Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

    2020           5             19                                         2020/ДШМ/622

 

 

                                   Б.Жт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг, даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогч Б.Ууганбаярын өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Б.Жын өмгөөлөгч М.Ариунболд,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1267 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Жт холбогдох эрүүгийн 2006002290680 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр

Б.Ж,  

Б.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ууганбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцан улмаар цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаагүй байна.

Хохирогч Б.Ууганбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бусдад дээрэмдүүлсэн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...нэг залуу нь улаан куртиктай залуугаа “хармааг нь ухаарай” гэж хэлтэл тэр улаан куртиктай залуу “яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл нөгөө машины ард зогсч байсан залуу өөрөө над дээр ирээд миний халаасыг ухаад байсан. ...хамар далийсан гэмтэл учирсан” гэж; 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө “... миний хамар муруйсан, баруун гарын эгэмний үе мултарсан, зүүн талын шанаа хавдсан, миний гар утсыг дээрэмдсэн” гэж мэдүүлжээ.

Мөн хэргийн 4 дүгээр хуудсанд 102 дугаарын утсанд “...шөнө дээрэмдсэн гар утсаа мөнгөө өгөөд ав гээд дуудсан, цагдаа явуулаач” гэсэн дуудлага өгчээ. Гэтэл гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг шалгаж тогтоогоогүй байна.

Мөн хохирогч нь хамар муруйсан, гэмтсэн талаар мэдүүлсэн байхад шинжээчийн дүгнэлтэд хамарт гэмтэл учирсан талаар дурдагдаагүй байна. Шинчээчийн дүгнэлт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад хохирогчид уг дүгнэлтийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Хуульд хэдийгээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулах хугацааг заагаагүй боловч дүгнэлт гарснаас хойш 3 сарын хугацаанд дүгнэлтийг танилцуулаагүй, дүгнэлтийг танилцуулсанаас хойш шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг эдлэх боломж олгоогүй байна. Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх Доной овогт Бат-Эрдэнийн Б.Жт холбогдох эрүүгийн 2006002290680 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор А.Сайнбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэрийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Б.Жт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, хуралдааны тэмдэглэл, хэлэлцсэн асуудал зэргээс үзэхэд энэ нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүх хуралдаан болсон гэж дүгнэхээр байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэсэн зүйлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үндэслэл журмыг заахдаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө хийхээр, 33.2 “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” шийдвэртээ энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгахаар заасан.

Гэтэл Б.Жт холбогдох эрүүгийн 2006002290680 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр буюу урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зөв гарсан гэж үзэж байна. Хохирогч Б.Ууганбаяр нь миний хамар хугарсан гэж өмнө хоёр удаа мэдүүлэг өгөхдөө хэлж холбогдох нотлох баримтаа гаргаж өгсөн. Гэтэл үүнд ямар ч ажиллагаа хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Мөн би утсаа алдсан гэдгээ тодорхой мэдүүлсэн. Бааранд байсан 3 эмэгтэй, 3 залуу байж байгаад эмэгтэйчүүдээсээ болж маргалдаад зодсон. Шууд тэр гэж зааж чадахгүй байна гэж мухарлаж шалгахгүй байгааг нь хэргийг дутуу шалгасан гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шалгавал зохих зүйлийг шалгаагүй учир хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Б.Ж нэг удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг. Хохирогчид учирсан гэмтэл Б.Жын цохилтоос үүссэн үү дээрмийн гэмт хэргийн улмаас үүсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай гэдэг асуудлаар удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Анхан шатны шүүхээс надад мэдэгдээгүй учир хурал болсны маргааш нь мэдсэн. Улсын яллагчийн хэлж байгаа шиг хэрэв хэргийг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй бол цагаатгах байсан. Иймд хэргийг прокурорт буцааж бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1267 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Учир нь, аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 12, мөн хуулийн 33.3 дугаар зүйлд тус тус заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь шүүхийн онцгой бүрэн эрхийн нэг бөгөөд нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журам, процессын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах эсэх нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаанд тусгай журмын дагуу хийгдэх,  зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх юм.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

 

Харин шүүх тухайн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

 

Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг болно. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл урьдчилсан хэлэлцүүлгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх зарим гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэдэг.

 

Өөрөөр хэлбэл анхан шүүх шүүгдэгчийн гэм буруугийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад тухайн гомдол, хүсэлт үндэслэлтэй тохиолдолд шүүхээс хэргийг прокурорт буцаах боломжтой хуулийн ганц зохицуулалт юм.    

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЗ/1199 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах” тухай шүүгчийн захирамжид дээрх байдлын талаар огт дурьдалгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

 

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож..., эрүүгийн хариуцлагын талаарх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд...”, “...Даргалагчаас: Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг уншиж сонсгов. “Шийтгэх тогтоолд”:...” /хх 106, 109/ гэж бичигджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ” тус тус тодорхой хуульчилан заажээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан үзвэл шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг тэмдэглэлд тусгуулсны дараа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан атлаа шийтгэх тогтоол гаргалгүй шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гаргасан, уг шүүгчийн захирамж шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй байна.

 

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэнтэй нийцэхгүй юм.

 

Энэ нь анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8 дахь заалтуудад заасан зөрчилд шууд хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хууль зүйн утгаараа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хуулийг хэрэглэх нэг бүрчилсэн шинжтэй заавал биелүүлэх шийдвэр гаргах үйл явц болохыг анхан шатны шүүх цаашид  онцгойлон анхаарвал зохино.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

 

Шүүгдэгч Б.Жт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх давж заалдах шатны шүүх дүгнэлтээ гаргаж магадлалд заасан дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ууганбаяр “...залуучууд намайг зодсон, нүүрэн тус газар цохисон, ...миний айфон утас, түүрүүвч зэрэг эд зүйлийг аваад явсан байсан...” /хх 7-8/, “...араас цохих шиг болсон, ...нэг залуу улаан куртиктэй залуугаа кармааг нь ухаарай гэж хэлтэл тэр улаан куртиктэй залуу нь “яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл нөгөө машины ард зогсож байсан залуу өөрөө над дээр ирээд миний халаасыг ухаад байсан. ...нэг танихгүй залуу “Чи хэвтэж бай, битгий хөдлөөрэй” гэж хэлсэн. ...айфон маркийн утас, түрүүвч алга болсон. ...хамар далийсан зэрэг гэмтэл учирсан...” /хх 33-34/,   “... хамар мурийсан, ...гар утсыг дээрэмдсэн...” /хх 35/ гэж удаа дараа мэдүүлсэн мэдүүлгийг:

 

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Б.Ууганбаярын гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт Б.Ууганбаяр бусдад дээрэмдүүлсэн...” гэх талаар гаргасан мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, дуудлагын лавлагааны “манай ахыг шөнө дээрэмдсэн хүмүүс I phone 10 xs маркийн гар утсаа мөнгө өгөөд ав гээд энд дуудсан юм, цагдаа явуулаач” гэх утга бүхий хуудас /хх 4/, гэрч Б.Түвшинбаярын “...үл таних 3-н залуу ирээд манай ахыг цохиж зодсон, тэгтэл ах ухаан алдаад унасан байсан гэж хэлсэн. ...түрүүвч, гар утас алга болсон байсан гэсэн. ...хамар далийсан гэдэг онош тавиад ахын гарыг эмнэлэгт, ...250.000 төгрөг өгөөд ахын утсыг нь авсан...” /хх 10/ гэж нотлон мэдүүлжээ.

 

Түүнчлэн “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгт “...Хамрын таславч муруйх, хамрын ясны хуучин хугарал...” /хх 60/,  “Натур эмнэлэг” компьютер томографийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн оношилгоонд  “...Хамар ясны хажуу хана зөрүүтэй хугарал бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай...” /хх 61/ гэж тус тус дурьдсан байхад  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 622 дугаар шинжээчийн дүгнэлтэд хохирогч Б.Ууганбаярын хамарт гэмтэл учирсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Эдгээр байдлуудаас үзвэл шүүгдэгч Б.Ж бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Ууганбаярын гар утас, түрүүвчийг хэн нэг хууль бусаар авсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй болох, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Б.Ууганбаярын хамарт гэмтэл учирсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоох шаардлагатай.

Эдгээрийг шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн тухайн хуулийн зорилгод нийцэх юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Жт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1267 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Жт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                         

                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ