Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Батчимэг |
Хэргийн индекс | 102/2020/02351/И |
Дугаар | 102/ШШ2020/03004 |
Огноо | 2020-10-12 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/03004
2020 10 12 102/ШШ2020/03004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Ариунаа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: У аймаг, У сум, 0 дугаар баг 00 гудамж 00 тоотод оршин суух Ш овогт Т-О-ын З /РД:АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дүгээр хороо, 0 хороолол, ж х Д-ын гудамж 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Ө овогт С-ийн Р /РД:АА00000000/-д холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,436,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.З нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны 12 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхдаа хариуцагч С.Р-ын жолоодож явсан “Тоеота Ландкрузер-200” маркийн, ******* УНД улсын дугаартай автомашинд мөргүүлж хөнгөн гэмтэл авсан. С.Р нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хохирол учруулсан гэм буруутай болох нь Тээврийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн******* дугаартай тогтоолоор нотлогддог. Тээврийн прокурорын газраас С.Р нь Т.З-ын эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг нь хөнгөн учир гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан бөгөөд хохирогч Т.З нь өөрт учирсан гэм хорыг С.Р-ар төлүүлэн арилгуулах талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг уг тогтоолд дурдсан.
Иймд хариуцагч С.Р ас******* hospital эмнэлэгт 2019.03.19-ний өдөр бүтэн нуруу, толгой, дээд, доод мөчдийн MRI харуулсаны төлбөр болох 920,000 төгрөг, MBC MED гэмтэл согогийн эмнэлэгт 2019.03.17-ны өдрөөс 2019.03.25-ны хооронд хэвтэн эмчлүүлсний төлбөр 1,228,000 төгрөг, natur med эмнэлэгт 2019.03.26-ны өдөр толгойн MRI-д харуусны төлбөр болох 120,000 төгрөг, Марал хангай эмийн сангаас 2019.03.30-ны өдөр эм худалдаж авсаны төлбөр болох 127,700 төгрөг, Толбот хайтан тун эмийн сангаас 2019.04.18-ны өдөр эм худалдаж авсаны төлбөр болох 195,340 төгрөг, Идэрмэг эмнэлэгт 2019.04.08-ны өдөр үзүүлсэний төлбөр болох 20,000 төгрөг, Монтүрүү эмнэлэгт 2019.05.23-ны өдөр рентгенд харуулсны төлбөр болох 25,000 төгрөг, Юндэн марал эмнэлэгт 2019.05.08-ны өдөр бариа заслын эмчилгээ хийлгэсний төлбөр болох 300,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 3,436,040 төгрөгийн хохирлыг хариуцагч С.Р-ас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдсан эмчилгээ, үзлэг, оношлогоо болон эм тарианы зардал нь Т.Зд зарцуулагдсан эсэхийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт гэх зэргээр тогтоогдохооргүй байх ба тус хэрэгт өмгөөлөгч авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зориг бөгөөд талууд гэрээний үнийн дүнг харилцан тохиролцож тогтоодог тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон үйл явдлын дараагаар хариуцагч С.Р нь нэхэмжлэгчид эмчилгээний төлбөр болох 500,000 төгрөгийг төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч С.Р-д холбогдуулан гэм хорын хохирол 3,436,040 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол арилгуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас эмчилгээний зардал Т.З-д зарцуулагдсан болохыг нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч С.Ренчинпагма нь 2019.03.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУИС-ийн Бизнесийн сургуулийн урд замд Тоёота ландкруйзер-200 маркийн 68-69 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Т.З-ыг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Тээврийн прокурорын газрын 2019.09.23-ны өдрийн******* дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор тогтоогдож байна.
Талууд зам тээврийн осол болон хариуцагчийн гэм буруугийн асуудалд маргаагүй.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь гэмтлийн улмаас “Медтравма” эмнэлэгт 2019.03.17, 2019.03.21-ний өдрүүдэд шинжилгээ хийлгэж, төлбөрт 920,000 төгрөг, “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлэгт 2019.03.17-ны өдрөөс 2019.03.25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлж, төлбөрт 1,228,000 төгрөг, “Натур” эмнэлэгт 2019.03.26-ны өдөр шинжилгээ хийлгэж, төлбөрт 120,000 төгрөг, “Идэрмэг” эмнэлэгт 2019.04.08-ны өдөр үзүүлж, төлбөрт 20,000 төгрөг, “Юндэн марал” эмнэлэгт бариа эмчилгээ хийлгэж, төлбөрт 2019.05.08-ны өдөр 300,000 төгрөг, 2019.04.08-ны өдөр эмийн зардалд 195,340 төгрөг, хууль зүйн туслалцаа авах зардалд 500,000 төгрөг, нийт 3,283,340 төгрөг зарцуулсан болох нь өвчний түүх болон эмнэлгийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байх ба хариуцагч баримтаар үгүйсгээгүй.
Хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, тэрээр уг гэм хорыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-т зааснаар арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч С.Р нь Т.З-ын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан дээрх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Харин эмийн зардал 127,700 төгрөг, хэт авиан оношлогооны зардал 25,000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар уг оношлогоо, эмчилгээг хийлгэж, зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлээс үлдэх 152,700 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2020.10.05-ны өдөр хүргүүлсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зохигч хэн аль нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч С.Р-маас 3,283,340 /гурван сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.З-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 152,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,930 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р-аас улсын тэмдэгтийн хураамжид 67,483 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Зд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.АРИУНАА
Т.ГАНДИЙМАА