Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2020/01551/И |
Дугаар | 102/ШШ2020/02685 |
Огноо | 2020-09-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2020/02685
2020 09 21 | 102/ШШ2020/02685 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХУД, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах А б ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, Ж гудамж, 00А байр, 0000 тоот хаягт оршин суух И ш овогтой С-ийн Г /РД: АА00000000/,
Хариуцагч: БГД, 0 дүгээр хороо, Ж гудамж, 00А байр, 0000 тоот хаягт оршин суух Ш овогтой Д-гийн А /РД: АА00000000/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 80,955,894.55 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ж, Н.Х, хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч С.Г-ийн өмгөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Г, Д.А-тэй 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 75,000,000.00 /далан таван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай олгосон. Зээлийн барьцаанд:
С.Г-ийн өмчлөлийн БГД, 0 дүгээр хороо, Ж гудамж, 00А байр, 0000 тоот хаягт байрлах******* бүртгэлийн дугааргай,******* тоот гэрчилгээний дугаартай 67 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.
Зээлдэгч С.Г, Д.А нар нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 66,193,360.40 төгрөг, зээлийн хүү 14,197,067.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,466.81 төгрөг, нийт 80,955,894.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г, Д.А нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Арик банкны******* салбараас ******* тоот зээлийн гэрээ байгуулж, 75,000,000 төгрөгийн зээл авсан.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагааг эрхлэн явуулна гэснийг ноцтой зөрчсөн байна.
Ариг банкны******* салбар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасны дагуу “А б” ХХК-ийн хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй болно. Мөн гэрээний нэг тал болох Ариг банкны******* салбарын захирал Д.Цогтсайхан нь дээрх гэрээг баталж оролцож байгаа нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 “Салбар төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна. 2018 оны 05 дугаар сард Ариг банкны гүйцэтгэх удирдлагыг н.Төмөрхүү хэрэгжүүлж банкны нэрийн өмнөөс хэлцэл хийх, гэрээ байгуулах эрхтэй атал тус банкны******* салбарын захирал Д.Цогтсайхан нь “А б” ХХК-ийн нэрийн өмнөөс дээрх гэрээ хэлцлүүдийг байгуулж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасныг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А б” ХХК нь хариуцагч С.Г, Д.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 66,193,360 төгрөг, зээлийн хүү 14,197,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,466 төгрөг, нийт 80,955,894 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
С.Г, Д.А нар нь “А б” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ******* тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулж, “А б” ХХК нь 75,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлэх,
С.Г, Д.А нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү2205060093 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ П.Жасрай гудамж 53 А байрны 1008 тоот 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тохиролцжээ. /хх-6-10х/
Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний зохицуулалтад нийцсэн. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч “А б” ХХК нь хариуцагч Д.Гансүх, Д.А нар гэрээний дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг баталсан “А б” ХХК-ийн “М20” салбарын захирал Д.Цогтсайхан банкны нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.8-д заасан үндэслэлээр зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно” гэж заасан. “А б” ХХК-ийн дүрмийн 3.3-т салбарын захирлыг томилох асуудлыг тус банкны гүйцэтгэх захирлын тушаалаар шийдвэрлэхээр зохицуулсан байна.
“А б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.10.19-ний өдрийн 364 тоот тушаалаар тус банкны “М20” салбарын захирлаар Д.Цогтсайханыг томилж, салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба ажлын байрны тодорхойлолтод “... харилцагч нарт биечлэн борлуулалт хийж, шинээр харилцагч татах, зээл болон хадгаламжийн бүтээгдэхүүн борлуулж ажиллана” гэж заасан байна.
Мөн тус банкны гүйцэтгэх захирлын 2018.02.28-ны өдрийн 58 дугаартай “Зээлийн хороодын эрхийн хэмжээг тогтоох” тухай тушаалаар харилцагчийн өргөө буюу салбарын зээлийн хорооны эргэлтийн хөрөнгийн зээлийн эрхийн хэмжээг 80,000,000 төгрөг хүртэл байхаар тогтоосон байна.
Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар зөвшөөрлийг тухайн хэлцэлд баримтлах хэлбэрээр хийхийг шаардахгүй бөгөөд дээрх баримтуудаас үзэхэд “А б” ХХК-ийн салбарын захирал Д.Цогтсайхан нь салбарын зээлийн хорооны эрх хэмжээний дотор зээлийн бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрөл бүхий этгээд гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй, субьектын хувьд эрх зүйн чадамжтай байх тул хариуцагч талын татгалзал үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзлээ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт №1-ийн “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийн төлбөрийг сар бүрийн тогтоосон хугацаанд нь тогтоосон хэмжээгээр нь бүрэн төлөөгүй, 2020 оны 04 сарын 06-ны өдрөөс хойш огт төлөөгүй болох нь зээлийн дансны хуулга /хх-15-17/, “А б” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-13/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нар нь зээлийн төлбөр, хүүгийн тооцооллын талаар маргаагүй.
Зээлийн гэрээний 5.2.3-д “зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болон зээл, түүний хүү төлөх хуваарь ... зөрчсөн тохиолдолд банк өөрийн санаачлагаар цуцалж, зээл, түүний хүү, холбогдох бусад зардлыг зээлдэгчээр төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч тал нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх хуульд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон байна гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Ариг банк ХХК нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан. Зээлийн гэрээний 1.9-д зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон үндсэн хүүг Гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх тул зээлдэгч Ариг банк ХХК нь зээлдэгч Д.Гансүх, Д.А нараас “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй зөрчилд нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч нар нь үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү зэргийг буцаан төлөх үүрэгтэй тул хариуцагч С.Г, Д.А нараас үндсэн зээл 66,193,360 төгрөг, зээлийн хүү 14,197,067 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 565,466 төгрөг, нийт 80,955,894.55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А б” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Зээлдэгч С.Г, Д.А нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү2205060093 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16052/ П.Жасрай гудамж 53 А байрны 1008 тоот 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г, Д.А нараас 80,955,894 /наян сая есөн зуун тавин таван мянга найман зуун дөрөв/ төгрөг гаргуулж “А б” ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү2205060093 дугаарт бүртгэлтэй, БГД-ийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол /16052/ П.Ж гудамж 00 А байрны 0000 тоот 67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 562,729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАТЧИМЭГ