Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2020/03040

 

2020 оны 10 сарын 13 өдөр                 Дугаар 102/ШШ2020/03040                    Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би хариуцагч Б.Этай 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 20,000 ам.доллар, 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2,000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5,000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6,400 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 9,600 ам.доллар, нийт 43,000 ам.долларыг зээлдүүлсэн. Хариуцагч Б.Э нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 14 тоот дахь 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, Барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эаас 63,000 ам.доллар буюу 141,205,992 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 05132 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Хариуцагч Б.Э нь дээрх шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан, барьцаа хөрөнгөөс төлбөр гаругулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст энэ талаар заагаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөд ямар ч ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 157.1.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч байнга БНСУ руу гарчихдаг учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд, энэ хугацаанд хэд хэдэн шийдвэр гүйцэтгэгч солигдсон. Байгаа ганц барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийж чаддаггүй. Уг гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй. Учир нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад барьцааны гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч эрх зүйн мэдлэг дутмагаас үр дагаврыг ойлгоогүй байна. Энэ тохиолдолд барьцааны гэрээний ач холбогдол байхгүй болох гээд, хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгаа боловч уг гэрээнийхээ дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүйд хүрээд байна. Барьцааны гэрээ одоог хүртэл Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байдаг. Шүүх хэдийгээр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гэж шийдсэн боловч, үүнийг барьцааны гэрээ дуусгавар болгосон гэж ойлгохгүй. Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нь хариуцагчийн ах байдаг...гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Э, Б.Э нарын хооронд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 20,000 ам.доллар, 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2,000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5,000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6,400 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 9,600 ам.доллар, нийт 43,000 ам.долларыг зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Э.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 9 дүгээр сарын 19-ний өдрийн 051132 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 79.1-д тогтоогдсон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжилдэг. Ийнхүү 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 051132 дугаартай захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал дууссан. Иргэний хуулийн 79.7-д заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхлэнэ. Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүргэтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааж өгсөн бөгөөд, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсэн байна. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82.1-д заасны дагуу Э.Э, Б.Э нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаж байна. Иргэний хуулийн 77.1-д зааснаар болон, иргэн Э.Э-ы 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдсан, энэ талаар бид маргахгүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан. Зээлийн гэрээний үүрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлхэ тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэснээр анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Энэ нэхэмжлэл хууль бус. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан байхад дахин гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. 2010 оноос хойш 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Тиймээс нэхэмжлэгч нь бие даан барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндсэн үүрэг биелэгдээгүй учир Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээний дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...Барьцааны гэрээ нь үндсэн үүрэг болох Зээлийн гэрээтэй хамааралтай бөгөөд, шүүхээр нэхэмжлэгч зөвхөн зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шаардсан. Үүнтэй холбоотойгоор шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн 0000 оны Барьцааны гэрээний дагуу шаардаж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж тайлбарлан маргаж байна.

Талууд 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Э.Э нь зээлдэгч Б.Э-д 20,000 ам.долларыг 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг зээлдэгч хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-5/

Уг зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор талууд Барьцааны гэрээ-г мөн өдөр байгуулан, зээлдэгч Б.Э өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а дугаар байрны 14 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 42,000,000 төгрөгөөр үнэлж барьцаалан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-5 арын нүүр/

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, Зээлийн гэрээний үүрэгт 63,600 ам.доллар буюу 141,205,992 төгрөгийг Б.Эаас гаргуулахаар шаардсан байх бөгөөд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00000 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Э.Э-ы шаардсан 63,600 ам.доллар буюу 141,205,992 төгрөгийг Б.Э төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. /хх-6/

Улмаар төлбөр төлөгч Б.Э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч, нэхэмжлэгч Э.Э-ы хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2016/27748 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн №03116 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй, талуудын хооронд хийгдсэн маргаан бүхий Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба, уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2 дахь хэсэгт зааснаар барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй бөгөөд, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ хэмээн хуульчилжээ.

Барьцааны эрх нь үндсэн үүрэг буюу шаардлагаас салангид оршихгүй хэдий ч, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын байгуулсан Зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр Барьцааны гэрээний үүргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй, мөн хариуцагч Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон, хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4/516 тоот, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 06/1571 тоот Өргөдөлд хариу өгөх тухай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

Барьцааны гэрээ 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан боловч, нэхэмжлэгч Э.Э нь үндсэн үүрэг болох Зээлийн гэрээний үүргийг шаардан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тасалдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр, Э.Э, Б.Э нарын байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байрны 0 тоот дахь 0 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай 0 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Э, Б.Э нарын байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 байрны 0 тоот дахь 0 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай 2 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА