Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2020/03080

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 16 өдөр

          Дугаар 102/ШШ2020/03080

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 1 давхарт “Г П ББСБ” ХХК /РД:*, утасны дугаар: *, */

 

Хариуцагч: Баянгол дүүрэг Г У /РД:ХЛ69033106, утасны дугаар: 99093582/

 

75,044,131 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, Ж.Л

                                   хариуцагч Г.У

                                   нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.     

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчын оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу Баянгол Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргаж байна. Баянгол дүүрэг, тоотод оршин суух * регистрийн дугаартай Г овогтой У нь 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “Г П” ББСБ ХХК-д хандан 30,000,000 төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБ-д зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г П ББСБ” ХХК болон Гомбо овогтой У нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1500180001 тоот Шугамын зээлийн эрх нээх гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 30 хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үлдсэн зээлийн үлдэгдэл 29,928,000 төгрөгийн үндсэн зээлээ 20,072,000 төгрөгөөр нэмэгдүүлж 50,000,000 төгрөг болгох хүсэлт гаргасны дагуу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ1500180001/А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон ЗБ1500180001/А тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж үндсэн зээлийг 20,072,000 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээлийг 50,000,000 төгрөг болгон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг өөрчилсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Гомбо овогтой У нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗБ1500180001, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн ЗБ1500180001/А дугаартай барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Баянгол дүүргийн тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай Ү-2205021392 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. 2. Баянгол Дүүргийн * хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай, 324 м.кв талбайтай, Г-2205000019 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ1500180001 дугаартай барьцааны гэрээг 2018 сарын 14-ний өдөр Улсын бүртгэгчийн 6/1-35 дугаар тамгаар баталгаажуулан “Г  ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. ЗБ1800180001/А дугаартай барьцааны гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэгчийн 11/148 дугаар тамгаар баталгаажуулан “Г П ББСБ” ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Шугамын зээлийн эрх нээх гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д зааснаар тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.3-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээнд “Зээл болон хүү төлөх график”-ийн дагуу сар болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Гомбо овогтой У нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 10 дугаар 15-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 10,643,691 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 235,000 төгрөг, зээлийн хүүнд 10,408,691 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. /Зээлийн төлбөр төлөх хуваарийг хавсаргав./ Г овогтой У нь зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-нны өдөр үндсэн зээлээс 25,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлээс 25,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу  төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээл 49,837,000 төгрөг, зээлийн хүү 21,053,902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,129,229 төгрөг, нотариатын төлбөр 24,000 төгрөг, нийт 75,044,131 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603,371 төгрөгийн хамт Гомбо овогтой Уээс гаргуулах, зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа  төлөөгүй  тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дахь заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 3 дугаар гудамжны 19 тоот хаягт байршилтай 49 м.кв талбайтай Ү-2205021392 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянгол дүүргийн  тоот хаягт байршилтай * нэгж талбарын дугаартай, 324 м.кв талбайтай Г-* тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал хэрэгт хамаагүй зүйл ярьж байна. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар ярилцаж байна. Харилцагчийн мэдээллийг гадагш алдагдсан асуудал хэрэв гарсан бол зохих байгууллагад хандаж шийдвэрлүүлэх байсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дууссанаас хойш нэхэмжлэл гаргаагүй 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүргэсэн асуудлаар хариуцагч талын гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч хүсэлт гаргахдаа “банкнаас зээл хөөцөлдөж байгаа, өөрийнхөө данс руу шилжүүлэх гэж байна, дэд бүтэцтэй барьцаа хөрөнгийн газар дээр өрхийн эмнэлэг барих гэж байгаа, хажууд нь баригдаж байгаа барилга манай газрыг авахаар болсон, хажуугийн барилгад байр авсан худалдан борлуулаад төлнө” гэх мэт зүйлийг ярьж итгэл үнэмшил төрүүлж байсан, ингээд 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ярьж байсан зүйлс нь биелэгдэх боломжгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан үндэслэлийг зээлийн гэрээнд тусгаж өгсөн. Зээлдэгч зээлийн гэрээтэй танилцаад хуудас бүрт нь гарын үсэгээ зурж баталгаажуулсан. Хариуцагчийн ярьж буй зүйл нь хэрэгт хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой зүйлийг ярихгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Г П ББСБ” ХХК-иас тус шүүхэд Г.У надад холбогдуулан 75,044,131 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.У миний үндсэн зээлд төлсөн 10,408,691 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн гэж буруу тооцоолж нэхэмжлэл гаргасан байна. Үндсэн зээлийн төлөлтөөс шалтгаалан нэхэмжлэлийн дүн өөрчлөгдөн багасах учиртай. Мөн барьцааны зүйл болох хувийн сууцыг нурааж, газар дээр нь олон давхар орон сууц нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр баригдсан байгаа  тул барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон.

 

Хариуцагч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г П ББСБ” ХХК-иас бизнес эрхлэгч эмэгтэй хүний хувьд  2006 оноос хойш зээл авч, бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулж ирсэн. Зээлийн хүү болон бусад зүйлийг цаг тухай бүрт нь биелүүлж байсан. “Г П ББСБ” ХХК-иас 2006 оноос хойш 14 жилийн турш харилцаатай зээл авч, хүү төлж байна. Цар тахалтай холбоотой зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй талаараа хэд хэдэн удаа очиж ярилцсан юм. Анх хотын төвийн дэд бүтэцтэй газрыг барьцаанд тавьж байсан боловч одоо хашаа байшингийн үнээр тухайн газрыг авна гэсэн. Энэ компани чадал муутай хүмүүсийн хөрөнгийг булааж авдаг юм байна гэж ойлгосон. Би тус байгууллагаас 2006 оноос 2020 он хүртэл зээлийн гэрээний харилцаатай байх үед миний бүх бичиг баримтын хуулгыг авч байсан. Гэтэл 2016 онд надтай цуг наймаа хийж байсан залуу миний бүх бичиг баримтуудын хуулгыг утсан дээрээ татчихсан, манайд орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Уг маргаан эрүү, иргэний маргаан үүсээд 6,7 жил болж байна. Тэгэхээр “Г П ББСБ” ХХК-ийг харилцагчийн мэдээллээ бусдад дамжуулсанд буруутгаж байна. Үүнээс болж надад одоо нэхэмжилж байгаа мөнгөнөөс илүү хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Эхлээд 30 сая төгрөг, дараа нь нэмж 20 сая төгрөгийн зээл авсан үнэн.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан 75,044,131 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.У нь нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК-иас 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, зээлийн хүүг 365 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, гэрээг бичгээр хийжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг * тоот хаягт байршилтай нэгж талбарын * дугаарт бүртгэлтэй, 324м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай хувийн сууцны зориулалттай эд хөрөнгөөр хангуулахаар талууд тохирч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. Дээрх гэрээнүүдийг байгуулсан эсэх асуудлаар зохигч маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд “Г П ББСБ” ХХК болон Г.У нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна.     

 

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 10 сарын хугацаанд зээлийг  ашигласан хоногоор сар бүрийн 25-ны өдөр хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг сүүлийн 2 сард тэнцүү хувааж төлөхөөр тохиролцжээ. Зээлдүүлэгч “Г П ББСБ” ХХК нь зээлийг 2018 оны 2 дугаар сарын 15, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хэсэгчлэн олгож, хэсэгчлэн олгосон зээлийн хэмжээгээр ашигласан хоногоор хүүг тооцсон байх бөгөөд энэ нь хууль болон гэрээнд нийцсэн байна. Дээрх гэрээний дагуу Г.У нь 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөрт 72,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,434,940 төгрөг төлсөн байх ба зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20,072,000 төгрөгийн зээл нэмж олгон зээлийн хэмжээ 50,000,000 төгрөг болж, уг зээлийг өмнө тохирсон хугацаанд төлөхөөр тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан байна. Зээлдэгч нь гэрээний дагуу хүүг сар бүр төлсөн байх ба харин 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 25,000,000 төгрөг төлөхөөс 163,000 төгрөг төлж үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлбөр төлөөгүй, гэрээний хугацаанд хүүгийн төлбөрт нийт 10,408,691 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдов. 

 

Хариуцагч нийт төлөгдсөн мөнгөний хэмжээнд маргаагүй, харин хүүгийн төлбөрт тооцсон 10,408,691 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн, харилцагчийнхаа бизнесийн мэдээллийг бусдад дамжуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.

 

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөхөөр зээлдүүлэгчтэй тохиролцсон байх тул Г.Уийн төлсөн төлбөрөөс эхлээд хүүгийн төлбөр, үлдсэнийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаанд хариуцагчийн төлсөн 10,408,691 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн төлсөн 10,408,691 төгрөг зээлийн үндсэн төлбөрөөс хасагдахгүй бөгөөд зээлийн үндсэн төлбөрт 49,837,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Г.У нь зээл төлж чадахгүй байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж 5 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулан зээлийн төлбөрийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10 сая төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 сая төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 45,487,212 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хүсэлтэй байгаагаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, уг хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болохоо 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр илэрхийлжээ. Энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авч, зээлийг төлөх итгэл үнэмшил төрүүлж байсан үндэслэлээр зээлийг буцаан шаардаагүй гэж тайлбарлаж байна. Хэдийгээр хариуцагч зээлийг төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан ч гэрээний хугацаа дууссанаас хойш 10 сарын хугацаанд гэрээний үүргээ огт гүйцэтгээгүй, зээл төлөх боломжгүй байдлаа тайлбарлаж байхад нэмэлт хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэж чадах бодит нөхцөл байгаа эсэхийг буюу зээлийн ашиглалт, чанар, зээлдэгчийн төлбөрийн чадварын талаар судлаж тогтоох, зээл төлүүлэх ажиллагаа явуулах үүргээ зээлдүүлэгч биелүүлэлгүй үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, тухайн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэв. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж үзнэ. Иймд хугацаа хэтэрсэн хүүг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлийн хүүд 13,107,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,539,909 төгрөг, зээлийн үндсэн төлбөр 49,837,000 төгрөг нийт 65,484,722 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 9,559,409 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Нотариатын зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэнтэй холбоотой зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Зээлдүүлэгч нь зээлдэгчийн бизнесийн мэдээллийг бусдад дамжуулсан эсэхээс үл хамааран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гэрээ болон хуульд заасны дагуу биелүүлэх үүрэгтэй. Иймд “харилцагчийн бизнесийн мэдээллийг бусдад дамжуулсан” үндэслэлээр үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй. 

 

Зохигчид барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүрэлцэн ирэх боломжгүй байдлаа шүүхэд мэдэгдээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т овогт Г Уээс 65,484,722 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,559,409 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг * тоот хаягт байршилтай нэгж талбарын * дугаарт бүртгэлтэй, 324м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, 49м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,371 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 555,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г П ББСБ” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА