Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2018/00025

 

  2018            07              24                                           202/МА2018/00025

 

Ш  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2018/00232 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз, 3 давхарт байрлах, “Ш ” ХХК /РД:5506255/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Гурван баян төв, 4 давхарт байрлах, Дорноговь аймаг дахь Ардчилсан намын хороонд холбогдох

Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ш ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ардчилсан намын Дорноговь аймгийн хороо нь тус компанитай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр СА/39 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “худалдан авагч нь худалдан авсан талоны үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “худалдан авагч нь талоныг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна”, гэсэн боловч Ардчилсан намын Дорноговь аймгийн хороо нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироож байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “худалдагч нь худалдан авагчаас талоны үнийг шаардах эрхтэй”, мөн 3.4-т “худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд алдангийг шаардах эрхтэй” гэж заасан. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т “Худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-т “худалдан авагч тал талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгөрг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны талоныг аймгийн Ардчилсан намын данс бүртгэлд орлогодож аваагүй, зарцуулсан баримт байхгүй байгаа юм. Энэхүү 5 000 000 төгрөгийн талоныг хүлээн авсан гэх Б.Баянмөнх нь тухайн үед ч, одоо ч аймгийн Ардчилсан намын нягтлан бодогчоор ажиллаагүй болно. Ардчилсан намыг төлөөлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулсан Б.Батбаяр нь ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ өр авлагын тухай ямар нэгэн баримт мэдээллийг намын шинэ дарга Ц.Гантулгад хүлээлгэн өгөөгүй. Иймд энэ асуудлыг талон хүлээж авсан болон гэрээ байгуулсан дээрх нэр бүхий хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Дорноговь аймгийн Ардчилсан намын шинэ удирдлагын хувьд намын байгууллагын данс бүртгэлд тусгагдаагүй тул хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч “Ш ” ХХК-ний итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талоныг хүлээн авсанаас хойш 30 хоног хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон юм.  2017 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 4,447,000 төгрөг болсон байсан. Тэрнээс хойш алданги тооцоогүй. Гэрээнд алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт байдаг учраас 50 хувьд нь алданги бодож нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлсэн. Холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавьж, гэрээний үүргээ гүйцэтгэх төлбөр төлөх боломжтой хугацааг олгосон боловч үр дүнд хүрээгүй. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорноговь аймаг дахь Ардчилсан намын хорооноос  шатахууны мөнгөн талоны үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Гантулга давж заалдсан гомдолдоо: Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь Шунхлай компанийн 5.0 сая төгрөгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Дорноговь аймгийн Ардчилсан намын зүгээс гаргасан тайлбар, нотлох баримтыг анхаарч үзээгүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй зэрэг нь хэт нэг талыг баримталсан хууль бус шийдвэр боллоо гэж үзэж байна. Шунхлай компанийн нэхэмжилж буй 5.0 сая төгрөгийн шатахууны талоныг хүлээн авсан гэх Б.Баянмөнх нь Дорноговь аймгийн Ардчилсан намд тухайн үед ч одоо ч ямар нэгэн санхүүгийн үүрэг хариуцлага хүлээсэн албан тушаал эрхэлж байгаагүй. Дээрх 5.0 сая төгрөгийн шатахууны талоныг аймгийн Ардчилсан намын санхүүгийн данс бүртгэлд орлогодож зарлагдаагүй хэн хэзээ юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа болно. Гэтэл хэргийн голлох оролцогчид Б.Баянмөнх тухайн үед намын дараар ажиллаж байсан Б.Батбаяр нараас энэ талаар анхан шатны шүүх огт тайлбар, тодруулга авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Гомдлын хүсэлт: Хэргийн оролцогчид Б.Батбаяр, Б.Баянмөнх нараас зохих тайлбар, тодруулгыг авах,

Хариуцагчийн итгэмжлэгдсн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор хангах,

Шунхлай компанитай хийсэн гэрээ, хүлээн авсан талон, түүний санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байдалд мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах,

Ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн боломж багатай улс тарийн байгууллагад их хэмжээний хүү, алданги ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шунхлай компанийн нэхэмжилж буй 7.5 сая төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож холбогдох буруутай этгээд, албан тушаалтнаар төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гомдол гаргаж байгаа нь тухайн үед даргалж байсан дарга, нягтлан бодогчоор төлүүл гэсэн байсан. Манай байгууллага хувь хүнтэй гэрээ байгуулаагүй. Тухайн байгууллагатай гэрээ байгуулсан учраас тухайн байгууллагаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа. Хэнээр төлүүлэх нь тухайн байгууллагын дотоод асуудал учраас нэхэмжлэлийн шаардлага болох 7500000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

ХЯНАВАЛ:

            Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Ш  ХХК нь хариуцагч Ардчилсан нам-Дорноговь аймгийн  хороо ХХК-д холбогдуулан худалдсан шатахууны талоны төлбөр 5000000 төгрөг, алданги 2500000 төгрөг, нийт 7500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлээ 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн СА/39 дугаартай гэрээнд үндэслэжээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд талууд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “шатахууны талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, гэрээнд Дорноговь аймгийн Ардчилсан намыг төлөөлж нягтлан бодогч Б.Баянмөнх оролцож гарын үсэг зурсан, улмаар 4400000 төгрөгийн үнэ бүхий талоныг Б.Баянмөнхөд /хх-6/, 600000 төгрөгийн талоныг А.Энхжаргалд /хх-12 /хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчээс талоны төлбөрийг шаардаж 2017 оны 08 дугаар сарын 10 /хх-15/, 2017 оны 10 дугаар сарын 11 /хх-14/, 2017 оны 12 дугаар сарын 01-ний /хх-13/ өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлөгч талаас нягтлан бодогч Болортуяа оролцож тооцоо нийлсэн тухай үйл баримт тогтоогджээ.

            Харин хариуцагч тал  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талоныг хүлээж аваагүй, төлөөлж гарын үсэг зурсан Б.Баянмөнх нь тухайн үед ч одооч тус байгууллагад нягтлан бодогчоор ажилладаггүй гэсэн  тайлбар гаргаснаас үзэхэд талуудыг гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  бичгээр байгуулагдсан “шатахууны талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний агуулга нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар болон 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр буюу худалдагч худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг  шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх тул худалдан авагч талыг төлөөлж гэрээ байгуулагдсан этгээд болон талоныг хүлээн авсан этгээдүүд нь эрх бүхий этгээд мөн эсэх нь тогтоогдсоноор энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийх үндэслэлтэй.

            Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлын талаар хариуцагч маргаж шүүхэд гаргасан тайлбартаа /хх-31/ нэр бүхий хүмүүсээс энэ асуудлыг тодруулахыг хүссэн байхад хүсэлтийн агуулгыг тодруулж шийдвэрлээгүй, улмаар нэхэмжлэгч эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд хэрхэн яаж шилжүүлснээ нотлоогүй байгааг анхаараагүй буюу хэргийн үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан “...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэнтэй нийцээгүй гэж үзнэ.

            Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ... нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж тус тус зааснаас үзэхэд эрх бүхий этгээдээс томилогдсон этгээд гэрээ байгуулах, гэрээний зүйлийг хүлээн авах эрхтэй хэдий ч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд оролцсон этгээдүүд нь дээрх хуульд заасны дагуу томилогдсон эрх бүхий этгээд болох нь тогтоогдоогүй байгааг анхан шүүх анхаараагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

            Түүнчлэн  гэрээнд үнийн дүн заагаагүйн гадна 4400000 төгрөгийн үнэ бүхий талоныг Б.Баянмөнхөд /хх-6/, 600000 төгрөгийн талоныг А.Энхжаргалд /хх-12/ хүлээлгэн өгсөн баримтанд огноо тэмдэглэгдсэн эсэх нь тодорхойгүйгээс буюу эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүйгээс энэхүү нийт 5000000 төгрөгийн талон нь  нэхэмжлэгчээс ирүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр  бичгээр байгуулагдсан “шатахууны талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй байгааг шүүх анхаараагүй.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг Ардчилсан нам-Дорноговь аймгийн хороо ХХК гэж нэрлэн заасан байх ба хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм хэрэгт авагдаагүйгээс  хариуцагчийн иргэний эрх зүйн чадвар тодорхойгүй болж улмаар тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ардчилсан нам Дорноговь аймгийн хорооны хэрэг эрхлэх газрын дарга Б.Төмөрхуяг болох нь эргэлзээтэй болжээ.

Тухайлбал Улсын төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын дотоод зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог намын дүрмээр зохицуулна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлбөр шаардсан мэдэгдэлд Ц.Гантулга хариу албан бичиг хүргүүлсэн /хх-10/, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгчийг томилж ирүүлсэн итгэмжлэлийг  Ардчилсан нам Дорноговь аймгийн хорооны хэрэг эрхлэн газрын дарга Б.Төмөрхуяг үйлдсэн, хариуцагчийн тайлбарт намын даргыг Ц.Гантулга болох талаар дурдсан зэргээс үзэхэд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болох нь тодорхойгүй болж, цаашилбал шүүхэд төлөөлөгч томилж ирүүлсэн итгэмжлэлийг хууль ёсны гэж үзэхэд учир дутагдалтай ба энэхүү итгэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

            Мөн анхан шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлээд шийдвэр гаргасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн захирамж гарснаар тэмдэглэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх журамд нийцээгүй байгааг анхаарвал зохино.

            Иймд хариуцагчийн “... Б.Баянмөнх, ...Б.Батбаяр нараас ... тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн. ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2018/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                      Н.БАТЧИМЭГ