Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/02910

 

2020 оны 10 сарын 06 өдөр                 Дугаар 102/ШШ2020/02910                    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэгийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б,

Хариуцагч: А.Э нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 46,044,399.44 /дөчин зургаан сая дөчин дөрвөн мянга гурван зуун ерэн есөн төгрөг, дөчин дөрвөн мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Л.Б, хамтран зээлдэгч А.Э нар нь ТБнаас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С-13/114 тоот зээлийн гэрээ байгуулан 47,300,000 төгрөгийг жилийн 18,6%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 7,147,632.04 төгрөг, хүүнээс 52,122,213.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 18,472.97 төгрөг, нийт 59,288,316.64 төгрөг төлсөн байна. Л.Б 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40,152,367.95 төгрөг, зээлийн хүү 5,838,820.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,710.92 төгрөг, нийт 45,998,899.42 төгрөгийн үлдэгдэлтэй болж хуримтлагдсан. Л.Б нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэв журмын тасгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Хамтран зээлдэгч А.Э нь хувиараа дэлгүүр түрээслэн ажиллуулдаг. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээлдэгч Л.Б, хамтран зээлдэгч А.Э нараас зээлийн гэрээ цуцлах дуусгавар болгон үндсэн зээлийн төлбөр 40,152,367.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,838,820.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,710.92 төгрөг, нотариатын зардал 45,500 төгрөг буюу нийт 46,044,399.42 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,172 төгрөг, зээлийн гэрээ цуцлах тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт гаргуулж ТБ ХХК-д олгож өгнө үү. Банкны зүгээс зээлийн төлөлт хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар зээлдэгч нарт 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү... гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг дэх ТБны тухайн үеийн Хадгаламж банк-аас орон сууц худалдан авах зээл хүсэж 47,300,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, сар бүр 780,000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан юм. Уг зээлийг зориулалтын дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын орон сууцнаас 69 м.кв байр авахаар байсан боловч тухайн үеийн барилгын материалын үнийн өсөлт болон бусад нөхцөл байдлаас хамааран дээрх байрыг авч чадаагүй. 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сар хүртэл нийт 59,288,316.64 төгрөгийг төлсөн. Миний бие цэргийн байнгын тэтгэвэрт сууснаас хойш Эрийн хуйх ХХК-ийг үүсгэн байгуулж, 00 хороонд Монгол ахуй, ёс заншлыг ирээдүй хойчдоо таниулж сургах чиглэлээр Монголдой цогцолборыг 2019 оны 6 дугаар сараас ажиллуулж эхэлсэн боловч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорионд орж үйл ажиллагаа зогссон. ТБнаас гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулалгүй тасалдуулсандаа миний бие хүлцэл өчиж байна. Цар тахалтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу үндсэн зээл, хүүгээ зогсоох талаар хүсэлтээ илэрхийлсэн боловч боломжгүй талаар мэдэгдсэн. Цаашид миний бие цар тахал өвчний хөл хорио цуцлагдаж үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 2,000,000 төгрөгийг төлж барагдуулах, энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох хүсэлтэй байгааг хүлээн авна уу...гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

ТБ ХХК нь Л.Б, А.Э нарт холбогдуулан, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хадгаламж банк ХХК-тай байгуулсан С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 40,152,367.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,838,820.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,710.92 төгрөг, нотариатын зардал 45,500 төгрөг буюу нийт 46,044,399.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд, гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрийг сар бүр 2,000,000 төгрөгөөр төлж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Л.Б, хамтран зээлдэгч А.Э нар нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХБ  ХХК-тай С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 47,300,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр, өөрөө болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар ашиглахаар 2028 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 180 сарын хугацаатай, сар бүр 780,137 төгрөгийн төлөлт хийхээр харилцан тохиролцож, зээл буцаан төлөх хуваарийн хамт гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 43-46/

2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ТБ ХХК нарын хооронд №007/2013БЭХА/164 дугаартай Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ хийгдсэнээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар Л.Б, А.Э нартай байгуулсан Зээлийн гэрээний үүргийг шаардах эрх ТБ ХХК-д шилжжээ. /хх-17/

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн С-13/114 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, Л.Б, А.Э нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 39 дүгээр байрны 14 тоот дахь 67 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 90,000,000 төгрөгөөр үнэлж, барьцаалбар үйлдэн, Улсын бүртгэлийн газарт гэрээг бүртгүүлэхийн зэрэгцээ, мөн өдрийн С-13/114 тоот Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг 1,500,000 төгрөгөөр, тоос сорогч, компьютер, плетка зэргийг 1,500,000 төгрөгөөр, гэрийн тавилга бусад эд хөрөнгийг 2,500,000 төгрөгөөр тус тус үнэлэн барьцаалжээ. /хх 47-50/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, зээлийн барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнүүд байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч нараас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй учир шүүх талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээний хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

ХБ ХХК-иас зээлийн гэрээний дагуу 47,300,000 төгрөгийг зээлдэгч Л.Бд олгож, гэрээгээр болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэн, зээлийн хүүг тооцохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 7,147,632.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 52,122,213.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,472.97 төгрөг, нийт 59,288.318.64 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд, үндсэн зээлийн үлдэгдэл 40,152,367.95 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5,838,820.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,710.92 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож баайна. /хх 19-29/

Зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ үл биелүүлсний улмаас зээлдүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №01 тоот мэдэгдлийг Л.Бд хүргэж төлбөр төлөхийг шаардан, төлбөр төлөх нэмэлт хугацаа олгосон байх боловч хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан бөгөөд, уг шаардлагын талаар хариуцагч тусгайлан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан ба, талуудын байгуулсан Зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт ...гэрээний 7.1.1-7.1.4-т заасан зөрчлийн аль нэг нь гарсан..., 8.2.2 дахь хэсэгт ...гэрээний 8.2.1-т гарсан зөрчлийг арилгахыг Банк зээлдэгчээс бичгээр шаардсан өдрөөс хойш заасан хугацаанд арилгаагүй... тохиолдолд гэрээг зөрчсөн гэж банк тооцож, гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно хэмээн заасны дагуу зээлдүүлэгч ТБ ХХК нь Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн байх тул Л.Б, А.Э нартай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцлах үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч ТБ ХХК-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрх үүссэн байх тул зээлдэгч Л.Б, А.Э нараас Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 40,152,367.95 төгрөг, зээлийн хүү 5,838,820.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.710.92 төгрөг, нийт 45,998,899.40 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын зардал 45,500 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй байх тул энэ шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч талын эзгүйд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Б, А.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46,044,399.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,372 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 458,372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА