Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01227

 

 

                                            О.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                                                                            

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00119 дүгээр магадлалтай,

О.М-ын нэхэмжлэлтэй,

“К б м” ХХК-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25,684,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, О.Отгон-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.М нь хариуцагч “К б м” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25,684,079 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “К б м” ХХК-аас 19,026,380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,657,699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 286,591 /254,241+21,500+10,850/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “К б м” ХХК-аас 253,082 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00119 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19,026,380” гэснийг “21,196,434” гэж, “6,657,699” гэснийг “4,487,645” гэж, 2 дахь заалтын “253,082” гэснийг “263,932” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Нэхэмжлэгч тал гэм хорын хохиролтой холбогдуулан өмгөөлөгчийн хөлс, онгоцны тийзний өдөр сольсон зөрүүд нийт 2,687,645 төгрөг нэхэмжилж байх боловч эдгээр зардал нь гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотой, бодит хохиролд тооцогдох боломжгүй тул энэ хэсгийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тус шүүхийн “зардал болон гэм хорын хохирлын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй” гэсэн дүгнэлт нь шалтгаант холбоо байна гэж үзээд байна уу, байхгүй гэж үзээд байна уу гэдэг нь ойлгогдохгүй болжээ. Шалтгаант холбоо гэдэгт хариуцагч нь хууль бус үйлдэл хийсний улмаас нэхэмжлэгчид гэм хор учирч нэхэмжлэгчээс нотлох баримтаар нотлогдсон зардал гарсан байхыг ойлгоно. Хэрэв хариуцагч нь шатыг Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчиж тавиагүй бол нэхэмжлэгчээс тийз солиулах, өмгөөлөгч хөлслөх шаардлага үүсэхгүй, энэ зардал нэхэмжлэгчээс гарахгүй байсан. Ийм тодорхой хууль зүйн ойлголт дээр давж заалдах шатны шүүх ойлгомжгүй, алдаатай дүгнэлт хийж Иргэний хуулийн дээр дурдсан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

4.2. Давж заалдах шатны шүүхийн өмгөөлөгчийн хөлс, онгоцны тийзний өдөр сольсон зардлыг бодит зардал биш гэх дүгнэлтийн тухайд: “Нэхэмжлэгч эмчилгээ хийлгэхээр БНХАУ-ыг зорьсон ба энэ үед тийзний өдөр солих зайлшгүй шаардлага гарч нэмэлт төлбөр төлсөн баримт хэрэгт нотлох баримтаар, өмгөөлөгч хөлсөлсөн, өмгөөлөгчийн хөлсөнд төлбөр төлсөн буюу нэхэмжлэгчээс түүнд учирсан гэм хортой холбогдолтойгоор бодит зардал гарсан байхад давж заалдах шатны шүүх бодит зардал биш” гэж дүгнээд байгаа нь буруу. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хор учруулагч нь бодит зардлаас гадна олох байсан орлогыг төлөх үүрэгтэй байхад шүүх баримтаар нотлогдсон бодит зардлыг хариуцагчаас гаргуулсангүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаагүй тухай хууль зүйн үндэслэлээ хангалттай тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн зардал 2,000,000 төгрөг, онгоцны тийзний өдөр сольсон зардал 687,645 төгрөг, нийт 2,687,000 төгрөгийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.17, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүх “... О.М нь ... “К б м” ХХК-ийн салбарын хаяг байршуулах зорилгоор тавьсан А шатыг тойрч гарахдаа унаж, баруун гарын тохойны ясаа гэмтээсэн ...” гэх байдлаар хариуцагчаас гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэх болсон үндэслэлийг тайлбарлажээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ... эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч О.М-ын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь “К б м” ХХК биш болох нь хэрэгт цугларсан дараах баримтаар тогтоогдоно. Үүнд:

- “К б м” ХХК нь тухайн салбарын заслын ажлыг Франчайзийн гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу франчайзийн эрх эзэмшигчээс хүсэлт ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр, гуравдагч этгээд тухайн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь хариуцагч талаас гаргаж өгсөн 2019.06.28-ны өдрийн 2019/06/28-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Жавхлангийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогддог. Тухайн засварын ажлыг ийнхүү гуравдагч этгээд хийж гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргадаггүй, энэ талаар ч хариуцагч талаас гаргасан тайлбарыг эсрэг тал баримтаар няцааж чадаагүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөвөөр үнэлж, дүгнэж чадаагүй.

- Ажил гүйцэтгэх гэрээний 4.3-т “Өөрийн компанийн нэр эсвэл эмблем бүхий хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэж, хөдөлмөр хамгааллыг зохих норм стандарт, журмын дагуу хариуцна”. 4.5-д “гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын болон багаж хэрэгсэл, тэдгээрийн тээвэрлэлт ажиллах хүч тэдгээрийн хөдөлмөр хамгааллын асуудлыг бүрэн хариуцна” гэх байдлаар энэ нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлийг хэн хариуцах болохыг тодорхой зохицуулсан байдаг. Анхааруулга байршуулаагүй гэх эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзвэл гэм хор учруулсан этгээд нь ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох М.Доржзүгдэр, түүний ажилтан болохыг анзаарч үзэлгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэж байна.

- Ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын засварын ажлыг хэн гүйцэтгэсэн болох нь тодорхой харагддаг. Барилгын засварын ажлыг гуравдагч этгээд гүйцэтгэсэн болохыг гэрч мэдүүлдэг, нэхэмжлэгч тал уг үйл баримттай маргаж байгаагүй тул анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусад холбогдох ажиллагаа хийлгэх хүсэлтийг хариуцагч тал гаргаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүх “... гадна хаяг байршуулах ажлыг ажил гүйцэтгэх гэрээний нэг тал болох М.Доржзүгдэр хариуцан гүйцэтгэсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй. Хариуцагч тал дээрх татгалзлын үндэслэлээ нотлохоор гэрчээс мэдүүлэг авхуулах, мөн ажлын хөлсөнд үнэ төлсөн талаарх баримтыг гаргах зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ ...” хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлснээс гадна хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан. Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон энэхүү баримтыг няцаасан баримт, тайлбарыг нэхэмжлэгч тал гаргасан бол холбогдох ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргах боломжтой байсан.

- Хэрэгт нотлох баримтаар авагдсан ажил гүйцэтгэх гэрээг үнэлэх боломжгүй, үйл баримтыг эргэлзээгүй үнэлж чадахгүй байна гэж үзэх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмыг хэрэглэх ёстой.

5.2. Шалтгаант холбоо байсан эсэх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хор болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоо зайлшгүй байх шаардлагатай. Дээр дурдсанчлан анхан болон давж заалдах шатны шүүхээс “К б м” ХХК нь хаяг байршуулах зорилгоор А шат байршуулахдаа дохио, санамж, анхааруулга, ... осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалт хийх ёстой байсан боловч хийгээгүй буруутай үйл ажиллагаанаас болж О.М-д явах замын хязгаарлагдмал байдал үүсгэснээс болж авто замын боржур дээр халтирч унаж гэмтсэн ...” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч О.М нь боржур дээр халтирч унасны улмаас түүний биеийн эрүүл мэндэд гэмтэл учирсан гэж үзжээ. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.М- тухайн өдөр унасны улмаас түүний гар гэмтсэн гэдгийг нотолсон баримтгүй болохыг анхаарч үзээгүй. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэх тохиолдолд тухайн гэмтэл ямар хүчин зүйлийн нөлөөллөөр хэзээ үүссэн болохыг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарч, уг дүгнэлт хэргийг шийдвэрлэх нэг баримт болдог гэж ойлгож байна. Түүнчлэн тухайн осол болсон гэх нөхцөл байдал нь ажлын өдөр, өдрийн цагаар болсон ба бичлэгээс үзэхэд нэхэмжлэгч О.М нь шат байрлуулсан байсныг харсан, түүний урд явж байсан хүн тухайн шатыг тойроод гарсан. Харин О.М нь шатыг тойрч гарахдаа боржур дээр өөрийн үйлдлээрээ хальт гишгэж унасныг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалт хийгээгүйгээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 00119 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч О.М-аас хариуцагч “К б м” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25,684,079 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 19,026,380 төгрөгийг гаргуулж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 21,196,434 төгрөг гаргуулахаар өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Би 2019.09.07-ны өдрийн 11 цаг 18 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны зүүн талд байрлах “К б м” ХХК-ийн өмнөх явган зорчигчийн зорчих замыг хааж тавьсан барилгын шатыг тойрч гарахаар машин замын хашлага дээгүүр явахдаа газарт унаж гэмтсэн. “К б м” ХХК нь засварын ажил хийх явцдаа ажилдаа хариуцлагагүй хандаж энэ тухай анхааруулга байршуулаагүй, ажлын өдөр, ажлын цагаар, тухайн хэсэгт байрлах явган хүний зорчих замыг бүрэн хааж шат байрлуулан бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэм буруутай, үүний улмаас надад эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн асар их хохирол учирсан. Миний гарын тохой гэмтэж, Цэргийн төв эмнэлэгт мэс засалд орсон ба тохойн хиймэл үе суулгахаас өөр эмчилгээ хийх боломжгүй, уг хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй, тохойн хиймэл үе байхгүй гэсэн тул 2019.09.16-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотод очиж хагалгаанд орж, хиймэл тохойн үе суулгуулсан. З.Энхжинг хөлсөлж орчуулга хийлгэж, ажлын хөлсөнд 500,000 төгрөгийг төлсөн. Хагалгааны дараа буцаж ирээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул төлбөрт нийт 1,800,000 төгрөгийг төлсөн. Мөн хагалгаанд орсны улмаас өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байсан тул өмгөөлөгч Э.Эрдэнэтөгстэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж 2,000,000 төгрөг төлсөн. БНХАУ-д очиж эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас Голомт банктай зээлийн гэрээг байгуулж, зээлийн хүүд нийт 2,170,054 төгрөгийг төлсөн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү ...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Манай компани нь ямар нэг санаатай, болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр О.М-ын эрүүл мэндэд хохирол учруулаагүй бөгөөд камерын бичлэгийг үзэхэд тэрээр зөөврийн шатыг хараад, тойрч гарах үйлдэл хийхдээ хазгай гишгэж унасан. Компанийн франчайз салбарын засварыг хийж байсан хүмүүс хаяг байрлуулах зорилгоор шат байрлуулсан үйлдэл нь компанийг буруутгах үндэслэл болохгүй, засварын ажлыг өдрийн цагаар хийж байхыг нэхэмжлэгч харсан. Шөнийн цагаар буюу засварын ажил хийж байгаа нь иргэдэд мэдэгдэх боломжгүй нөхцөлд хашаа хаалт, анхааруулга тавьдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... хариуцагч байгууллага нь хаяг байршуулах зорилгоор А шат байрлуулахдаа дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлах үүргээ биелүүлээгүй гэм буруугаас болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдсон тул хариуцагч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь үзлэг, шинжилгээ, хагалгаа, эм тарианы зардалд 14,906,045 төгрөг, зочид буудлын төлбөрт 418,880 төгрөг, онгоцны тийзийн зардалд 3,201,455 төгрөг, орчуулга, асаргааны зардалд 500,000 төгрөг, нийт 19,026,380 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдсон тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Харин нөхөн сэргээх эмчилгээний зардал 1,800,000 төгрөг нь эмчийн баримтгүй, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг болон зээлийн хүүд төлсөн 2,170,054 төгрөг нь гэм хортой шууд холбоогүй, мөн онгоцны тийзний өдөр сольсон 687,645 төгрөгийн зардалд хариуцагч буруугүй тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

10. Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... нэхэмжлэгчээс хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 2,170,054 төгрөгийг түүнд учирсан бодит хохиролд тооцох боломжтой, иймд уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасанд нийцнэ ...” гэж дүгнэжээ.

11. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзлээ.

12. Нэхэмжлэгчээс гэм хорын хохиролтой холбогдуулан өмгөөлөгчийн хөлс, онгоцны тийзний өдөр сольсон зөрүүд нийт 2,687,645 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн гэм буруутай шууд шалтгаант холбоогүй, зайлшгүй гарах зардал буюу хохирол гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахааргүй байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Тодруулбал, хэдийгээр тухайн зардал нь нэхэмжлэгчийн хувьд бодитой гарсан байж болох ч хариуцагчийн гэм буруугаас болж зайлшгүй өмгөөлөгч авах, онгоцны тийз солих шаардлагатай болсон гэж үзэхээргүй байна.  

13. Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч самбар байршуулах ажлыг гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулаагүй буюу хөдөлгөөн эрчимтэй өдрийн цагаар явган хүний замыг хааж шат тавьсан болгоомжгүй үйлдэл нь нэхэмжлэгч халтирч унаж тохойгоо гэмтээж, эрүүл мэндэд нь гэм хор учрах шалтгаан болсон, тухайн ажлыг хариуцагч гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсны хариуцлагыг хүлээх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд нийцнэ, иймд “... тухайн буруутай үйлдэл нь хариуцагчид биш ажил гүйцэтгэсэн этгээдэд хамааралтай, гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй байхад шүүх буруу дүгнэсэн ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол мөн үндэслэлгүй болно.

14. Иймд шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00119 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 57,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 264,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ 

                    ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                 Д.ЦОЛМОН