Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00150

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00150

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02910 дугаар шийдвэртэй

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б, А.Э нарт холбогдох

зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 46 044 399 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Л.Б, хамтран зээлдэгч А.Э нар нь Т ХХК-аас ХХК-аас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С-13/114 тоот зээлийн гэрээ байгуулан 47 300 000 төгрөгийг жилийн 18,6%-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 7 147 632 төгрөг, хүүнээс 52 122 213 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 18 472 төгрөг, нийт 59 288 316 төгрөг төлсөн байна. Л.Б 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40 152 367.95 төгрөг, зээлийн хүү 5 838 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 710 төгрөг, нийт 45 998 899 төгрөгийн үлдэгдэлтэй болж хуримтлагдсан. Зээлдэгч Л.Б, хамтран зээлдэгч А.Э нартай байгуулсан зээлийн гэрээ цуцалж дуусгавар болгон үндсэн зээлийн төлбөр 40 152 367 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5 838 820 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7 710 төгрөг, нотариатын зардал 45 500 төгрөг буюу нийт 46 044 399 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 172 төгрөг, зээлийн гэрээ цуцлах тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийн хамт гаргуулж Т ХХК-аас ХХК-д олгож өгнө үү. Банкны зүгээс зээлийн төлөлт хийгээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар зээлдэгч нарт 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг дэх Т ХХК-аасны тухайн үеийн Хадгаламж банк-аас орон сууц худалдан авах зээл хүсэж 47 300 000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, сар бүр 780 000 төгрөг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан юм. Уг зээлийг зориулалтын дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдын орон сууцнаас 69 м.кв байр авахаар байсан боловч тухайн үеийн барилгын материалын үнийн өсөлт болон бусад нөхцөл байдлаас хамааран дээрх байрыг авч чадаагүй. 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сар хүртэл нийт 59 288 316 төгрөгийг төлсөн. Би цэргийн байнгын тэтгэвэрт сууснаас хойш Эрийн хуйх ХХК-ийг үүсгэн байгуулж, 2019 оны 6 дугаар сараас ажиллуулж эхэлсэн боловч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хөл хорионд орж үйл ажиллагаа зогссон. Т ХХК-аас гэрээний дагуу авсан зээлээ төлж барагдуулалгүй тасалдуулсандаа би хүлцэл өчиж байна. Цар тахалтай холбогдуулан Монгол улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу үндсэн зээл, хүүгээ зогсоох талаар хүсэлтээ илэрхийлсэн боловч боломжгүй талаар мэдэгдсэн. Цаашид цар тахал өвчний хөл хорио цуцлагдаж үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 2 000 000 төгрөгийг төлж барагдуулах, энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Б, А.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 044 399.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 372 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 458 372 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанаар миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Хэнтий аймагт эмнэлгийн тусламж авч байна гэдгээ утсаар мэдэгдсэн боловч миний оролцоогүйгээр шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан. Би өмгөөлөгчөөр хангагдах хүсэлт гаргасан боловч миний өмгөөлөгч хэргийн материалтай танилцах боломж олдоогүй, мөн шүүх хуралдаанд намайг төлөөлөн оролцох боломж олгоогүй. Дэлхий даяар үүсээд байгаа цар тахал аюулт өвчний улмаас Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 02 дугаар сараас эхлэн хөл хорио тогтоож хорио цээрийн дэглэмд шилжин онц байдал үүссэнээр миний орлого доголдож улмаар тасалдахад хүрсэн. Энэ нь миний буруу биш бөгөөд энэ тухайгаа шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан боловч уг тайлбарыг шүүх харгалзаж үзээгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Өнөөдөр Монгол улс даяар хөл хорио тогтоож би ажил хөдөлмөр эрхэлж орлого олох, өмгөөлөгчтэйгөө уулзаж хуулийн зөвлөгөө, тусламж авах нь бүү хэл давж заалдах гомдлоо шүүхэд хүргэх, улсын тэмдэгтийн хураамжаа төлөхөөр банканд үйлчлүүлэхээр гэрээсээ гарах ч боломжгүй, гарсан тохиолдолд гэр бүлээ эрсдэлд оруулах нөхцөл байдалд байгааг бүгд мэдэж байгаа. Миний энэ гомдлыг хүлээн авч үүссэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хоорондын маргааны үйл баримтыг нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Л.Б, А.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 46 044 399 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрт сар бүр 2 000 000 төгрөг төлж, хүү нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлүүлэхээр тайлбар гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т ХХК нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 007/2013БЭХА/164 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Л.Б, А.Э нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг Т ХХК-д шилжүүлсэн байна. /хх.17-18/

 

Хадгаламж банк ХХК болон Л.Б, А.Э нар нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр С-13/114 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 47 300 000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээл олгосон байна. Зохигчид мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны С-13/114 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 2 хороо, 2 хороолол ЭТӨЧөлөө 39-14 тоот 67 м.кв 3 өрөө орон сууц, хөдлөх хөрөнгө болох зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, компьютер, плетка, гэрийн тавилга, бусад эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх.43-50/

 

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан байна.

 

Хадгаламж ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 47 300 000 төгрөгийг зээлдэгч Л.Бат-Эрдэнийн дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Л.Б, А.Э нар үндсэн зээлд 7 147 632 төгрөг, зээлийн хүүд 52 122 213 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18 472 төгрөг нийт 59 288 318 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх.29, 51/ Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т ХХК-аас хариуцагч нарыг ....гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

Хариуцагч нар зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх төлбөрөөс чөлөөлүүлэхийг хүссэн, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах боломжгүй юм.

Учир нь, хариуцагч Л.Б, А.Э нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй болохоо үгүйсгээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.

Нэхэмжлэгч талаас гаргасан тооцооллыг хариуцагч үгүйсгэж маргаагүй, анхан шатны шүүх хариуцагч нь үндсэн зээл 40 152 367 төгрөг, хүү 5 818 359 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 710 төгрөг, нийт 45 998 899 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч Л.Б давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах хугацаа олгоогүй шүүх хуралдаан хийсэн гэсэн үндэслэл зааж байгаа боловч 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Л.Б өмгөөлөгч авах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан байх тул шүүх өмгөөлөгч авах боломжит хугацааг олгосон байна.

Мөн хариуцагч нарт нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан байх тул хариуцагч нар өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Б, А.Э нараас 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан С-13/114 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Л.Б, А.Э нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 998 899 төгрөг, нотариатын зардал 45 500 төгрөг нийт 46 044 399 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

Шүүх хариуцагч зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2020/02910 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458 372 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО