Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01105

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01105

 

 

 

Г.К.П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01224 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Ут холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 75 044 131 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Г.У, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь Г.Утэй 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1500180001 тоот шугамын зээлийн эрх нээлгэх тухай гэрээг байгуулж, 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн үндсэн хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалттайгаар зээлдүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 29 928 000 төгрөгийн үндсэн зээлээ 20 072 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 50 000 000 төгрөг болгох хүсэлт гаргасны дагуу мөн сарын 13-ны өдөр ЗГ1500180001а тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, үндсэн зээлийг 50 000 000 төгрөг болгосон тул зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1500180001 дугаартай барьцааны гэрээ, мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ1500180001а дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 3 гудамж, ......тоот, 49 м.кв талбай бүхий хувийн сууц, 321 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан. Уг хөрөнгүүдийг улсын бүртгэлийн 6-1-35 тамгаар баталгаажуулж, Г.К.П ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэсэн. Г.У нь үндсэн зээлд 235 000 төгрөг, зээлийн хүү 10 608 091 төгрөг, нийт 10 643 691 төгрөг төлсөнөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон.. Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 25 000 000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлээс 25 000 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Иймд хариуцагчаас үндсэн зээл 49 837 000 төгрөг, зээлийн хүү 21 053 902 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 129 229 төгрөг, нотариатын зардал 24 000 төгрөг, нийт 75 044 131 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүүлийн гэрээ 2018 онд хийгдсэн боловч Г.К.П ББСБ ХХК-аас 2006 оноос хойш 12 жил дараалан 50 000 000-80 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. 12 жилийн турш зээлийг хугацаа хоцроолгүй төлсөн. Шалтгаангүй төлөхгүй алга болж байгаагүй, ямар шалтгаан гарахад очиж уулзаж байсан. 12 жилийн турш сар бүрийн 3 хувийн хүүд 500 000 000 гаруй төгрөгийг төлсөн байдаг. Талууд хоорондоо ярилцаж тохиролцоод графиктаа өөрчлөлт оруулж байсан. Миний төлсөн 10 000 000 төгрөгийг хуулийн дагуу үндсэн төлбөрөөс хасч болно, ингэж тооцвол нэхэмжлэгчийн тооцоолол өөрчлөгдөнө.

Нэхэмжлэлийн шаардлагаас 65 000 000 төгрөгийг төлнө, гэхдээ 3 сард амжихгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Хот төлөвлөлтөд орсон газар маргаантай байгаа боловч 145 000 000 төгрөгийн гэрээтэй. Үнэ нь унахгүй, улам өсөж байгаа. Өөрийнхөө хөдөлмөрөөрөө олж авсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нь шударга биш гэж бодож байна. 12 жилийн турш сар бүр хүү төлүүлж 500 000 000-600 000 000 төгрөг авсан. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 3 дугаар гудамж, 19 тоот хаягт байрлах, 49 м.кв талбай бүхий Ү-2205021392 тоот эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, 18639311672924 нэгж талбарын дугаартай, 324 м.кв талбай бүхий, Г-2205000019 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн шүүх хуралдаанд оролцох шаардлагагүйгээр шүүхийн шийдвэр гаргахад татгалзах зүйл байхгүй. Тус хувийн сууц болон газар нь миний бие болон ээж Ч.Лгийн нэр дээр байдаг боловч эгч Г.Ут захиран зарцуулах эрхтэйгээр итгэмжлэл хийж өгч байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Уээс зээлийн гэрээний үүрэгт нийт 75 020 131 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Л, Г.Ц нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 3 дугаар гудамж, ....тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18639311672924 дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн Г-2205000019 дугаар бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 324 м.кв талбайтай бүхий газар болон улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй, 49 м.кв талбайтай, хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 603 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 603 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.У давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч Г.Уээс зээлийн гэрээний үүрэгт 75 020 131 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Ч.Л, Г.Ц нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннарангийн 3-19 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Г-2205000019 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 324 м.кв талбай бүхий газар болон улсын бүртгэлийн Ү-2205021392 дугаарт бүртгэлтэй 49 м.кв талбай бүхий хувийн сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 75 020 131 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 24 000 төгрөг, нийт 75 044 131 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь 65 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 10 044 131 төгрөгт холбогдох хэсэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ1500180001 дугаартай зээлийн гэрээгээр, Г.К.П ББСБ ХХК нь 30 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, Г.У нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээж, улмаар мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх13-15, 165/

Уг гэрээг талууд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр харилцан тооцоо нийлж дүгнээд зээлийн үлдэгдлийг 29 928 000 төгрөгөөр тооцон, зээлийн хэмжээг 50 000 000 төгрөг болгон нэмэгдүүлж, өмнөх зээлийн гэрээний бусад заалтыг хэвээр дагаж мөрдөхөөр харилцан тохиролцон ЗГ1500180001/А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан үйл баримт тэдгээрийн тайлбар, гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-20-21, 165/ Дээрх үйл баримтын талаар болон зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигчид маргаагүй учир талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Г.У зээлийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, харин зээлийн хүүд суутгасан 10 408 691 төгрөгийг үндсэн зээлд тооцуулна, гэрээний хугацаа дууссанаас хойш хүү тооцсон нь хуульд нийцэхгүй гэж маргажээ.

Талууд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь батлахдаа гэрээний хугацааны эхний 10 сард нь зээлийн хүү төлөхөөр, сүүлийн 2 сард нь үндсэн зээлийг 2 хувааж, ногдох хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн 13-15, 20-21 дэх талд авагдсан баримтаар нотлогдсон байна.

Уг хуваарийн дагуу хариуцагчийн зээлийн үүрэгт төлсөн 10 408 691 төгрөгийг зээлийн хүүд суутган тооцсоныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх бөгөөд хариуцагч тал нэхэмжлэгчийг шүүхэд хандсан 2020 оны 6 дугаар сарын 22-ныг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь уг өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 75 020 131 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч тал барьцааны зүйл нь дахин төлөвлөлтөд орсон, 145 000 000 төгрөгийн гэрээтэй, үнэ цэнэ нь өсөж байгаа гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч энэ нь уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдол бүхий тайлбар биш байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Л, Г.Ц нар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Г.Ут өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 3 гудамж, .....тоот хаягт байрлах, 49 м.кв талбай бүхий хувийн сууц, 324 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг зээлийн барьцаанд тавих, барьцаат зээлийн гэрээ байгуулах, уг хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр олгожээ. /хх-24-25/

Уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Г.У нь нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, гуравдагч этгээд Ч.Л, Г.Ц нарын өмчлөлийн эд хөрөнгө, түүний эрхийг барьцаалжээ. Талууд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан, барьцаа хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт оруулан, өмнөх гэрээний бусад заалтыг хэвээр дагаж мөрдөхөөр харилцан тохиролцоод гэрээг улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байна. /хх-22-23/

Гэрээ байгуулсан үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул тэдгээрийн хооронд барьцааны гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Иймээс гэрээний талуудын хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх, хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд Ч.Л, Г.Ц нарын өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гуравдагч этгээдийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй байна.

Учир нь хэргийн 127, 131 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Ц нь ...шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүйгээр шүүхийн шийдвэр гарахад татгалзах зүйл байхгүй... гэх тайлбар гаргаж, Ч.Лгээс Г.Цд олгосон итгэмжлэлийг хавсарган ирүүлжээ. Түүнчлэн шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд Ч.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Г.Цд мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт, тайлбараа өгсөн байгаа оролцуулахгүйгээр шийдвэрлүүлнэ үү гэх тайлбарыг гаргасан болох нь хэргийн 154 дүгээр талд авагдсан утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2021/01224 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Уийг давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ч.ЦЭНД