| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02964/и |
| Дугаар | 102/ШШ2020/02771 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2020/02771
2020 оны 09 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2020/02771 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: М.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТК ХХК-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 973,033 /есөн зуун далан гурван мянга гучин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:
2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч Э.М нь өөрийн өмч 00 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан манай ЕД ХЗХ-оос зээл авсан. Зээлээ төлөөгүй учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/02463 дугаартай захирамжаар Э.Мгаас 48,000,000 төгрөг төлүүлэх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдсэн. Э.М мөнгөө төлөхгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, энэ хугацаанд Е Д ХЗХ татан буугдаж, М.Г миний бие шаардах эрх шилжүүлэн авч ажиллагаанд оролцсон. Төлбөр төлөгч Э.М төлбөрөө огт төлөхгүй, орон сууцаа сайн дураар шилжүүлэхгүй байсан учир албадан ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1/5985 дугаартай албан тоотын дагуу М.Г миний бие 00 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай орон сууцыг 48,000,000 төгрөгийн төлбөртөө тооцож шилжүүлэн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр өмчилсөн. Төлбөртөө авсан орон сууцыг зарын дагуу худалдан борлуулах гэсэн боловч хэл амтай гээд хүмүүс авахгүй байсан учраас үнийг бууруулж 45,000,000 төгрөгөөр арай гэж зарахаар тохирсон үед буюу 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тухайн орон сууцны ус дулааны төлбөр хариуцсан Тк ХХК-иас орон сууцыг худалдан авч байгаа хүмүүст дарамт учруулж, бидэнд огт хамаагүй өмнөх өмчлөгч Э.Мгийн үеийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хамаарах төлбөрийн үлдэгдэл 788,756 төгрөгийг алданги 333,409 төгрөг, нийт 1,122,166 төгрөгийг төл гэж шаардан, шинэ худалдан авагч сангийн дуудлага өгөхөд үйлчилгээ үзүүлэхгүй, төлбөрөө төл гэж шаардсан. Худалдан авч байгаа хүн маань уурлаж, гомдол гарган уг орон сууцыг худалдан борлуулахад шууд байдлаар саад учруулж, төлбөрөө нэхэмжлээд байсан тул арга буюу Тк ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлөгдөөгүй төлбөр 750,152 төгрөг, алданги 337,679 төгрөг, нийт 1,087,831 төгрөгийг тусшааж, орон сууцыг ус, дулааны төлбөрийн тооцоогүй болгосон. 2016-2019 онд хариуцагч байгууллагатай харилцах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг төлөх, хариуцах ёстой этгээд бол би биш, уг орон сууцны өмчлөгч байсан Э.М гэх хүн учраас энэ хүн үүрэг хүлээх ёстой. Миний бие энэ байрыг хайж олж, бэлэн мөнгөөр худалдаж аваагүй. Шүүхийн шийдвэрээр албадуулж над руу шилжүүлж, өмнөх өмчлөгч, эзэмшигчийн хэрэглээний төлбөр зэргийг шалгах боломж олгохгүйгээр шууд л төлбөрт тооцон өгсөн. Хэрэв би өөрөө мөнгөө төлж худалдан авсан бол төлбөр тооцоо байгаа эсэхийг нягталж шалгаад, төлбөрийг нь төлүүлээд юмуу төлбөрийг нь суутган авч байж байраа худалдан авах байсан. Харин миний бие өөрийн өмчлөл, эзэмшилд шилжин ирсэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд тооцогдсон төлбөр 114,798 төгрөгийг төлөх татгалзах зүйлгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу М.Г надаас огт хамааралгүй төлбөрийг аргагүй байдлын улмаас хууль зүйн үндэслэлгүй төлүүлсэн учраас Тк ХХК-д төлөгдсөн 973,033 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
Хариуцагч байгууллага тухайн төлбөрийг хариуцвал зохих этгээдээс шаардах эрхээ биелүүлээгүй учраас хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой. М.Г болон Тк ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл байхгүй байхад хөндлөнгийн хүнээс бусдын төлбөрийг гарцаагүй байдалд оруулж авсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бол шүүхээс гарах шийдвэрийн дагуу хийгддэг буюу, өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн худалдан авч байгаа бус, төлбөр авагчид хүчээр ирж байгаа орон сууц юм. Тухайн орон сууцанд үйлчилгээ авахаар Тк ХХК-тай Д.Д гэх хүн гэрээ хийсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа ба, энэ гэрээнийх нь хугацаа дуусаж, сунгагдсан талаарх баримтгүй, төлбөрийн нэхэмжлэх дээр нь Д.Д гэх хүний нэр л харагдаж байгаа юм. Нэхэмжлэгчтэй бичгээр хийсэн гэрээ хэлцэлгүй байж мөн алданги шаардаж авсан байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
Хариуцагч Тк ХХК-ийн гүйцэтгэх захирал А.У шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариу тайлбарыг дэмжиж гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Манай Тк ХХК нь үйл ажиллагааныхаа хүрээнд 4600 гаруй өрхийг дулаан, цэвэр, бохир усаар ханган ажилладаг ба, бидний үйлчилгээг авч буй өрх тус бүрийн шилжилт хөдөлгөөнийг тогтмол шалгах боломжгүй юм. Ийм ч учраас Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд, уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж тухайлан хуульчилж өгсөн байдаг бөгөөд, практикт ч ямарваа орон сууцыг эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авч буй этгээд орон сууцны ашиглалтын контор болон СӨХ-нд урьдчилан хандаж, тухайн орон сууцанд төлөгдөөгүй өр төлбөр байгаа эсэхийг шалгуулдаг. Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нар ч төлбөр авагчид худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгохдоо тухайн орон сууцтай холбоотой өр төлбөр байгаа эсэх талаар холбогдох байгууллагууд руу албан тоот илгээх, эсхүл төлбөр төлөгчөөс тайлбар авч, тэмдэглэл хөтлөн төлбөр тооцоогүй болгосны эцэст төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгдөг журамтай.
Үүнээс гадна нэхэмжлэлд 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн албан тоотоор уг орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар болсон гээд, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ гарсан гэснээс дүгнэхэд энэ хугацаанд тухайн орон сууцны ашиглалтын төлбөр тооцооны талаар нягталж шалгах боломжит хугацаа байсан болох нь тодорхой байна. Гэтэл төлбөр тооцоог нь шалгах боломж олдоогүй гэх ганц тайлбар хэлж, биднийг хууль бусаар төлбөр төлүүлсэн хэмээн буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бидний хувьд тухайн орон сууцыг цэвэр, бохир ус, дулаанаар хангаж, үйлчилгээ үзүүлж зардал гарсан тул тухайн орон сууцны ашиглалтын төлбөрийг төлөх талаар шаардлага, мэдэгдлийг тухай бүрт нь орон сууцны хаалган дээр наах, хаалгаа нээсэн үед нь оршин суугчид нь мэдэгдэж, гагцхүү хууль ёсны шаардлага тавьж байснаас бус нэхэмжлэгчийг дарамталж, хүчээр төлбөр төлүүлсэн зүйл байхгүй. Нэгэнт нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өмчлөгч болж буй тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтын дагуу худалдан авагчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээх тул үүргээ ухамсарлан төлбөл зохих ашиглалтын төлбөрийг төлсөн гэж ойлгож байна. Иргэн М.Г манай компаниас үзүүлсэн ямар ч хууль бус дарамт, шахалтгүйгээр өөрөө сайн дураараа 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 00 тоот орон сууцны ашиглалтын төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул бидний хооронд үүрэг үүсээгүй гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу төлсөн төлбөрөө гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн уг орон сууцын төлбөрийг Э.М гэх иргэн төлбөрийг хариуцах ёстой байсан гэж маргаж буй энэ нөхцөлд харин ч манай компани бус Э.Мг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд иргэн Э.Мгийн төлөх ёстой байсан төлбөрийг төлсөн хэмээх үндэслэлээр манай компанийг хариуцагчаар татаж, 973,033 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зээлийн болон барьцааны гэрээний талаарх харилцааг нь сайн мэдэхгүй ч, нэхэмжлэгч нь Э.Мтай барьцааны гэрээ байгуулснаараа манай компанид төлөх орон сууцны ашиглалтын зардлыг төлөх үүргийг хамтран хүлээнэ гэж бодож байна. Уг орон сууцанд олон түрээслэгч нар суудаг байсан. Энэ төлбөр нь 2016-2020 оны хоорондох төлбөр биш, дунд нь алдаг оног төлдөг байсан. Бид дулаан дамжуулах үйлчилгээ үзүүлдэг. Оройн цагаар төлбөрийг нь шаардахаар амьдарч байгаа хүмүүс нь уурлаж, их хэл амаар доромжилдог байсан. Орон сууцыг худалдаж авсан үеэс эхлэн ашиглалтын гэрээ хийгддэг. Энэ орон сууцны хотхон 2009 оноос ашиглалтанд орж эхэлсэн. Тухайн байрны хувьд манай компани Д.Д гэсэн хүнтэй гэрээ байгуулсан, манай санхүүгийн програм энэ хүний нэр дээр бүртгэгдэж явдаг. Гэрээ хийгдсэнээс хойш 2-5 жилийн хугацаатай. Э.Мгийн хувьд шинээр манайхтай гэрээ байгуулаагүй, Д.Даас өвлөж авсан эсэх талаар бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Бидний зүгээс төлбөр нэхэхэд Э.М өвөөгөөсөө байрыг авсан, хамаатан садан нь булаацалдаад байгаа гэдэг зүйлийг амаар хэлж байсан учраас Э.М эзэмшиж байсан гэж сонсож байсан. М.Гтай гэрээ хэлцэл байгуулаагүй. Алдангийн мэдээлэл Төрийн банк дээр явагддаг. Төрийн банк нь орон сууцны ашиглалт хариуцдаг бүх компаниудтай гэрээ хийж, төлбөр төлөх тодорхой хугацаа заагаад, тэр хугацаа өнгөрөхөөр дараагийн өдрөөс 0,5 хувь алданги тооцдог. Алданги тооцох талаар 2018, 2019 оны хэрэглэгчтэй байгуулсан гэрээнүүдэд тусгагдсан байгаа, хуучин гэрээнүүдэд ямар байгааг сайн мэдэхгүй байна...гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Г хариуцагч Тк ХХК-д холбогдуулан 973,033 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
М.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/02463 дугаар шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагч Е ДХЗХ-ны шаардах эрхийг шилжүүлэн авснаар, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205036590 дугаарт бүртгэгдсэн 00 тоот хаягт байрлах 31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх 7-9/
Улмаар Тк ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу тус компанийн 00 дугаар бүхий хэрэглэгч Д.Дын нэр дээр бүртгэгдсэн 00 тоот орон сууцны 2018 оны 3, 9, 10, 11 дүгээр сар, 2019 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 1-4 дүгээр сарын төлбөр 750,152.20 төгрөг, алданги 337,679.08 төгрөг, бүгд 1,087,831 төгрөгийн төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлжээ. /хх 10-18/
Нэхэмжлэгч тийнхүү төлөгдсөн төлбөрөөс тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны 114,798 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 973,033 төгрөгийг хариуцагчтай аливаа гэрээ хэлцэл хийгээгүй, төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй буюу бусдын хариуцвал зохих төлбөрийг аргагүй байдалд оруулан шаардаж авсан учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардана хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Харин хариуцагч Тк ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг ...маргаан бүхий орон сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагаас лавлах үүргээ биелүүлээгүй учир өөрөө төлбөрийг хариуцна, ...орон сууцыг өмчлөлдөө авахаас өмнө утсаар холбогдож төлбөрийн талаар асууж байсан, ...мөн Э.Мтай барьцааны гэрээ байгуулахдаа төлбөр төлөх хамтран үүрэг хүлээж, энэ талаар Тк ХХК-д мэдэгдэх үүрэгтэй байсан... гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Маргааны үндэслэл болж буй ашиглалтын зардал тооцогдсон орон сууцыг нэхэмжлэгч М.Г бусдаас сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцлийн дагуу худалдаж аваагүй, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөлд нь шилжсэн байх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үүргийг нэхэмжлэгч хүлээхгүй бөгөөд, хариуцагч Тк ХХК нь уг орон сууцны ашиглалтын талаар Д.Д гэх иргэнтэй гэрээ байгуулж, тухайн гэрээ дуусгавар болсон, шинээр Э.М, эсхүл нэхэмжлэгч М.Г нарын алинтай ч гэрээ байгуулаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан.
Нэгэнт зохигчдын хооронд аливаа үүрэг үүсээгүй, хариуцагч нь Д.Д гэх бүртгэлтэй хэрэглэгчийн орон сууцны 2018-2020 оны ашиглалтын зардлыг буюу бусдын хариуцах ёстой төлбөрийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шаардаж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт ...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй байна гэж заасны дагуу Тк ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Тк ХХК-иас нэхэмжлэгч М.Г-ас үндэслэлгүйгээр олж авсан 973,033 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 27,903 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 27,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тк ХХК-иас 973,033 /есөн зуун далан гурван мянга гучин гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Гд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 27,903 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 27,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА