Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 3286

 


 

2020 11 03

102/ШШ2020/03286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: П ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З ХХК холбогдох,

 

5,308,104 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, хариуцагчийн төлөөлөгч Г.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.ХХКболон  З ХХКнар нь 2014 оноос хойш хамтран ажиллаж ирсэн ба энэ хугацаанд хариуцагч компанийн захиалсан бараа, бүтээгдэхүүнийг Америкийн Нэгдсэн улс болон бусад орнуудаас тээвэрлэж, зуучлах үйл ажиллагаа эрхэлсэн байдаг. Ингээд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 сарын 17-ны өдөр хүртэлх хамтран ажиллах тооцооны үлдэгдлийг гаргаж тооцоо нийлсэн акт үйлдэж, нийт үлдэгдэл төлбөр 1,859.98 ам.доллар болохыг талууд харилцан тохиролцож баталгаажуулсан байдаг. Үүнээс хойш  З ХХК-иас тооцоо нийлсэн актын дагуу үлдэгдэл тооцоогоо хийхийг шаардахад  З ХХК-иас ямар нэг хариу ирдэггүй, төлбөрөө төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд  З ХХК-иас зуучлалын хөлсний үлдэгдэл төлбөр 1,859.98 ам.доллар буюу 5,308,104 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2001 оноос байгуулагдаж тасралтгүй импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос  П ХХК-тай тээврийн зуучаар хамтран ажиллаж эхэлсэн байдаг. Манай компанийн хувьд санхүүгийн хариуцлагагүй байдал болон бусад шалтгаанаас болж 2019 онд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байдаг. Ер нь бол тухайн үед олон жил хамтран ажилласан газартайгаа төлбөр тооцоог нь хийгээд, итгэлцлийн журмаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Яагаад гэвэл тухайн үеийн санхүүгийн бичиг баримтууд санаатай болон санамсаргүй үрэгдсэн, ямар ч баримт байхгүй нөхцөл байдал үүссэн тул олон жил хамтран ажиллаж байсан байгууллагынхаа нэхэмжилсэн үнийн дүнг зөвшөөрч ирсэн. Гэтэл  П ХХК-иас 2020 оны 03 сард тооцоо нийлсэн акт гэсэн бичигтэй ирээд надтай уулзсан. Манай компанийн хувьд  П ХХК-тай хамтран ажиллаж байх хугацаандаа урьдчилгаанд 50 хувийг нь төлөөд үлдэгдэл төлбөрийг нь дараа төлөхөөр буюу зээлээр авдаг байсан. Иймд миний бие 1,800,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа байх гэж бодсон болохоор тооцоо нийлсэн актад гарын үсэг зурчихсан. Тухайн үед компани маань үйл ажиллагаа явуулахаа болиод дампуурчихсан байсан. Гэтэл дараа нь бодоод үзэхэд  П ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүн нь илт үнэмшилгүй байгааг анзаарсан. Миний бие эхлээд  П ХХК-тай уулзаж үлдэгдэл төлбөртөө бараа тооцоод авчих гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч П.ХХКнь хариуцагч  З ХХК-д холбогдуулан 5,308,104 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч  З ХХК-д тээвэр зуучлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байсан ба 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны тооцоог нийлэхэд  З ХХКнь манай компанид 1,859.98 ам.доллар буюу 5,308,104 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй... гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...нэхэмжлэгч нь хариуцагч манай байгууллагын тооцоо муутай байдлыг далимдуулж өндөр төлбөр нэхэмжилж байна. Тухайн үед тооцоо нийлсэн актад гарын үсэг зурахдаа 1,859 ам.доллар биш, 1,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж ойлгож зурсан. Манай компанийн санхүүгийн бичиг баримтууд устсан. 1,859.98 ам.долларын үлдэгдэл төлбөр байх ёсгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, хэрэгт уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Зохигч дээрх гэрээний дагуу биелүүлээгүй үүргийн үнийн дүн дээр маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хэрэгт тооцооны үлдэгдлийн баталгаа гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад ...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд  З ХХКнь 1,889.98 ам.долларын өртэй гарсныг харилцан батлав гэж талуудын нягтлан бодогч нар гарын үсэг зуржээ./хх-6 тал/.

 

Нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдсон 1,889.98 ам.долларыг Монгол банкны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн валютын ханшаар тооцон 5,308,104 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна./хх-5 тал/.

 

Хариуцагч нь дээрх тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байх боловч уг баримтад бичигдсэн 1,889.98 ам.доллар гэснийг 1,800,000 төгрөг гэж ойлгож гарын үсэг зурсан, ... энэ хэмжээний үлдэгдэл тооцоо байх ёсгүй... гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч  З ХХК-аас зуучлалын гэрээний үүрэгт 5,308,104 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  П ХХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  З ХХК-аас 5,308,104 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч  П ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  З ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 99,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  П ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА