Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/00257

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03040 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ы хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Б.Э-тай 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 ам.доллар, 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6 400 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 9 600 ам.доллар, нийт 43 000 ам.долларыг зээлдүүлсэн. Хариуцагч Б.Э- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 14 тоот дахь 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан нотариатаар батлуулж, 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э-аас 63 000 ам.доллар буюу 141 205 992 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тул 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 05132 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч Б.Э- нь дээрх шийдвэрийн дагуу мөнгөө төлөөгүй тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулан, барьцаа хөрөнгөөс төлбөр гаргуулах гэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар дурдаагүй, шүүхийн гүйцэтгэх хуудаст энэ талаар заагаагүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөд ямар ч ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, 157.1.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй байна. Хариуцагч байнга БНСУ-руу гарчихдаг учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд, энэ хугацаанд хэд хэдэн шийдвэр гүйцэтгэгч солигдсон. Байгаа ганц барьцаа хөрөнгө дээр ажиллагаа хийж чаддаггүй. Уг гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй. Учир нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад барьцааны гэрээний үүрэг дуусгавар болох үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч эрх зүйн мэдлэг дутмагаас үр дагаврыг ойлгоогүй байна. Энэ тохиолдолд барьцааны гэрээний ач холбогдол байхгүй болох гээд, хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгаа боловч уг гэрээнийхээ дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулж чадахгүйд хүрээд байна. Барьцааны гэрээ одоог хүртэл улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байдаг. Шүүх хэдийгээр зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гэж шийдсэн боловч, үүнийг барьцааны гэрээ дуусгавар болгосон гэж ойлгохгүй. Барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нь хариуцагчийн ах байдаг гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э-, Б.Э- нарын хооронд нийт 43 000 ам.долларын зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Э.Э- нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 9 дүгээр сарын 19-ний өдрийн 051132 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжилдэг. Ийнхүү 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гарснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал дууссан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдож эхэлнэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсэн байна. Ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Э.Э-, Б.Э- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзаж байна. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар болон иргэн Э.Э-ы 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах, нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 157 дугаар зүйлийн 157.1.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Э-, Б.Э- нарын байгуулсан 2010 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 14 тоот дахь 29 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаартай 2 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэн Э.Э-, Б.Э- нарын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 20 000 ам.доллар, 2010 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2 000 ам.доллар, 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 5 000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 6 400 ам.доллар, 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 9 600 ам.доллар нийт 43 000 ам.долларыг зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан Э.Э- нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №102/ШШ2016/05132 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах эрхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж зааж өгсөн бөгөөд энэхүү хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна. Барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 36и байр, 14 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууц гурван өмчлөгчтэй бөгөөд гуравдагч этгээд болох Г.Цэцгээ, Б.Энхбаяр нарын эрх ашиг хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Э.Э- нь нийт 43 000 ам.долларыг хариуцагч Б.Э-д зээлдүүлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байр, 14 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012598 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 5-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 63 600 ам.доллар буюу 141 205 992 төгрөг гаргуулахаар шаардсан ба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/05132 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-р тал/.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасан тул зээлийн гэрээний үүрэг шаардсанаар барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

Мөн хариуцагч нь гомдолдоо барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/03040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ