирсан, уйлсан байдалтай байж байсан. ...гадаа машинд хохирогч бид хоёр сууж байхдаа түүний гэмтсэн ядам хуруунд байсан амтай бөгж нь шигдээд орсон байсныг авч өгсөн учраас хуруу нь мушгирсан байсныг мэдэж байна. ...Цагдаа дээр Мөнгөнцэцэг тэр хоёрыг учраа ол гээд зөндөө хэлсэн боловч учраа олохгүй өргөдөл өгсөн. Тухайн үед хохирогч Б.Пүрэвжаргал хэлэхдээ дүү “Б.О хурууг мушгиж гэмтээсэн, тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг нь болж байна” гээд уйлаад байсан. Тэгээд цагдаа дээрээс бид гурав шүүх эмнэлэг болон гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. ...” /хх 32/,

 

Шинжээч Т.Чимэд-Очирын “...Б.Пүрэвжаргал нь Гэмтлийн эмнэлэгт авхуулсан рентгэн зурагт зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр яс мушгирсан хугаралтай харагдах бөгөөд үүнийг дүгнэлт хэсэгт дүгнэж бичихдээ “тухайн хүний биед хийсэн үзлэг, рентген зургийг үндэслэн зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, уг хуруунд зөөлөн эдийн няцрал” гэж дүгнэж бичсэн юм. Эдгээр нь нэг ойлголт бөгөөд тухайн гэмтэл нь уг хурууг мушгихад үүссэн байх боломжтой. Унах үед үүсэх боломжгүй. Учир нь рентген зургаар мушгирсан хугарал оношлогдсон байна. ...” /хх 49-50/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Пүрэвжаргалын биед зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, уг хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 21/,

 

Б.Пүрэвжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан гомдолыг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх 6, 8-9/, дуудлагын лавлагааны хуудас /хх 7/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлаж хэргийн үйл баримтыг шүүгдэгч Б.Оийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Оийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Тамирын “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Оийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

 

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

 

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Шүүгдэгч Б.О “...Б.Пүрэвжаргалын хурууг мушгиж гэмтээгээгүй...”, гэрч А.Түвшинжаргал “...хурууг мушигаж гарнаас татаагүй. Зүүн хуруу нь юунаас болж гэмтсэнийг үнэхээр мэдэхгүй...”, Б.Ганбилэг “...хурууг мушгиагүй...”, Б.Алтайн “...хуруу нь юунаас болж гэмтсэнийг хараагүй...” гэж мэдүүлсэн, хохирогч Б.Пүрэвжаргалыг гэрч Б.Ганбилэг, А.Түвшинжаргал  нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд хэн аль нь өөрсдийнхөө мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлгийг үнэн зөв хэмээн мэдүүлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч, нэр бүхий гэрч нар хохирогч Б.Пүрэвжаргалын хурууг мушгиж гэмтээгээгүй, хараагүй гэж мэдүүлсэн хэдий ч хохирогчийн “...Б.О зүүн гарын гурван хурууг мушгиад татаад байсан. ...ядам хуруугаа мурийж, унжсан байхаар...”, Т.Мөнгөнцэцэгийн “...ээж дахиж залгаад “Б.О гар хугалчихлаа” гэсэн. ...зүүн гарын ядам хуруу нь мушгирсан байдалтай, Б.О эгчийг хуруу хугалсан гэсэн байдалтай байж байсан. ...ээж хэлэхдээ Б.О эгч хурууг нь мушгиад байхаар нь “гар тавиач” гэсэн чинь хохино гээд мушгиад байсан гэж хэлсэн. ...”, гэрч Ж.Алимаагийн “...зүүн гарын хуруу мушгирсан, уйлсан байдалтай байж байсан. ...Б.Пүрэвжаргал хэлэхдээ дүү Б.О хурууг мушгиж гэмтээсэн...”, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...тухайн гэмтэл нь уг хурууг мушгих үед үүссэн байх боломжтой. ...Унах үед үүсэх боломжгүй. Учир нь рентген зургаар мушгирсан хугарал оношлогдсон байна. ...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...рентгенд зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүр яс мушгирсан хугаралтай харагдана...” гэсэн дүгнэлтээр няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж хуульчилжээ.

Хохирогч Б.Пүрэвжаргал өөрийн биед учирсан зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарлыг хэн, ямар байдлаар учруулсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгийг гэрч Т.Мөнгөнцэцэг, Ж.Алимаа, шинжээч эмч Т.Чимэд-Очир нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг худал гэж үзэхгүй.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан идэвхитэй үйлдэл байдаг бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй, мөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хүндэвтэр хохиролд зориуд хүргэснээр төгсдөг.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.О “...Б.Пүрэвжаргал эгч миний гарыг хугалчихлаа ...гэж орилж хашхичаж цагдаа дуудна гэсэн, ...унахдаа гараараа тулж унасан байх гэж бодож байна. ...Эгч зурагтны стенкэн дээр дарж унасан тэгээд гараа гэмтээсэн...” /хх 45-46/, гэрч А.Түвшинжаргал “...хурууг мушгиж гэмтээлээ гэж хашхичаад байсан...” /хх 15/, гэрч Б.Ганбилэг “...хойшоо унахдаа зүүн гараа дараад уначихлаа гэж бодсон. ...Босч ирэхдээ миний гар хугарчихлаа гээд орилоод байсан...” /хх 147, 149/ гэсэн мэдүүлгүүдээс харвал хохирогч Б.Пүрэвжаргал тухайн үед өөрийн зүүн гарын ядам хуруу гэмтсэн талаар хэлж байсан байдал тогтоогдож байх тул давж заалдах гомдолд дурьсан “...бөгжийг гарнаас салган мушгих үед шинжээчийн дүгнэлтэд заасан мушгиралтаас үүссэн гэмтэл учирсан...” гэж дүгнэх боломжгүй.

Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, хэргийн үйл баримт нь уг хэрэгт хувийн сонирхолгүй хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.   

Үүнээс гадна давж заалдах гомдолд дурьдаагүй ч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заатад зааснаар шүүгдэгч Б.Од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, албадлагын арга хэмжээг хэрэглэсэн нь буруу болсон байх бөгөөд тухайн хуулийн зорилго, агуулгыг сайтар судлаж, хэдийд, хэрхэн хэрэглэхийг хууль зүйн хувьд зөв ойлгох шаардлагатайг цаашид онцгойлон анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Г.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ