Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00301

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00301

 

 

 

 

                                           Н.Дийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/03405 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Дийн хариуцагч Б.О, Л.Өнарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 17 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч Н.Д нь найз Б.Э, Д.Энараар дамжуулж Энэтхэг улсад суух Л.Ө, Б.О нараас 100 000 ширхэг амны хаалт худалдан авахаар 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Б.Оы дүүд Багшийн хөгжлийн ордоны замын урд талын Баялаг цайны газарт 10 000 ам.долларыг бэлнээр, тухайн өдрөө Б.Эоор дамжуулж 3 400 ам.доллар, Д.Э дамжуулж 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар их дэлгүүр дотор байрлах Худалдаа, хөгжлийн банкнаас Л.Өийн 452570952 дугаартай данс руу 16 300 ам.доллар, нийт 29 700 ам.долларыг тус тус өгсөн. 100 000 ширхэг амны хаалт биш 85 000 ширхэг амны хаалт авахаар болж 60 000 ширхэг амны хаалтыг Энэтхэгээс явуулсныг хүлээн авсан. Харин 17 600 000 төгрөгийн үнэ бүхий 25 000 ширхэг амны хаалтыг одоог хүртэл нийлүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 17 600 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Н.Дтэй амны хаалт захиалах, худалдан авах, өөр төрлийн ямар нэгэн асуудлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүнийг огт танихгүй, утсаар холбогдож байгаагүй. Биднийг Энэтхэг улсаас 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Монголд ирснээс хойш н.Пүрэвжаргал гэх эмэгтэй утсаар байнга холбогдон амны хаалтын төлбөр гэж их хэмжээний мөнгө шаардаж, байнга доромжлох дарамтлах болсон. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаад их хэмжээний мөнгө залилсан гэж гүтгэн гомдол гаргасан байдаг. 2020 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн 1848 тоот Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Н.Дийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.  Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцэл дээр маргахгүй, мөн 100 000 ширхэг амны хаалт нийлүүлэхээр тохирсон боловч явцын дунд 85 000 ширхэг амны хаалт нийлүүлэхээр болсон. Ингээд 60 000 ширхэг амны хаалт хүлээлгэн өгч, 25 000 ширхэг амны хаалтын үлдэгдэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 29 700 ам.долларыг хүлээн авсан тул маргахгүй. Талууд ямар гэрээ байгуулсныг тодорхойлох шаардлагатай. Хариуцагчийн зүгээс харахад талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Барааг өөрийн биеэр авч ирж захиалагчдаа шилжүүлж өгч буй үйлдэл байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж байна. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт болон бичгээр ирүүлсэн нэхэмжлэлээс үзэхэд хичнээн ширхэг амны хаалтыг яаж дамжуулан өгөх талаар тохиролцсон байдал харагдаж байна. Харин ямар хугацаанд амны хаалт нийлүүлэх нь тодорхойгүй байна. Хугацаа тохиороогүй хэлцэлд үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Иймд хариуцагч талын үүрэг гүйцэтгэх хугацаа нь Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явагдана. Хэнээс мөнгө авсан, хэнээс мөнгө гарч байгаа нь бус, хаанаас худалдан авалт хийж дамжуулж байгаа нь гол асуудал. Монгол улс 1997 онд нэгдэн орсон, 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагаас батласан Барааг худалдах-худалдан авах конвенцийн 79 дүгээр зүйлд Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй, түүний хяналтаас гадна орших саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцож үр дагаварыг давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг талууд нотловол тухайн тал үүрэг гүйцэтгээгүй хариуцлагыг хүлээхгүй гэж заасан. Бараа устаж алга болоогүй, байж байгаа, хариуцагч нар 25 000 ширхэг амны хаалтыг нийлүүлэх үүргээсээ татгалзаагүй, хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон. Дэлхий нийтэд тархсан цар тахлаас болж Энэтхэг улс хилээр амны хаалт гаргахыг хориглосон. Монгол улс хилээ хааснаар гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хойшлогдсон гэж үзэж байна гэжээ. 

            Шүүх:    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Ө, Б.О нараас 17 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 245 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 17 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар анхнаасаа нэхэмжлэгч Н.Дтэй амны хаалт захиалах, худалдан авах асуудлаар ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, Н.Дийг танихгүй, биечлэн болон утсаар холбогдож ямар нэгэн хэлцэл хийж байгаагүй, бэлнээр болон дансаар мөнгө авч байгаагүй. Иймд нэхэмжлэгч Н.Дийг нэхэмжпэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Шүүх “... зохигчдын хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, амны хаалтыг 7 хоногийн дотор нийлүүлэхээр хугацааг тохиролцсон байна” гэж дүгнэсэн нь илт алдаатай, хууль зөрчсөн гэж үзэж байна. Талууд эрх зүйн харилцаанд орсон гэж үзвэл ямар гэрээ, хэлцэл хийснээ тодорхойлох шаардлагатай. Хэрэв зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ эсвэл зуучлалын гэрээний харилцаа үүссэн бол гүйцэтгэх болон зуучлах ажлын хэмжээ, нэр төрөл, хугацаа зэрэг хэлцэлд тавигдах шаардлага байгаа. Нэхэмжпэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, нэхэмжлэлээс нь харахад хичнээн ширхэг амны хаалтыг яаж дамжуулан өгөх талаар тохиролцсон байдал харагдаж байна. Харин ямар хугацаанд амны хаалт нийлүүлэх нь тодорхойгүй, талууд амны хаалтыг 7 хоногийн дотор нийлүүлэх хугацаа тохироогүй байна. Хугацаа тохироогүй хэлцэлд үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Иймд хариуцагчийн үүрэг гүйцэтгэх цаг хугацаа нь Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явагдана. Монгол улс 1997 онд нэгдэн орсон 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Барааг худалдах-худалдан авах ковенцийн 79 дүгээр зүйлд “Аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй, түүний хяналтаас гадна орших, саад бэрхшээлээс болсон бөгөөд гэрээ байгуулах үед уг саад бэрхшээлийг тооцож, үр дагаврыг давж гарах арга замыг урьдчилан тооцох аргагүй байсныг талууд нотолвол тухайн тал үүрэг гүйцэтгээгүй хариуцлагыг хүлээхгүй.” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 285.1.3-т “Тухайн эд хөрөнгийн доголдол нь давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, мөн хуулийн 419 дүгээр зүйлийн 419.2, 255 дугаар зүйлийн 255.1.3-т “... гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой байдлын улмаас үүссэн” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.  Иймд талуудын маргааны зүйл болох 25 000 ширхэг амны хаалт устаж алга болоогүй, Бүгд Найрамдах Энэтхэг улсад бүрэн бүтэн байгааг нотолсон гэрчүүдийн мэдүүлгүүд байгаа. Хариуцагч нар амны хаалт нийлүүлэх үүргээсээ татгалзаагүй, хүлээлгэн өгөхөд бэлэн. Дэлхий нийтэд цар тахал гарч, давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1848 тоот прокурорын тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хариуцагч Л.Ө, Б.О нараас шалтгаалж бараа нийлүүлэх хугацаа хойшлоогүй, дэлхий нийтээр тархсан цар тахлаас болж Энэтхэг улс хилээр амны хаалт гаргахыг хориглосон. Мөн Монгол улс хилээ хааснаар гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хойшилсон гэж хариуцагч талаас үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.О, Л.Өнарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 17 600 000 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “60 000 ширхэг амны хаалт хүлээж авсан, үлдэгдэл 25 000 ширхэг амны хаалтыг одоо хүртэл авч чадаагүй тул гэрээнээс татгалзаж, 25 000 ширхэг амны хаалтын үнэ 17 600 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан бол хариуцагч “60 000 ширхэг амны хаалт хүлээлгэн өгсөн, 25 000 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өгөхөд бэлэн, амны хаалтыг ямар хугацаанд нийлүүлэх талаар талууд тохиролцоогүй учраас Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гүйцэтгэнэ, давагдашгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх хугацаа хойшилсон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

Талууд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 85 000 ширхэг амны хаалт худалдаж, худалдан авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч гэрээний төлбөрт 29 700 ам.доллар хариуцагч талд өгсөн, хариуцагч гэрээний зүйлээс 60 000 ширхэг амны хаалтыг өгч, үлдэгдэл 25 000 ширхэг амны хаалтыг хүлээлгэж өгөөгүй үйл баримт талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх хугацаа, гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал, үүнтэй холбоотой гэрээнээс татгалзах, цуцлах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх асуудлаар маргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох журамтай бөгөөд нэхэмжлэгч нийлүүлээгүй үлдсэн 25 000 ширхэг амны хаалтын үнийг ам.доллараар бус 1 ширхэгийг нь 704 төгрөгөөр тооцоолж 17 600 000 төгрөгийн хэмжээнд шаардлагаа тодорхойлсныг буруутгах боломжгүй.

Гэрээний зүйлийг хэзээ, хэрхэн яаж нийлүүлэх талаар талуудын тохиролцоо тодорхойгүй байх боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 208.2 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд худалдан авагч тал үүрэг хэзээ гүйцэтгэх, гэрээний зүйлийг хэзээ хүлээж авах хугацааг тогтоох эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн “7 хоногийн дотор амны хаалтыг шилжүүлэх ёстой байсан, 25 000 ширхэг амны хаалтыг хугацаандаа нийлүүлээгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдаагүй тул хоёр талын гэрээнд үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй. Гэрээний нөхцөл бодитоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болсонд зохигчдын хэн аль нь буруугүй бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 221.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь үлдэх 25 000 ширхэг амны хаалтыг шилжүүлэх үүрэг бүхий гэрээг хэсэгчлэн цуцлах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн, авснаа буцаах үүрэг үүснэ.

Хариуцагч тал “25 000 ширхэг амны хаалт нийлүүлэх үүргээсээ татгалзаагүй, хүлээлгэн өгөхөд бэлэн” гэж тайлбарладаг боловч бодит байдалд үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээг цуцалж, 25 000 ширхэг амны хаалтын үнэ 17 600 000 төгрөг шаардах эрхтэй. Хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах, гэрээг сунгах боломжтой гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/03405 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ө, Б.О нараас 17 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

      ШҮҮГЧИД                             Н.БАТЗОРИГ

 

                 А.МӨНХЗУЛ