Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01112

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01112

 

ы

 

"М" даатгал ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01073 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "М" даатгал ХК-ийн хариуцагч Т.Ц д холбогдуулан гаргасан 435 504 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч "М" даатгал ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "М" даатгал ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын 1808007400016 тоот гэрээт даатгуулагч С.Ц гийн 78-55 УБТ улсын дугаартай автомашиныг М.Г жолоодож явах үед Т.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.8-д заасныг зөрчиж С.Ц гийн тээвийн хэрэгсэлд нийт 1 373 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 435 504 төгрөгийн хохирлыг барагдуулсан учир Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу Т.Ц аас 435 504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зам тээврийн осол нь нөгөө жолоочийн буруугаас болсон. Миний хувьд дүрмээрээ явж байсан боловч 1.54 хувийн согтолттой байсан учир автомашинаа журамлуулсан. Байцаагчид мэдүүлэг өгөхдөө 400 000 төгрөг төлж, автомашинаа авахдаа 140 000 төгрөг төлсөн. Тэр үед би өөрөө зодуулж, автомашины урд гупр эвдэрсэн. Би 600 000 гаруй төгрөг төлөөд байхад дахин 400 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан Тогоогүрын Цэдэнбалаас 435 504 /дөрвөн зуун гучин таван мянга таван зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулах тухай "М" Даатгалын ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 720 /арван гурван мянга арван долоон зуун хорин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "М" даатгал ХК нь С.Ц тэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Дээрх гэрээний даатгалын зүйл нь Тоёота ланд крузер 200 маркийн 75-55 УБТ улсын дугаартай автомашин байх бөгөөд даатгалын зүйлийн өмчлөгч нь хэдий Капиталконтенент инвестмент ББСБ боловч даатгалын гэрээ байгуулж эрсдэлээс хамгаалуулсан хөрөнгийг эзэмшигч С.Ц д нөхөн төлбөрийг олгоно. Гэхдээ энэ тохиолдолд даатгуулагч өөрийн хүсэлтээр тухайн осол болох үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан этгээд М.Г т шилжүүлж хохирлыг барагдуулсан. Шүүх хуралдаанд талууд хохирлыг нөхөн төлсөнтэй холбоотой маргаан байхгүй талаар дурдсан байдаг. Хэрвээ маргаантай байвал тодруулах ажиллагаа хийх боломжтой байсан боловч шүүгч буруутай этгээдийг хохирлыг арилгахгүй байх боломжийг бүрдүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Т.Ц нь М.Г ийн тээврийн хэрэгслийг мөргөж гэм хор учруулсан нь тогтоогдсон байхад нотлох баримтыг үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс даатгуулагчид учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу шаардсан байхад шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч "М" даатгал ХХК нь хариуцагч Т.Ц д холбогдуулан гэм хорын хохиролд 435 504 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хариуцагч Т.Ц нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 15.8-д заасныг зөрчин иргэн С.Ц гийн эзэмшлийн 7855 УБТ улсын дугаартай Тоёото ланд крузер 200 маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх 9-13/

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ даатгуулагч С.Ц д даатгалын нөхөн төлбөр олгогдоогүй, өөр этгээдэд олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хэргийн баримтаас үзэхэд "М" даатгал ХХК нь иргэн С.Ц тэй 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцон тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 7.2.1-д Даатгал нь даатгуулагч болон даатгалын гэрээнд нэр заасан зөвшөөрөл бүхий 2 хүртэлх жолооч жолоо барих үед хүчинтэй байх-аар заасан байна. /хх-5 ар тал/ Гэрээнд тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл бүхий жолоочоор иргэн Б.Тэмүүлэн бичигджээ. /хх-5/

Нэхэмжлэгч "М" даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг даатгалын зүйл болох автомашиныг зам тээврийн осол болох үед жолоодож явсан иргэн М.Г т шилжүүлсэн болох нь ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдсон байна.

Дээрхээс дүгнэхэд даатгуулагч С.Ц нь даатгалын нөхөн төлбөрийг иргэн М.Г т шилжүүлэхийг зөвшөөрсөн эсэх, мөн даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл бий болсон эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тухайн нөхцөл байдал нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж холбогдох хуулийг хэрэглэхэд ач холбогдолтой байна.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01073 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД