Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

       2020         04        03                                  2020/ШЦТ/614

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч Ц.Гантулгабат,

 хохирогч Б.П,

 хохирогчийн өмгөөлөгч Д.Бурмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0025/,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Тамир /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2571/,

гэрч Б.Ганбилэг, гэрч Ж.Алимаа, гэрч Т.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1906 06923 0281 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.О, Монгол улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн “Борнуур” суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч, багш мэргэжилтэй, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч ажилтай, ам бүл 3,  нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 54 дүгээр байр, 53 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлайн 9-11 тоотод иргэн Б.Птай маргалдан, зүүн гарын ядам хурууг нь мушгисны улмаас хугалж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оийн өгсөн:

“...Бид хэд даалуу тоглоод сууж байтал Б.П эгч гадуур хувцсаа өмсөөд гарах гэж байснаа болиод миний хажууд сандал авчраад суусан. “Та нар намайг дагавар болохоор нь ялгаварлаад байна” гэсэн. Бид хэд өмнө нь ийм асуудал гаргаж хоорондоо маргалдаж байгаагүй. Манай хүүхдүүд танай нөхрийг тэгж хэлсэн, тэрийг ингэж хэлсэн гээд байхаар нь “та одоо болиоч ээ” гэхэд миний урдаас гараа сарвалзахаар нь би хаасан. Тэгтэл жижиг явган сандал дээрээс миний цамцыг татаад зурагтны тавиур руу гулгаад унасан. Тэгээд босч ирээд “та нар намайг бүлэглэн зодлоо” гээд орилоод манай хүүхдүүд шүүх, цагдаагийн байгууллагад ажилладаг. Та нарыг хохирооно гээд орилж, хашхичаад байсан. ...Би 50 нас хүрч байгаа, дээд боловсролтой, багш, сэтгүүлч мэргэжилтэй хүн байж эгчийнхээ гарыг мушгиад дээрээс нь дэвсээд байж байх тийм ухамсар муутай хүн биш. ...Би 3 удаагийн шилжүүлгээр нийт 150.000 төгрөгийг эгч рүү шилжүүлсэн. Дансны хуулга маань хавтаст хэрэгт авагдсан. ...Гэхдээ би өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч мөнгө төгрөг өгч байгаа юм биш. Дүүгийнхээ хувьд өгч байгаа зүйл шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй эгчийнд очоод уучлалт гуйсан” гэх мэдүүлэг[1],

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Пын өгсөн:

 “...Тухайн үед энд тэндээс янз бүрийн юм яриад байхаар нь “олон жил дуугай явлаа, сэтгэлдээ хадгалж явдаг хэдэн юмаа хэлье” гээд бачуурсандаа хэдэн үг хэлсэн. Гэрлээд хандаад “танай нөхөр цагдаа шүүхээр олон жил явсан хүмүүсийн хандыг дарж бай” гэж хэлсэн байна лээ гэхэд “Битгий хуц” гээд салаавч гаргаад ам руу чихсэн. Би хойшоо гэдийгээд подволкноос нь татсан. Тэгэхэд миний цээж рүү цохьсон. Миний цээжин тус газар хөхөрсөн байсан. Би бүх дүү нараа өсгөсөн. Тэгэхэд хоорондоо муудалцаад шүүх, цагдаагийн байгууллагаар явж байгаад итгэж өгөхгүй байна. Манай гэрт дүү маань Б.Оюунбилэгийг дагуулж ирээд уучлалт гуйлгаад явсан. Миний биеийн хувьд 2 хуруу маань хугарсан. Б.Оюунбилэг надад 50.000 төгрөгөөр 3 удаа нийт 150,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн барагшун, найруулдаг эм 2 нийлүүлээд 19,450 төгрөгөөр авч өгсөн. Хавтаст хэрэгт хохирлын 1,300,000 төгрөгний баримт байгаа. Өнөөдөр шүүх хуралдаанд 1,605,000 төгрөгний баримт шинээр гаргаж өгсөн. Нийт хохирол нь 2,905,000 төгрөг болсон. Цагдаагийн байгуулагад очоод “өргөдлөө буцаая” гэхэд “та нэгэнт шүүх эмнэлгээр орсон болохоор хэрэг тань заавал шүүхэд шилжинэ” гэж хэлсэн. Би Б.Оюунбилэгийн мууг үзэх гэж шүүхээр яваагүй. Хохирлыг маань барагдуулвал өөр гомдолгүй” гэх мэдүүлэг[2],

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Б.Ганбилэгийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бид нар ээжийндээ цугларсан. Бид нарыг очиход Б.П эгч ээжид эм авч өгсөн гээд ээжийнд байсан. Ээж “энэ эмний мөнгийг та нар өгөөрэй” гээд ширүүхэн дуугарсан. Бид нар яриад сууж байгаад би эмний гаж нөлөөг уншсан. Учир нь манай ээж нүдний хагалгаанд ороод удаагүй байсан. Энэ эм ээжид таарахгүй юм байна шүү дээ гэж хэлэхэд эгч бухимдаж, уурласан. Бүгдээрээ тойрч суугаад тоглож байтал Б.П эгч надтай хэрэлдэж байсан. Тэгснээ Б.Оюунбилэг эгчийг янз бүрээр хэлээд загнасан. Сууж байснаа гэнэт эгч рүү гар нь сарвайгаад нэг харахад хойшоо унасан байсан. Миний бодлоор хойшоо унахдаа зүүн гараа дараад уначихлаа гэж харсан” гэх мэдүүлэг[3],

4.Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Ж.Алимаагийн өгсөн:

“...Тухайн үед Т.Мөнгөнцэцэг ажлаа тараад манай гэрт орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ утсаар яриад ууртай орж ирсэн. Юу болсон бэ? гэхэд ээж, эмээд эм хүргэж өгөхөөр явсан юм. Тэнд дүү нартайгаа хэрэлдсэн гэнэ. Би яараад байна гэхээр нь хувцсаа өмсөөд хамт явсан. ....Би ээжид эм аваад ирэхэд дүү нар болохгүй, буруу эм аваад ирлээ гээд загнаад байна. Миний сонссоноор салаавч өгөөд “хуц май” гээд орилоод байсан. ...Би гэр рүү ороогүй. Т.Мөнгөнцэцэг гэр рүү нь орсон. Б.П эгчийг нэг дүү гаргаж ирж машинд суулгасан. Тэгэхэд гар нь их хавдсан, унжсан байсан. Мөн бөгж нь шигдээд орсон байхаар нь би салгасан. Б.П эгч цагдаа дуудсан гэхээр нь цагдааг хүлээж байсан. Машинаа барьж чадахааргүй хуруу нь хавдсан байсан” гэх мэдүүлэг[4],

5.Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч Т.Мөнгөнцэцэгийн өгсөн:

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэр рүүгээ харих гээд явж байхад миний утас дуугарсан. Аваад ярихад ээж байсан. “Би эмээд нь эм аваад ирэхэд энэ хэд гаж нөлөөг уншаад, ээжид таарахгүй” гээд дайраад байсан. Тэгэхээр нь “Та яах гэж тийшээ явж байгаа юм бэ? Би таныг битгий яв гэж” хэлсэн шүү дээ. Утсаар ярьж байх хооронд цаана нь Б.Ганбилэг, Б.Оюунбилэг эгч нарын дуу гарч байсан. “Юу гэсэн үг юм бэ? Тэрийг нь үзэх ёстой шүү дээ” гэж хэлж байсан. Би ээж рүү явъя гэж бодоод машинаа асааж байтал дахин утас дуугарсан. Тэгэхэд Б.О эгч цаанаас нь “май, тэгээд яахын” гэж орилоод байсан. Дараа нь дахиад залгахдаа энэ хэд миний гарыг хугалчихлаа шүү дээ гэхэд цаанаас нь Б.О эгч “Дуудаач наадхыгаа, пизда минь” гэж байсан. Би гадаа нь ирээд эмээгийн рүү ороход ээж үүдэнд зогсож байсан. Тэгээд гараа барьчихсан, миний хурууг хугалчихлаа гээд орилоод байсан. “Та нар юу болоод байгаа юм бэ? Та нар битгий хоорондоо ингэж муудалцаж бай” гэхэд Б.О эгч “ээж чинь янз бүрийн юм ярьснаас болж бид нар хоорондоо муудалцсан” гэхэд “ээж цагдаа дуудна” гээд гараад явсан. Би Б.О эгчид хандаад “Та нар төрсөн эгч дүүс, бид нар та хэдээс үлгэр дуурайлал авах үр хүүхдүүд, та нар эвлэрвэл бид нарт ч хэрэгтэй байна” гэхэд “Ээж чинь уучлахгүй юм байна лээ” гэх мэдүүлэг[5],

Эрүүгийн 1906 06923 0281 дугаар хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)

6.Гэрч А.Түвшинжаргал 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хадам ээжийнд эхнэрийн хамт очиход хадам эгч Б.П, Б.О, Ганчимэг эгч нар ирсэн байсан. Хадам ээж, хадам дүү Алтай нар болон баз Даваадорж бас байсан. Бид нар даалуу тоглож байхад Б.П эгч орилж, эм авч өгч чадахгүй байж зэргээр янз бүрээр хэлээд байсан. Дандаа загнаж байдаг болохоор тухайн үедээ тоогоогүй. Би зуухан дээрх махаа эргүүлж байсан чинь Б.П эгч Б.Оийн зүүн гар талд миний сууж байсан жижиг сандал дээр суугаад Б.Оийг гараараа чичээд хадам аавын нэрийг хэлээд загнаад байхаар нь “хэрүүлдээ аавын нэрийг оруулаад болиоч” гэж хэлж байсан. Тэгээд би махаа гаргаж байгаад эргээд харсан чинь нөгөө хоёр хойшоо сандлаас ханарч унасан. Тэгэхээр нь би очиж Б.Оийг босгоход түүний цамцны заханд Б.П эгчийн баруун rap нь орооцолдсон байсныг салгаж босгосон. Тэгээд Б.П эгч “Та нар намайг зодлоо, хурууг минь мушгиж гэмтээлээ" гэж хашгираад байсан” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Б.Ганбилэг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ээжийнд нөхрийн хамт очиход хадам эгч Б.П эгч, ээж нар байсан. Араас Б.О эгч, нөхрийн хамт Ганчимэг эгч нар ирсэн. Ээж “Б.Пын авч ирж өгсөн эмийг та нар авч өг. Надад их таарч байна” гэж хэлж байсан. Бид нар эмний заавар дээрээс сөрөг нөлөө байгаа эсэх, харвасан хүн ууж болох эсэх талаар уншиж байсан чинь Б.П эгч “та нарыг гуйлгачин явахад чинь харж үзэж, энэ зэрэгтэй болгосон” гэж загнасан. Тэгээд аавыг яриад байсан болохоор аавыг битгий буруутга гэж хэлсэн. Б.П эгч уурлаад бид нар руу асаж байсан боловч бид нар тоохгүй даалуу тоглоод байсан. Гэтэл Б.О эгчийн дэргэд байсан сандал дээр суугаад бид нар руу дайраад загнаад байсан. Тэгээд гэнэт Б.О эгч рүү гараа далайсан чинь Б.О эгч гарыг нь буцаагаад түлхсэн чинь баруун гар нь цамцных нь энгэрт тээглэсэн. Тэгээд Б.П эгч холбироод хойшоо зөөлөн унасан. Тэгэхээр нь Б.О эгч Б.П эгчийг дараад уначихлаа гэж бодоод нөхөр Б.О эгчийг татаж босгосон. Б.П эгч нийлж зодлоо гээд гарч цагдаа дуудсан. Маргааш нь Б.П эгчийнд очиж уучлалт гуйхаар очиход гараа гипсдүүлсэн байсан. Тэрнээс хойш Б.О эгч эмчилгээнд 200.000 орчим төгрөг өгснийг мэдэж байна” гэх мэдүүлэг[7],     

8.Гэрч Б.Алтай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би ээжтэйгээ хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манайд эгч нар ирсэн. Б.П эгч ээжид эм авч ирж өгсөн. Тэр эмийг сөрөг нөлөөтэй эсэхийг шалгаж байсан асуудлаас болж маргаан болсон. Том эгчийн хуруу хэрхэн гэмтсэнийг би хараагүй. Тэд нарыг маргаж байгааг анх удаа харж байна. Хойд ширээн дээр ээж, эгч нар даалуу тоглоод суусан. Би эсрэг талын орон дээр доошоо хараад тоглож байсан. Тэгээд нэг харсан чинь Б.О эгчийг Түвшинжаргал ах салгаж байсан. Тэгээд янз бүрээр маргалдаж байгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг[8],

9. Гэрч Т.Мөнгөнцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 11 дүгээр сард манай ээж над руу залгаад “Эм авч ирсэн. Эд нар чинь тохирохгүй эм байна гээд над руу дайраад байна” гэсэн чинь цаана нь Б.О эгч “Охиноо дууд, ална шүү, “Май май пизда, тэгээд яах юм” гээд салаавч гаргаад байх шиг байсан нь утасны цаанаас сонсогдож байсан. ...Тэгээд найз охин Алимаагийн гэрт байсан учраас “Хамт ээж дээр очье, муудалцаад байх шиг байна” гэсэн. Тэгээд бид хоёр машиндаа суусан чинь ээж дахиж залгаад “Б.О гар хугалчихлаа” гэсэн. Ингээд бид хоёр эмээгийнд очсон чинь ээж үүдэнд нь уйлсан, зүүн гарын ядам хуруу нь мушгирсан байдалтай, “Б.О эгчийг хуруу хугалсан” гэсэн байдалтай байж байсан. Тэгээд ээж бид хоёр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч “Хурууг нь мушгисан байна” гэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд “хурууг нь мушгисан байна” гэсэн. Тухайн үед манай ээж надад хэлэхдээ “Б.О эгч гарыг нь мушгиж гэмтээсэн” гэж хэлсэн бөгөөд эмээгийнд очиход хуруу нь мушгирсан байсан” гэх мэдүүлэг[9],

10. Гэрч Ж.Алимаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 11 дүгээр сард найз Мөнгөнцэцэг бид хоёр манайд байж байхад түүний ээж нь залгаад “Эм аваачиж өгсөн чинь эд нар болохгүй эм авсан байна гээд бүгдээрээ над руу дайраад байна” гэж уйлж ярьсан. Ингээд хэсэг хугацааны дараа ээж нь дахин залгаад “Б.О гар хугалчихлаа, зодоод байна” гэсэн чинь утасны цаанаас нь эмэгтэй хүн “Май, май, тэгээд яах юм, охиноо дуудаад хүрээд ир, харъя, ална шүү, цагдаа дуудаад яадаг юм, би эрүүл юм чинь” гэж байгаад утас нь тасарсан. Ингээд Мөнгөнцэцэг бид хоёр очсон чинь ээжийнх нь зүүн гарын хуруу мушгирсан, уйлсан байдалтай байж байсан. Тэгээд Мөнгөнцэцэг “Ах дүү нар байж учраа ол” гэсэн чинь учраа олохгүй маргалдаж байгаад гадаа машинд Б.П эгч бид хоёр суусан байхдаа түүний гэмтсэн ядам хуруунд нь байсан бөгж шигдээд орсон байсныг авч өгсөн учраас хуруу нь мушгирсан байсныг би мэдэж байна. Тухайн үед Б.П нь хэлэхдээ “Дүү Б.О нь хурууг мушгиж гэмтээсэн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг болж байна” гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг[10],

11. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.П, гэрч Б.Ганбилэг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[11],

12. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.П, гэрч А.Түвшинжаргал нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[12],

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13617 дугаартай дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Б.Пын биед зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүр ясны далд хугарал, уг хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[13],

14. Шинжээч эмч Т.Чимэд-Очир 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б.П нь Гэмтлийн эмнэлэгт авахуулсан рентген зурагт зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүр яс мушгирсан хугаралтай харагдах бөгөөд үүнийг дүгнэлт хэсэгт дүгнэж бичихдээ: “тухайн хүний биед хийсэн үзлэг, рентген зургийг үндэслэн зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, уг хуруунд зөөлөн эдийн няцрал гэж дүгнэж бичсэн юм. Эдгээр нь нэг ойлголт бөгөөд тухайн гэмтэл нь уг хурууг мушгихад үүссэн байх боломжтой. Унах үед үүсэх баломжгүй. Учир нь peнтген зургаар мушгирсан хугарал оношлогдсон байна” гэх мэдүүлэг[14],

15. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ээжид үе мөчний эм 93,000 төгрөгөнд аваад ээжийнд очиход дүү нар ирээгүй байсан. Үдээс хойш дүү нар нөхрүүдийн хамт ирсэн. Ээж эмний мөнгө та нар өгөөрэй гэж хэлсэн чинь дүү нар буруу ойлгосон юм шиг байсан. Эмний зааврыг уншиж сөрөг нөлөө байгаа эсэхийг хараад байсан. Бид нар ах  дүү нарын хоорондын асуудлаар маргалдаж байгаад тэд нар даалуу тоглохоор сууж байхаар нь Б.Оийн нөхөр нь янз бүрийн юм ярьж явсан байна гэж хэлээд хажууд нь очсон чинь Б.О “Битгий хуц, май чи” гээд салаавч гаргаад ам руу чихээд байхаар нь “Чи одоо яагаад байгаа юм бэ?” гээд пудволкноос нь татсан чинь миний цээж рүү цохиход би жижиг сандалнаас хойшоо унасан. Гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь “зайлаач” гээд хоёр хөлөөрөө тийчилсэн чинь Б.О зүүн гарын гурван хурууг мушгиад татаад байсан. Энэ үед хүргэн Түвшинжаргал салгаж холдуулахаар нь би босож ирээд ядам хуруугаа мурийж, унжсан байсан тул “Хуруу хугалчихлаа шүү дээ” гэж тэд нарт харуулсан чинь Б.О, Ганбилэг хоёр “хохино” гэсэн. Үүнээс хойш 7 хоногийн дараа амралтын өдөр Б.О, Энхжаргал, Ганбилэг нар гэрт ирээд надаас уучлалт гуйгаад учраа олсон. Тэгээд би гараа зүгээр болчих байх, эдгэчих байх гэж бодсон чинь хагалгаанд орно гэсэн тул Б.Од хэлээд “Мөнгө төгрөг хэцүү байна. Эмчилгээний мөнгө өг” гэхэд нийт 150.000 төгрөг өгсөн. Б.О бид хоёр хэрэлдэн, миний цээж рүү цохиж унагаахад хойш унахдаа зүүн гараараа ямар нэгэн зүйлд цохиогүй, миний хойно жижиг тавилга байсан. Гэхдээ би тэрэнд гараа цохиж гэмтээгээгүй” гэх мэдүүлэг[15],

16. Хохирол нэхэмжилсэн баримтууд, шинээр гаргаж өгсөн баримтууд болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

17. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд[16], Шүүгдэгч Б.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа[17], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], Ажлын газрын тодорхойлолт[19] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг. Шүүгдэгч Б.Оийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ца  хлайн 9-11 тоотод иргэн (төрсөн эгч) Б.Птай маргалдан, зүүн гарын ядам хурууг нь мушгисны улмаас хугалж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.О нь гэм буруутай болох нь:

-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...Бид нар ах, дүү нарын хоорондын асуудлаар маргалдаж байгаад тэд нар даалуу тоглохоор сууж байхаар нь Б.Оийн нөхөр нь янз бүрийн юм ярьж явсан байна гэж хэлээд хажууд нь очсон чинь Б.О “Битгий хуц, май чи” гээд салаавч гаргаад ам руу чихээд байхаар нь “Чи одоо яагаад байгаа юм бэ?” гээд пудволкноос нь татсан чинь миний цээж рүү цохиход би жижиг сандалнаас хойшоо унасан. Гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь “зайлаач” гээд хоёр хөлөөрөө тийчилсэн чинь Б.О зүүн гарын гурван хурууг мушгиад татаад байсан. Энэ үед хүргэн Түвшинжаргал салгаж холдуулахаар нь би босож ирээд ядам хуруугаа мурийж, унжсан байсан тул “Хуруу хугалчихлаа шүү дээ” гэж тэд нарт харуулсан чинь Б.О, Ганбилэг хоёр “хохино” гэсэн...” гэх мэдүүлэг[20],

-2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор шүүх хуралдаан дээр мэдүүлсэн:

“...Тухайн үед энд тэндээс янз бүрийн юм яриад байхаар нь “олон жил дуугай явлаа, сэтгэлдээ хадгалж явдаг хэдэн юмаа хэлье” гээд бачуурсандаа хэдэн үг хэлсэн. Гэрлээд хандаад “танай нөхөр цагдаа шүүхээр олон жил явсан хүмүүсийн хандыг дарж бай” гэж хэлсэн байна лээ гэхэд “Битгий хуц” гээд салаавч гаргаад ам руу чихсэн. Би хойшоо гэдийгээд подволкноос нь татсан. Тэгэхэд миний цээж рүү цохьсон. Миний цээжин тус газар хөхөрсөн байсан. ...Миний биеийн хувьд 2 хуруу маань хугарсан” гэх мэдүүлэг[21],

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Түвшинжаргалын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Тэгээд би махаа гаргаж байгаад эргээд харсан чинь нөгөө хоёр хойшоо сандлаас ханарч унасан. Тэгэхээр нь би очиж Б.Оийг босгоход түүний цамцны заханд Б.П эгчийн баруун rap нь орооцолдсон байсныг салгаж босгосон. Тэгээд Б.П эгч “Та нар намайг зодлоо, хурууг минь мушгиж гэмтээлээ" гэж хашгираад байсан” гэх мэдүүлэг[22],

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ганбилэгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Гэтэл Б.О эгчийн дэргэд байсан сандал дээр суугаад бид нар руу дайраад загнаад байсан. Тэгээд гэнэт Б.О эгч рүү гараа далайсан чинь Б.О эгч гарыг нь буцаагаад түлхсэн чинь баруун гар нь цамцных нь энгэрт тээглэсэн. Тэгээд Б.П эгч холбироод хойшоо зөөлөн унасан. Тэгэхээр нь Б.О эгч Б.П эгчийг дараад уначихлаа гэж бодоод нөхөр Б.О эгчийг татаж босгосон. Б.П эгч нийлж зодлоо гээд гарч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[23],     

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнгөнцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Тэгээд ээж бид хоёр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч “Хурууг нь мушгисан байна” гэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд “хурууг нь мушгисан байна” гэсэн. Тухайн үед манай ээж надад хэлэхдээ “Б.О эгч гарыг нь мушгиж гэмтээсэн” гэж хэлсэн бөгөөд эмээгийнд очиход хуруу нь мушгирсан байсан” гэх мэдүүлэг[24],

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Алимаагийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...гадаа машинд Б.П эгч бид хоёр суусан байхдаа түүний гэмтсэн ядам хуруунд нь байсан бөгж шигдээд орсон байсныг авч өгсөн учраас хуруу нь мушгирсан байсныг би мэдэж байна. Тухайн үед Б.П нь хэлэхдээ “Дүү Б.О нь хурууг мушгиж гэмтээсэн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг болж байна” гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг[25],

- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.П, гэрч Б.Ганбилэг нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[26],

- 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Б.П, гэрч А.Түвшинжаргал нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл[27],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13617 дугаартай дүгнэлт[28],

- мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Т.Чимэд-Очир 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“...Б.П нь Гэмтлийн эмнэлэгт авахуулсан рентген зурагт зүүн гарын ядам хурууны 3-р шивнүүр яс мушгирсан хугаралтай харагдах бөгөөд үүнийг дүгнэлт хэсэгт дүгнэж бичихдээ: “тухайн хүний биед хийсэн үзлэг, рентген зургийг үндэслэн зүүн гарын ядам хурууны 3 дугаар шивнүүр ясны далд хугарал, уг хуруунд зөөлөн эдийн няцрал гэж дүгнэж бичсэн юм. Эдгээр нь нэг ойлголт бөгөөд тухайн гэмтэл нь уг хурууг мушгихад үүссэн байх боломжтой. Унах үед үүсэх баломжгүй. Учир нь peнтген зургаар мушгирсан хугарал оношлогдсон байна” гэх мэдүүлэг[29] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь тухайн өдөр ээжийндээ хүүхдүүд нь цугларч, том эгч болох хохирогч Б.П ээждээ зориулан эм авчирч өгөөд дүү нараа эмний мөнгийг өгөөрэй гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, эмний зааврыг уншиж, сөрөг заалттай тул ээжид тухайн эм таарах, таарахгүй талаар маргаан даамжирч, улмаар шүүгдэгч Б.О нь өөрийн төрсөн эгч Б.Пын зүүн гарын ядам хурууг нь мушгисны улмаас хугалж, эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан байна. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь эгч жижиг явган сандал дээрээс миний цамцыг татаад зурагтны тавиур руу гулгаад унасан. Би ...эгчийнхээ гарыг мушгиад дээрээс нь дэвсээд байж байх тийм ухамсар муутай хүн биш гэж гэм буруугийн талаар маргасан.

Шүүгдэгч Б.Оийн сонгон авсан өмгөөлөгч Г.Тамираас мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байна. Тухайн гэмт хэргийг харсан гэрч нар гарыг нь мушгисан зүйл байхгүй, бид нар нүдээрээ харсан зүйлийг хэлж байна хэмээн мэдүүлэг өгсөн. Хохирогч өөрөө хойшоо унахдаа гараа дараад унасан байх боломжтой гэдгийг гэрчийн мэдүүлгүүдээр нотолж болно. Улсын яллагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр Б.Оийг буруутгаад байна. Шинжээч нар үнэн бодит байдлыг нүдээр хараагүй учраас шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. яг хэн гарыг нь мушгисан нь тодорхой биш. ...Миний үйлчлүүлэгчийг гэм буруугүй болохыг тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Оийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогчийн нэхэмжилсэн 1,300,000 төгрөгийн хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангахгүй шатахуун авсан 130,550 төгрөгийн баримтууд болон шүүгдэгчээс хохирогчид нөхөн төлсөн 169,450 төгрөгийг хасаж тооцоод шүүгдэгч Б.Оээс нийт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан, хохирогч Б.Пд олгох нь зүйтэй байна. Хохирогч нь цаашид өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Оийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

            5. Шүүгдэгч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Оээс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан, хохирогч Б.Пд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Од гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай.

            8. Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Од авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                                                    

 

                                                               

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[5] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[6] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 21 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[16] Хавтаст хэргийн 51-58 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 51 дугээр тал

[19] Хавтаст хэргийн 58 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[21] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[22] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[23] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[24] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал

[25] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[26] Хавтаст хэргийн 34-35 дугаар тал

[27] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал

[28] Хавтаст хэргийн 21 дүгээр тал

[29] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал