Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00119

 

О.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Мын хариуцагч “К.Б.М” ХХК-д холбогдуулан гаргасан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 684 079 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 18 минут орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Б.Содномын гудамж, 29 дүгээр байрны зүүн талд байрлах “К.Б.М” ХХК-ийн өмнөх явган зорчигчийн зорчих замыг хааж тавьсан барилгын шатыг тойрч гарахаар машин замын хашлага дээгүүр явахдаа газарт унаж гэмтсэн. “К.Б.М” ХХК нь засварын ажил хийх явцдаа ажилдаа хариуцлагагүй хандаж энэ тухай анхааруулга байршуулаагүй, ажлын өдөр, ажлын цагаар, тухайн хэсэгт байрлах явган хүний зорчих замыг бүрэн хааж шат байрлуулан бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэм буруутай, үүний улмаас надад эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн асар их хохирол учирсан гэж үзэж байна.

Миний гарын тохой гэмтэж, Цэргийн төв эмнэлэгт мэс засалд орсон ба мэс заслын үед баруун гарын тохой бяцарсан, шууны толгойн ясыг эвлүүлэх боломжгүй тул тохойн хиймэл үе суулгахаас өөр эмчилгээ хийх боломжгүй гэж эмч нар үзсэн. Хиймэл үе эмнэлгүүдээр хийлгэхээр хөөцөлдсөн боловч уг хагалгааг Монгол Улсад байгаа эмнэлгүүд хийх боломжгүй, тохойн хиймэл үе байхгүй гэсэн хариу өгсөн ба 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эмчлэгч эмч гадаад оронд очиж эмчлүүлэхийг зөвлөн эмнэлгээс гаргасан.

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотод очиж Ардын зургаадугаар эмнэлэгт үзүүлэхэд тохойн үе солих хагалгааг хийх боломжтой бөгөөд тохойн ил шархаа бүрэн эдгээгээд, оёогоо авахуулаад буцаж ирэхийг зөвлөсөн. Би мөн сарын 18-25-ны өдрийн хооронд Монгол Улсад эргэн ирж тохойн шархаа эдгээж, оёогоо авахуулж, мөн сарын 30-ны өдөр дээр дурдсан Шанхай хотын Ардын зургаадугаар эмнэлэгт очиж хагалгаанд орж хиймэл тохойн үе суулгуулсан. Тухайн үед эмчилгээ хийлгэж байхдаа З.Э-г хөлсөлж орчуулга хийлгэж, эмнэлэгт байх хугацаандаа асруулсан. Түүний ажлын хөлсөнд 500 000 төгрөгийг төлсөн.

Хагалгааны дараа Монгол Улсад буцаж ирээд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул Ч.Тунгалагаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж эмчилгээний төлбөрт нийт 1 800 000 төгрөгийг төлсөн. Мөн хагалгаанд орсны улмаас өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй тул 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч Э.Э-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж өмгөөлөгчийн хөлсөнд 2 000 000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгч нь БНХАУ-д очиж эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банктай зээл болон барьцааны 6205112396 дугаар гэрээг байгуулж 10 000 000 төгрөгийг нэг жилийн 20.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба уг зээлийн хүүнд 891 726 төгрөгийг, мөн сарын 23-ны өдөр Голомт банктай зээл болон барьцааны 6205112471 дүгээр гэрээг байгуулж 15 000 000 төгрөгийг нэг жилийн 20.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба уг зээлийн хүүнд 1 278 328 төгрөгийг төлсөн буюу энэ хоёр зээлийн гэрээний хүүнд нийт 2 170 054 төгрөгийг төлсөн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтыг тус тус үндэслэн оношлогоо, шинжилгээ, үзлэг, хагалгаа, эм тарианы зардал 14 906 045 төгрөг, зочид буудлын төлбөр 418 880 төгрөг, хагалгаанд орохоор явсан, ирсэн онгоцны тийзийн зардал 3 889 100 төгрөг, орчуулга, асаргааны зардал 500 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний зардал 1 800 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 2 170 054 төгрөг буюу нийт 25 684 079 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани нь ямарваа нэг санаатай, болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр О.Мын эрүүл мэндэд хохирол учруулаагүй бөгөөд камерын бичлэгийг үзэхэд тэрээр зөөврийн шатыг хараад, тойрч гарах үйлдэл хийхдээ хазгай гишгэж унасан үйлдэл болжээ.

“К.Б.М” ХХК-ийн МУИС-ийн франчайз салбарын засварыг хийж байсан хүмүүс хаяг байрлуулах зорилгоор уг салбарын гадна шат байрлуулсан үйлдэл нь компанийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Манай компани уг барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн болон бусад санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулаагүй. Засварын ажлыг өдрийн цагаар хийж байхыг нэхэмжлэгч харсан. Шөнийн цагаар буюу засварын ажил хийж байгаа нь иргэдэд мэдэгдэх боломжгүй нөхцөлд хашаа хаалт, анхааруулга тавьдаг.

Нэхэмжлэгчээс эмчилгээний зардал, тийзний үнэ, орчуулагчийн хөлс, бариа засал, нөхөн сэргээх эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 25 684 079 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч “К.Б.М” ХХК-иас 19 026 380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 657 699 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 286 591 /254 241+ 21 500+ 10 850/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Б.М ХХК-иас 253 082 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.4, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч эсхүл төлөөлөгчөөр оролцох аль алийг нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх хэлбэрт тооцох тухай хуулийн зохицуулалтыг шүүхээс буруу тайлбарлан хэрэглэж өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжпэгч БНХАУ-д тохойн хиймэл үе хийлгэх хагалгаанд ороод удаагүй буюу өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 9 дүгээр сарын 16, 23-ны өдрүүдэд байгуулсан зээл болон барьцааны гэрээний огноо, нэхэмжлэгчийн Голомт банк дахь 6205109153 дугаарын дансны хуулга зэргээс нэхэмжлэгч нь гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлагын улмаас банкнаас зээл авсан, уг зээлийн хүүнд 2 170 054 төгрөгийг банкинд төлсөн, зээлж авсан мөнгө нь БНХАУ руу явсан тийзны үнэ, эмчилгээний зардал ззрэгтэй ойролцоо байгааг шүүх мөн анхаарч үзсэнгүй.

Шүүхээс онгоцны тийзний зардал нэхэмжлэгчээс гарсанд хариуцагч гэм буруутай гэж үзсэн атлаа тийзний өдөр сольсонд хариуцагч буруугүй үзэж байгаа нь нэг ижил төрлийн зардалд шүүхээс өөр өөр дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болно. Нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас мөн зайлшгүй эмчлүүлэх шаардлагын улмаас БНХАУ руу эмчлүүлэхээр явсан ба ингэж явахдаа эмнэлэгт үзүүлсний дараа хэзээ Монгол Улсад буцаж ирэх нь тодорхой болох тул хоёр талын онгоцны тийз авахдаа буцах өдрийг өөрийн таамгаар тавиулсан. Ийнхүү таамгаар тавиулсны улмаас нэхэмжлэгчид тийзний өдрийг солиулахаас өөр аргагүй байдалд орж энэхүү зардлыг нэхэмжлэгч гаргасан байхад үүнд хариуцагчийн гэм буруугүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөг, зээлийн хүү 2 170 054 төгрөг, онгоцны тийзний өдөр сольсон зардал 687 645 төгрөг нийт 4 857 699 төгрөгийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч О.Мын эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь “К.Б.М” ХХК биш болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. “К.Б.М” ХХК нь тухайн салбарын заслын ажлыг фрайнчайзын гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу фрайнчайзын эрх эзэмшигчээс хүсэлт ирүүлснийг үндэслэн гуравдагч этгээдтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсны үндсэн дээр, гуравдагч этгээд тухайн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ нөхцөл байдалд талууд маргадаггүй, хариуцагч талаас гаргасан тайлбарыг эсрэг тал баримтаар няцааж чадаагүй болохыг анхан шатны шүүх зөвөөр үнэлж, дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Анхааруулга байршуулаагүй гэх эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзвэл гэм хор учруулсан этгээд нь ажил гүйцэтгэх гэрээний 4.3, 4.5-д зааснаар гүйцэтгэгч тал болох М.Д, түүний ажилтан байна.

Нэхэмжлэгч хэнийг өөрийх нь эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчаар тодорхойлох нь түүний эрхийн асуудал боловч шат байршуулахдаа дохио, санамж, анхааруулга байршуулаагуй болоод засварын ажил хийж байсан этгээдийг хариуцагчаар татах, гэрчээр асуулгах гээд эрхийг хэрэгжүулэх боломжтой байсан боловч нэхэмжлэгч тал энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Шийдвэрт “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-02-06 дугаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн шат байршуулсан үйл ажиллагаа нь холбогдох хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Уг дүгнэлтэд хариуцагч аливаа гомдол гаргаагүй...” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаяраас ирүүлсэн дүгнэлт нь байгууллагын тэмдэгээр баталгаажаагүй буюу нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн байсан тул хариуцагч тал гомдол гаргаагүй болно. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрүүл мэндэд учирсан гэм хор болон гэм буруутай этгээдийн үйлдлийн хооронд шууд шалтгаант холбоо зайлшгүй байх шаардлагатай.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.М тухайн өдөр унасны улмаас түүний гар гэмтсэн гэдгийг нотолсон баримт байдаггүй болохыг анхаарч үзээгүй.

Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж үзэх тохиолдолд тухайн гэмтэл ямар хүчин зүйлийн нөлөөллөөр хэзээ үүссэн болохыг тогтоосон “Шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт” гарч, уг дүгнэлт хэргийг шийдвэрлэх нэг баримт болдог гэж ойлгож байна.

Түүнчлэн тухайн осол болсон гэх нөхцөл байдал нь ажлын өдөр, өдрийн цагаар болсон ба бичлэгээс үзэхэд нэхэмжлэгч О.М нь шат байрлуулсан байсныг харсан, түүний урд явж байсан хүн тухайн шатыг тойроод гарсан, харин нэхэмжлэгч О.М нь шатыг тойрч гарахдаа боржур дээр өөрийн үйлдлээрээ хальт гишгиж унасан байдаг.

Нэхэмжлэгч О.Мын боржур дээр өөрөө хальт гишгиж унасан нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаапт хамгаалалт хийгээгүйгээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй юм.

Дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч “К.Б.М” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 25 684 079 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Зөрчлийн улмаас үүсэх үүргийн үндсэн зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн агуулгаас үзвэл гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл, хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

О.М нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны зүүн талын явган хүний замаар алхаж явахдаа “К.Б.М” ХХК-ийн салбарын хаяг байршуулах зорилгоор тавьсан А шатыг тойрч гарахдаа унаж, баруун гарын тохойны ясаа гэмтээсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан эмчлүүлэгсдийн карт, О.Мын өвчний түүх, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. /1хх 5-6, 98-99, 147-148/

Хариуцагч тал “ ... манай санаатай буюу болгоомжгүй үйлдэл байхгүй, өөр этгээдээр засварын ажил гүйцэтгүүлж байсан, компанид хамаарахгүй учир хохирол арилгах үүрэг бүхий этгээд биш” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

“К.Б.М” ХХК нь иргэн Г.Жавхлантай “К.Б” франчайзын гэрээ байгуулсан байх ба гэрээний 4.3 дахь заалтаар “Б талд /Г.Жавхлан/ зохистой үнэ, зардлаар франчайз салбарын барилгыг тоноглож, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үүргийг А тал /”К.Б.М” ХХК/” хүлээсэн байна. /1хх-50/

Энэ үүргийг “К.Б.М” ХХК нь өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэж марган шүүхэд “Ажил гүйцэтгэх гэрээ”-г нотлох баримтаар гарган өгчээ. Тус бичгийн баримтаас үзвэл захиалагч талыг төлөөлж хариуцагч компанийн менежер О.Баттулга, гүйцэтгэгч талаас инженер М.Д нарын гарын үсэгтэй “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээнд “К.Б” МУИС салбарын интерьерын засал 100 хувь хариуцан гүйцэтгэх”-ээр харилцан тохиролцсон агуулга тусгагджээ. /1хх-194/ Гэхдээ үүний дагуу гүйцэтгэгч М.Д нь франчайзын гэрээний Б тал буюу Г.Жавхлангийн заасан обьект болох Сүхбаатар дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах К.Б кофе шопын салбарын гадна хаягийг байршуулах ажлыг хийсэн гэдгийг, мөн гэрч Г.Ж-ийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь гадна хаягийг байршуулах ажлыг “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэг тал болох М.Д хариуцан гүйцэтгэсэн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. /1хх-237/

Хариуцагч тал дээрх татгалзлын үндэслэлээ нотлохоор гэрчээс мэдүүлэг авахуулах, мөн ажлын хөлсөнд үнэ төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргах зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. Иймээс хариуцагчийг, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гуравдагч этгээдээр ажлыг гүйцэтгэсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгч О.Мын эрүүл мэндэд учруулсны хариуцлагыг хүлээх этгээд гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсгийн заасантай нийцэх тул хариуцагч талын татгалзал, энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Хариуцагч “К.Б.М” ХХК нь франчайзын гэрээний 4.3-т заасны дагуу МУИС салбарын гадаа самбар байршуулах ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гүйцэтгэж байсан үйл баримт талуудын тайлбар, гэрч Г.Жавхлангийн мэдүүлэг, шүүхээс СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /1хх 98-99, 234-237/ Тэрээр уг ажлыг гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулаагүй буюу хөдөлгөөн эрчимтэй өдрийн цагаар явган хүний замыг хааж шат тавьсан хариуцагчийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ нь нэхэмжлэгч О.Мын хальтирч унаж тохойгоо гэмтээж, эрүүл мэндэд гэм хор учрах шалтгаан болсон гэж үзнэ. Иймд шүүхийн журмаар томилсон шинжээч М.Ууганбаярын дүгнэлт нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул “шүүх хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтийг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Мын тохойн яс гэмтсэний улмаас Цэргийн төв эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэс засалд орсон, мөн БНХАУ-ын Шанхай хотын Ардын зургаадугаар эмнэлэгт баруун гарын тохойнд хиймэл үе суулгасан үйл баримтыг хэрэгт авагдсан мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын үеийн тэмдэглэл, эмчилгээ сувилгааны хяналтын хуудас, үзлэгийн тэмдэглэл, Шанхай хотын зургадугаар ардын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоожээ. /1хх-7,9, 98-99,149-158/ Дээрх эмчилгээний зардалд гарсан 19 026 380 төгрөгийг хариуцагч “К.Б.М” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /1хх242/

Нэхэмжлэгч тал гэм хорын хохиролтой холбогдуулан өмгөөлөгчийн хөлс, онгоцны тийзний өдөр сольсон зөрүүд нийт 2 687 645 төгрөг нэхэмжилж байх боловч эдгээр зардал нь гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотой, бодит хохиролд тооцогдох боломжгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчээс хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 2 170 054 төгрөгийг түүнд учирсан бодит хохиролд тооцох боломжтой.

Учир нь хэрэгт авагдсан Голомт банктай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 15, 23-ны өдрүүдийн нийт 25 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээнүүд, дансны хуулга, эмчилгээний төлбөрийн баримт, онгоцны тийзний  зардал төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үнэлбэл нэхэмжлэгч О.Мын БНХАУ-ын Шанхай хотын Ардын зургадугаар эмнэлэгт баруун тохойны хиймэл үе солиулах хагалгаанд орсон цаг хугацааны хамааралтай, мөн уг эмчилгээний зардлын хэмжээ нь дээрх зээлийн гэрээний дүнтэй дүйцэж байгаа зэргээс үзэхэд байна. Иймээс нэхэмжлэгчийн, зээлийн хүүд төлсөн 2 170 054 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “19 026 380” гэснийг “21 196 434” гэж, “6 657 699” гэснийг “4 487 645” гэж, 2 дах заалтын “253 082” гэснийг “263 932” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 674 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                       Ч.ЦЭНД