Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 334

 

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2018/00334

Дорноговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хауз, 3 давхарт байрлах, “Шунхлай говь” ХХК /РД:5506255/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 3-р баг, Гурван баян төв, 4 давхарт байрлах, Ардчилсан намын Дорноговь аймгийн хороонд холбогдох

 Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж, гэрч Б.Баянмөнх, Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ардчилсан намын Дорноговь аймгийн хороо нь тус компанитай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр СА/39 тоот “Шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба худалдан авагч талын хэрэгцээт, захиалгат шатахууныг цаг тухайд нь нийлүүлсэн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “худалдан авагч нь худалдан авсан талоны үнийг бэлнээр буюу дансаар энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “худалдан авагч нь талоныг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор бүрэн төлж барагдуулна”, гэсэн боловч Ардчилсан намын Дорноговь аймгийн хороо нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироож байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “худалдагч нь худалдан авагчаас талоны үнийг шаардах эрхтэй”, мөн 3.4-т “худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд алдангийг шаардах эрхтэй” гэж заасан. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.12-т “Худалдан авагч нь үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тогтоосон хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.1-т “худалдан авагч тал талоны төлбөрийг энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Талоныг хүлээн авснаас хойш 30 хоног хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон юм.  2017 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар 4,447,000 төгрөг болсон байсан. Тэрнээс хойш алданги тооцоогүй. Гэрээнд алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт байдаг учраас 50 хувьд нь алданги бодож нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг хариуцагч талд удаа дараа хүргүүлсэн. Холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавьж, гэрээний үүргээ гүйцэтгэх төлбөр төлөх боломжтой хугацааг олгосон боловч үр дүнд хүрээгүй. Иймд шатахуун худалдах, худалдан авах гэрээний үндсэн үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 5 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууны талоныг аймгийн Ардчилсан намын данс бүртгэлд орлогодож аваагүй, зарцуулсан баримт байхгүй байгаа юм. Энэхүү 5 000 000 төгрөгийн талоныг хүлээн авсан гэх Б.Баянмөнх нь тухайн үед ч, одоо ч аймгийн Ардчилсан намын нягтлан бодогчоор ажиллаагүй болно. Ардчилсан намыг төлөөлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулсан Б.Батбаяр нь ажлаа хүлээлгэж өгөхдөө энэ өр авлагын тухай ямар нэгэн баримт мэдээллийг намын шинэ дарга Ц.Гантулгад хүлээлгэн өгөөгүй. Иймд энэ асуудлыг талон хүлээж авсан болон гэрээ байгуулсан дээрх нэр бүхий хүмүүсээс тодруулах нь зүйтэй. Дорноговь аймгийн Ардчилсан намын шинэ удирдлагын хувьд намын байгууллагын данс бүртгэлд тусгагдаагүй тул хүлээн зөвшөөрч төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шунхлай говь” ХХК хариуцагч Ардчилсан намын Дорноговь аймгийн хороонд холбогдуулан шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас “шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд төлөөлж гарын үсэг зурсан Б.Баянмөнх нь тухайн үед ч, одоо ч Ардчилсан намын Дорноговь аймгийн хорооны нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Зохигчдын хооронд шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна.

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “шатахууны мөнгөн талоныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд Ардчилсан намын Дорноговь аймгийн хороог төлөөлж нягтлан бодогч Б.Баянмөнх оролцож гарын үсэг зурсан, улмаар нэхэмжлэгч  байгууллага нь 4 000 000 төгрөгийн үнэ бүхий талоныг Б.Баянмөнхөд, 600 000 төгрөгийн талоныг А.Энхжаргалд өгсөн байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “хэлцийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан ба Б.Баянмөнх нь Ардчилсан намын Дорноговь аймгийн хороог хуулийн дагуу төлөөлөх эрхтэй этгээд биш байна. 

Хариуцагч талаас нотлох баримтаар Ардчилсан намын даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/38 дугаартай тушаалыг ирүүлсэн ба Ардчилсан намын Дорноговь аймгийн хороог итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Гантулга болох нь тогтоогдож байна. /ХХ-113 дугаар тал/

Б.Баянмөнх нь Ардчилсан намын Дорноговь аймгийн хороонд хөдөлмөрийн болон бусад гэрээгээр ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийх хуулиар тогтоосон журмыг зөрчиж Б.Баянмөнх гэгчтэй хийсэн ба уг хэлцлийн үр дагаврыг Б.Баянмөнх хүлээх ёстой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                            

 1.Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Шунхлай говь” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ардчилсан намын Дорноговь аймгийн хорооноос шатахууны худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА