Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01616

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01616

 

 

 

З.Н.О -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01685 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Н.О ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 66 871 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 108/2019/ХОН/01 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, энэ гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлүүдийг хавсралтаар баталгаажуулж ирсэн. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон мөн өдөр талуудын хооронд 108/2019/БХОН/01 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Х ХХК-ийн захирал Ц.Х өөрийн компаниин өмч болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031119 дугаарт бүртгэгдсэн, СХД, 32 хороо, Эмээлт 18400 гудамж, Эмээлт зам 114 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай конторын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031150 дутаарт бүртгэгдсэн мөн хаягийн 114/1 тоотод байршилтай 288 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаанд авч, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн. Уг гэрээний дагуу хариуцагч нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нийт 166 963 200 төгрөгиййн үнэ бүхий 85 050 литр дизель түлшийг худалдаж авснаас 122 382 000 төгрөгийг төлж, 44 581 200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг ханган үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа утсаар шаардсан ч удахгүй төлнө гэсээр төлбөрийг хийгээгүй байна. Х ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний хавсралт ёсоор гүйцэтгэх төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 116 хоногоор хэтрүүлсэн байх бөгөөд алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцвол нийт 22 290 600 төгрөгийн тооцоо гарч байна. Иймд үлдэгдэл төлбөр 44 581 200 төгрөг, хутацаа хэтрүүлсний алданги 22 290 600 төгрөг, нийт 66 871 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 108/2019/ХОН/01 тоот газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Захиалга өгөөгүй, захиалга нь баталгаажаагүй, талууд үнэ, хуваарь зэргийг тохиролцоогүй байхад нэхэмжлэгч бараа нийлүүлсэн байна. Нэхэмжлэгч хавсралтгүй байхад захиалга яаж баталгаажуулсан, ямар үнээр тохиролцсон, төлөх үнээ яаж тохирсон, хавсралтгүй тохиолдолд алданги тооцохгүй гэсэн заалтыг гэрээнд оруулж, гарын үсэг зурчихаад алданги шаардаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Х ХХК-иас /РД:6420893/ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох 66 871 800 /жаран зургаан сая найман зуун далан нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулан, З.Н.О ХХК-д /РД:5272378/ олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 492 309 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 492 309 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг давж заалдах гомдолдоо: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Талуудын байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 3.2 хавсралт Энэхүү гэрээний хүрээнд нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт бүрийн тусгай нөхцлүүдийг хавсралтаар баталгаажуулна гэж заасан. Дээрх гэрээний 1-р хавсралтын дагуу худалдан авагч манай зүгээс худалдан авсан түлш шатахууны үнийг бүрэн төлж, үүргээ биелүүлсэн. Мөн гэрээний 2,3-р хавсралтаар захиалж авсан дизель түлшнийхээ төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсоны дагуу 22 980 л дизель түлшийг захиалаагүй, манайд хавсралтаар хүлээлгэн өгөөгүй, тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй тул төлөх үндэслэлгүй гэж маргасан. Гэвч Х ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 22 980 л дизель түлшийг хүлээн аваагүйгээ болон 66-58 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч н.Алтансүх нь ажилладаггүй талаар баримтаар нотолж чадахгүй байна.

Шүүхээс хариуцагчийг татгалзлаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжпэлийн шаардлага үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ мөн адил биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчээс дөрөвдүгээр хавсралтыг баталгаажуулаагүй. Х ХХК нь З.Н.О ХХК гэсэн мэйл хаягаар захиалга өгдөг, Жавхланбаяр нь Жаст ойл ХХК-ийн агуулахын нярав, ...захиалагын дагуу гэрээний 2,3 дугаар хавсралтыг баталгаажуулж, Х ХХК-иас жолооч ирж дизель түлш авдаг байсан. ...6658 дугаартай машин манайх биш гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгчээс энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Танайх 2020 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Тэр үеэс хойш маргаантай холбоотой нотлох баримт, хүсэлт шүүхэд яагаад өдий хүртэл гаргаагүй юм бэ гэх асуусан асуултаас тодорхой харагдана.

Мөн хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 22 980 л дизель түлшийг хүлээлгэн өгсөн гэх Жавхланбаярыг гэрчээр шүүхийн журмаар дуудуулах хүсэлтийг гаргасан. Шүүхээс энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ н.Алтансүх нь ажилладаггүй талаар тайлбарлаагүй, түүнчлэн ажилладаг эсэхийг өөрөө баримтаар нотлох үүрэгтэй тул н.Жавхланбаярыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзав гэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч талаас хэн аль нь шаардлага болон татгалзлаа хангалттай нотолж чадаагүй, нотлох баримт цуглуулахаар гэрч асуулгах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй атал шүүхээс ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй байна үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК нь Х ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 66 871 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 108/2019/ХОН/01 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу Зууннайман ойл ХХК нь Х ХХК-д газрын тос нийлүүлсэн үйл баримтад маргаангүй, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 22 980 литр газрын тосны захиалга өгсөн эсэх, худалдагч нь худалдан авагч талд хүлээлгэн өгсөн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. Энэ тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ.

Нэхэмжлэгч Зууннайман ойл ХХК-ийн төлөөлөгчөөс хариуцагчийг и-мэйлээр газрын тосны захиалга өгсөн, уг баримтыг гаргаж өгөх боломжтой гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ... шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ... эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн маргааны гол зүйл болох 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтанд газрын тос хүлээлгэн өгсөн Ц.Жавхланбаяр гэх этгээдээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхихдоо үндэслэлээ заагаагүй атлаа хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журам, хэргийн оролцогчийн эрхийг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

Зохигчдын маргааны үйл баримт болох Х ХХК нь 22 980 литр газрын тосны захиалгыг цахим шуудангаар өгсөн эсэх, үүний дагуу газрын тосыг хэнээс хэнд хүлээлгэн өгснийг тогтооход хэргийн оролцогчдын тайлбартай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлттэй эсэхийг тодруулж, холбогдох ажиллагаа явуулах шаардлагатай байжээ.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492 309 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Ч.ЦЭНД