Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 0295

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт ...ы ...т холбогдох 2008000190218 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

  Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд нь

    - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1312 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Алаг адуун овогт ...ы ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Х.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кронус” нэртэй авто засварын газрын үүдэнд иргэн Э....гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, улмаар түүнийг цохиж зодон хүч хэрэглэн, монетон хос ээмгийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 294,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Х.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кронус” нэртэй авто засварын газрын үүдэнд хохирогч Э....г дээрэмдэх явцдаа ээмэгтэй 2 чихнээс нь татаж, мөн толгойн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Э....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчим Баянхошууны автобуснаас Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн автобусны буудал дээр буугаад зам дагуу зүүн хойшоо алхаад явж байтал Кронус нэртэй авто засварын газрын баруун талд иртэл хойд зүгээс миний өөдөөс зам дагуу хар өнгийн малгайтай, улаан өнгийн синтфонон куртиктэй, архи уусан халамцуу байрын, надаас өндөр биетэй, цайвардуу царайтай, монхордуу хамартай залуу зөрж өнгөрөх нүү гэж бодтол шууд үгийн зөрүүгүй миний толгойн баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохиж авахад миний малгай газар унасан, тэгтэл тэр залуу миний хоёр чихнээс гараараа зулгаагаад ээмэг салгаж авах гээд татаад байсан миний ээмэг ардаа түгжээтэй болохоор тайлагдахгүй байсан, миний чих их өвдөөд “авраарай” гэж орилсон чинь цаад талд байсан авто засварын газраас нэг залуу гүйж гарч ирээд улаан куртиктай залуугаас намайг салгаж авсан, миний хоёр чихнээс цус гарч байсан... улаан куртиктай тэр залуу архи уусан согтуу байсан намайг дээрэмдэхийг оролдож байхад тэр залуугийн амнаас нь архи үнэртэж байсан. Тэр залуу ганцаараа явж байсан ямар нэг хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/,

2.Шүүгдэгч Х....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Баянхошууны сити шопын тэнд ...нартай уулзаад “Уянга” караокед орж архи уусан, тэгээд би 18 цагийн орчим уг баарнаас ганцаараа гарсан, тэгээд баарнаас дөнгөж гараад урд талд байдаг Кронус засварын газрын хажуу талд явж байтал өөдөөс нэг 50 орчим насны хар өнгийн шуба, хар үстэй малгайтай, хар гуталтай эмэгтэй хүн ирж байхаар нь архины мөнгө олох зорилгоор уг эгчийн хоёр чихнээс нь ээмгийг нь авах гэж хоёр гараараа зулгааж завдсан гэтэл яг тэр үеэр нөгөө эгч орилоод тусламж гуйсан чинь нэг залуу гарч ирээд намайг барьж аваад цагдаа нарт барьж өгсөн ингээд л эрүүлжүүлэхэд орсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Сити шопын автобусны буудлын замын зүүн талд байдаг Кронус авто сервисийн ажлын байрандаа 2019 оны 12 дугаар сарын 21-ны орой 18-19 цагийн орчим байж байтал нэг эмэгтэй хүн “амь авраарай, туслаарай” гээд орилоод байхаар нь гараад очтол манай ажлын байрны яг баруун талд “улаан куртиктай, 170-аас дээш өндөртэй, цайвар царайтай, 30 орчим” насны залуу “хар өнгийн шубатай 50-60 орчим насны эгчийн хоёр чихнээс нь хоёр гараараа зулгааж байхаар нь очоод “болиоч ээ” гээд болиулсан тэр залуу согтуу байсан, амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд болиултал нөгөө эгчийн хоёр чихний ээмэг зүүсэн хэсгээс нь цус гарч байсан, хоёр ээмэг нь санжигнасан байсан, тэр эгч хэлэхдээ “миний ээмгийг энэ залуу дээрэмдэх гэж байна” гэж байна гэж хэлсэн, нөгөө залуу юм ярихгүй байхаар нь 102 луу дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд нөгөө эгч, залуу хоёрыг аваад явсан. ...Тухайн үед би эмэгтэй хүн тусламж гуйгаад орилоод байхаар нь гарахад тэр дээрэмдүүлсэн эгч, хүн дээрэмдсэн залуу хоёр л байсан өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

4.Гэрч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би Ачит-116 чиглэлийн алаг машин дээр эргүүлийн цагдаа жолооч ...гийн хамтаар 24 цагаар үүрэг гүйцэтгэхээр ажиллаж байхад 19 цаг 04 минутын орчим жижүүрийн Ачит-10-с “Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо зам дагуу Кронус авто сервисийн гадаа согтуу хүн ээмэг булаачихлаа, хүнийг нь барьсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу дуудлагаар очиж шалгахад дээрэмдүүлсэн гэх 50 орчим насны ..., түүнийг дээрэмдсэн гэх ... бас дуудлага өгсөн ...д тусалсан гэх залуу нар байсан, ...ыг уг залуу хувцаснаас нь бариад зогсож байсан, ... гэх эмэгтэйгийн хоёр чихнээс нь цус гарсан байсан. ... би нөгөө хүмүүстэй буцаж очиж уулзахад ... нь “намайг ганцаараа явж байсан чинь энэ улаан куртиктай согтуу залуу шууд ирээд хоёр чихнээс монетон ээмэг булааж авахыг завдаад чихнээс ээмэг зулгааж байхад энэ хажуу талын засварын газрын энэ залуу гарч ирж тусалсан тэгээд цагдаа дуудсан юм” гэж хэлж байсан. Харин тусалсан гэх залуу нь би ажил дээрээ байж байхад “эмэгтэй хүн туслаач” гэж орилоод байхаар нь гарч ирэхэд энэ улаан куртиктай согтуу залуу энэ эгчийн хоёр чихнээс нь зулгаагаад зогсож байхаар нь очиж салгаад цагдаад дуудлага өгсөн юм гэж хэлсэн ингээд ...ыг шууд эрүүлжүүлээд харин ... гэх эмэгтэйг Ачит-10-т хүлээлгэн өгөөд дараагийн ажилдаа шилжсэн юм. ...Тухайн үед ..., хохирогч ... бас дуудлага өгсөн залуу нар л байсан өөр хүн байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

5.Гэрч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ачит-116 дугаартай чиглэлийн машин дээр эргүүлийн офицер цагдаагийн ахмад ...ийн хамт үүрэг гүйцэтгэж байхад 19 цаг 04 минутын орчим Ачит-10 буюу жижүүрээс дүүргийн 7 дугаар хороо зам дагуу кронус авто сервисийн гадаа хүн ээмэг булаачихлаа, хүнийг нь барьсан байна гэсэн дуудлага иррний дагуу дуудлагаар очиж шалгахад хүн дээрэмдсэн гэх архи уусан байдалтай ... гэгч өндөр залуу, монетон ээмэгээ дээрэмдүүлэх шахсан ... гэх 50 орчим насны эмэгтэй түүнд тусалсан гэх кронус сервисийн нэг залуу нар байсан, эмэгтэйгийн хоёр чихнээс нь цус гарч байсан, ингээд ... гэгч нь шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байсан урчаас би ахмад ...ийн хамтаар ...ыг шууд машинд суулгасан, ахмад ... цаад хохирсон болон дуудлага өгсөн гэх хүмүүстэй уулзаад байсан удалгүй ...ийг шууд эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25 х /,

6.Гэрч В....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүү бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн, уг нь эхнэр хүүхэдтэй  байж байгаад 2-3 жилийн өмнөөс салсан, уг нь миний хүү нэг хүүхэдтэй юмаа, миний хүү чинь уг нь дөлгөөхөн зантай хүнд тусархуу их л гайгүй ажил төрөлдөө сайн хүүхэд байгаа. Эхнэр хүүхдээсээ салсан болоод ч тэгдэг юмуу сүүлийн үед архи уугаад байдаг болсон юм. Тэггээд л иймэрхүү хэрэг түвэгт холбогдчихлоо миний хүү өмнө нь эхнэрээсээ гадна нэг хүухэнтэй хамтран амьдарч байгаад тэр асуудлаасаа болж шүүхээр орж байсан, бусдаараа хэрэг түвэгт холбогдоод байдаггүй л байсан. Миний хүү авъяас чадвар гээд байхаар зүйл байхгүй ямар ч юмыг сэтгэлээсээ хийдэг юм. За хүүгийнхээ талаар өөр яриад байхаар зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 31 х /,

7.Гэрч Ц....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... нь миний хоёрдахь хүү байгаа юмаа. Миний 1987 оны 05 дугаар сарын өдөр Улаанбаатар хотын хоёрдугаар төрөх газарт төрсөн. Миний хүү бага насаа гэрээрээ хүмүүжээд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд 1 дүгээр ангид ороод 8 дугаар ангиа төгсөөд 1 дүгээр хорооллын ирээдүй цогцолбор сургуульд 10-р ангиа төгссөн, миний эрүүл мэндийн байдлаас болж цэргийн алба хаагаагүй. Шулуун гэдэснээс нь цус гардаг байсан. Миний хүү харин 3 дугаар цахилгаан станцад 5 жил орчим машинист ажил хийж байгаад үргэлжүүлээд 1 орчим Солонгос улсруу явж ажил хийж байгаад хувиараа дэлгүүр түрээслэн  ажиллуулж байгаад одоо онцын ажил төрөлгүй байна. Харин миний хүү сүүлийн үед жоохон архи уугаад байдаг болсон, эхнэр хүүхдээсээ салаад 2-3 жил болж байгаа, одоо бид нартай хамт амьдарч байгаа. Миний хүү уг нь ааш зангийн хувьд хүнд их тусархуу, хүний арга эв олоод явахдаа сайн л хүүхэд, сүүлийн үед архи уухаараа өөрийн мэдрэлгүй болчихдог, болсон зүйлээ санахгүй байдаг болчихсон, миний хүү өмнө нь хамт амьдардаг байсан нэг хүүхнээ зодоод шүүхээр орж байсан өөр ял шийтгэл эдлээд хэрэг түвэгт холбогдоод байсан зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 33 х /,

8.Шинжээчийн 578 дугаартай дүгнэлтээр:

1.Э....гийн биед 2 чихэнд шарх шалбаралт, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

 3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх дүгнэлт /хх 42-43 х/,

 9.Шинжээч эмч С.Одончимэгийн “...Э....гийн биед учирсан 2 чихэнд шарх шарбаралт, цус хуралт хаван бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл байсан. ...Дээрх Э....гийн чихэнд үүссэн гэмтэл нь хүний хоёр гараар татахад үүсэх боломжтой гэмтэл байсан. ...Хүний гараар хүний чихнээс зулгаах нь хатуу мохоо зүйлийн үйлчлэл гэж үзэж болно...” гэх мэдүүлэг /хх 44-45 х/,

10.“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монетон хос ээмэг 294,000 төгрөг” /хх 49-50 х/,

           11.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 86 х/

           12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 105 х/

           13. Шийтгэх тогтоолын хуулбар /хх 108-109 х/

           14.Хохирол төлсөн баримт /хх 146-148 х/ зэрэг болно.

Шүүгдэгч Х.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кронус” нэртэй авто засварын газрын үүдэнд хохирогч Э....той таарч ээмгийг нь авахаар хүч хэрэглэн довтолсон,

ээмгийг нь авах гэж толгой руу нь гараараа цохих, хоёр чихнээс нь зулгаах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

Хохирогч Э....гийн “... залууг зөрж өнгөрөх нь гэж бодтол шууд үгийн зөрүүгүй миний толгойн баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохиж авахад миний малгай газар унасан, тэгтэл тэр залуу миний хоёр чихнээс гараараа зулгаагаад ээмэг салгаж авах гээд татаад байсан миний ээмэг ардаа түгжээтэй болохоор тайлагдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/,

Шүүгдэгч Х....ын “... Кронус засварын газрын хажуу талд явж байтал өөдөөс нэг 50 орчим насны хар өнгийн шуба, хар үстэй малгайтай, хар гуталтай эмэгтэй хүн ирж байхаар нь архины мөнгө олох зорилгоор уг эгчийн хоёр чихнээс нь ээмгийг нь авах гэж хоёр гараараа зулгааж завдсан гэтэл яг тэр үеэр нөгөө эгч орилоод тусламж гуйсан чинь нэг залуу гарч ирээд намайг барьж аваад цагдаа нарт барьж өгсөн ингээд л эрүүлжүүлэхэд орсон. ...” гэх мэдүүлэг /хх 80-81 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Ц....ын “...эмэгтэй хүн “туслаарай” гээд орилоод байхаар нь гараад очтол манай ажлын байрны яг баруун талд “улаан куртиктай, 170-аас дээш өндөртэй, цайвар царайтай, 30 орчим” насны залуу “хар өнгийн шубатай 50-60 орчим насны эгчийн хоёр чихнээс нь хоёр гараараа зулгааж байхаар нь очоод “болиоч ээ” гээд болиулсан тэр залуу согтуу байсан. ...” гэх мэдүүлэг /хх 29 х /,

Гэрч Э....ийн “... зам дагуу Кронус авто сервисийн гадаа согтуу хүн ээмэг булаачихлаа, хүнийг нь барьсан байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад дээрэмдүүлсэн гэх 50 орчим насны ..., түүнийг дээрэмдсэн гэх ... бас дуудлага өгсөн ...д тусалсан гэх залуу нар байсан, ... ... гэх эмэгтэйн хоёр чихнээс цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 х/,

Гэрч Н....гийн “...хүн ээмэг булаачихлаа, хүнийг нь барьсан байна гэсэн дуудлага иррний дагуу дуудлагаар очиж шалгахад хүн дээрэмдсэн гэх архи уусан байдалтай ... гэгч өндөр залуу, монетон ээмэгээ дээрэмдүүлэх шахсан ... гэх 50 орчим насны эмэгтэй түүнд тусалсан гэх кронус сервисийн нэг залуу нар байсан, эмэгтэйн хоёр чихнээс нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,

            “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Монетон хос ээмэг 294,000 төгрөг” /хх 49-50 х/,

Шинжээчийн 578 дугаартай дүгнэлт:

1.Э....гийн биед 2 чихэнд шарх шалбаралт, цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх дүгнэлт /хх 42-43 х/,

           Шинжээч эмч С.Одончимэгийн “...Э....гийн биед учирсан 2 чихэнд шарх шарбаралт, цус хуралт хаван бүхий гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл байсан. ...Дээрх Э....гийн чихэнд үүссэн гэмтэл нь хүний хоёр гараар татахад үүсэх боломжтой гэмтэл байсан. ...Хүний гараар хүний чихнээс зулгаах нь хатуу мохоо зүйлийн үйлчлэл гэж үзэж болно...” гэх мэдүүлэг /хх 44-45 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн. 

Х.... нь хүний чихэн дэх ээмгийг авах зорилгоор түүний толгойн тус газарт гараараа цохих, чихнээс нь зулгаах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн хүний эд зүйл хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хоёр чихэнд шарх, шалбаралт, цус хуралт, хаван бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус хангасан.

Шүүгдэгч Х.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

            Шүүгдэгч Х....ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4.Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэх шаардлагад нийцэж байгаа бөгөөд Х....ын хүний толгой руу цохиж, чихнээс нь зулгааж ээмгийг авах гэсэн нэг удаагийн үйлдэл нь дээрх хоёр гэмт хэргийн шинжийг нэгэн зэрэг хангасан тул хэргийн зүйлчлэл тохирсон.

            Уг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох хохирогч Э.... нь шүүх эмнэлгийн шинжилгээний болон эмнэлэгт очиж үзүүлсэн таксины төлбөрт нийт 11,000 төгрөгийг нэхэмжилсэн. Уг төлбөр төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримт /хх 146-148 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Улсын яллагч: Х....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хөнгөн ял оноож өгнө үү? гэсэн.

Х....т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр торгох ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, учруулсан хор уршгийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 04 сарын хугацаагаар тогтоож нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Х.... нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 42 хоног урьдчилан цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Алаг адуун овогт ...ы ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х....ыг 02 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х....т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 оногдуулсан ял : 8 нэг хоног хорих ялтай дүйцэх цаг = 60 хоног буюу 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Х....т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Х....ын урьдчилан цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Х....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ