Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/03405

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2020/03405

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, Н-ын Д /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн О /РД: 00000000/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Л-ын Ө /РД: 00000000/ нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 17,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.А нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ж.Б нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Н.Д миний бие нь өөрийн найз Б.Э, Д.Э нараар дамжуулж Энэтхэг улсад суух Л.Ө, Б.О нараас 100,000 ширхэг маск худалдан авахаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.О-ы дүү гэх эрэгтэйд Багшийн хөгжлийн ордон-ны замын урд талын Баялаг цайны газарт 10,000 ам.долларыг бэлнээр, тухайн өдрөө Б.Э-оор дамжуулж 3,400 ам.доллар, Д.Э-аар дамжуулж 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар их дэлгүүр дотор байрлах Худалдаа, хөгжлийн банк-наас Л.Ө-ийн 452570952 дугаартай данс руу 16,300 ам.доллар, нийт 29,700 ам.долларыг тус тус өгсөн. Ийнхүү явцын дунд 100,000 ширхэг маск биш 85,000 ширхэг маск авахаар болж 60,000 ширхэг маскыг Энэтхэгээс өгч явуулсныг хүлээн авсан. Харин 17,600,000 төгрөгийн үнэ бүхий 25,000 ширхэг маскийг одоог хүртэл нийлүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 17,600,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Ө, Б.О нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгч Ш.М-ийн гаргасан тайлбарт: Хариуцагч Л.Ө, Б.О бид нэхэмжлэгч Н.Д-ийн танай шүүхэд бид нарт холбогдуулан гаргасан 17,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорхи үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Д гэгчтэй хариуцагч бид маск захиалах, худалдан авах асуудлаар болон өөр төрлийн ямар нэгэн асуудлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүнийг огт танихгүй, хараа ч үгүй, огт уулзаж байгаагүй, утсаар холбогдож байгаагүй. Харин биднийг Энэтхэг улсаас 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Монголд ирснээс хойш Пүрэвжаргал гэх эмэгтэй хүн утсаар байнга холбогдон маскны төлбөр гэж их хэмжээний мөнгө биднээс нэхэн, байнга доромжлон, дарамтлах болсон ба 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаад биднийг их хэмжээний мөнгө залилсан гэж гүтгэн гомдол гаргасан байдаг. Бид гомдлын дагуу цагдаагийн байгууллагад очиж болсон үйл баримтын талаар үнэн бодит мэдүүлэг тайлбар, нотлох баримт гаргаж өгсний дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулж, 2020 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн 1848 тоот прокурорын тогтоолоор ... дээрх асуудал нь дэлхий нийтэд гарсан цар тахлаас болж хил хаагдсаны улмаас захиалсан амны хаалт тохиролцсон ёсоор ирээгүй гэж дүгнэхээр байна. Иймд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ гэж шийдвэрлэсэн юм. Хариуцагч бид нэхэмжлэгч Н.Д-ийг огт танихгүй, хараагүй, нүүр тулан уулзаж байгаагүй, түүнтэй ямар нэгэн аман болон бичгэн гэрээ, хэлцэл хийж, түүний өмнө амаар болон бичгээр үүрэг хүлээгээгүй бөгөөд түүнээс бэлнээр болон дансаар 1 төгрөг ч авч байгаагүй. Н.Д гэгч нь чухам хэн болохыг одоо хүртэл мэдэхгүй байгаа учраас бид нэхэмжлэгч Н.Д-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байгаа ба Н.Д нь нэхэмжлэх эрхтэй гэдгээ нотолсон байх хуулийн шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцэл дээр маргахгүй, мөн 100,000 ширхэг маск нийлүүлэхээр тохирсон боловч явцын дунд 85,000 ширхэг маск болсныг, мөн 60,000 ширхэг маск хүлээлгэн өгсөн, 25,000 ширхэг маскны үлдэгдэлтэй байгааг, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 29,700 ам.долларыг бүгдийг хүлээн авсан тул эдгээр асуудлууд дээр маргахгүй. Нэхэмжлэгч 25,000 ширхэг маскны үнэ 17,600,000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Гэхдээ талууд ямар гэрээ хийснээ тодорхойлох шаардлагатай. Худалдах-худалдан авах гэрээ юм уу? ажил гүйцэтгэх гэрээ юм уу? гэдгийг тодорхойлох шаардлагатай. Миний зүгээс харахад талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Барааг өөрийн биеэр авч ирж захиалагчдаа шилжүүлж өгч буй үйлдэл байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж байна. Хэрэв зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээ юм бол Иргэний хуулийн 351 дүгээр зүйлд ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан байдаг ба ажил гүйцэтгэх хэлцэлд тавигдах шаардлага бол гүйцэтгэх ажлын хэмжээ, нэр төрөл, хугацааны асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт болон бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийг үзэхэд хичнээн ширхэг маскыг яаж дамжуулан өгөх талаар тохиролцсон байдал харагдаж байна. Харин ямар хугацаанд маскаа нийлүүлэх нь тодорхойгүй байна. Хугацаа тохиороогүй хэлцэлд үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй болно. Иймээс хариуцагч тал үүргээ гүйцэтгэх цаг хугацаа нь Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явагдана. Бидний зүгээс уг хэлцлийг худалдах худалдан авах хэлцэл гэж үзэж байгаа. Энд хэнээс мөнгө авсан нь бус, хэнээс мөнгө гарч байгаа нь бус, хаанаас худалдан авалт хийж дамжуулж байгаа нь гол асуудал. Хариуцагч талаас шүүхэд энэ маргаан худалдах худалдан авах хэлцэл үү? ажил гүйцэтгэх хэлцэл үү? гэдгийг анхааралдаа авч шийдэж өгнө үү.

 

Монгол улс 1997 онд нэгдэн орсон, 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагаас батласан Барааг худалдах-худалдан авах конвенц-ийн 79 дүгээр зүйлд Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй, түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцож үр дагаварыг давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг талууд нотловол тухайн тал үүрэг гүйцэтгээгүй хариуцлагыг хүлээхгүй гэж заасан. Мөн Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 285.1.3-т Тухайн эд хөрөнгийн доголдол нь давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. гэж хуульчилсан. Гэхдээ бараа устаж үгүй болоогүй байж байгаа, хариуцагч нар 25,000 ширхэг маскыг нийлүүлэх үүргээсээ татгалзаагүй, хүлээлгэн үзэхэд бэлэн байгаа. Давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон гэж үзэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Гагцхүү Л.Ө, Б.О нараас шалтгаалж бараа нийлүүлэх хугацаа хойшилсон биш, дэлхий нийтээр тархсан цар тахлаас болж Энэтхэг улс хилээр маск гаргахыг хориглосон. Мөн Монгол улс хилээ хааснаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хойшлогдсон гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Л.Ө, Б.О нарт холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн барааны үнэ 17,600,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч нар ... Гэрээний дагуу шилжүүлсэн 29,700 ам.долларыг хүлээж авсан, энэ мөнгөөр 85,000 ширхэг маск нийлүүлэх ёстойгоос 60,000 ширхэгийг нийлүүлсэн, үлдсэн маскийг нийлүүлэх гэсэн боловч цар тахлын улмаас Энэтхэг улс хилээрээ маск гаргахыг хориглосон, мөн Монгол улс хилээ хааснаас одоог хүртэл нэхэмжлэгчид өгч чадаагүй байна. Мөн зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээгээр маскийг нийлүүлэх хугацааг тохироогүй тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд багтааж маскийг нийлүүлнэ. Хугацаа тохироогүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Л.Ө, Б.О нартай 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр /Энэтхэг улсаас/ 85,000 ширхэг маскийг худалдах-худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд хариуцагч тал худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс 29,700 ам.долларыг хүлээж авсан, дээрх үнийн дүнд нийт 85,000 ширхэг маск нийлүүлэх ёстойгоос 60,000 ширхэг маскийг нийлүүлсэн, одоо 1 ширхэг нь 704 төгрөгийн үнэтэй нийт 17,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий 25,000 ширхэг маскийг худалдан авагчид нийлүүлээгүй талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Д-ийн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар татгалзаж, 25,000 ширхэг маскны үнэ 17,600 төгрөгийг буцаан шаарджээ. Гэвч гэрээнээс татгалзах гэдэг нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор буцаахыг хэлдэг. Харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг. Нэхэмжлэгч Н.Д нь гэрээний хэрэгжсэн хэсэг буюу 60,000 ширхэг маскийг хүлээж авсан ба үүний үнийг нэхэмжлээгүй тул гэрээний энэ хэсгийг хэвээр үлдээж, үлдэх 25,000 ширхэг маскны үнийг нэхэмжилж үүргийн харилцааг дуусгавар болгож гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч гэрээний төрлийг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон. Гэвч талуудын тохиролцоо, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зоригоос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн болно. Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх /маскийг үйлдвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөх/, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг бол худалдах худалдан авах гэрээгээр нэгэн бий болсон бараа /маск/-г санал болгох, нөгөө тал тохирсон үнийг төлдөг.

 

Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний хугацааг тохиролцоогүй тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаанд маскийг нийлүүлнэ гэж маргасан боловч маскийг 7 хоногийн дотор нийлүүлэхээр тохиролцсон болох нь нэхэмжлэгч Н.Д, гэрч Б.Э, Д.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хариуцагч тал 1 ширхэг нь 704 төгрөгийн үнэ бүхий 25,000 ширхэг, нийт 17,600,000 төгрөгийн үнэтэй маскийг одоог хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн, мөн маскны үнэ 29,700 ам.долларыг хүлээн авсан талаар маргахгүй байна.

 

Иймд хариуцагч Л.Ө, Б.О нараас 17,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ө, Б.О нараас 17,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 245,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР