Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03258

 

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/03258

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Бизнес тауэр, 0 тоот хаягт байрлах, З.Н.О ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлах, Х ХХК /РД: 6420893/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 66,871,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гэрч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч З.Н.О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа З.Н.О ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох хэрэг дээр дараахь шаардлагыг гаргасан. Үүнд, З.Н.О ХХК болон Х ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 108/2019/ХОН/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 44,581,200 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 22,290,600 төгрөг, нийт 66,871,800 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулахаар шаардсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Эмээлт зам 0 тоот хаягт байршилтай 150 м/к талбай бүхий конторын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн 0 тоотод байрлалтай 288 м/к талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Дээрх зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч Х ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 40,882,500 төгрөгийн үнэ бүхий 20,700 литр түлш, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 41,193,000 төгрөгийн үнэ бүхий 20,700 литр түлш, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 40,306,500 төгрөгийн үнэ бүхий 20,670 литр түлш, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 44,581,200 төгрөгийн үнэ бүхий 22,980 литр түлш, нийт 166,963,200 төгрөгийн үнэ бүхий 85,050 литр түлш худалдан авсан. Үүнээс энхний 1, 2, 3 удаагийн авсан түлшний төлбөрт 1222,382,000 төгрөгийг төлсөн, хамгийн сүүлд буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр авсан 22,980 литр түлшний үнэ 44,581,200 төгрөгийг төлөөгүй байна. Энэхүү 22,980 литр шатахууныг Х ХХК-д нийлүүлсэн гэдэг нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны үеэр тус компанийн албан ёсны цахим мэйл хаягт шүүхийн зүгээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Нөгөөтэйгүүр шатахуун, тослох материалын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын падаан дээр гарын үсэг зурсан 66-58 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, гэрч Ч.А-ийн агуулахаас 22,980 литр түлшийг аваад Заамар дахь Х ХХК-ийн алтны уурхайд хүргэж өгсөн гэх мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 44,581,200 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 22,290,600 төгрөг, нийт 66,871,800 төгрөгийг хариуцагч Х ХХК-иас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтын үнийг хариуцагч төлсөн, 4 дүгээр хавсралтын мөнгийг төлөөгүй. Зөвхөн гэрээ байгуулсан өдрөө баталгаажуулсан нэгдүгээр хавсралт нь хэргийн материалд байгаа. Бусдыг нь би баталгаажуулаад өгөөч гэхээр хариуцагч компанийн захирал нь ... би уурхай дээрээ байна, хот руу очихоороо баталгаажуулна, дараагийн түлш хэрэгтэй байна, амь наана, там цаана байна гээд утсаар, мэйл хаягаар, эсвэл мессежээр захиалгаа өгдөг байсан. Иймэрхүү байдлаар баталгаажуулаагүй ч 1, 2, 3 дугаар хавсралтын үнэ нийт 122,382,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 4 дүгээр хавсралтын үнэ 44,581,200 төгрөг төлөгдэөгүй байгаа. Х ХХК гэдгийг Хонгордонт ХХК гэж бичсэн нь техникийн алдаа юм. Барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Түрүүн миний хэлснээр цахим хаягт үзлэг хийсэн болон 22,980 дизель түлшийг хүлээж аваад Х ХХК-д хүргэж өгсөн жолоочийн мэдүүлгээр Заамарын алтны уурхайд очсон нь үнэн гэдэг нь нотлогдоно гэж үзэж байна. Х ХХК-ийн өр буюу 44,581,200 төгрөг манай дансанд орж ирээгүй. Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр З.Н.О ХХК болон Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Барьцааны гэрээний 3.3-т барьцааны зүйл нь үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлэгдсэн барааны нийт төлбөрийн үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дууссанаар барьцаанаас чөлөөлөгдөнө гэж заасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч З.Н.О ХХК нь хариуцагч Х ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр болох 44,581,200 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 22,290,600 төгрөг, нийт 66,871,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 108/2019/ХОН/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу талуудын хооронд дизель түлш нийлүүлэгдсэн. Хариуцагч талаас тухайн авсан дизель түлшнийхээ үнийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой. Хавтаст хэргээс харахад 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ч.А-эд бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаг. Энэ баримтыг талууд гэрээн дээрээ ямар нөхцлөөр тохирсон бэ гэхээр тухайн бүтээгдэхүүнийг захиалах үедээ мэйлээр буюу бичгээр нийлүүлнэ гэсэн тохиролцоо байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал нь Х ХХК-иас тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх тоо хэмжээ, чанар, хугацаа, энэ бүгдийг гэрээнд заасны дагуу мэйлээр ирүүлсэн болон албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ гаргаж өгч чаддаггүй. Өөрөөр хэлбэл энэ бүтээгдэхүүнийг Х ХХК-д хүргэж өгсөн гэдгээ нотолж чаддаггүй. Нэхэмжлэгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд нотлох баримтуудаа гаргаж өгөх ёстой. Нэхэмжлэгч талаас мэйлд үзлэг хийлгэсэн гэж байна. Мэйлд үзлэг хийхэд ойлгомжгүй зүйлүүд гарч ирсэн байгаа. Х ХХК-иас гэрээнд заасны дагуу захиалгаа ирүүлсэн мэйл биш. Зүгээр л 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Admin Oil гэх хаягаас тодорхой нэр бүхий газрууд руу зөвшөөрөл хүргүүлж байна гэсэн мэйл байдаг гэдгийг анхаарч үзэх ёстой. Компанийн нэр гэдэг дээр Хонгордонт гэж бичсэн байгаа. Хонгордонт гэдгийг алдаатай бичсэн гэж хүчээр ойлгох уу, эсвэл үзлэг хийсэн нотлох баримтын хүрээнд дүгнэх үү гэдэг нь маргаантай болж байна. Тийм учраас шууд энэ мэйл хаягаар Х ХХК дээрх түлшийг авсан байна гэдэг нь нотлогдохгүй. Ийм учраас манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл тухайн үед худалдан авагч талаас нийт 122,382,000 төгрөгийн түлш захиалж, гэрээнд заасны дагуу хавсралтаар баримт үйлдэж, энэ мөнгөө бүрэн төлж барагдуулсан учраас өнөөдрийн байдлаар талуудын хооронд эрх, үүрэг дуусгавар болсон. Иймд тухайн үед байгуулагдсан гэрээний дагуу барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Н.О ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 66,871,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Х ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч ... зохигчид газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 3 удаа хүлээн авсан түлшний төлбөрт 122,382,000 төгрөгийг төлж үүргээ бүрэн гүйцэтгэсэн, гэрээний хавсралт 4 гэх баримтад дурдсан 44,581,200 төгрөгийн үнэ бүхий 22,980 литр түлшийг Х ХХК хүлээж аваагүй тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж, нэхэмжлэгч З.Н.О ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ... хариуцагч нь гэрээний хавсралт 4-т дурдсан 22,980 литр түлшний үнэ 44,581,200 төгрөгийг алдангийн хамт төлөх үүргээ гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний 3.3-т барьцааны зүйл нь үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлэгдсэн барааны нийт төлбөрийн үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дууссанаар барьцаанаас чөлөөлөгдөнө гэж зааснаар барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэж тайлбарлан тус тус маргаж байна.

 

а/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч З.Н.О ХХК, хариуцагч Х ХХК-иуд нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь худалдан авагчид өвлийн болон зуны түлш, бензин /АИ-92, АИ-95, АИ-98/, онгоцны түлш нийлүүлэх, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг төлөх, гэрээний дагуу нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлийг хавсралтаар баталгаажуулахаар тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах Х ХХК-ийн өмчлөлийн 150 м/к талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м/к талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангажээ.

 

Худалдах-худалдан авах гэрээний 3.2.1-д зааснаар нийлүүлэх барааны нэр, төрөл, хэмжээ, ачих хуваарь, тээвэрлэлтийн нөхцөл, бараа нийлүүлэх газар, хэмжих нэгжийн үнэ, төлбөр барагдуулах хугацаа, алданги, бусад нэмэлт мэдээллийг гэрээний хавсралтад тусгахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч З.Н.О ХХК нь энэхүүний гэрээний дагуу хариуцагч Х ХХК-д 4 удаа буюу 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 40,882,500 төгрөгийн үнэ бүхий 20,700 литр түлш, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 41,193,000 төгрөгийн үнэ бүхий 20,700 литр түлш, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 40,306,500 төгрөгийн үнэ бүхий 20,670 литр түлш, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 44,581,200 төгрөгийн үнэ бүхий 22,980 литр түлш, нийт 166,963,200 төгрөгийн үнэ бүхий 85,050 литр түлш нийлүүлсэн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна. Зохигчид 2019 оны 5 дугаар сарын 10-наас 2019 оны 7 дугаар сарын 18-ны хооронд нийлүүлэгдсэн 62,070 литр түлшний үнэ 122,382,000 төгрөгийг хариуцагч төлсөн талаар маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 22,980 литр түлшийг 66-58 УБХ улсын дугаартай, Ч.А жолоочтой тээврийн хэрэгсэлд ачиж, Заамар дахь Х ХХК-ийн уурхайд хүргүүлсэн нь зарлагын баримт, гэрчийн мэдүүлэг, цахим шууданд /мэйл/ үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон гэх боловч 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Шатахуун, тослох материалын зарлагын падаан гэх баримт нь 22,980 литр түлшийг З.Н.О ХХК-иас тээвэрлэгч 66-58 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Аэд хүлээлгэж өгсөн гэх баримт юм. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ч.Аийн ... 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Жаст ойл ХХК-ийн агуулахаас 66-58 УБХ дугаартай тээврийн хэрэгсэлдээ түлш ачиж гараад Атар дээр очсон, тэндээсээ Заамар ороод Заамар-ын Туулын гүүр гэдэг газар очсон. Ачаа аваад гарахад ачуулсан компаниас хүлээн авах компанийн хүнтэй холбогдох утасны дугаар өгдөг, энэ хүнтэй яриад очоод түлшээ өгчих гэдэг. Тэр дугаар руу залгаж түлшийг хүлээн авах компанийн хүнтэй холбогдож Туулын гүүрэн дээрээс тосуулаад, Заамарын ямар газар билээ нэрийг нь сайн санахгүй байна тэр газарт нь очиж түлшийг буулгасан. Хүлээн авсан 3-4 хүн байсан ба нэрээ хэлээгүй гэх мэдүүлгээр 44,581,200 төгрөгийн үнийн дүн бүхий 22,980 литр түлшийг Х ХХК-д хүлээлгэж өгсөн гэж үзэх боломжгүй. Учир нь гэрч Ч.А нь тухайн түлшийг ямар нэртэй газар, хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс [email protected] гэх цахим хаягаас [email protected] цахим хаяг руу илгээсэн 2019.08.20-ны зөвшөөрөл хүргүүлж байна гэх зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр 22,980 литр түлшийг хүлээлгэж өгсөн нь нотлогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Н.О ХХК-ийн хариуцагч Х ХХК-иас гэрээний үүрэгт 66,871,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Зохигчдын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 0 тоотод байрлах Х ХХК-ийн өмчлөлийн 150 м/к талбай бүхий Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м/к талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ.

2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 10-наас 2019 оны 8 дугаар сарын 20-ны хооронд нийт 4 удаа 166,963,200 төгрөгийн үнийн дүн бүхий 85,050 литр түлшийг нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлсэн гэх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 44,581,200 төгрөгийн 22,980 литр түлшийг хариуцагчид нийлүүлснээ баримтаар нотолж чадаагүй, харин 62,070 литр түлшний үнэ 122,382,000 төгрөгийг хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгчид З.Н.О ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй тул 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч Х ХХК нь зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

Зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээний 3.3-т барьцааны зүйл нь үндсэн гэрээ, түүний хавсралтуудаар нийлүүлэгдсэн барааны нийт төлбөрийн үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дууссанаар барьцаанаас чөлөөлөгдөнө гэж тохиролцсон ба хариуцагч үүргээ гүйцэтгэсэн тул барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 114 тоотод байрлах Х ХХК-ийн өмчлөлийн 150 м/к талбай бүхий Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 114/1 тоот хаягт байрлах 288 м/к талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч З.Н.О ХХК-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Н.О ХХК-ийн хариуцагч Х ХХК-иас гэрээний үүрэгт 66,871,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Эмээлт 18400 гудамж, эмээлт зам 0 тоотод байрлах Х ХХК-ийн өмчлөлийн 150 м/к талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 0 тоот хаягт байрлах 288 м/к талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч З.Н.О ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,309 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР