Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/02680

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           09             21                                                102/ШШ2020/02680

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: СБД, 0 дүгээр хороо, ЧӨЧ П оффис 0, 0, 0 дугаар давхарт оршин байрлах М д ХК-ийн /РД: 0000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 0 дүгээр хороо, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух Б овогтой Т-ын Ц /РД: АА00000000/-д холбогдох,

 

435,504 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М д ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын 1808007400016 тоот гэрээт даатгуулагч С.Цэдэвсүрэнгийн 75-55 УБТ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр М.Гончиг нь жолоодон Баянгол дүүрэг 18 дугаар хороо Чилүгэн зочид буудлын зүүн хойд уулзварт 11-75 УНЗ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашины жолооч Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дор дурдсан зүйлийн хориглоно” а. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 15.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж манай даатгуулагч С.Цэдэвсүрэнгийн тээврийн хэрэгсэлд 1,373,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Манай компани энэ ослын улмаас даатгуулагчид учирсан 435,504 төгрөгийн хохирлыг барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу нэхэмжилж байна. Иймд Т.Цаас гэм хорын хохиролд 435,504 төгрөгийг гаргуулж М д ХК-нд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М д ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу ямар ч төлөх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнээс мөнгө нэхэж байгаа бол дүгнэлтээр анх тэр хүний буруу байсан гэчихээд маргааш нь бурууг надад өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “М д” ХК нь хариуцагч Т.Ц-д холбогдуулан даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлсөн 435,504 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осол гарахад буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “М д” ХК нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С.Цэдэвсүрэнтэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, тус гэрээгээр даатгуулагч С.Цэдэвсүрэн нь Тоеота ланд круйзер загварын 7555 УБТ улсын дугаартай автомашиныг нэг жилийн хугацаатай даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шийтгэлийн хуудас, мөнгө шилжүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч Т.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Тоеота Сай маркийн 11-75 УНЗ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс “Капиталконтинент инвестмент ББСБ”-ын эзэмшилд бүртгэлтэй “Тоёота ланд круйзер-200” маркийн 75-55 УБТ улсын дугаартай машиныг мөргөж, хохирол учруулсан байна. (хэргийн 9, 14 тал)

 

“М д” ХК нь дээрх зам тээврийн осол болох үед даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж, даатгалын зүйлд учирсан хохиролд 435,504 тухайн автомашиныг жолоодож явсан М.Гончигт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөн төлсөн ба ийнхүү М.Гончигт нөхөн төлбөрийг шилжүүлэхийг даатгуулагч С.Цэдэвсүрэн зөвшөөрсөн болох нь даатгалын нөхөн төлбөрийн дүнг харилцан тохиролцсон баримтаар тогтоогдож байна. (хэргийн 73 тал)

 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэж заасан.

             

“М д” ХК нь даатгуулагч С.Цэдэвсүрэнтэй байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон бол даатгуулагч С.Цэдэвсүрэнд нөхөн төлбөрийг төлж, уг гэм хорын хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байна. Энэ зохицуулалт нь даатгагч даатгуулагчид зөвхөн гэм хорыг төлснөөр хязгаарлагдахгүй, уг гэм хорыг төлөх үндэслэл бүрдсэн байх шаардлагатай.

 

Дээрх даатгалын гэрээний 7.2.1.-д “Даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолооч жолоо барих үед хүчинтэй байна” гэж, 7.2.2-т “даатгуулагч тээврийн хэрэгслийн нэмэлт хамгаалалтаар даатгуулсан тохиолдолд энэ гэрээний 7.2.1-д заасан заалт хүчингүй” гэж тус тус заасан байх бөгөөд “М д” ХК-ийн С.Цэдэвсүрэнтэй байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийн жолоодох зөвшөөрөл бүхий жолоочоор “Б.Тэмүүлэн” гэж тодорхойлсон, “даатгалын хамгаалалтын төрөл” бичигдээгүй байна.

Нэхэмжлэгч талаас гэрээний 7.2.2-т зааснаар “даатгуулагч тээврийн хэрэгслийн нэмэлт хамгаалалтаар даатгуулсан тохиолдолд энэ гэрээний 7.2.1-д заасан заалт хүчингүй” гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд зөвшөөрөл бүхий жолоочийг нэр заан тодорхойлсон, хамгаалалтын төрөл бичигдээгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Гэрээнд “даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолооч жолоо барих үед хүчинтэй байна” гэж заасан бөгөөд гэрээнд нэр нь заагдаагүй, зөвшөөрөл бүхий жолооч бус этгээд болох М.Гончиг жолоо барих үед гэм хорын хохирол учирсан байхад нөхөн төлбөр төлсөн байх тул нэхэмжлэгч “М д” ХК нь даатгалын нөхөн төлбөрийг Т.Цэрэнбалаас шаардах эрхгүй гэж үзлээ.

 

            Хариуцагч Т.Цд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Т.Цаас 435,504 төгрөг гаргуулах тухай “М д” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,720 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ